Эм бол онцгой бараа. Гэвч үүнийг иргэдийн гарт олгохдоо эмч, жор баригчид онцгой анхаарч байна уу гэдэг эргэлзээтэй. Манай улсад 1400 орчим эмийн сан ажиллаж байгаагийн 900 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Хүнсний мухлаг мэт олширсон эдгээр эмийн санд ажиллаж байгаа эм зүйч, эм найруулагч нар хэр “найдвартай” вэ. Ингэж асуусны учир нь өнгөрсөн онд НМХГ-аас эмийн сангуудыг шалгахад 24 хувь нь мэргэжлийн бус хүн ажиллуулж, 78 хувь нь жороор олгох эмийг жоргүй худалдаж байжээ.
Өвчний шинж тэмдгээ хэлээд л эмийн санчийн өгсөн эмийг худалдан авах явдал хэвийн үзэгдэл болсон. Тэд ч эмчийн жор нэхдэггүй, ашгаа бодоод л шууд өгчихдөг. Үүнээс болж антибиотикийн замбараагүй хэрэглээ газар авсан. Хэн дуртай нь хүссэн антибиотикоо захын эмийн сангаас авдаг гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, эрүүл мэндийн анхан шатны мэдлэггүй, сургуулийг нь төгсөөгүй, аль эмийг яаж хэрэглэхийг зөвлөж мэдэхгүй эм зүйч цөөнгүй ажиллаж байна.
Бүх эмийн сан хувьд шилжсэн учраас өөрийн “эзэмшил”-дээ ямар хүн ажиллуулах нь удирдлагуудынх нь таалал болсонтой ч холбоотой. Ах дүү, танил талын, мэргэжлийн бус хүнээ ажилд авдаг жишиг манай улсад түгээмэл. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой чухал ажил эрхэлж буй эм зүйч, эм найруулагчдын цөөнгүй нь мэргэжлийн бус байна.
Нэгэн танил минь ууж дууссан “Регүлон” эмийнхээ хайрцгийг бариад эмийн сангаас дахин авах гээд очтол эмзүйч нь “Наадах чинь юуны эм билээ, мэдэхгүй байна” гээд хээв нэг зогсож байж. Хэн ч харсан мэдэхээр 21 хоногийн тэмдэглэгээ бүхий жирэмснээс хамгаалах эмийг мэдэхгүй эмийн санч байна гэхээр бидэнд хоол өгөөд байна уу, хор уулгаад сууна уу гэдгийг бодохоор айдас хүрэм. Бид өөрсдийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өргөн хэрэглээний эмийн талаар мэдлэгтэй болохгүй бол эмийн санчдад итгэх итгэл тун бага байна.
Эмзүйчдийн 19 хувь нь эмийг олгохдоо хэрэглэх арга, заавар, хадгалах нөхцөл, гаж нөлөөнөөс сэргийлэх талаар зөвлөгөө өгдөггүй нь НМХГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон юм. “Энэ эмийг яаж уух вэ” гэж асуухад л хариулж мэддэггүй эмийн санчтай Та бишгүй л таарч байсан болов уу. Эрүүл мэндийн боловсрол дөнгүүр нэгэн бол эмийн санч мэргэжлийн, эсэхийг хэдхэн асуулт тавиад л мэдчих жишээтэй.
АШУҮИС-ийн нэгэн багш “Манай гэрийн ойролцоо байдаг эмийн санд мэргэжлийн бус хүн ажилладаг. Авсан эмээ хэрхэн уух талаар асуухаар тайлбарлаж чаддаггүй, шинэ эмийг бүр ч мэддэггүй юм” гэж ярьсан. Улсдаа нэлээд нэртэй нэгэн эмийн сангаас элэгний үрэвслийн үед хэрэглэх эм, тариа авахад эмийн санч нь эмчийн бичсэн жор харсаар байж огт өөрийг өгөөд явуулсан талаар хөдөө амьдардаг хамаатны эгч минь ярьж билээ.
Сумандаа очоод өнөөх тариагаа хийлгэх гэтэл огт өөр өвчний үед хэрэглэдэг гэж эмч нь хэлж. Ингээд нөгөө эмийн санчтайгаа холбоо барьж, өөрөөсөө зардлаа гарган Улаанбаатарт ирж, эм, тариагаа буцаасан гэнэ. Хэрэв сумын эмч нь өөр өвчинд хэрэглэдэг эм, тариа гэдгийг нь мэдээгүй бол эгчид минь юу тохиолдох байсныг хэлэхэд бэрх. Энэ мэтээр эм, тариа андуурч өгөх, тун хэтрүүлэх, багадуулах, хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй, норж, гэмтсэн эмээр үйлчлэх явдал гарсаар байна.
Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагынхан хяналт тавьж ажиллах үүрэгтэй ч 900 гаруй эмийн санг бүгдийг нь шалгаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зөрчилтэй байж болзошгүй гэсэн, “но”-той эмийн сангуудаар л гэнэтийн шалгалт хийдэг юм. Өнгөрсөн онд 37 эмийн санд хяналт, шалгалт хийхэд 41 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийг горимын дагуу ажиллуулаагүй, “Энэрлийн тэнгэр”, “Болорцэн” эмийн санд найруулан бэлтгэж буй усан эмээс дээж авахад чанарын шаардлага хангаагүй, 27 хувь нь эм барих гэрчилгээгүй, бичиг баримтных нь хугацаа дууссан эмзүйч ажиллуулж байжээ.
Тэр ч бүү хэл, тэдгээр эмийн сангийн 11 хувь нь хүчинтэй хугацаа нь дууссан эм, бэлдмэлээр иргэдэд үйлчилсэн байх юм. Баянзүрх дүүргийн XIII хорооллын нэр бүхий нэгэн эмийн санч ой найман сартай хүүхдэд цэр ховхлох АЦЦ болон өөр нэг эм өгчээ. Ингэхдээ эмчийн бичиж өгсөн эм нь тус эмийн санд байхгүй байсан учраас “Үйлчилгээ ижилхэн гээд АЦЦ-г хүүхдээ унтахаас нь өмнө уулгачих” гэсэн аж. Туршлагагүй, залуу ээж эмийн санчийн хэлснээр хүүхдэдээ уг эмийг унтахынх нь өмнө уулгаснаар шөнөжингөө огиж бөөлжин сандаргасан гэнэ.
Өөр нэртэй, ижил биш найрлагатай эмийг “Үйлчилгээ адилхан, оронд нь ууж болно” гэж хүчээр шахуу тулгах эмийн санчийн ёс зүйгүй үйлдлийг хэн хянадаг вэ. Мэргэжлийн хяналтын хэдхэн байцаагчаас өөр тэдний хариуцлагагүй үйлдлийг шалгадаг албан хаагч алга.
Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260 2015 стандартад “Эмийн санд ажиллаж буй эмчзүйч, эм найруулагч нь үйлчлүүлэгчидтэй харьцах болон үйл ажиллагаандаа ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө” гэж заажээ. Гэвч эм барих гэрчилгээгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилж буй мэргэжилтнүүд олон байна. Ингэж олширч буй нэг шалтгаан нь мэргэжлийн хүнээс илүү танил талаар хүн ажилд авдагтай холбоотой.
АШУҮИС, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, “Этүгэн” их сургууль, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговийн анагаах ухааны коллежийг жилд ойролцоогоор 400 орчим эмзүйч, эм найруулагч төгсөж байна. Гэвч мэргэжлийн бус ч гэсэн хөлөө олчихсон цагаан нөмрөгтнүүд тэдэнд байр сууриа тавьж өгнө гэдэг тун амаргүйг номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан хүмүүс ярьж буй. Эмийн сан иргэдийн эрүүл мэндээр “тоглодог” газар бишийг харьяа яам, байгууллагын удирдлагуудад нь сануулахад илүүдэхгүй биз.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.Болдбаатар: Байршлыг нь судалсны дараа зөвшөөрөл олгоно
НЭМГ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хангамж, хяналт, төлөвлөлт, эмийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Эмийн сангийн үйл ажиллагааны зөвшөөрлийг танай газраас олгодог. Он гарснаас хойш хэчнээн эмийн санд зөвшөөрөл олгосон бэ?
-Одоогийн байдлаар манай газраас тусгай зөвшөөрөл авсан 990 эмийн сан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Үүн дотроос I зэрэглэлийнх нь 189, II зэрэглэлийнх 801 байна. Он гарсаар 97 эмийн санд тусгай зөвшөөрөл олгосон. Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хаана эмнэлэг, эмийн сан барих шаардлагатайг судалж, хэрэгцээг нь тодорхойлсны дараа үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байна.
Үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эмийн сангийн 71 хувь нь хотын төвд, үлдсэн нь захын гэр хороололд байна. Тиймээс алслагдсан дүүргийн эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагааг дэмжинэ.
-5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандарт хэрэгжиж байгаа юу?
-Эмийн сангийн стандартыг 2015 онд шинэчилсэн. 5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандартыг одоо мөрдөхгүй байгаа. Учир нь ШӨХТГ-аас дээрх стандартыг “Өрсөлдөөний тухай хуулийн 2-3 заалт зөрчиж, нэг байгууллагад давуу эрх олгож байгаа учраас хас” гэсэн шаардлага тавьсан.
Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн хүнтэй бол эмийн сан ажиллуулж болно. Гэхдээ хотын захын гэр хороололд эмийн сан барихыг илүү дэмжиж байгаа.
-Эмийн сангууд иргэдэд дэлгүүр шиг үйлчилж, антибиотикийг чихэр шиг зарж байна. Үүнд ямар шаардлага тавьж байна?
-Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260 2015 стандартыг л дагаж мөрдсөн бол асуудалгүй. Уг стандартад тоног төхөөрөмжийн чанар, үйлчилгээний талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, нийтэд үйлчилж буй II зэрэглэлийн эмийн санд 1-2 эмзүйч, эм найруулагч байх ёстой ба эмийн сангийн талбайн хэмжээ 24 ам метрээс дээш байхаар тусгасан.
Он гарснаас хойш мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн актаар нэг эмийн сангийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан дөрвөн эмийн сангийн үүдийг барьсан.
-Мэргэжлийн бус эмийн санчийг “цэгцлэх” тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан эмзүйчийг эмийн сангийн эрхлэгчээр ажиллуулдаг. Сургуулиа дөнгөж төгссөн хүн эрхлэгч болох боломжгүй. Гэхдээ иймэрхүү тохиолдол мэр сэр гардаг. Манай байгууллага хүний нөөц, бодлогын асуудлыг хариуцдаггүй болохоор өөр тодорхой мэдээлэл алга.
Эмийн сангууд эм ханган нийлүүлэх газраас авсан бүтээгдэхүүндээ 20 хувийн ашиг нэмж борлуулдаг. Энэ мэтчилэн эм бэлдмэлийн үнэ, боловсон хүчний тал дээр ЭМЯ анхаарах хэрэгтэй.