Эрүүл мэндийн яамнаас Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.
Энэхүү хууль нь анх 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль байсан бөгөөд зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй, хуульд хэрэглэгдэж байгаа нэршил, тайлбар буруу томъёологдсон, оролцогч талуудын харилцааг бүрэн тусгаагүй орхисон, хуульд дурдагдсан бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт өнөөгийн мэдээллийн технологийн хөгжлийг гүйцэхгүй болсон, нэгээс дээш насны балчир хүүхдийн хүнстэй холбогдох харилцаа зохицуулалтгүй орхигдсон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул зэргээс үндэслэн хуулийг шинэчлэх шаардлагатай болсон.
Мөн эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт нь манай улсад 2000 онд 90-ээс дээш хувьтай байсан бол сүүлийн жилүүдэд 47 хувь болтлоо буурсан, харин хүүхдийн сүүн тэжээлийн импорт 2013 онд 394 тн байснаа 2014 онд 758.2 тн болж 2 дахин нэмэгдсэн байна.
Хүүхдийг эхийн сүүгээр 6 сар хүртэл дагнан хооллох үзүүлэлт нь улс орнуудын эрүүл мэндийн чухал үзүүлэлт болдог бөгөөд “Хэрэв хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 ба түүнээс дээш нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлбэл жил бүр эндэж буй хүүхдийн амь насыг аварч, уушгины хатгалгаагаар өвдөх эрсдэлийг 30%, суулгалтаар өвчлөх эрсдэлийг 50%, суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 72%, хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэлтийг 57%, эмэгтэйчүүдийн хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд 6%-аар бууруулж, хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг” нотолгоог ДЭМБ-аас тогтоосон. Гэтэл үүнтэй зэрэгцээд Монгол Улсад экологийн доройтол буюу хөрс, агаар, усны бохирдол нэмэгдсэн болон бусад нөлөөгөөр хүүхдийн халдварт болон халдварт бус өвчлөлүүд нэмэгдсээр байна. Ганц жишээ дурдахад өнгөрсөн жилд улаанбурхан өвчний дэгдэлтээр эхний 3 сард 59 хүүхэд нас барсан аймшигт тохиолдол гарсан ба тэдний 76.2% нь 0-8 сартай байсан ба эдгээрийн дийлэнх нь эхийн сүүгээр дагнан хооллодоггүй байв. Ер нь 6 сар хүртлээ хөхөө хөхөж байгаа хүүхдүүд халдварт өвчнөөр ховор өвддөг.
Сүүн тэжээлээр хооллосон хүүхэд хоол боловсруулах замын эмгэг, илүүдэл жин таргалалт, харшил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэл өндөртэй байдгийг нотолсон ба манай улсын хувьд бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтаар бүсийн 37 улс орноос хоёрдугаарт бичигдэж байна.
Залруулга
Буруу ташаа мэдээлэл:
0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр юу ч өгөхгүй ба хөхний сүүгээр хооллоогүй эхийг зөрчлийн тухай хуулиар шийтгэнэ.
Бодит: Тус хуульд эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого болон үйл ажиллагаа гэж орсон бөгөөд үүнийг дэмжин хэрэгжүүлэх эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн хариуцлагын заалтууд нь эрүүл мэндийн ажилтан болон хүнсний бүтээгдэхүүн импортлогч, худалдаалагчдад хамааралтай юм.
Буруу ташаа мэдээлэл: Сүүн тэжээлийг эмчийн жороор зөвхөн эмийн сангаар худалдаална.
Бодит: Хуульд 0-6 сартай хүүхдээ хөхүүлэх боломжгүй эхэд эмнэлгийн мэргэжилтэн сүүн тэжээлийг хэрхэн хэрэглэх зөвлөгөө зааврыг өгөх үүрэг хүлээсэн ба эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг хэрхэн хооллохыг өөрсдөө шийдвэрлэнэ. Мөн сүүн тэжээл нь хүнс бөгөөд “Хүнсний тухай” хуулиар худалдааны зөвшөөрөлтэй аль ч газар худалдаалагдах боломжтой.
Харин тус хуульд хүүхдийн хүнсний найрлага, сав, баглаа боодол, шошгонд тавигдах шаардлагуудыг нэмэгдүүлснээр транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд зэргийг ашиглахыг хориглож өгсөн болно.