Сайд нар, Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд “Боинг” онгоцны энгийн суудалд суун зорчиж явсан нь ойрын хэдэн жилд харагдаагүй содон үйл явдал болов. Ийм зиндааны албан тушаалтнууд өмнө нь онгоцны хамгийн урд хэсгийн “бизнес” хэмээх ангиллын өндөр үнэтэй суудалд тухлан, тусгайлан үйлчлүүлээд явж байгаа харагддаг.
Жирийн зорчигчидтой адил ийн аялж яваагийн учрыг сонсох нь ээ, Засгийн газраас гаргасан хэмнэлтийн бодлогын дагуу сайд, дарга нарыг гадаадад томилолтоор явахдаа хямд үнэтэй, энгийн суудлаар зорчуулж байхаар шийдвэрлэсэн нь тэр юм байж. Эдийн засаг хүнд байгаа өнөө цагт бага боловч хэмнэлт гаргахаар өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Жирийн зорчигчидтой тохой залган суусан сайд, дарга нар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 11-15-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж, тус улсыг зорьж яваа нь тэр билээ.
Тэдэнтэй томоохон компанийн захирлууд дөрөө нийлсэн нь урд хөршдөө анх удаа хийж буй Ерөнхий сайдын айлчлалыг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болгов. Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор нэг хэсэг суларсан хоёр улсын дээд хэмжээний айлчлал цаашид өмнөх шигээ тогтвортой байхын эхлэлийг энэ удаа харууллаа. Улаанбаатарын цаг агаараас шалтгаалан онгоц нисэх цагаасаа багагүй хоцорч хөөрснийг эс тооцвол айлчлал амжилттай боллоо.
Ерөнхий сайд өмнөд хөршид албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ тус улсын зохион байгуулж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд “Торгоны замын эдийн засгийн бүс”, мөн оны аравдугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлах үеэрээ “XXI зууны далайн торгоны зам” байгуулах санаачилга гаргасан билээ. Энэ хоёр санаачилгаа нэгтгэн “Бүс ба зам” хэмээн нэрлэх болсон юм.
БНХАУ-д хийж буй Ерөнхий сайдын ажлын эхний хоёр өдөр нь албан ёсны айлчлал байсан. Айлчлалын үеэр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа тусламж олгохоор болж, олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан, Монгол, Хятадын компаниуд хоорондоо гэрээ байгуулсан зэргээс харвал урд хөршийн удирдлагууд Ерөнхий сайдад ихэд итгэж байгаа нь илэрхий.
Бээжин хотод олон орны төр, засгийн Тэргүүн цуглараад байв. БНХАУ-ын дарга Си Зиньпин тэдэнтэй дээд тал нь 20 минут уулзаж байсан гэсэн. Тэгвэл манай Ерөнхий сайдтай цаг шахам ярилцсан нь энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгсөн нь тэр болов уу.
Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхах үеэр манайханд хандаж түүний хэлсэн үг ихэд бодууштай санагдлаа. Тэрбээр “Би БНХАУ-ын дэд дарга байхдаа Монгол Улсад айлчилсан юм. Тэр үед “Тавантолгой” төслийн талаар ярьж байсан. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчихөөд байхад өнөөдөр та бүхэн энэ төслөө ярьсан хэвээр л байна. Энэ төслийг хэрэгжүүлбэл манайд гэхээсээ танайд илүү ашигтай. Төслийг хэрэгжүүлэхэд гацаа нь манай талд байгаа бол бид ажлаа түргэтгэе, танай талд асуудал байгаа бол түүнийгээ цэгцлээрэй” хэмээжээ.
Түүнчлэн холын садангаас ойрын хөрш илүү гэдэг үгийг дурдаад “Өнөөгийн байдлаар манай улсын нүүрсний хэрэгцээ 100, гангийнх 60 сая гаруй тоннын илүүдэлтэй байна. Бид Монголоос нүүрс, төмрийн хүдэр авахгүй байсан ч болно. Гэхдээ та нарыг нийлүүлнэ гэвэл үгүй гэхгүй. Хэдийгээр манай зах зээл илүүдэлтэй байгаа ч Монголоос нүүрс, төмрийн хүдэр авснаар танай улсад ихээхэн дэмжлэг болно гэж бид үздэг” гэжээ. Уулзалтад оролцсон манай сайд, дарга нарын ярьж буйгаар тус улс нүүрсний илүүдлээсээ шалтгаалан 100 гаруй уурхайгаа хааж, үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм байна.
Үүний цаана олон мянган иргэнийх нь амь амьдрал хөндөгдөж буй нь лавтай. Дотооддоо тулгарч буй энэ мэт асуудлаа хойш тавин байж, монголчуудын мөнгө болгож чадах уул уурхайн гол бүтээгдэхүүний нэг нүүрсийг хэдэн арван сая тонноор нь худалдан авч байгаа нь бидэнд үзүүлж буй томоохон дэмжлэг биш гэж үү. Гэтэл бид хэдэн улстөрч, бизнесийнхэн, намуудын дотоод зөрчлөөс болж энэ боломжийг гүйцэд ашиглаж чадахгүй яваагаа ухаарах цаг хэдийнэ болжээ. Ийм боломж мөнхөд байдаггүйг холын бус ойрын явдал бидэнд сануулсаар байгаа билээ.
Айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Манай хоёр оронд улс төрийн болон хилийн ямар нэг маргаантай асуудал байхгүй.Яриа хэлэлцээний гол нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байлаа. Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Монгол Улсад хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг урагшлуулахад Хятадын талын дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавьсан. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний, Шивээ-Овоогийн цахилгаан станцын, “Хэрлэн говь” төсөл байна. Энэ бүх төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын тал туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Си Зиньпин даргын хөндсөн нэг чухал асуудал бол худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд Хятадын талын баримтлах зарчмын талаар байлаа. Энэ бүх хамтын ажиллагаанд Хятадын тал хоёр зарчим баримталж байгаагаа тэрбээр хэлсэн. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа харилцан ашигтай байх ёстой. Дээрээс нь Монголын талд бүр илүү ашигтай байх ёстой гэж 2014 онд Монголд айлчлах үеэрээ хэлснээ дахин бататгалаа. Хоёрдугаарт, худалдаа, хөрөнгө оруулалт хоёр талын сонирхол дээр тулгуурлах ёстой.
Тухайлбал, Монгол Улс уул уурхайн түүхий эдээ худалдахгүй гэвэл бид авна гэхгүй. Зарна гэвэл та бүхэн түүнийгээ бидэнд хэлээрэй гэж байна. Манай талаас зарим тодорхой санал тавилаа. Тухайлбал, гуравдагч орон руу мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд тус улсын нутгаар зайлшгүй дамжин өнгөрөх хэрэгтэй болдог. Гэтэл хорио цээрийн асуудал яригддаг. Үүнийг шийдэхийн тулд МХЕГ-ын дарга Цагаанхүү, Хятадын Хорио цээрийн албаны дарга нар дамжин өнгөрүүлэх мах, махан бүтээгдэхүүний дэглэмийн гэрээнд гарын үсэг зурлаа. Манай хилийн боомтуудын хүчин чадал, тохижилт тааруугаас худалдаа олигтой хөгжихгүй байгаа.
Хятадын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар энэ асуудлыг шийдэхээр болов. Түүнчлэн ирэх хоёр жилд Монгол Улсын хөгжилд зориулан хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо амласан. Энэ хөрөнгийг ямар салбарт, юунд зарцуулахаа хэлээрэй гэсэн. Ерөнхий сайдын айлчлалын ач холбогдлыг товч дүгнэвэл, бид тодорхойгүй байсан, хугацаа алдсан томоохон төслүүдээ урагшлуулахаар боллоо. Айлчлалын үеэр хамтран ажиллах томоохон бодлогын болон техникийн, хөрөнгө оруулалтын 21 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан” гэв.
САЙН ТУРШЛАГА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС Ч ЧУХАЛ
Дээрх айлчлалын үеэр Монгол, Хятадын цөөнгүй компанийн хооронд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Хятадын удирдлагууд “Бид Монгол Улсад хөрөнгө оруулахаас гадна сайн туршлагаараа тусалъя” гэдэг асуудал тавьсан. Тус улсын Бугат хотын барилгын нэгэн компанийнхан шинэ технологи боловсруулан, гурван жилийн дотор 100 мянган айлыг хямд орон сууцаар хангажээ. Байшин үйлдвэрлэх энэ технологийг Монголд нэвтрүүлэхээр болж, манай талаас барилгын “Ганьт”, Хятадын технологийн “Жунмин жую” компани хооронд гэрээ байгуулав.
Гэрээ байгуулсан, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр “Бугат хотын энэ компанитай хамтран ажиллаж, байшин үйлдвэрлэх шинэ технологийг Монголд нэвтрүүлэхээр боллоо. Эхний ээлжинд бид энэ зундаа багтаж үйлдвэрээ барина. Үйлдвэр ашиглалтад орсноор улирлаас шалтгаалахгүйгээр барилга барих боломжтой. Ирэх хавраас орон сууцнуудаа барьж эхэлнэ. Жилд 500 мянган ам метр орон сууц ашиглалтад оруулна. Цаашдаа сая ам метр хүртэлх орон сууцыг жилдээ ашиглалтад оруулах боломжтой. Саяа байг гэхэд 500 мянган ам метр орон сууц ашиглалтад оруулаад байхад Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулахад хэдхэн жил зарцуулна.
Гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын болон хөрсний бохирдол буурахаас эхлээд олон ач холбогдолтой. Хамгийн гол нь энэ технологиор барьсан орон сууцны нэг ам метр талбайн үнэ өнөөгийн зах зээлийн өртгөөс хямд байх тул иргэд худалдан авах боломжтой. Дээрээс нь богино хугацаанд барина” гэж ярив. Энэ шинэ технологи Монголын хүйтэн цаг уурт тохирох, эсэхийг “Жунмин жую” компанийн захирлаас тодруулахад “Бид Монголд хэд хэдэн удаа очиж танай байгаль, цаг уурыг судалсан. Бидний хийсэн дүгнэлтээр манай технологи Монголд тохирно. Дулаанаа бараг алддаггүй тул оршин суугчид өвөл даарахгүй” гэсэн юм.
Энэ төсөл хэрэгжиж, үйлдвэр нь байгуулагдсанаар иргэд хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангагдаад зогсохгүй 300 хүнийг ажлын байраар хангаж, нийслэлийн өмнө тулгараад байгаа агаар, хөрсний бохирдол багасах юм.
ТЭВШИЙН ГОВЬД ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ, ӨВӨРХАНГАЙГААС МАХ ЭКСПОРТОЛНО
Түүнээс гадна БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамныхантай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголд шинжлэх ухаан, технологийн парк байгуулах, инновацыг хөгжүүлэх, хамтарсан инкубатор төв байгуулахаар болов. Мөн залуу эрдэмтдийг Хятадын шинжлэх ухааны байгууллагуудад ажиллуулах, мэргэжил дээшлүүлэхээр тохиролцжээ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийнхан Өвөрмонголын Эрчим хүчний олон улсын сүлжээ хариуцсан компанийнхантай Оюутолгойн эрчим хүчний импортын гэрээ байгуулсан. Гэрээний үр дүнд өмнө хийж байсан гэрээний дүнг гурван сая доллароор бууруулж чадсан төдийгүй найдвартай байдлыг нь хангах юм. Энэ гэрээг байгуулснаар “Оюу толгой" төсөл эрчим хүчний хувьд доголдолгүй хэрэгжихээр болж байгаагаараа ач холбогдолтой” гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү ярив.
Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацтай байгуулсан санамж бичигт Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт орших Тэвшийн говийн нүүрсний ордыг түшиглэн 600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төсөл хэрэгжсэнээр төвийн эрчим хүчний системийн тогтвортой байдлыг хангаж, дутагдлыг нөхнө. Эрчим хүчний салбарт сүүлийн 35 жилд ийм том хэмжээний төсөл хэрэгжээгүй юм. Төслийн нийт өртөг нь 1.1 тэрбум ам. доллар бөгөөд үүнийг 51, 49 гэсэн харьцаагаар гаргах аж.
АНУ-ын талаас эрчим хүчний “Firebird” компани төсөлд оролцох юм байна. БНХАУ хөрөнгө оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилгын ажлыг гүйцэтгэнэ. Цахилгаан станц ус их хэмжээгээр ашигладаг. Гэтэл манай орон, тэр тусмаа говьд усны нөөц тун хомс. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар төсөл хэрэгжүүлэгч Монголын талын төлөөллөөс лавлахад “Энэ станц говийн нөхцөлд яг таарсан, ус бага зарцуулдаг. Бидний хийсэн судалгаагаар ижил төрлийн станцын ашигладаг усны таван хувьтай тэнцэх хэмжээний ус зарцуулах юм билээ” гэв.
Айлчлалын бүрэлдэхүүнд орсон Өвөрхангай аймгийн Засаг дарга аймагтаа төдийгүй Монголд тун хэрэгтэй нэгэн гэрээ байгуулсан нь махны үйлдвэр байгуулахаар тохиролцсон явдал байлаа. БНХАУ-д махны таван томоохон үйлдвэртэй, Америк, Хятадын хамтарсан компанийнхан хөрөнгө оруулж үйлдвэр байгуулан, өмнөд хөрш рүү адуу, богийн мах бэлтгэн гаргахаар болов.
Экспортлох махыг зөвхөн Өвөрхангайгаас бус малын өвчний хувьд харьцангуй эрүүл гэгдэх Архангай, Булган, Дундговь, Баянхонгор гэсэн таван аймгаас бэлтгэхээр төлөвлөж байгаа юм байна. Бэлтгэсэн махандаа дулааны боловсруулалт хийж, бас түүхийгээр нь гаргахаар төлөвлөжээ.
“ХӨГЖЛИЙН ЗАМ” ХӨРШҮҮДИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДАНА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягаас энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг хэрхэн үнэлж буй талаар асуухад:
-Манай улс “Талын зам” хөтөлбөрөө “Хөгжлийн зам” гэж нэрлэхээр болсон нь зөвхөн зам бус, агаарын шугам биш, нефть дамжуулах хоолой гэлтгүй улс орны хөгжлийг хөтлөх уул уурхайн том төсөл, хөтөлбөрүүд, үйлдвэр, аж ахуйн газрууд, нийгэм, соёлын салбарын бүх хүрээг хамарсан хөгжлийн хөтөлбөр боловсруулж, Хятадын “Бүс ба зам”, Оросын Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулан эдийн засгийн иж бүрэн коридор байгуулахаар төлөвлөсөн.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалыг өмнөх сайдуудтай харьцуулахад бизнесийнхэнтэй олон уулзалт хийснээрээ онцлог. Үүнийг айлчлалын үеэр байгуулсан 21 гэрээ, төсөл, хөтөлбөрт гарын үсэг зурснаас харж болно. Хүлээгдэж байгаа томоохон төсөл, хөтөлбөрөө ажил хэрэг болгоё гэдэг дээр хоёр тал санал нэгдлээ. Үүний тулд хоёр талын ажлын хэсгийн ажлыг шуурхайлах нь зүйтэй гэсэн.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөж, манай төр, засгийнхан болон бизнесийнхэн ганзага дүүрэн олзтой ирлээ. Ерөнхий сайдыг тус улсад айлчлахаас өмнө урьд урьдын сайд нар шиг мөнгө гуйж алгаа тосох бус, томоохон төслүүдээ хөдөлгөсөн хөгжлийн айлчлал хийгээсэй хэмээн олон хүн ярьж, хэвлэлээр гарч байсан.
Олон нийтийн хэлж ярьж байсанчлан энэ удаагийн айлчлалын үеэр хөрөнгө мөнгө гуйсангүй, харин улсын хөгжлийг хөтлөх хэмжээний том төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөхөөр ярьсан, хэлэлцсэн үр дүнтэй айлчлал боллоо. Бээжинд гарын үсэг зурсан гэрээ, төсөл, хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгох нь биднээс шалтгаална. БНХАУ-ын дарга Си Зиньпинийг дараа Монголд ирэхэд нь Бээжинд байгуулсан 20 гаруй гэрээ бүгд амжилттай хэрэгжиж байгаагаар угтвал бидний нэр хүнд тэр хэрээр өсөж, цааш цаашдын ажилд түлхэц болох биз ээ.
Харин анх ярьснаасаа хойш 10 жилийн дараа байрнаасаа хөдлөөгүй байсан “Тавантолгой” төсөл шиг юм бүү болоосой. Си Зиньпин дарга Монголтой холбоотой ярьсан хэлснээ мартдаггүй, санаа тавьж байдаг хүн юм билээ гэдгийг энэ удаагийн айлчлалд оролцсон төр, засгийн эрхмүүд мэдэрсэн нь лавтай.