Төв аймаг. Аргалант сум. “Тусжин” ХК-ийн тариалангийн талбайд үрэлгээ эхэлжээ. 2017.05.18-09.00 цаг.
Бэлтгэсэн: Т.Энхбат, Ч.Мөнхзул, Ж.Сувдмаа, З.Амгалан
Монгол Улс цаг агаараас хараат газар тариалантай. Хур тунадас ахиу унавал арвин ургац хураана. Харин хан хурмаст хураа харамлавал ургац алдана. Хурмаст тэнгэр ирэх зун хэр их хур хайрлах бол. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан таамаглалаар эвгүйтэх төлөв ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, ган болох нигууртай гэсэн үг.
Энэ сард олон жилийн дунджийн орчим дулаантай, хур тунадастай байх гэнэ. Харин зургаа, долоо, наймдугаар сард олон жилийн дунджийн хэмжээний бороотой мөртлөө халуун уур амьсгал зонхилох нь. Үр тариа ид боловсрох хоёр сарын хугацаанд цаг агаар халахаар тариа “дутуу төрөх” нь дамжиггүй. Иймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, үүл буудаж, бороо ахиухан оруулахаар төлөвлөжээ.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн өнгөрсөн жил төсвийн хөрөнгөөр үүл задалж, бороо оруулах 1000 пуужин худалдаж аваад нөөцөлчихсөн. Үүнийгээ бүрэн ашиглахаар үүл буудах станцууддаа хүргүүлсэн байна. Саяхан баталсан төсвийн тодотголд дахиад 1000 пуужин худалдаж авах хөрөнгө тусгуулжээ. Одоогоор пуужин худалдан авахаар ажиллаж байгаа гэнэ. Ингээд энэ зун үүл буудах 2000 пуужинтай болно. “Тариалангийн бүс нутагт үүл хуралдсан тохиолдолд буудаад л байна” гэж ХХААХҮЯ-ныхан ярьж байна. Хур бороог “хүчээр” оруулах нь.
Хургүй бол ургац алдах учраас ингэхээс өөр аргагүй. Манай улс энэ жил 360 мянган га-д улаан буудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23 мянган га-д малын тэжээлийн, 28 мянган га-д тосны ургамал, 1000 га-д жимс, жимсгэнэ тариална. Нийтдээ 450 мянган га талбайд тариа тарих юм.
Үүний 50 мянган га нь л усалгаатай талбай. Тэр дундаа улаан буудайн талбайн 10-хан мянган га л усалгаатай. Хүнсний аюулгүй байдлын баталгаа болдог улаан буудайн талбайн өчүүхэн хэсэг нь усалгаатай байгаа биз. Ургац алдвал гадаадаас царайчлахаас өөр аргагүй.
Газар тариалангийн компаниуд хөл дээрээ бүрэн зогсож чадаагүй байгаа. Тийм боломж өнөөгийн нөхцөлд алга. Усалгааны систем суурилуулахад ихээхэн хөрөнгө шаардлагатай учраас энэ технологийг нэвтрүүлж чадахгүй байна. Мөн ашиглалтын зардал ч өндөр байдгийг тариаланчид хэлдэг. ХХААХҮЯ-наас Хятадын Засгийн газрын 12 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр усалгааны тоног төхөөрөмж худалдаж авах гэнэ.
Үүнийгээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх аж. Усалгаатай тариалангийн талбайг 80 мянган га-д хүргэх Засгийн газрын зорилтын хүрээнд энэ ажлыг хийх нь.
Цаг агаар жиндүүхэн байснаас шалтгаалж энэ жил тариалалт 3-5 хоногоор хоцорч эхэлжээ. Технологийн горимоор бол төмс, улаан буудайн тариалалт ирэх долоо хоногт, хүнсний ногооных ирэх сарын 10 гэхэд дуусах учиртай. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр тариалалт одоогоор 10 орчим хувьтай явж байгаа аж.
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 400 аж ахуйн нэгж, иргэнд 2.3 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр олгожээ. Мөн 180 орчим аж ахуйн нэгж, иргэнд 5.1 мянган тонн үрийн буудайг 40, 170 аж ахуйн нэгж, иргэнд 2.7 мянган тонн бордоог 30, 200 орчим аж ахуйн нэгжид 25.8 тонн үр ариутгал, ургамал хамгааллын бодисыг мөн 30 хувийн урьдчилгаатай олгосон байна. Тариаланчид шатахуун, үр, техникийн дутагдалгүй байгааг ХХААХҮЯ-ныхан мэдээллээ.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.Одонхүү: Шаардлагатай 54.000 тонн үрийг дотоодоос бүрэн хангана
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.
-Энэ жилийн тариалалт жигдрэв үү. Хэр хэмжээний ургац авахаар тооцсон бэ?
-Тариалалт энэ жил харьцангуй орой жигдэрлээ. Бүс нутгийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй буюу тавдугаар сарын 5-8-нд ажил эхэлсэн. Энэ сарын 10-нд нийт нутгаар сэрүүссэнтэй холбоотойгоор түр саатаад, 12-ноос жигдэрч, өдгөө тариалангийн бүс нутгуудад ажил эрчимтэй өрнөж байна. Өчигдрийн (уржигдар) байдлаар үр тарианы 30 хувийг тарьчихаад буй. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний төмс, буудай авна. Хүнсний ногооны 56 хувийг хангахаар төлөвлөсөн.
-Хэчнээн тонн үр шаардагдсан бэ. Импортолсон уу?
-Хөрөнгө зардлаа өөрсдөө гаргаж, үрийн шинэчлэл хийх хүсэлт тавьсан аж ахуйн нэгжүүдэд 1000 тонн үрийн квот олгосон. Түүнээс биш яам юм уу, Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) импортлоогүй, дотоодын нөөцөө ашиглаж буй. Энэ хавар нийт 54.000 тонн үр шаардлагатай байсныг дотоодоос бүрэн хангаж байна.
-Техникийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?
-Нэг үеэ бодвол газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл нэлээд сайн хийсэн учраас тариалалт хугацаандаа дуусах боломжтой. Сайжруулах шаардлагатай гэж үзэж байсан техникүүдийн 65 хувийг шинэчилсэн. Ялангуяа зүтгэх хүчний техник нэлээд сайжирсан учраас богино хугацаанд үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдсэн.
-Хөрсний үржил шим буурч байна гэх болсон. Энэ чиглэлээр арга хэмжээ авч байгаа юу?
-Тариалангийн талбайн 60 хувийнх нь хөрсний үржил шим эрчимтэй буурч байна гэсэн судалгааны дүн бий. Хөрсний доройтлыг зайлшгүй зогсоох, сэлбэх, сэргээх гурван арга бий. Нэгдүгээрт, тариалан эрхэлж буй арга, технологио өөрчлөх шаардлагатай. Хөрсийг 2-3 удаа боловсруулж, тариалалт хийдэг байсныг халж, цомхтгосон технологи нэвтрүүлж байна.
Энэ нь хөрсийг хөмрүүлж, эргүүлж хагалахаас зайлсхийж буй юм. Мөн сүрлээ чирч гаргадаг биш, хэрчээд талбайд нь цацаж, хучлага үүсгэдэг болсон. Эдгээр нь хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулан, доройтлыг зогсооход эерэг үр дүн үзүүлнэ. Дараагийн арга хэмжээ нь хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх. Зөвхөн уринш бэлтгэх, буудай тарих гэсэн сэлгээнээс татгалзаж, ашигтай гуравдагч ургамал тарих замаар хөрсний үржил шимийг сайжруулна гэсэн үг.
Аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ ийм арга хэмжээ авч, буурцагт ургамлууд тарьж, сэлгээнд оруулж байна. Сэлгээн дэх таримлын тоо нэмэгдэхийн хэрээр хөрсний үржил шим сайжирна. Гурав дахь арга бол тухайн жилийн ургацын хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй, хөрсний үржил шимийг нөхөх бордооны хэрэглээг өсгөх явдал. Огт бордоо хэрэглэхгүй 10 орчим жил болсныг сүүлийн хоёр жилд өөрчилж, төрөөс ч энэ чиглэлээр нэлээд дэмжлэг үзүүлдэг болсон.
Өнгөрсөн онд гэхэд бордооны үнийн 70 орчим хувийг хөнгөлж тариаланчдад олгосон. Энэ жилийн хувьд үндсэн үнээр нь, гэхдээ нийт үнийн 30 хувийг өгч, үлдсэнийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр 2700 тонн бордоог тариаланчид авсан.
-Газар тариалангийн үйлдвэрлэл тэнгэрийн байдлаас хараат. Энэ зуны цаг агаарын төлөв ямар байх вэ?
-Ус, цаг уурын хүрээлэнгээс авсан дулааны улирлын цаг уурын ерөнхий төлөвөөр зургаа, долоо, наймдугаар сард нэлээд халах нь. Гэхдээ яг хэзээ, хэдэн хоногоор, хэр халах нь одоогоор тодорхойгүй. Хур тунадас олон жилийн дунджийн орчим унах төлөвтэй гэсэн.
-Тариаланчдад төрөөс ямар дэмжлэг үзүүлэв?
-ТЭДС-гаар дамжуулан хөнгөлөлттэй зээл, дэмжлэг олгож буй. 460 орчим аж ахуйн нэгж, иргэнд 2500 тонн шатахуун олгосон. Мөн 5100 тонн үрийн буудай, ургамал хамгааллын 26 тонн бодис, эрдэс бордоо 2700 тонныг өглөө. Шатахууны 50, үрийн 40, ургамал хамгааллын бодис болон бордооны төлбөрийн 30 хувийг урьдчилан авч, үлдсэнийг намрын ургацаас авах буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй.
Тариаланчдад гарт очих ёстой бүх хөрөнгө санхүүжилт, хөнгөлөлтийг 100 хувь олгосон учраас технологийн хугацаанд ажлаа дуусгах боломжтой гэж үзэж байна. Тавдугаар сарын 25 гэхэд үр тарианы тариалалт дуусах ёстой.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС МАЛЫН ХӨЛД СҮЙДЭЖ БАЙНА
Шар эсгий уугиж, нохой гаслам халуун өдөр өчигдөр тохиов. Сүүдэрлэх газаргүй тал газарт 30 минут хэртэй зогсоход ч бэрх байсан. Гэтэл тариаланчид “Хаврын нэг өдөр намрын нэг өдөртэй дүйдэг. Халуун, хүйтэн гэж ямбалж, хойш суух эрх байхгүй. Өдөр алдахгүй ажиллах нь чухал” хэмээн ярьж сууна.
Тэд өглөөний нарнаас үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй ажилласаар. Тариаланчдын их ажил хэдийнэ эхэлжээ. Бид хаврын тариалалт хэрхэн өрнөж буйг сурвалжлахаар нийслэлээс 90 орчим км-т орших, Төв аймгийн Аргалант сумын нутагт тариалан эрхэлдэг “Тусжин” компанийн талбайг зорьсон юм.
Эднийх энэ жил 300 гаруй га талбайд улаанбуудай тарихаар төлөвлөжээ. Харин үрэлгээний ажлаа гурав хоногийн өмнөөс эхэлсэн аж. Биднийг очих үед тариаланчид тордож бэлтгэн, чийг хуримтлуулсан талбайдаа үрэлгээ хийж байв. Эл компани өдгөө найман ажилчинтай ч үрэлгээний бригад дөрвөн хүнтэй. Тэд тариалангийн талбайгаас холгүй орших үтрэмээс үрийн буудайгаа зөөх, үрэлгээ хийдэг машинаа цэнэглэх гээд тус тусдаа хариуцсан ажилтай.
“Үр соёолохоос эхлээд ургац хураах хүртэлх хугацаанд олон эрсдэл, шалгууртай нүүр тулдаг. Тариагаа хурааж авсны дараа л санаа амарч, тайвширдаг” хэмээн ярилаа. Тэгвэл үрэлгээ хийх үед ч олон бэрхшээл тулгарч байгааг дурдав. Тухайлбал, тэр хавьд малчин өрх олон байдгаас тариалангийн талбайг нь мал туучих, хүчтэй салхи дэгдэж хөрс хуулах, элсээр булах зэрэг бэрхшээл бий гэнэ.
Биднийг очих үед талбайн ойр орчимд олон зуун мал бэлчиж байв. Гагцхүү тариаланчид хашаа, тор татаж хамгаалахгүй л бол үүнд санаа тавих хүн үгүй аж. Уг нь Аргалант сумын бэлчээрийн даац 30 мянган малд хүрэлцэхээр боловч өдгөө 110 мянга гаруй тоо толгой болтлоо өсжээ.
Манай орны хөрсийг хэв шинжээр нь дөрөв ангилдаг. Тэгвэл тариалангийн гол бүсэд хамаарах Төв, Сэлэнгэ аймаг үржил шимтэй, нам дор газар ихтэй боловч тус хэсгийн хөрс тариаланчдад тийм ч ээлтэй биш гэсэн. Учир нь, салхины нөлөөгөөр эвдэрсэн хөрс нэлээд талбайг эзэлдэг гэнэ.
Анх Аргалант суманд “Нөхөрлөл” САА байгуулсан ч улаан буудай тариалахад тохиромжгүй гээд Тэжээлийн аж ахуй болгосон түүхтэй аж. Тэжээлийн аж ахуй эрхлэхэд хөрс нь илүү нийцтэй гэж үнэлэгджээ. Гэвч тариаланчид уйгагүй хөдөлмөрлөсний дүнд арвин ургац хурааж авдаг бололтой.
Тухайн жилийн цаг агаарын төлөв, газар нутгийн онцлогоос хамаараад тариаланчид хавар үрэлгээг өөр өөр хугацаанд хийдэг гэнэ. Гэхдээ тавдугаар сарын 25-наас хожимдож болохгүйг туршлагатай тариаланчид анхаарууллаа. Хөрсний эвдрэл, ус чийгнээс хамаараад үрээ хэр зэрэг гүнд суулгах вэ гэдэг нь ч адилгүй байдаг гэх.
Үрэлгээний ажлыг нугалж буй “Беларусь 1221” тракторт зүүсэн үрлэгч (үр суулгах зориулалттай СКП-2.1 төхөөрөмж)-ийг “Тусжин” компанийн захирал Ш.Дөрвөнжин “Цомхтгосон, энгийн технологи” гэв. Энэ нь хөрс сийрүүлэх, үр суулгах, булах гэсэн гурван ажлыг гүйцэтгэдэг юм байна. Ийм давуу талтай боловч эл төхөөрөмж “моод”-ноос гарч байгааг тэрбээр онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, техник технологи, газар тариалан эрчимтэй хөгжихийн хэрээр тариаланчид байгальд хоргүй, илүү боловсронгуй технологи хэрэглэх шаардлага тулгарч буй аж. Эл үрлэгчийг л гэхэд сүүлийн 30 жил энэ салбарт өргөнөөр ашиглаж байгаа гэнэ.
“Тусжин” компанийн механикжуулагч, Монгол Улсын тэргүүний тариаланч Ц.Болдбаатар “Манай сумынхан эргэлтийн талбайгаа бүрэн ашиглачихсан. Мал аж ахуй давамгайлж байгаа нь бидний санааг чилээх болов. Мал аж ахуй, газар тариалан хоёрыг нэг доор байлгаж болохгүй шүү дээ, уг нь” гэсэн бол Д.Төмөрбаатар “Сүүлийн зургаан жил энэ компанид техник хариуцан ажиллалаа.
1970-аад оны үед одоогийнх шиг ийм сайхан техник технологи байгаагүй. Хөрсийг айхтар эвдэж, гэмтээдэг гинжтэй трактор тэр үед зонхилдог байлаа. Одоо нүдний гэм болж. Манай компанийнхан байгальд аль болох хоргүй, зөв технологиор тариалан эрхлэхийг эрмэлздэг” хэмээн ярилаа.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Дэлхийн хүн ам өсөж, улаан буудайн эрэлт нэмэгджээ
Дэлхийн үр тарианы зах зээлийн 2017/18 оны урьдчилсан таамаг нааштай гарчээ. Шинжээчдийн таамагласнаар, дэлхийд улаан буудай тариалсан талбайн хэмжээ ердөө 0.3 хувиар буурч, 221.4 сая га байна. Казахстан, АНУ, Аргентин, Канадын улаан буудайн талбай нэлээд багасах бол Энэтхэг, Украин, ОХУ болон Хойд Африкийн орнуудад тэлэх гэнэ.
Тухайлбал, АНУ-д өвөлжих улаан буудайн талбай 10 хувиар буурч, 13.1 сая га болсон нь сүүлийн 108 жилийн хамгийн бага үзүүлэлт боллоо. Ингэж буурсан нь тус улсын тариаланчдад үр тариа бага ашиг өгч буйтай холбоотой. Тэгвэл Украин, ОХУ-д талбай тэлж, 6.7 (+2.9) болон 27.2 сая (+0.4 хувь) га болжээ.
Энэ нь дотоодын зах зээлд уг бүтээгдэхүүний үнэ өндөр байгаатай холбоотой гэнэ. Цасан бүрхүүл хангалттай байсан нь өвөлжсөн тарианд сайнаар нөлөөлсөн тул энэ жил ОХУ шинэ дээд амжилт тогтоох хэмжээний буюу 74 сая тонн үр тариа хураана гэж НҮБ-ын Хүн, хөдөө аж ахуйн байгууллагын шинжээчид таамаглажээ.
Европын холбооны орнуудад хоёрдугаар сарын хүйтэн циклоны дараа баруун болон өмнөд бүс нутгаар дулаан, чийгтэй байв. Тус бүс нутгийн шинжээчдийн мэдээлснээр, Франц, Их Британи зэрэг улсын улаан буудайн ургац сайн байгаа аж. Ерөнхийдөө энэ жил тус холбооны улаан буудайн ургац 5.5 сая тонноор нэмэгдэж, 150 сая тонн болно. Ингэснээр экспорт нь 28.9 сая тонн болох гэнэ.
Азийн орнуудын улаан буудайн зах зээл, тухайлбал, Энэтхэг, Пакистан, Хятадынх Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр нэлээд өргөжих нь. Хятадын улаан буудайн хэмжээ 400 мянгаар нэмэгдэж, 129 сая тонн хүрэх таамгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэвшүүлжээ. Таатай нөхцөлд өвөлжсөн тарианд хаврын цаг агаар эергээр нөлөөлсөн байна.
Дэлхийн улаан буудайн тариалангийн талбай Хойд Африкийн орнуудынхаар тэлэх болов. Өнгөрсөн жилийн ган гачгийн дараа цаг агаар сайн байжээ. Ийнхүү манай гаригийн улаан буудайн талбай багассанаар ургацын хэмжээ хоёр хувиар буурч, 735-744.5 сая тонныг хураахаар байгаа нь түүхэнд гуравдугаарт бичигдэх үзүүлэлт аж.
Харин хэрэглээ нь бага зэрэг өсөж, 740 сая тонн болно. Харьцуулбал, өнгөрсөн онд уг үзүүлэлт 738 сая тонн байв. Энэ жил бэлтгэх тэжээлийн хэмжээ 149 сая болж буурах ч эрэлт их байна. Дэлхийн хүн ам өсөж, тэрчлэн Африк, Азийн орнуудад улаан буудайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн нь хүнсний зориулалттай үр тарианы хэрэглээ өсөхөд хүргэжээ.
Энэ жилийн улаан буудайн экспорт 166 сая тонн болох ч өнгөрсөн оны үзүүлэлт (169 сая тонн)-д хүрэхгүй нь. Ийнхүү буурсан нь Энэтхэгт үр тарианы нийлүүлэлт буурахтай холбоотой. Гэхдээ тус улсын импорт өндөр хэвээр байна. Улаан буудайн дэлхийн нөөц энэ онд 230 сая тонн болох нь түүхэнд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт юм.
БАЙР СУУРЬ
Тариаланчдад тулгамдсан асуудал юу байгаа болон хөрсний доройтолтой хэрхэн тэмцэх ёстой талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонслоо.
ТАРИАЛАНЧДАД БОРДОО ОРУУЛЖ ИРЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЁ
С.БААСАН (“Зуун зун” ХХК-ийн захирал):
-Манайх Сэлэнгэ аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг. Эргэлтийн 1000 орчим га газартай. Энэ жил 400 гаруй га-д нь улаан буудай тарих ёстой. Гэвч үр ховор байгаагаас гадна маш чанаргүй байна. ХХААХҮЯ-наас 10 тонн үр авсан ч тэр нь зэрлэг ургамал (авшюг) ихтэй юм. Өөр үр олдохгүй болохоор авахаас аргагүйд хүрсэн. Нэмээд рапс хүртэл тарьж байна шүү дээ.
Авшюг нь улаан буудайтай өнгө, хэмжээ, дүрсээрээ төстэй боловч түрүүлж үрээ хаян, хөрсөнд маш их хор учруулдаг зэрлэг ургамал. Нэг удаа тариалсан бол хөрснөөс салахгүй, дахин дахин ургасаар байдаг. Түүнийг устгахад тун түвэгтэй. Шигшээд ч нэмэргүй, хор цацахаар будаа үхэх эрсдэлтэй. Энэ зэрлэг ургамлыг устгах хор байдаггүй. Гэтэл намар төр зэрлэг ургамалтай улаан буудай буцааж авдаггүй.
Манайх тариалангийн талбайдаа жил бүр хөрсний шинжилгээ хийлгэдэг. 2014 онд шинжлүүлэхэд хөрсний доройтолд хараахан хүрээгүй ч магадлалтай болсон байна гэсэн. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр бордоо хэрэглэж буй. Ингэснээр хөрсний чанар сайжирч, ургац нэмэгдсэн. Энэ жилийн хувьд гэрээт компани маань “бордоо байхгүй” гээд нийлүүлээгүй. Санаагаар болдог бол өөрсдөө бордоогоо оруулж ирмээр байх юм.
Гэтэл азотын бордоо тэсэрч, дэлбэрэх аюултай гээд тусгай зөвшөөрөл олгодоггүй. Нийлмэл бордооны хувьд хүүхэд, мал идээд хордох нь бага болохоор харьцангуй хор хөнөөл багатай ч мөн л зөвшөөрөл хэрэгтэй. Тариалан эрхэлж буй хүмүүст хэрэглэх хэмжээгээрээ бордоо оруулж ирэх тусгай зөвшөөрөл олгомоор байна. Ингэвэл хөрс доройтолд орох нь багасна. Ер нь хөрс бордохгүй байх тусам үржил шимгүй болдог.
МАЛЫН ТОО ТОЛГОЙГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ
Б.ДОРЖ (ХААИС-ийн зөвлөх багш)
-Хөрс доройтох, бэлчээрийн талбай талхлагдах гол эх үүсвэр 1990 оноос тавигдсан. Манай улсын газар тариалангийн амин зүрхийг тэтгэгч хамгийн үржил шимтэй хөрстэй, сайхан цаг агаартай Сэлэнгэ аймагт тэр үеэс л малчид олноор суурьшиж эхэлсэн. Үүнийг дагаад жилээс жилд малын тоо толгой олширч, газар тариалангийн салбарт аюулын харанга дэлдээд буй.
Тиймээс тариалангийн салбараа аврахын тулд малын хөлөөс холдуулж, тоо толгойг нь цөөрүүлэх шаардлагатай. Манай улсын газар тариалангийн талбай 18-24 см зузаан, хүрэн хөрс зонхилсон байдаг. Нэг үгээр хэлбэл, хэдэн мянган жилийн настай өнгөн хөрс ганц хоёр удаа хүчтэй шуурахад л устах эрсдэлтэй болчихоод байна шүү дээ. Дахин хэлэхэд мал аж ахуйг газар тариалантай хослуулах гэж байгаа бол тариа мал хоёроо тусгаарлах ёстой.
Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт хөрсний доройтолтой холбоотой уулзалт болсон. Тэр үеэр газар тариалангийн бүсийг эрчимжсэн бүс болгоё, нэг малаас хоёр малынхтай адил ашиг шим авъя, тоо толгойг нь цөөрүүлье гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг л хэрэгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХӨРСНИЙ 60.2 ХУВЬ НЬ ЭЛЭГДСЭН
А.БУЯНБААТАР (ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, дэд профессор):
-Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Монгол орны газар тариалангийн хөрсний 60.2 хувь нь хүчтэй элэгдэлд орсон гэсэн дүгнэлт гарсан. Уг судалгааг 593 га газарт хийсэн байдаг. Түүнчлэн тариаланчид бордоо хэрэглэхгүй, хөрсөндөө сэлгээ хийхгүй байснаас хөрсний үржил шим буурч буй. Мөн тариалангийн талбайд мал олноор бэлчдэг нь ургамлыг үндсээр нь устгах, хөрсний өнгөн хэсгийг гэмтээн, бүтцийг нь алдагдуулах үндэс болдог.
Эдгээр нь хөрсийг доройтуулж, гамшгийн хэмжээнд хүргэж байна. Тиймээс үүнтэй тэмцэхийн тулд тариаланчид бордоогоо зориулалтаар нь хэрэглэж сурах хэрэгтэй. Үүнийг нь төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй. Төрөөс хийж буй олон ажил байдаг ч үр дүнд хүрэхгүй байгаа учраас илүү далайцтай ажиллах шаардлагатай. Салхинаас хамгаалах арга ашиглах ч бас хөрсний доройтлоос сэргийлэхэд тустай.
Бордоо хэрэглэнэ гэдэг хаанаас ч хамаагүй авчирч, хөрсөнд үржил шим өгөхийн нэр биш. Хүн, малын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө учруулахаас болгоомжилж, химийн гаралтай бордооноос зайлсхийх нь зөв.
Усалгаатай тариалан маш өндөр бүтээмжтэй байдаг. Тухайлбал, нийт талбайнхаа 17 хувьд тариа тарьсан бол тэр нь 53 хувь болтлоо нэмэгддэг. Ургац нэмэгдүүлэх ач холбогдолтой ч усалгаатай тариалангийн арга нь хөрсний үржил шимийг алдагдуулдаг сөрөг талтай.
Хөрс шим тэжээлийн бодисоо алдаж, давсжиж, намагжих үйл явц маш түргэн явагддаг. НҮБ-ын мэдээлснээр жилд 2-3 сая га талбай усалгаатай тариалангаас болж устдаг. Тиймээс маш сайн судалгаа хийсний үндсэн дээр усалгаатай тариалангийн аргыг ашиглах нь зүйтэй.