Монголын Аутизмын холбоо Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай дунд сургуультай хамтран Австралийн Засгийн газрын Шууд тусламжийн хѳтѳлбѳрийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Аутизмтай ба оюуны бэрхшээлтэй сурагчдад ээлтэй сурах орчинг тусгай сургуульд бүрдүүлэх нь” тѳслийн хүрээнд шинээр байгуулсан зочид буудлын үйлчилгээний сургалтын загвар ѳрѳѳг өнөөдөр нээлээ.
Уг тѳслийн эхний хэсгийг өнгөрсөн онд хэрэгжүүлж, тус сургуулийн бага ангийн аутизмтай сурагчдад ээлтэй анги танхим байгуулснаас гадна тэдэнд тохиромжтой хичээлийн хэрэгсэл бэлэглэж байжээ. Мөн тус сургуулийн бага ангийн багш нарыг аутизмтай сурагчидтай ажиллах тухай цуврал 14 сургалтад хамруулсан юм. Үүнээс гадна тус сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулан тайвшруулах мэдрэмжийн ѳрѳѳг шинээр байгуулж ѳгснийг аутизмтай тѳдийгүй, оюуны бэрхшээлтэй бүх сурагч ашиглаж буй аж.
Тэгвэл энэ удаад аутизмтай ба оюуны бэрхшээлтэй ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготойгоор зочид буудлын үйлчлэгчийн мэргэжлийн сургалтын орчинг бүрдүүлсэн байна. Тодруулбал, зочид буудлын загвар ѳрѳѳг байгуулж, онол, дадлага хосолсон сургалтын орчин бүрдүүлэн, зочид буудлын үйлчлэгчийн сургалтын хѳтѳлбѳр, гарын авлагыг шинээр боловсруулж, багш нарыг дадлагажуулж буй аж. Энэхүү сургалтыг шинээр нэвтрүүлэх болсон шалтгаан нь аутизмтай хүний сул талыг харгалзсан атлаа давуу тал дээр нь тулгуурласан сургалтыг бий болгох гэнэ. Тухайлбал, аутизмтай хүмүүс бусад хүнтэй шууд харилцаа тогтоох чадвар сул тул хүнтэй харилцах шаардлага бага гардаг ажил хийх нь зохимжтой байдаг. Мѳн аутизмтай хүн нэг хэвийн давтамжтай үйлдлийг сурах бүрэн боломжтой, эмх цэгцэнд дуртай байх нь элбэг байдаг аж.
Зочид буудлын ангийн нээлтийн ажиллагаанд Aвстралийн ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шэйн МакКенна хүрэлцэн ирж тус ангийг нээхээс гадна Хѳдѳлмѳр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Боловсролын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ЭСЯ, Хүүхдийг ивээх сан, ЖАЙКА, “Хоган Ловеллс” хуулийн компани, “АДРА Монгол”, “Аутизм Монгол Анд” ТББ, “Монголын дауны холбоо” ТББ, “Хѳгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТББ зэрэг байгууллагын зочид оролцлоо.