Үргэлжлэл. Түрүүч нь № 114 (6107) дугаарт
Байгалийн баялгийн арвин нөөцтэй Австралийн Күинслэнд муж одоогоор 30 гаруй ашигт малтмал олборлож байна. Өнгөрсөн онд тус мужийн ДНБ-ий 7.2 хувь буюу 21 тэрбум долларыг уул уурхайн салбараас бүрдүүлсэн нь Монголын эдийн засгаас хоёр дахин их гэсэн үг. Уг нь манайх ч бас ашигт малтмалын ихээхэн нөөцтэй, Австрали шиг баяжих хүсэлтэй. Улсынхаа хоёр дахь том муж болох Күинслэндийн эдийн засаг дахь уул уурхайн нөлөө, төрийн зохицуулалт ямар байдгийг жаахан тандъя.
Күинслэнд мужийн эдийн засгийн таван доллар, ажлын зургаан байр тутмын нэг нь уул уурхайн салбарт ногдож буй. Бас ханган нийлүүлэлтийн 24.400 компани ашиг тус хүртдэг гэж байгаа. Нийт газар нутгийнхаа ердөө 0.1 хувийн талбайгаас олборлолт хийж буй атлаа шүү дээ. Тус мужийнхан өөрсдийгөө азтай, хүчтэй эдийн засагтай гэж бахархдагт нь төмөр зам, далайд гарцтай давуу талаа бүрэн ашиглахын сацуу төрийн бодлого нь чухал нөлөөтэй гэлтэй.
Күинслэндийн Нөөц баялгийн зөвлөл (Queensland resources council)-ийн Эдийн засаг, дэд бүтцийн бодлогын газрын захирал Эндрю Баржер “Засгийн газар төмөр зам тавьж, тээврийн үнийг тогтоодог” гэв. Тус муж нүүрсээ хэд хэдэн боомтоор экспортолдог. Тэдгээрт хүргэхэд дөрвөн төмөр зам ашигладаг байна. Нүүрсийг гэхэд 30 гаруй оронд нийлүүлж буй тул дэд бүтэц сайн байх шаардлагатай нь мэдээж. Ганц нэг компани төмөр зам тавиад ашиггүй гэж үзээд Күинслэндийн бизнесмэнүүд Засгийн газартайгаа хэлэлцэн, шийдэлд хүрч чаджээ.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд нийлж санхүүжилтийг нь гаргаад, төмөр зам барих, ашиглахыг Засгийн газар нь хариуцахаар тохиролцсон байна. Аль компани хэдий хэмжээний төлбөр төлөхийг Засгийн газар нь тогтоож, гэрээ байгуулдаг аж. Зарим тохиолдолд төр, хувийн хэвшил, бас зөвхөн хувийн компанийн санхүүжилтээр дэд бүтцээ бий болгодог гэсэн. Тэндхийн тээврийн компаниуд ч хоорондоо өрсөлдөн, өртгөө хямд байлгахыг хичээн, чанартай, түргэн үйлчилгээ санал болгодог нь сайшаалтай санагдсаныг нуух юун. Энэ нь Австралийн нүүрсний экспорт өндөр байхад голлох нөлөө үзүүлдэг байх юм.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг дөрвөлжин хэсгүүдэд хуваадаг. Ягаанаар тэмдэглэдэг, том дөрвөлжин дотор I-аас бусад үсэг бичсэн жижиг, цэнхэр дөрвөлжин хэсгүүд (sub-block) бий. Компаниудад зөвшөөрөл олгохдоо талбайн хэмжээг нь хязгаарладаг. Жишээлбэл, нүүрсний хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхдөө хамгийн ихдээ 300, бусад эрдсийнх бол 100 жижиг, газрын тосных бол 100 том дөрвөлжин талбайд үйл ажиллагаа явуулах эрх олгодог аж. Жижиг дөрвөлжингүүд салангид биш, залгаа байх ёстой. Нэг жижиг дөрвөлжин нь 1.7 км-ийг 1.7 км-ээр үржүүлсэнтэй тэнцүү талбайг хамардаг. Том, ягаанаар тэмдэглэдэг дөрвөлжинд 25 жижиг дөрвөлжин багтдаг бөгөөд код, тоогоор нь ялгах боломжтой.
Хэрэв Күинслэндэд аж ахуйн нэгж төмөр зам тавих зөвшөөрөл авах бол олон шалгуур давах ёстой. Хувь хүний эзэмшлийн газраар дайран өнгөрөх бол зохицох хэрэгтэй болно. Австралид хар шуурга, үер болдогтой холбоотойгоор далан босгох зэргийг шийдсэн байх хэрэгтэй. Төмөр зам орд газрыг дайрахаар байвал захаар нь өнгөрүүлэх ёстой. Энэ мэтчилэн холбогдох бүхий л асуудлыг зохицуулж, бүх зүйл тодорхой болсны дараа л төр нь зөвшөөрөл олгодог аж.
Нөөц баялгийн зөвлөлийн Олон нийттэй харилцах газрын захирал Ангела Харпер “Байгаль орчныг хамгаалагч нэрээр мөнгө олох гэсэн хүмүүс байдаг. Компани хайгуул хийх гэхэд ТББ-ууд үймүүлж, төслийг гацаах тохиолдол гардаг. Бүх зөвшөөрлийг аваад ном журмын дагуу явсан ч эсэргүүцэгчид төслийн явцад саад учруулах нь бий” гэсэн юм. Иймд ашгийн төлөө бус тус зөвлөл гишүүн компаниудынхаа төлөөлөл болж, тэдний өмнөөс дуу хоолойг нь хүргэдэг байна. Мужийнхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уг зөвлөлийнхөн эрх зүйн орчин шударга байгаа, эсэхэд байнга хяналт тавьдаг аж.
Австралийн уул уурхайн туршлагаас судалсан Монголын сэтгүүлчид мөн Күинслэндийн Байгалийн нөөц, уул уурхайн яам (Department of Natural resources and mines)-аар орсон юм. Тус яамны Хайгуул, геологийн судалгааны газрын захирал Саймон Кроүч “Уул уурхай бол эдийн засгийн маш чухал салбар. Энэ салбарт ажиллаж буй нэг хүний цаана ханган нийлүүлэгч, дам ашиг хүртэж буй гурван хүн байдаг гэж үздэг” хэмээв. Хайгуулын зардал нь гэхэд 2015-2016 онд 436 сая австрали долларт хүрсэн учраас чухал салбар гэхээс яалтай.
Саймон Кроүч “Компаниуд үйл ажиллагааныхаа мэдээллийг шударгаар өгдөг. Бид мэдээллийн дата төвтэй. Манайд аливаа бохирдлын хэмжээ стандартаас давахыг хатуу хориглодог” гэлээ. Тодруулбал, компаниуд өөрсдийнхөө үйл ажиллагаанд мониторинг явуулаад, түүнийгээ Засгийн газарт өгөх ёстой байдаг аж. Хэрэв бохирдлын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан байвал заавал мэдээлэх үүрэг хүлээдэг гэсэн. Тэндхийн компаниуд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг зайлшгүй гаргаж байж тусгай зөвшөөрөл авдаг байна.
Ер нь тусгай зөвшөөрөл авах явц нарийн түвэгтэй байдаг бололтой. Уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчин, нийгэм, дэд бүтэц, бусад аж үйлдвэрт үзүүлэх нөлөөг төрөөс нь сайтар зохицуулсан байдаг. Жишээлбэл, нэг компани нөлөөллийн үнэлгээний бүхэл бүтэн 35.000 хуудас баримт бичиг бэлтгэсэн гэнэ лээ. Ус, байгаль орчин, уугуул иргэдэд ямар нөлөө үзүүлэхийг судалсан уу, орон нутгийн дэд бүтцийг ашиглахаа хэрхэн зохицуулах зэргийг компани маш тодорхой болгосон байх ёстой.
Хэдий тусгай зөвшөөрөл авах явц түвэгтэй ч томилогдсон менежер хайгуулынхаас ашиглалтын зөвшөөрөл авах хүртэл нь зөвлөгөө өгч, удирдан чиглүүлдэг тул бас ч гэж амар байдаг биз. Дээрх яам геологийн болон илрэх магадлалтай нөөцийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэдэг гэнэ. Мужийн Засгийн газар нь эрэл хайгуул хийдэг, бизнесийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг агаад хөрөнгө оруулалт татахаар ажилладаг.
Уурхайн үйл ажиллагаа явуулахдаа соёлын өвийг хөндөхгүй, хамгаалах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зайлшгүй гаргах, хайгуул хийх бол Австралид бүртгэлтэй компани байх ёстой гэсэн шалгууртай. Хэрэв ямар нэг доголдол гаргавал торгууль нь өндөр аж. Австралийн Холбооны Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулалт, татвар, байгаль орчин, уугуул иргэдийн газар эзэмших эрх, компанийн тухай хууль болон аж үйлдвэрийн харилцаа гэсэн томоохон асуудлыг зохицуулдаг гэнэ. Уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалж гүний ус багасах, бохирдох гэх мэт алдаа гаргавал компани заавал нөхөн олговор өгөх зэргээр хуульчилжээ.
Монголын сэтгүүлчдийг “Rio tinto” группийн Брисбэн хот дахь оффист Оюутолгойн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс хүлээн авч уулзсан юм. Тэрбээр “Бид Их Британи, Канадад хөнгөн цагаан, АНУ, Өмнөд Америкт зэсийн чиглэлээр гээд дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхэлдэг. Орчин үед хүн төрөлхтөн уул уурхайгүйгээр оршин тогтнохгүй нь ойлгомжтой болж байгаа. Гар утас үйлдвэрлэхэд гэхэд олон төрлийн ашигт малтмал ордгийг хүмүүс ойлгохгүй байх нь бий” хэмээсэн. Өдгөө тус группийн нийт хөрөнгийн 49 хувь нь Австрали, гурван хувь нь Монгол, есөн хувь нь АНУ, 20 хувь нь Канадад ногддог аж.
Оюутолгойн ордын эрдэнэсийг гүнээс нь олборлохоор төлөвлөж буй “Rio tinto”-гийн Марко Пирэс “Уурхайгаас 30-ийн км зайд орших Ханбогд 20 жилийн дараа маш өөр болж, хөгжинө гэж бид хардаг” хэмээж байв. Бас “Австралид өмнө нь уурхай дагасан хот байгуулъя гэдэг байсан. Ямар ч төлөвлөлтгүйгээр нэг мэдэхэд 180.000 хүн амтай хот бий болчихсон түүх ч байдаг. 1970-аад оноос Күинслэндэд нүүрсний орд газар дагасан хотууд бий болсон байдаг. Одоо бол хот байгуулахаа больсон.
Хувийн зүгээс хэлэхэд уурхайтай газар, эсвэл арал дээр амьдраад, нисэж очиж ажлаа хийх үү гэдэг ч юм уу, сонголтыг нь тухайн хүнд өгөх хэрэгтэй. Аль нэг улсыг шууд дуурайх нь дэмий болов уу” хэмээн бодлоо хуваалцсан юм. Энэ талаар Күинслэндийн их сургуулийн сэтгүүл зүйн багш, профессор, бидэнд багшилсан Брюс Вүүлэй “Өмнө нь уурхай дагасан хот байгуулдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд үүний оронд суурин газруудаа түшиглэх болж, хүмүүс онгоц, автомашинаар ирж ажиллаад, буцдаг болчихсон” гэж ярилаа.
Австралийн уул уурхай, хэвлэл мэдээллийн байгууллагуудын туршлагаас судлах боломжийг Монголын сэтгүүлчдэд олгосон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрийн дэд захирал О.Батболд “Өнгөрсөн хугацаанд Монголын уул уурхайн салбарын нэр хүнд муудсан. Орон нутгийн иргэд хайгуулын ажил хийхийг эсэргүүцдэгийг энд жишээлж болно. Тэдний зөв. Газрыг нь сэндийчээд хаячихаар аргагүй. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлбэл ийм биш байдгийг иргэдэд ойлгуулан таниулах шаардлага бий. Үүнийг зөвхөн нэг өдөр хийчихгүй.
Нөгөө талаас одоо байгаа буруу зүйлийг шүүмжилж байж сайжирна. Уул уурхайн салбарын талаарх бодит, туйлшраагүй, тэнцвэрт мэдлэг, мэдээллийг олон нийт, орон нутгийнханд хүргэх ажлын нэг гол түлхүүр нь сэтгүүлчид тул тэднийг энэхүү сургалтад хамруулсан. Сэтгүүлчид мэдлэг олж авах маш их хүсэлтэй байгаа нь манай төсөл амжилттай хэрэгжиж буйн нэг шалтгаан” хэмээн онцолсон юм.
Күинслэндэд нөөц баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд өнгөрсөн онд 32.1 тэрбум австрали доллар зарцуулсан аварга дүн байна. Үүнээс 58 хувийг нүүрсний, 15 хувийг металлын, 23 хувийг хий, дөрвөн хувийг бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд зарцуулсан гэнэ лээ. Тус муж эрдэс, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн экспортын олон гарцтай, “бяртай” компаниудтай, хатуу ч зөв бодлого хэрэгжүүлдэг төртэй ажээ.
Уг нь Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтний өгүүлснээр, Азийн орнуудтай харьцуулахад Монгол Улсад хөрөнгө оруулахад татварын ачаалал боломжийн, том худалдан авагчтай ойр гээд давуу талтай ч улиг болтол ярьсан асуудлууд мундахгүй. Наад зах нь 267 км төмөр зам барих гэж найман жил ярилаа. Австралийн нүүрсний экспортын өрсөлдөгч хэн бэ гэсэн асуултад Эндрю Баржер Индонезийг дурдаад, Монголыг орхичихно лээ. Уг нь урд хөрш өнгөрсөн онд Австралиас 26.7, Монгол Улсаас 23.5 сая тонн коксжих нүүрс импортолсон дүн бий.
Энэ талаар “Монгол Австралийн араас хөөж байна” гэж “Reuters” мэдээлж, бид ч урамшсан. Гэхдээ манай улс нүүрсээ зах зээлийнхээс 75 хувь хямдаар нийлүүлж буй тухай мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард цацагдаж байв. Үнэ нь өсөхөөр л Монголын хил дээрх нүүрс ачсан машинуудын цуваа уртсаж, хямдрахаар нь цөөрчихдөг гэж зарим хүн ярьсан нь монголчуудын бэлтгэлгүйг сануулсан ямар хоржоонтой үг вэ.
Төмөр замгүй, хилийн боомтын хүчин чадал хангалтгүй, ашигт малтмалын нөөцөө үнэд хүргэж чаддаггүй гээд түмэн бэрхшээл бидэнд бий. Харин австраличууд үнэ өсөх боломжийг алдалгүйгээр түүхий эдээ улс орнуудад түүртэлгүй түгээж, тээврийн өртгөө бууруулахаар хоорондоо өрсөлддөг тогтолцоотой ажээ.
Үргэлжлэл бий.