Туул голын сав газар. Голын бохирдлын хэмжээг өнгөөр ялган тэмдэглэв.
Эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа
Улаанбаатар хотын долоон дүүрэг, таван аймгийн 37 сумын хүн, малыг ундаалдаг Туул голын бохирдол өдгөө гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. “Туул гол бохироор урсаж байна”, “Эргээс нь хайрга олборлочихоод нөхөн сэргээлгүй хаяжээ”, “Голын ус ширгэлээ”, “Бургасыг нь хядаад дууслаа” гэх зэргээр түмэн асуудлын үүр уурхай болжээ.
Бохирдол нь даамжирсаар иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, ямар аюул учруулж буйг өмнө нь бид Төв аймгийн Алтанбулаг сумаас хийсэн сурвалжилгадаа өгүүлсэн. Ус нь бохир ч гэсэн иргэд малаа тэндээс усалж буй. Үүнээс болж амьжиргаагаа залгуулдаг хэдэн мал нь хорогдсоор байгаа ч голоосоо холдож чадахгүй байна. Тэгвэл Туул энэ хэвээр байсаар тэр чигтээ “хор” болчихвол тэд, бид яах вэ?
Голын усыг тэжээгч гэдэг бургасыг нь хядаж, дуусаж байхад энэ талаар арга хэмжээ авах байтугай дуугарах ч хүн гараагүй. Төв цэвэрлэх байгууламж хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохирыг хагас дутуу цэвэрлэсэн болоод голд нийлүүлж байгаа учраас адаг нь авах юмгүй бохирдсон. Тиймээс сүүлийн жилүүдэд иргэд Туулын эх орчимд аялж зугаалах нь олширлоо.
Дулаарав уу, үгүй юү, хүмүүс голын эрэг дээр шавж, майхнаа барьж, машинаа угаасан шиг хонон өнжин зугаалдаг. Тэнд зориулалтын жорлон байтугай хогийн сав ч байхгүй гэхээр бохир, хаягдал, ялгадас нь байгаль орчныг “чимээд” үлддэг.
Зөвхөн гадаргын ус биш, улаанбаатарчуудын ундны эх үүсвэрүүд ч “халдлагад өртөх” болжээ. Туул Тэрэлжийн бэлчир буюу голын эх орчимд байрладаг, Ус сувгийн удирдах газрын Дээд эх үүсвэр гүний 55 худагтай. Гэтэл хориглолтын болон хязгаарлалтынх нь бүсэд 418 иргэн, аж ахуйн нэгж ажиллаж, амьдардаг гээд бод доо. Тэр дотор нь малтай айл, амралтын газар гэхчилэн түмэн янзын “юм” бий бөгөөд гүний усны эх үүсвэрт хэрхэн нөлөөлж буй нь тодорхойгүй.
Жишээ нь, Тэрэлжийн гүүрний баруун, зүүн талаар айл өрх олноор суурьшсан, аж ахуйн нэгж ч цөөнгүй бий. Туул голын эхтэй хаяа дэрлэн оршиж буй тэдгээр айл, аж ахуйн нэгжийн олонх нь нүхэн жорлонтой гэхээр хөрсөнд хэчнээн төрлийн хэр их нян бохирдол нэвчиж буйг таашгүй. Энэ талаар судалдаг байгууллага ч алга. Уг нь бол холбогдох хуулиудын дагуу гүний усны эх үүсвэр нь онцгой объект учраас ойр орчимд нь газар эзэмшүүлж, ашиглуулах байтугай мал бэлчээх, ногоо тарихыг ч хориглодог.
...Уг нь манай улсад устай холбоотой асуудлыг зохицуулсан 22 хууль, УИХ-ын 20, Засгийн газрын 53 тогтоол, БОАЖ-ын сайдын 34 дүрэм журам байдаг юм байна. Гэсэн ч өдгөө гамшгийн хэмжээнд хүрчихээд буй дээр дурдсан асуудлуудыг шийдэж, Туул голыг аварч чадахгүй л байна...
Хэн дуртай нь очиж зугаалдаг, эрэг дээр нь бие засдаг, хогоо хаядаг. Хүссэн нь голын эргийн элс, хайргыг дуртай цагтаа олборлодог. Аль мөнгөтэй нь усны цэвэр тунгалгийг сорчлон, голд тулган барилга байшингаа барьдаг. Үндсэндээ хэн дуртай нь хүссэн зүйлээ хийдэг “ширэнгийн” хууль л Туул голд үйлчилдэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй.
Эмх замбараагүй ийм байдлын хор уршгаар хатан Туул нийтдээ 552 км газарт бохирдолтой урсаж байгаа юм. 717 км урт уг голын эх орчмын 165 км нь л цэвэр бөгөөд үлдсэн нь ямар нэгэн хэмжээгээр бохирдсон нь Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийнхны судалгаагаар тодорхой болжээ. Хамгийн их бохирдолтой нь Сонгиноос Алтанбулаг хүртэлх хэсэг юм.
Химийн хортой бохирдол гаргадаг боловсруулах (арьс шир, ноос, ноолуур, өлөн гэдэс) үйлдвэрүүд, голын эргээс хайрга, дайрга олборлодог, хамгаалалтын бүсэд барилга байшин барьсан аж ахуйн нэгжүүд гэсэн томоохон гурван хүчин зүйл Туулын гол дайсан юм. Энэ асуудлыг шийдэх гэхээсээ улиглан дурдсаар байгаад уйтгартай кино шиг болгож орхисон.
“Бохирдол байгаа нь маргаангүй шүү дээ. Ямар ч баталгаа хэрэггүй. Бид өдөр тутам мэдэрч байна. Харин яагаад шийдэхгүй байгааг нь ойлгохгүй юм. Сүүлдээ ч ингээд дуусах юм байна гэж итгэл алдрах боллоо” гэж Алтанбулаг сумын иргэд ярьж байсан. Туулын хамгийн бохирдолтой хэсэг болох Алтанбулаг орчмоос төрөл бүрийн өвчин үүсгэгч нян, бүр хөхний хорт хавдар үүсгэгч бодис ч илэрсэн гэхээр байдал ямар түвшинд хүрсэн нь тодорхой болох биз.
Улаанбаатар хотод арьс ширний 27, ноос, ноолуур боловсруулах 27, өлөн гэдэс боловсруулах 16 үйлдвэр бий. Тэдгээрээс гарч буй бохир ус Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Тэртэй тэргүй нас нь өндөр болж, нүд аничихалгүй арай ядан ажиллаж буй байгууламж өдгөө хүчин чадлаасаа давсан, хүлцэх хэмжээнээс 2-5 дахин их бохирдолтой ус хүлээн авч цэвэрлээд Туул голд цутгадаг. Уг нь тэр үйлдвэрүүдийг хотын төвөөс гаргах асуудлыг төр, засгийн түвшинд ярьсаар ирсэн ч зөвхөн цаасан дээр, дарга нарын үгэнд л дурдагдаад өнгөрдөг жишиг одоо ч янзаараа.
Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр 2013 онд үйлдвэрүүдийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэр гаргасан. Гэтэл дараа онд байршлыг нь сольж, Эмээлтэд төвлөрүүлэхээр тогтсон юм. Ажил одоо ч үргэлжилж буй бөгөөд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк цаасан дээр бол хэдийнэ босож, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл тэргүүтэй бүх бичиг баримт нь бүрдсэн. Харин бүтээн байгуулалтын ажил хэдийд эхлэх нь тодорхойгүй.
Шинэ цэвэрлэх байгууламж болон Туул усан цогцолбор барих гэсэн мега хэмээн тодотгосон ч болохоор төслүүд бий. Хотын амин судас гэдэг Туул голыг аврах гол арга зам нь дээрх хоёр төсөл. Харамсалтай нь, мөн л хэзээ хэрэгжих нь таавар төдий, хааяа нэг сөхчихөөд л хав дарагдчихдаг сэдэв. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан ус Туул голтой нийлсэн хэсгээс эхлэн голын ёроолын хайрга харагдахаа больж, лаг хуримтлагдах болжээ.
“Шинэ цэвэрлэх байгууламж бариад гол руу бохир ус нийлүүлдгээ больчихлоо гэхэд энэ их лагийг хэрхэн цэвэрлэх юм бол. Гол үерлээд, хэчнээн их бороо ороод ч цэвэршихээ больсон. Жилээс жилд, тэр байтугай өдрөөс өдөрт хуримтлагдсаар өдгөө хэр зузаарсныг хэлж мэдэхгүй. Дахиад хэдэн жил хуримтлагдах юм билээ” гэж Хан-Уул дүүргийн XII дугаар хорооны иргэд ихэд санаа зовж буйгаа илэрхийлсэн.
1995 онд баталж, 2004, 2012 онд шинэчлэн найруулсан Усны тухай хуульд усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж хэрэгжүүлэх чиг үүргийг бүх шатны Засаг дарга нар хариуцахаар заасан ч хэрэгжүүлэлгүй өдий хүрчээ. Товчхондоо гол хамгаалах эзэнгүй байсан нь бохирдож, доройтох гол шалтгаан гэж үзэж болохоор.
Голын хамгаалалтын бүс байтугай татмаас нь хүртэл хайрга олборлож, эрэг дээр нь барилга барьчихсан байгаа олон жишээнээс хууль хэрхэн “хэрэгжсэнийг” харж болно. Уг нь манай улсад устай холбоотой асуудлыг зохицуулсан 22 хууль, УИХ-ын 20, Засгийн газрын 53 тогтоол, БОАЖ-ын сайдын 34 дүрэм журам байдаг юм байна. Гэсэн ч өдгөө гамшгийн хэмжээнд хүрчихээд буй дээр дурдсан асуудлуудыг шийдэж, Туул голыг аварч чадахгүй л байна.
Асуудлыг шийдэх ёстой хүмүүс нь гол бохирдож, иргэдийн амьдрал доройтоод өчнөөн хугацаа өнгөрчихөөд байхад юу хийсэн бэ. Газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцдаг, “Шийднэ” гэж амладаг жишгээр ажилласаар ирэв. Туул голын усан дахь бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрч, цэнгэг усны загас жараахай устаж, голын урсац зарим газраа тасраад байхад шүү. Ерөөсөө өнөөгийн нөхцөлд Туул голыг хамгаалах хүрээнд хийдэг гол ажил нь хог цэвэрлэх төдий.
Жил бүр хэд хэдэн удаа Туул голын эргийн хогийг цэвэрлэх кампанит ажил төрийн болон төрийн бус цөөнгүй байгууллагын санаачилгаар өрнөдөг. Тэглээ гээд хог нь барагдана гэж байхгүй, тонн тонноороо гарсаар байдаг нь гомдмоор. “Туул голоо цэвэрлэе” аяныг нийслэлийн Налайх дүүргийн хэмжээнд зохион байгуулдаг. Өнгөрсөн онд тэд 20 тонн хог цэвэрлэсэн бол энэ онд 63 тонн болж нэмэгджээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард хотын захиргаа тэргүүтэй нэлээд хэдэн байгууллага голын дагуу цэвэрлэгээ хийж, 250 шуудай хог түүх жишээтэй.
УИХ-ын даргын 2017 оны 34 дүгээр захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж, шаардлагатай бол хууль, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн А.Сүхбат уг ажлын хэсгийг ахалж буй.
Үүнээс гадна мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх дэд ажлын хэсэг байгуулжээ. Тэд Туул голын асуудлыг багагүй хугацаанд судалсны дүнд Туул голын тухай хууль шаардлагагүй, харин “Хатан Туул” хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, УИХ-ын тогтоол гаргах боломжтой гэсэн санал гаргаад буй гэнэ.
Засгийн газрын 2012 оны 203 дугаар тогтоолоор “Хатан Туул” хөтөлбөрийн I шатны ажлын төлөвлөгөөг баталсан. Хөтөлбөр нь Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах чиглэлээр боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ус хангамжийг хэвийн байлгах, зохистой ашиглах, бохирдлыг хүлцэх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх замаар голын сав газарт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилготой байв. БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас өнгөрсөн онд хэрэгжүүлж дууссан тус хөтөлбөрийн зорилтуудын 69.2 хувь нь биелсэн гэж дүгнэжээ.
Талаас илүү хувийн үр дүн чухам аль хэсэгт биелж, Туулын ус хэрхэн цэвэршсэнийг хаанаас харж болох вэ? Өдгөө уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр II шатны төлөвлөгөөг боловсруулж буй юм билээ. Өмнөх шигээ цаасан дээр сайн биелсэн хэрнээ бодит байдалд хуучнаасаа долоон дор болчихвол яах вэ? Заавал хуульчилж, эсвэл тусгай хамгаалалттай болгох арга хэмжээ авахгүй л бол Туул гол нүд аньж, улаанбаатарчууд ундны усгүй болох эрсдэл ойрхон байна.