Нүүрс угаах үйлдвэр
Австрали улс алтан дээр сандайлсан гуйлгачин орон биш гэдгээ алхам тутамдаа гайхуулан, бахархах юм. Тус улсын Күинслэнд муж мөнгө, хар тугалга, цайр, алт, зэсийн үйлдвэрлэлээрээ толгой цохидог гэхэд болно. 2014-2015 оны байдлаар Австралийн мөнгөний үйлдвэрлэлийн 71, цайрын 63, хар тугалгын 66, хөнгөн цагааны хүдрийн 34, зэсийн 30 хувь нь Күинслэндэд ногдсон учраас тэр. Томоохон экспортлогч гэх тодотголтой болж чадсан тус мужийнхан таван доллар тутмын нэгийг уул уурхайгаасаа олдог гэнэ лээ.
Африк, Өмнөд Америкийн цөөнгүй орон уул уурхай хөгжүүлэх гээд амжилт олоогүй түүхтэй. Тэгвэл эрдэс баялгийн салбараа өөрийн нэрийн хуудас болгож чадсан Австралийн туршлагатай Монголын сэтгүүлчид саяхан танилцаад ирлээ. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс санаачлан, санхүүжүүлж, нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн, сэтгүүлчдэд онол, практикийн мэдлэг олгох сургалтыг Күинслэндийн их сургуулийн багш нар удирдан явуулсан юм. Дэлхийн шилдэг 50 сургуулийн тоонд багтдаг тус их сургууль 7000 ажилтан, гадаадын 13.000 оюутантай гэсэн. Байгалийн нөөцөөс гадна боловсролын салбараа ч “экспортолж” чадах юм гээч.
Дээрх сургалтын сүүлчийнх буюу дөрөв дэх шатны модуль Күинслэнд мужийн Брисбэн хот болон бусад хотхонд үргэлжилснээр тэндхийн хэд хэдэн уурхай, компанийн үйл ажиллагаатай танилцах завшаан тохиосон билээ. Тэдгээрийн нэг нь Күинслэнд мужийн Дарлинг Даунс бүс нутгийн Түвүүмба хоттой ойролцоо орших Нью-Акландын нүүрсний уурхай байв. Брисбэн хотоос авто замаар гурван цаг орчим явж хүрэх тус уурхайг нөхөн сэргээлтийн жишиг гэж хэлж болох учраас ийн онцолсон хэрэг.
Алга дарам газрыг ч үлдээлгүй нөхөн сэргээдэг байх гэж бодтол гайхуулах юм, тэд. Ил уурхайгаас нүүрс олборлож буй “New hope” группийнхэн 430 га газрыг хэдийнэ бүрэн сэргээж, үзэмжтэй болгожээ. Тэнд модлог, бутлаг ургамал ихээр ургасан харагдана лээ. Тэд өнгөн хөрсийг сайн хадгалж, нөхөн сэргээхдээ ашиглан, дээр нь ургамал, мод тарьдаг байна. Тус группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежер Стюарт Грин “Бид шинэ технологи, инновацад ихээхэн анхаардаг. Өнгөн хөрсийг шинэ технологиор хуулж байгаа. Олборлолт хийж буйтай зэрэгцээд нөхөн сэргээж байдаг. Тэгэхдээ хөндөгдөөгүй талбайтай ижил болтол сэргээхийг зорьдог” хэмээн ам бардам өгүүлэв.
Тэгэхээр газрын хэвлийг зүссэнийхээ дараа “сорви”-гүй эдгээж чаддаг гэхэд хилсдэхгүй бололтой. Уурхайг хаах үед нөхөн сэргээлтийн ажил бараг хийх шаардлагагүй байдаг гээд бод доо. Гурван жилийн дараа гэхэд одоогийн олборлолт хийж буй ил уурхайн нүхийг бөглөн, ургамал тарих нь. Тэгвэл таван жилийн дараа тэнд үхрийн фермийн аж ахуй эрхлэх боломжтой аж. Уурхайн үйл ажиллагааны менежер Дэвид Одвар “Бид банкинд мөнгө байршуулж, эсвэл банкнаас батлан дааж нөхөн сэргээлт хийх баталгаа гаргадаг” гэв.
Нью-Акландын уурхай
Тэд найман жилийн өмнө нөхөн сэргээсэн газартаа үхрийн аж ахуй (махны чиглэлийн) эрхэлж буй юм билээ. Үүнээс гадна тус группийнхэн орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, олон үйл ажиллагааг нь ивээн тэтгэдэг байна. Бас боловсролын байгууллагуудтай нягт холбоотой ажилладаг аж. Үүний хүрээнд компанийн мэргэжилтнүүд оюутан, сурагчидтай уулзаж, мэргэжлээ сонгоход нь туслан, зөвлөгөө өгдөг юм билээ. Барьсан авто замаа олон нийтэд ашиглуулахын сацуу бүх засвар, үйлчилгээг хариуцаж буйгаа ч дуулгаж байлаа. Тус групп 300 ажилтантай бөгөөд бүгд орон нутгийнх аж.
Ер нь австраличууд хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үхэн хатан зүтгэдэг нь илт. 2002 оноос хойш Нью-Акландын шинэ уурхайг ажиллуулахад хүний амь нас эрсэдсэн тохиолдол нэг ч удаа гараагүй гэсэн. Тоос босгохгүйн тулд ус ачсан машин мушгиралдсан замыг байнга шүрших юм. Түвүүмба хотын үйлдвэрт цэвэршүүлсэн усыг худалдан авч, ашиглахад тус группийнхэн жилд 10 сая доллар төлдөг байна.
Уурхайд борооны ус хальж урсан, орчныг бохирдуулахгүй, тусгай талбайд хуримтлагдахаар зохицуулжээ. Тэд тоос болон гүний усны түвшин, чанарт нь байнга мониторинг хийдэг гэнэ. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “New hope” олборлосон нүүрснийхээ 99 хувийг Хятад, Япон, Филиппин, Тайвань руу экспортолдог тул дотоодын хэрэгцээнд маш бага хэмжээгээр нийлүүлдэг. Манайд нэг их тоодоггүй хүрэн нүүрсний тонныг нь одоогоор 85 доллароор нийлүүлж буй юм билээ.
НОГООН МОД ХАНГАЛТГҮЙ
Күинслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтийн Хүрээлэн буй орчны төвийн захирал, профессор Дэвид Маллиган “Нөхөн сэргээлт нь урт хугацааны тогтвортой хөгжилд хүрэх, хариуцлагатай уул уурхайг бий болгоход ихээхэн ач холбогдолтой” хэмээн тодотгосон юм. Австралийн компаниуд олборлолтоо эхлүүлэхээс өмнө нөхөн сэргээлтийн бүх төлөвлөгөөгөө гаргадаг байна.
Тус улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд компаниудтай гэрээ байгуулан, эвдэгдсэн талбайг нөхөн сэргээхэд нь зориулан шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл (ямар төрлийн мод тарьж, амьтдыг нутагшуулах вэ гэдэг ч юм уу) гаргаж өгдөг байна. Компаниудыг шийдвэрээ гаргаж, хариуцлагатай ажиллахад чамгүй үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг.
Гэрээ байгуулахдаа бие даасан, хараат бус байдлаа бүрэн хангах ёстой гэж үздэг агаад археологийн олдвор илрүүлбэл олон нийтэд мэдээлэх, оюуны өмчийн эрхийг хэн нь эзэмших зэргийг тохирдог аж. Өөрөөр хэлбэл, чухал асуудлуудаа тохиролцсоны эцэст компанитай гэрээ байгуулдаг байх нь. Дэвид Маллиган “Сайхан ногоон мод ургаад байна гэх биш, хэр тэсвэртэйг нь чухалчлах нь зүйтэй” гэж онцоллоо. Ер нь шавьж, микроб, бактери нь ч цогцоороо сэргэх ёстой гэж үздэг юм байна.
98:2
Монголын сэтгүүлчид Дарлинг Даунс дахь “Western Downs regional council”-ийн (манайхаар бол ИТХ нь гэж хэлж болохоор) дэд дарга Эндрью Смиттэй мөн уулзсан юм. 10 хүрэхгүй жилийн өмнө Вестерн Даунс бүсэд уул уурхай тийм ч их хөгжөөгүй байсан тул иргэд нь “хүлээж авах” гэж хэрэндээ ажил болж байсныг тэрбээр нуусангүй. Өмнө нь тэнд хөдөө аж ахуй эрхэлдэг байсан учраас аргагүй биз. 38.000 ам км талбай бүхий тус бүс 33.000 оршин суугчтай.
Метаны хий, нүүрс олборлож эхэлснээр эдийн засаг хөгжиж, их ашиг олох нь гэж тэндхийн оршин суугчид баярлацгааж байсан гэнэ. Нөгөөтэйгүүр, амьдралынх нь эх үүсвэр усыг ихээр ашиглах нь гэсэн түгшүүр төрүүлж байсан нь одоо ч хэвээр аж. Уул уурхай хөгжсөнөөр тэндхийн оршин суугчдын тоо, замын хөдөлгөөн нэмэгджээ. Ажлын байр ч олноор бий болсон байна.
Уул уурхай хөгжиж эхлэхэд тэд компаниудтай яриа хэлцэл хийн, туршлага хуримтлуулах болжээ. Компаниудаас авах хураамж, нөхөн олговрыг ч тохиролцож сурчээ. Мөн орон нутагт чиглэсэн бусад үйл ажиллагаанд зориулан санхүүжилт авах эрх ч эдэлдэг аж. Вестерн Даунсынхан компаниудаас санхүүжилт авснаар орон нутгийнхаа дэд бүтцийг шинэчилж чадсан юм билээ. Тэд тэнцвэртэй харилцаа чухал хэмээн үздэг байна.
Тодруулбал, нэг талаас компани тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, нөгөөтэйгүүр, орон нутгийн иргэдийн хүртэх ашиг өндөр байгаасай гэж санаа тавьдаг байна. Эндрью Смит “Урт, богино хугацаагаар ажиллах нь хамаагүй, кэмпэд ажилчдаа байлгахын оронд хотхоны иргэн болж бидэнтэй хамт суурьшаач, аливаа үйл ажиллагаанд оролцооч гэж бид компаниудаас хүсдэг” гэлээ.
Томоохон төсөл хэрэгжүүлбэл холбогдох шийдвэрийг мужийн болон Холбооны Засгийн газар гаргадаг аж. Хэдий тийм ч компаниудыг зөвшөөрөл авах явцдаа орон нутгийн удирдлага буюу зөвлөлүүдтэй заавал зөвшилцсөн байх ёстой гэж шаарддаг юм билээ. Нөхөн сэргээлтийн тухайд иргэдийнх нь 98-99 хувь нь нэг их тоодоггүй бол үлдсэн 1-2 хувийнх нь сэтгэл хэзээ ч ханадаггүй гэнэ.
Вестерн Даунсын бүсийн зөвлөл тайлангаа ил тод тавьдаг аж. Өөрөөр хэлбэл, компаниудаас орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхой байдаг байх нь. Тэд бүс нутгийнхаа ирээдүйд итгэлтэй буйгаас харахад уул уурхайг хариуцлагатай хөгжүүлбэл өгөөж нь өндөр байдаг гэж анзаарч болохоор.
УУГУУЛ ИРГЭДТЭЙ ЗӨВШИЛЦДӨГ
Хэрэв Та Брисбэнээс гарч, гатлага онгоцоор үзэсгэлэнт Страдброк (Stradbroke) аралд очоод Номхон далайн эргээр хамаагүй зугаалбал аюултай загас, наймаалжны “халдлага”-д өртөхийг Судалгааны төвийн ажилтан нь сануулна. Далайн зарим амьтан бүр хүний амь насанд аюултай. Гэхдээ тэдгээрийг аюултай гээд устгачихдаггүй. Экологийн тэнцвэр нь алдагдчихна гээд гар хүрдэггүй учраас тэр.
Уг арлын эзэд нь Куандамоока овгийн хүмүүс бөгөөд түүх болон газар нутгийн халдашгүй бие даасан байдлыг нь хүндэтгэн үздэг байна. Күинслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтийн боловсролын зохицуулагч Робин Эванс “2011 онд Куандамоока овгийнхонд энэхүү арлын газар нутгийн дийлэнхийг эзэмшил болгон өгсөн” гэв.
Сэтгүүлч бидний хамрагдсан сургалтад багшилсан, Чили, Күинслэндийн уул уурхайн салбарт цөөнгүй жил ажилласан туршлагатай тэрбээр “Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын компани үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байвал уугуул иргэдтэй зайлшгүй хэлцэл хийн, зөвшөөрлийг нь авах ёстой байдаг” хэмээн өгүүлсэн. Анх 1972 оноос уугуул иргэдийг “харж үзэх” хууль батлагдаж эхэлсэн байна. Үүнийг хууль эрх зүйн хөгжлийн маш чухал үе гэж үздэг аж.
Зарим мужид уугуул иргэдийн эрхийг зөвшөөрснөөс улбаатайгаар бусад нь тэмцэж, шүүхийн үйл явц үргэлжилсээр Австралид 1993 онд Уугуул иргэдийн газрын эрхийн хууль (Native title act) батлагджээ. Энэ талаар Күинслэндийн их сургуульд судлаачаар ажиллаж байсан, доктор Д.Бямбажав “Энгийнээр хэлбэл, уугуул иргэдийн газрын эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль. Одоо оршин суугаа уугуул нутгаа, эсвэл өвөг удам нь амьдарч байсан гэдгээ нотлоод тухайн газар нутгийнхаа эрх бүхий эзэн нь гэж хүлээн зөвшөөрөгддөг” гэв.
Сонирхуулахад, дээрх арлыг уугуул иргэд нь Минжерриба хэмээн нэрлэдэг байна. Тэдний өвөг тэнд 21.000 жил амьдарч байсан баримт бий аж.
Страдброкод 1950-иад оноос элсний уурхай ажиллуулж эхэлжээ. Тэнд мөн л өндөр түвшинд нөхөн сэргээдэг байна. Дэлхийн хоёр дахь том элсэн арал тодотголтой Страдброк дахь “Sibelco” компанийн ажиллуулж буй уурхайг 2019 оны эцэст хаахаар болоод буй ч иргэдийнх нь санал хоёр хуваагдаад (дэмжиж бас эсэргүүцэж байгаа) буй гэсэн. Тус компанийнхан 2030 он хүртэл үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэж буй юм билээ. Тэнд уурхай хаагдсанаас болж хүмүүс ажлын байраа алдвал тусгай санд хуримтлуулсан хөрөнгөөс олгодог байна.
ХАРИН МАНАЙД...
Байгалийн үүцээ задалж, эдийн засгаа өсгөхдөө байгаль орчноо нөхөн сэргээж, тухайн орон нутгийнханд ч хаялгатай байлгахад анхаардгийг дээр дурдсан Австралийн жишгээс харж болохоор. Тэгвэл манай улсад сэндийчсэн газраа хэр сэргээж буй бол? Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт “Өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт нь байгууллага, салбар дундын асуудал болж ирсэн. Манайд нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийх, хаалтын менежменттэй болох зохицуулалт үгүйлэгдэж байгаа” гэв.
Түүнчлэн тус газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай “Монгол Улсад 120.000 га газар уул уурхайн олборлолтод өртөөд байгаа. Техникийн нөхөн сэргээлт хийж буй хэмжээ сүүлийн жилүүдэд буурсан дүн бий. Нөхөн сэргээлтийн стандартуудыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэж байлаа. Тухайлбал, далд уурхайн, нүүрсний ордын нөхөн сэргээлт гэхчилэн тус тусынх нь онцлогийн дагуу хийх талаар тусгах ёстой аж.
Б.Баатарцогт “Нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд тухайн компанийг дараагийн жилд нь үйл ажиллагаа явуулахыг зогсоох бүрэн эрх орон нутгийн захиргаанд байдаг ч хэрэгжүүлж чадахгүй байгаа. Мөн нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг компаниуд БОАЖЯ-ны тусгай дансанд байршуулдаг. Дансанд байршуулж буй энэ мөнгө бодитой тооцогддоггүй” хэмээсэн юм. Нөгөөтэйгүүр, манайд шороон ордод ашиглаж буй техникийн металл авалт маш бага тул нинжа нар дахин олборлолт хийж, газар сэндийчдэг бэрхшээл ч тулгардаг байна.
Харин Австралид аль нэг компани олборлосон талбайгаа хаяж явна, дутуу сэргээнэ гэсэн ойлголт байдаггүйг дээр дурдсан. Газар эзэмшигчийг аргадаж тойглон, хууль журмаа хатуу мөрддөг компаниуд үйл ажиллагааныхаа байгаль орчин дахь сөрөг нөлөөг аль болох бага байлгахыг зорьж, мэргэшсэн хүмүүстэйгээр хариуцлагатай уул уурхай хөгжүүлдэг тул осол эндэгдэл ч барагтай бол гардаггүй ажээ. Товчхондоо, Засгийн газар, компаниуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, иргэд нь хоорондоо ойлголцож, уул уурхайг хөгжүүлэхийн ач холбогдлыг мэддэг байх нь.
Үргэлжлэл бий.