Төрөөд хүүхдээ хөхүүлэх хүсэл их байсан ч сүү орохгүй хоёр хоносон. Хүүхэд минь өлсөөд уйлаад байсан учраас эмч “Нутрилон”, “Миласан” сүүгээр угжихыг зөвлөсөн гэж найз минь ярьсан бол өөр нэгэн ээж гар утсанд нь “Манайх Японы “Хай хай”, “Гүн гүн” сүү, живх, нойтон сальфетка худалдаж байна. Хаягаар хүргэж өгнө” гэсэн мессеж ирсэн, эмч, сувилагчийн нэг нь л миний утасны дугаарыг өгсөн бололтой” гэсэн юм.
Дээрх хоёр жишээтэй адил хөх нь сүү багатай, хүүхдээ цатгадаггүй, дутуу, хүндрэлтэй, хийсвэр хагалгаагаар төрсөн зэрэг учир шалтгааны улмаас хүүхдээ хөхөөрөө хооллож чаддаггүй эхчүүд хэдэн зуугаараа бий. Хүүхдээ өлсгөөд байлтай биш, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэхгүй гээд яах билээ.
Гэтэл энэ сарын 12-нд УИХ-ын чуулганаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав. Ингэснээр 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй байхыг хуульчилжээ. Үүнийг эсэргүүцсэн эхчүүд сошиалд байр сууриа илэрхийлсээр байна.
Нэгэн эмэгтэй “Энэ засагт, талбай, аймгийн нэр өөрчлөх, хүүхдийн сүү танахаас өөр хийж чадах ажил үнэндээ алга аа. Сүү багатай, халдварт өвчтэй, ээж нь нас барсан тохиолдолд л эмчийн заавраар зориулалтын цэгээс 0-6 сар хүртэлх хүүхдийн нэмэлт тэжээлийг очиж авах юм гэнэ. Эмч нар хүнд сурталтай. Тэдэнд далан булчирхайгаа тоочин байж сүүний бичиг хийлгэж авах юм байна л даа. Ямар ч эх хүн үрээ хөхөөрөө хооллоё л гэж бодно. Үнэхээр болохгүй болоод л угж хэрэглэж байгаа. Өчнөөн олон нялхас эмнэлгийн хүрэлцээгүйгээс болж өвдөж зовон, эндэж байхад түүний төлөө ямар нэг юм хийгээсэй, Эрүүл мэндийн яам” гэж бичсэн сэтгэгдлийг дэмжсэн хүн маш олон байлаа.
ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫН ГАР ХӨЛ НЬ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД
Манай улсад хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох байдал 2005 онтой харьцуулахад огцом буурч, 47 хувьд хүрснийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхний хийсэн судалгаанаас харж болно. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг импортлогч компаниуд амаржих газар, эмч, сувилагчдаар дамжуулан эхчүүдэд сурталчилж байна.
Дөнгөж нярайлсан эмэгтэйд хөхөнд нь сүү ортол хүүхдээ сайн хөхүүл гэж хэлэхийн оронд “Эмнэлгийн эмийн сангаас сүү аваад угж” гэж зөвлөх үзэгдэл газар авчээ. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн бол хүүхдийн живх биш, нялх үрсийн хоол гэдгийг зарим эмч, эмнэлгийн ажилтан мартсан бололтой.
“Их эрсдэлтэй” гэх ангилалд багтах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр зөвшөөрөлгүй зарахын зэрэгцээ барилгын материал, гоо сайхны бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлэн тавиад худалдаж буйг мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн. Монгол хэлээр тайлбаргүй, хадгалах хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг ч цөөнгүй хураасан юм билээ.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хоол, тэжээлийг ашиг олох хэрэгсэл мэтээр харж, эхийн сүүнээс илүү тэжээллэг гэж эхчүүдийн тархийг угаан борлуулалтаа ихэсгэж буй нь сүүлийн жилүүдэд импортолж байгаа эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэмжээнээс илэрхий харагдана. Тухайлбал, 2005 онд 543.7 тн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортолсон бол 2014 онд 758.2 тн болон нэмэгджээ. Үүний зэрэгцээ хүүхдээ хөхөөрөө хооллодог эхчүүд долоон жилийн өмнө 59 хувьтай байсан бол 47 хувь болж цөөрчээ.
Энэ бүхнээс харахад 0-6 сартай хүүхдэд эхийн сүүнээс өөр ямар ч нэмэлт бүтээгдэхүүн өгөхгүй гэж хуульчилсан нь зөв мэт боловч үүнийг дагаад эмчийн таалалд нийцсэн компанийн бүтээгдэхүүнүүд эрэлттэй болж, нялхсын хоолоор хөлжигчдийн бизнесийн арга улам нарийсахыг үгүйсгэхгүй. Ингэж хардахын учир нь сүү багатай, халдварт өвчтэй, хүүхдээ төрүүлээд нас барсан зэрэг хүүхдийг хөхний сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд эмчийн зааврыг үндэслэн нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ярьсан юм.
Үүнээс харахад эмэгтэйчүүд хөхний сүү багатай гэдгээ хэрхэн нотлохоос эхлээд хүүхдэдээ балга сүү олж өгөх гэж байдгаа барах нь. Өмнөх ажлаа дийлэхгүй байгаа эмч нарт ачаа нэмж, сүү багатай ээж нарт “тодорхойлолт” бичиж өгөхийн тулд нэг хэсэгтээ л мунгинах нь лавтай. Энэ хооронд сүү нэхэн ам нь өмөлзөх нялх үрсийг хөлдөө чирэхгүй л байгаасай гэж залбирахаас өөр сонголт үлдсэнгүй.
Хуулийн дагуу бол эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг эмчийн заавраар, тодорхой зөвшөөрөлтэй газраас л худалдан авах нь. Тиймээс дэлгүүрүүдэд зургаагаас доош сартай хүүхдэд хэрэглэх нэмэлт бүтээгдэхүүн зарахгүй, зөвшөөрөлтэй хэдхэн цэгээр л борлуулах нь гэж ойлгож болохоор байна.
60 ГАРУЙ САЯ МАЛТАЙ УЛС БАГАЧУУДАА ХУУРАЙ СҮҮГЭЭР ХООЛЛОСООР
Одоогийн байдлаар манай улсад Германы “Миласан”, “Хумана”, Нидерландын “Нутрилон”, Японы “Хай Хай” зэрэг 23 нэр төрлийн сүүн тэжээл худалдаж байгаа бөгөөд нэг хүүхэд дунджаар сард дөрвөн хайрцаг сүү хэрэглэж байгаа юм. Нэгэн ээж, “Манай хүү сард зургаан сав сүү уудаг. 800 граммтай япон сүүнд сард 300 мянга орчим төгрөг зарцуулдаг” гэж ярив. Цалингийнхаа ихэнхийг хүүхдийнхээ сүүнд зориулдаг гэр бүл Монголд цөөнгүй.
Тэд хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөв гэдгийг мэддэг ч ээж нь сүү муутай учраас яалт ч үгүй нэг хайрцаг нь 50 мянга орчим төгрөгийн үнэтэй хуурай сүү худалдан авч байна. Эдийн засгийн хувьд энэ нь дарамт болж буй ч нялх үрээ өлсгөхгүйн тулд өөрсдийн талхаа хасан өл залгуулах эцэг, эхчүүд олон. Манай улс 60 гаруй сая малтай хэрнээ багачуудынхаа сүүний хэрэглээг хангаж чадахгүй, гадаад улсаас хэдэн зуун тонноор нь хуурай сүү импортолж, өт төчнөөн тэрбум төгрөг салхинд хийсгэсээр байна.
Хүүхдийн сүүн тэжээлийн цэг манай улсад гарын арван хуруунд багтахаар. Түүний нэг нь “Монсүү” компани. Тэд Улаанбаатар хотод долоон цэгт багачуудад зориулсан ариутгасан сүү, ааруул, тараг, зөөхий үйлдвэрлэж байгаа ч эдгээр нь зөвхөн дөрвөөс дээш сартай хүүхдэд өгөхөд тохиромжтой. Өөрөөр хэлбэл, дөрвөөс доош сартай хүүхдэд өгөх үндэсний үйлдвэрийн сүүн тэжээл манай улсад алга. Малчдын хүүхдүүд л элдэв хуурай сүү гэлгүй, үнээний сүү хэрэглэж буйг эс тооцвол шүү дээ.
Өөр нэгэн ээж “Би хүүхдээ төрсөн цагаас нь “NAN” уулгасан. Гэтэл тэр үеэс л бижирмэгтэй бааж эхэлсэн. Хөөрхий минь, зургаан сартайдаа шингэн алдаад нас барсан даа. Хэд хоногийн өмнө манай хөрш эмэгтэй “Хүүхдэдээ сүүн тэжээл өгсөн чинь бижирмэгтэй баагаад байна” гэхээр нь би уулгахыг нь шууд зогсоо гэж хэлсэн” хэмээн ярьсан юм.
Ийм харамсалтай явдал олон ээжид бүү тохиолдоосой. Халаасаа нимгэлэн байж авсан сүүний балгаар хайртай үрээ алдана гэдэг юутай эмгэнэлтэй. Гэтэл хаана үйлдвэрлэсэн ч тодорхойгүй, эрээн мяраан хайрцагтай элдэв төрлийн сүү, нэмэлт тэжээлийг эрүүл мэндийн байгууллагынхан нь хүртэл шахаж, дөнгөж төрөнгүүт нь л хуурай сүү бэлэглэн, эхчүүдийн гар утас руу мессеж илгээж буйг юу гэж ойлгох вэ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг сонгосон шалтгааны талаар 292 ээжээс судалгаа авахад 36.1 хувь нь хүүхэд нь хөхөндөө цаддаггүй, 34 хувь нь сүү багатай, 7.7 хувь нь хүүхэд эмээ өвөөтэйгөө амьдардаг, 5.2 хувь нь хөх нь сүүгүй, 3.6 хувь нь хийсвэр хагалгаагаар, 3.6 хувь нь дутуу төрсөн, мөн хувь нь ажилд орсон, 0.5 хувь нь хүүхдэд сайн учраас сонгосон, 5.7 хувь нь бусад шалтгааны улмаас гэж хариулжээ. Эхчүүдийн олонх нь аргагүйн эрхэнд гадаадын үнэтэй сүү авч хүүхдэдээ өгч буйг эрх баригчид анзаарч, эх орондоо нярай хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсний нухаш, амин дэмээр баялаг тэжээллэг бүтээгдэхүүн гаргах цаг нь болжээ.