Судлаач Д.МЯГМАРСҮРЭН
Венесуэл бол баян ядуугийн туйл, савангийн дуурь буюу цуврал киногоороо нийгмийн тогтвортой байдлаа хадгалах аргад гаршсан Латин Америкийн хэв шинжит орны нэг. Гэвч 2013 онд Уго Чавесыг өнгөрснөөс хойш улс төр, эдийн засгийн хямрал нь даамжирч, олон нийтийг хамарсан гудамжны эсэргүүцэл, эмх замбараагүй байдал газар авч, өдөр бүр хүний амь сүйдэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа.
Ажилгүйдэл дээд цэгтээ тулж, инфляцын түвшин гурван оронтой тоогоор хэмжигдэж байна. Эрчим хүчний хомсдолын улмаас цахилгааныг хязгаарлаж, орон даяар нүүрлэсэн бараа бүтээгдэхүүн, хүнсний хомсдлоос болж олон цагаар картын бараанд дугаарласан хүмүүсийн бухимдал туйлдаа хүрчээ. Эрэгтэй эмэгтэй, хөгшид хүүхэдгүй дээрэм тонуул хийх болов.
Дэлхийд газрын тосны нөөцөөрөө толгой цохидог. Экспортын орлогын 90 хувийг газрын тосноос, үлдсэнийг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, нүүрс, никелээс бүрдүүлдэг тус улсын эдийн засаг дампуурлын байдалд ороод байна. Засгийн газрын өр ДНБ-ийн 70 хувьтай тэнцэж, төсвийн алдагдал 13 хувь, инфляцийн өсөлт 720 хувиар хэмжигдэж буй тус улсын нөхцөл байдал цаашдаа улам бүр дордоно хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Венесуэл улс ийнхүү дампуурах эх үндсийг популист амлалт, “Чавист” гадаад бодлого, социалист хөтөлбөрөөрөө дэлхий дахинд алдаршсан Уго Чавес хэмээх этгээд тавьсан юм.
1998 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа Уго Чавес ард түмэндээ таалагдах, улмаар урт хугацаанд засгийн эрх барихын тулд коммунист бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Түүний нэн тэргүүнд хийсэн алхам бол парламентаас эдийн засгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх онцгой эрхийг өөртөө олгуулсан явдал юм. Ингээд гадаад, дотоодын мөлжигч “капиталист”, авлигач “олигарх”-иудтай шийдвэртэй тэмцэхээ зарлав.
Гадны хөрөнгө оруулалттай эрчим хүч, харилцаа холбоо, газрын тосны компаниудыг хөөж гаргаад дотоодын боловсруулах салбар, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний олон зуун хувийн хэвшлийг нийгэмчлэх болов.
2008 онд Уго Чавес АНУ-ын газрын тосны “Exxon Mobil” компанийн хөрөнгийг төрийн өмчийн "Петролеосде Венесуэла"-д эзэмшүүлсэн. “Exxon Mobil” олон улсын арбитрт хандсанаар 908 сая ам.долларын нөхөн олговрыг олгуулахаар болж, 2012 онд 255 сая долларыг төлөх шийдвэр гаргажээ. Чавес уг өр ширийг шийдвэрлэж амжилгүй бурхны оронд одсон. Ард нь үлдсэн Венесуэлийн ард түмэн л өрөнд баригдаж, өтөнд идэгдэв. Төрд булаасан компаниудын хөрөнгийг нийгмийн халамжинд баруун солгойгүй тарааж, басхүү нэлээд хэсгийг нь Чавес хувьдаа завшсан гэдэг юм билээ.
Уго Чавес Латин Америктаа төдийгүй дэлхий дахинд үлгэр жишээ “XXI зууны социализм” байгуулахаа зарлаж, цалин нэмэх, сургууль эмнэлэг барих, айл өрхийг цахилгаан хэрэгслээр хангах, орон сууцаар хангах, дэд бүтцийн сүлжээ байгуулах зэрэг “социалист” хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээ амлав. Түүний засгийн эрхэнд байх хугацаанд нийгэмчилсэн хөрөнгө баялгийн ашиг болон газрын тосны үнэ өсөлтөөс шалтгаалан зарим амлалт нь үр дүнгээ өгч, цалингийн доод хэмжээ өсөж, ядуурлын хувь хэмжээ багасан, айл өрхийн цахилгаан хэрэгслийн тоо хэмжээ нэмэгджээ.
Гэвч урт хугацаандаа хөрөнгө оруулалт бууран, үйлдвэрлэл зогсож, Засгийн газрын өр, төсвийн үрэлгэн зарцуулалт өссөнөөр улс орны эдийн засгийн суурь ганхах болжээ. Нийгмийн халамж руу улс орны хамаг хөрөнгийг үрэн таран хийсний зэрэгцээ давж дийлшгүй том хөтөлбөр төлөвлөгөөндөө Венесуэл сөхөрч байлаа. Чавесын Засгийн газар 2006 онд 7.5 тэрбум ам.долларын өртөг бүхий улс орныг дамнасан нийт 13665 км урт 15 үндсэн чиглэлийн төмөр замын сүлжээ байгуулах “Үндэсний төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөө” хэмээх амбицтай хөтөлбөр баталжээ. Зардлын 40 хувийг “Хятадын төмөр замын инженерийн корпораци” санхүүжүүлж, үлдсэн хувийг Венесуэлийн Засгийн газраас гаргахаар тохиролцсон уг төсөл 2009 оноос эхэлж, 2013 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн.
2011 онд “Орон сууцжуулах аугаа зорилго” дэвшүүлж, эхний жилд 150.000, 2012 онд 200.000 дараа жилээс нь 300.000 зэргээр долоон жилийн дотор 2 сая орон сууц барьж, бүх хүн амаа орон сууцаар хангах зорилт тавьсан байна. Гэвч Уго Чавесын үрэлгэн бодлого, хүч хүрэхгүй амлалтаас болж 2006 онд тус улсын төсвийн зардал 43 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 2013 онд ДНБ-ий 50 хувьд хүрчээ. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь бүү хэл улс орон сүйрэх дээрээ ирээд байна.
Тасралтгүй 14 жил засгийн эрхийг барьж, Латин Америкт төдийгүй дэлхий дахинд “попролт”-оороо цууд гарч асан Чавесыг өнгөрсний дараагаар түүний залгамжлагч, Социалист намаас нэр дэвшсэн Николас Мадуро 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Чавесын бодлогыг үргэлжлүүлэхээ амласан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тухай мэдэгдэл гарсан даруй парламент дахь сөрөг хүчнийхэн сонгууль луйвардсан хэмээн зодоон цохиондоо тулж, олон мянган хүн гудамжинд гарч “Чавес”-ын бодлогыг зогсоохыг шаардан эсэргүүцэж эхэлсэн.
Мадуро нь Чавесын хувийн жолоочоор ажиллаж, шоронгоос суллагдах, сонгуулийн кампанид ажиллахад нь хүчин зүтгэж, улс төрийн карьераа эхэлсэн, дунд боловс-ролтой, автобусны жолооч, өөрөөс нь 10 эгч, Чавесын хувийн өмгөөлөгч байсан, өдгөө Венесуэлийн Ерөнхий прокурор эмэг-тэйтэй гэрлэсэн гэх мэт өвөрмөц намтар тай нэгэн юм. 2013 оноос хойш тэрээр төрийн бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхээр тасралтгүй улайрч байгаа. Дээд шүүхээсээ парламентаас үл хамааран дуртай шийдвэр гаргуулах онцгой эрх олгуулан, парламентын гишүүдийн халдашгүй эрхийг цуцлуулжээ.
Мөн сөрөг хүчний үйл ажиллагааг хориглон, жагсаал цуглааныг дарахын тулд 500.000 цэрэг цагдааг бэлэн байдалд оруулаад байгаа. Хямралын шалтгааныг эрх баригчид өөрсдийн бодлогоос биш харин гадны, ялангуяа “Империалист Америк”-ийн далд явуулга, хорлонт бодлогын уршиг хэмээн ухуулж байна. Ийм ч учраас өөрт нь онцгой эрх олгосон шинэ хуулийг “Империалистын эсрэг, энхтайвны төлөө хууль” хэмээн сүртэй нь аргагүй нэрлэсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ өртгийг нэм сэн хэмээн худалдаачдыг баривчлах, үгэнд ороогүй худалдааны сүл жээнүүдийг төрийн эзэмшилд авах, хүнсний хомсдолын талаар мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж тооцож, хя налтдаа авах явдал жирийн үзэгдэл болсон.
Эрх баригчидтай холбоотой 69 тэрбум долларын авлигын хэрэг, 60 тэрбум долларын хууль бус санхүүгийн гүйлгээний зэрэгцээ төрийн өмчит газрын тосны “ПДВСА” компанийн 7 тэрбум доллар шамшигдуулсан хэргийг шалгахыг шаардсан сөрөг хүчний мэдэгдлийг Мадуро Засгийн газрыг нь унагах оролдлого хэмээн хэнэг ч үгүй тайлбарласан. Чавесын коммунист бодлогыг үргэлжлүүлж, үлдсэн цөөхөн гадаад дотоодын хувийн компаниудыг нийгэмчлэх, үнийн өсөлтийг хүчээр барих, хэвлэл мэдээллийн амыг барих, сөрөг хүчнийг тасралтгүй мөрдөх, хавчих, улс төрийн албан тушаал хаших эрхийг нь хориглосон түүнийг сөрөг хүчнийхэн “фашист Мадуро” хэмээн цоллов.
Цалин хангамж, цахилгаан хэмнэх зорилгоор ажлын дөрвөн өдөртэй болгосон тэрээр цалинг гурав дахин өсгөх, нэг сая айлыг орон сууцаар хангах, 2025 он гэхэд Латин Америкт төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх зэрэг супер амлалтаараа хайрт ах Чавесаасаа илүүрхэнэ үү гэхээс дутахгүй. Тэрээр 2015 онд амлалтаа биелүүлж, социализмыг байгуулж чадахгүй бол “Сахлаа хусна” гэдгээ зарласан. Өдгөө тус улс нэг галлон (3.8 литр) бензинийг 1.5 центээр буюу бараг үнэгүй шахуу нөхцөлөөр АНУ-д нийлүүлж байгаа нь нээрээ л гадныханд мөлжүүлж буй мэт боловч, хэрэг дээрээ эрх баригчдын авлига, амиа аргацаах явцуу эрх ашгийн уршиг юм.
Мэдээж дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасан нь эдийн засагт цохилт болсон хэдий ч, хувийн хэвшил бүрэн нурж, гадаад дотоод хөрөнгө оруулалт зогссон нь эдийн засгийг нэгэнт сөхрүүлжээ. Одоо Мадуро юуг ч амлаж, ямар ч алхам хийсэн Венесуэлийн ард түмэн нүүрээ нэгэнт буруулжээ. Ерөнхийлөгч асан Уго Чавесын хөшөөг нурааж шатаан, оюутан залуучууд өдөр бүр цэрэг цагдаагийн хүчинтэй мөргөлдөж байна.
Энэ тэмцэлд тэтгэврийнхэн, эхчүүд, эмэгтэйчүүд оролцох болсон нь нөхцөл байдал туйлдаа хүрсний том илрэл. Иргэний жагсаал хөдөлгөөний харгис арга хэмжээгээр таслан зогсоохыг оролдож буй Мадурог өрнөдийн орнууд төдийгүй Латин Америкийн зовлон нэгт орнууд ч буруушаах болсон. Авлига, хүний эрх чөлөө, зах зээл, худалдааны нөхцөл, улс төрийн эрсдэл зэрэг олон үзүүлэлтээр дэлхий дахинд сүүл мушгих болсон Венесуэл улсын дотоод нөхцөл байдал тэсрэх нь нэгэнт тодорхой болжээ.
Монгол, Венесуэлийн зовлон нэг ч, тавилан адил уу?
Венесуэлийн улс төр, эдийн засгийн нөхцөл, сүүлийн 20 жилийн турш өрнөсөн улс төрийн өрнөлтэй зэрвэс танилцахад тун танил дүр зураг харагдана.
Түүхий эдээс хэт хамааралтай, уул уурхайгаас олсон жаахан мөнгөө халамж болгоод тараачихдаг, ажилгүйдэл, инфляцын хэт өсөлттэй, эдийн засгийн хямралын бурууг гадны этгээд рүү чихдэг. Гадны хөрөнгө оруулагчид төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа шахаж дарамталсан, засаглалын сул дорой байдлын улмаас хүчирхэг улс орнуудад “мөлжүүлдэг” эдийн засагтай.
Улс төрийн амлалтаар ард түмнээ тэжээх зуршилтай, Засгийн газар нь гадаадын өрөнд нэвт баригдсан, хийж хүчрэхгүй нүсэр эдийн засгийн төсөл хөтөлбөр дэвшүүлээд, түүндээ дарагдсан гээд тоочоод байвал яг Монголын маань зовлон.
Монгол Улс Венесуэлтэй адил хүнсний хомсдолд орж, инфляц гурван орноор хэмжигдэж, гудамжинд нь цуст мөргөлдөөн өрнөөгүй байгаа хэдий ч улс төр, эдийн засгийн буруу бодлого баримталбал 2-3-хан жилийн дотор ийм хүндрэл хямрал руу гулсан орохыг үгүйсгэхгүй. Нэг л мэдэхэд харилцан туршлагаа солилцсон дампуурсан улсын эгнээнд бичүүлж, зовлон нэгт ахан дүүс болохгүй гэх газаргүй. Энэ хямрал хэний буруу вэ? Ужиг өвчтэй, улам бүр даамжран нурах тавилантай тогтолцоог сэдсэн Уго Чавес болон түүнийг дэмжсэн Венесуэлийн ард түмний өөрсдийн л буруу болж байна.
Одоо “Яах гэж Уго Чавесыг төрийн толгойд гаргав даа” гэж Венесуэлийн ард түмэн толгой шааж суугаа гэж бодож байна уу. Үгүй л болов уу. Харин ч “сайхан амьдралыг нь бусниулсан лайтай новш” хэмээн өнөөгийн төрийн тэргүүнээ зүхэж, үүнийг л сольчихвол бүх зүйл хэвэндээ орно хэмээн сэтгэж байгаа болов уу. Нийгмийн асуудлыг урт хугацааны нухацтай бодлого стратеги бус популист амлалтаар шийдэж болох мэтээр итгэх итгэл үүнд буруутай.
Төрд л эрх мэдлийг төвлөрүүлчихвэл бүх зүйл сайн сайхнаар эргэнэ хэмээх гэнэн бодол, сонгуулиар эдийн засгийн урт хугацааны тогтвортой үзэл баримтлал бус, улс төрийн явцуу бүлэглэл, нам хүчний тараасан мөнгө, гоё сурталчилгаанд хууртсан харалган байдал үүнийг даамжруулсан.
Хувьдаа л ашиг олж байвал бусад нь яаж сүйрч баларч байсан ч яахав хэмээх аминч үзэл, эрүүл ухаанаар асуудлыг эргэцүүлэх чадвар сул байхын хар гай бол өнөөгийн Венесуэл орон.
Тун удахгүй монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгуульд оролцох төдийгүй Үндсэн хуулийг өөрчлөхөд бүх нийтээрээ санал асуулга өгнө. Эрх баригчид нь төдийгүй сөрөг хүчин нь ээлж ээлжээр популист амлалт дэвшүүлж ялалт байгуулах хэдий ч улс орны улс төр, эдийн засгийн байдал улам бүр доройтож, хямрал газар авсаар.
Асуудлын шалтгааныг танихгүй, улс төрчдийн бэлэн амлалт, нам хүчнүүдийн хуурмаг тоглолтод автаж, цаг алдаж суувал Монгол Улс, Монголын ард түмний хувь заяа, оршин тогтнолд аюул эрсдэл хаяанд аль хэдийнэ иржээ. Монголчууд минь бидний зорьж, бүтээж буй нийгэм аажим аажмаар буруу зам руу орж, ужгирсан популист тогтолцоо, хуурамч ардчилал нь нэг л мэдэхэд “социалист” Венесуэл лугаа сүйрч дампуурсан “Монесуэл” улс болоход хүргэх вий, сэрэмжилтүгэй хэмээн энэхүү нийтлэлийг бичиглэв.