Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэг улсад гурван өдрийн турш үргэлжлэн, өчигдөр өндөрлөв. 25 орны бөхчүүд зодоглосон тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор 16 тамирчин оролцон, алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэн (сүүлийн өдөр хүрэл медалийн төлөө барилдсан гурван бөхийн амжилт багтаагүй), тааруухан амжилт гаргав.
Хэдийгээр монгол бөхчүүдээс эхний өдөр С.Батцэцэг түрүүлж, Г.Уртнасан хүрэл медалийн оосроос атгаад алдан, V байрт шалгарч гараагаа тун сайн эхэлсэн ч төгсгөл нь тааруу байлаа. Энэ жил УАШТ-д түрүүлсэн Г.Мандахнаран, П.Орхон, О.Үйтүмэн, Б.Одончимэг тэргүүтэй долоон тамирчныг гэрт нь өнжөөн, залуу тамирчдаар багаа бүрдүүлж оролцсон нь тэдний амжилтад нөлөөлчих шиг болов.
Манай чөлөөтийнхөн өнгөрсөн жил л гэхэд хоёр алт, нэг мөнгө, есөн хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм. Харин энэ жил дээрх амжилтаа баталж чадаагүйгээр үл барам чамламаар амжилт гаргалаа. Уншигч та бүхэнд Азийн АШТ-ий зарим жингийн сонирхолтой барилдааныг тоймлон хүргэе.
ТИВИЙНХЭЭ АВАРГАД ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН 20 ДАХЬ БӨХ С.БАТЦЭЦЭГ
Эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг аваргын төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аварга, Азийн гурван удаагийн аварга, Японы бөх А.Жемпейг цэвэр ялж, Энэтхэгийн тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын Хан Жин Юныг 15:1, хагас шигшээд эзэн орны бөх Р.Ритуг цэвэр ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрх өвөртөлсөн. С.Батцэцэг олимп, дэлхийн медальтай дэлхийн шилдэг бөх ч тивийнхээ аваргад түрүүлээгүй байсан юм. Монголын эмэгтэй чөлөөт бөхийн олон түүхэн амжилтын эзэн болж буй тэрбээр ийнхүү Азийн АШТ-д түрүүлсэн Монголын 20, зургаа дахь эмэгтэй тамирчин болов. С.Батцэцэг тус тэмцээнд өмнө нь хоёр удаа зодоглохдоо 2008 онд V байрт шалгарч, дараа жил нь мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр ийнхүү есөн жилийн дараа тивийнхээ аваргад түрүүллээ. Энэ жинд Хан Жин Юн (БНСУ), Ван Сиа Шиан (БНХАУ) нар хүрэл медаль хүртэв. С.Батцэцэг “Рио-2016” олимпын үеэр бэртэн, санасан амжилтаа гаргаж чадаагүй. Улмаар энэ жил УАШТ, “Mongolia open”-ын шигшээд П.Орхонд дийлдэн мөнгөн медаль хүртсэн юм. Түүний бэртэл илааршин, формондоо орж байгаа бололтой.
З.ЗАНАБАЗАР АХ НАРЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДСАНГҮЙ
Эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, УАШТ-ий өсвөр үеийн ангиллын дөрөв, залуучуудын гурван удаагийн аварга, насанд хүрэгчдийн мөнгө, хүрэл медальт, “Арслан” клубийн тамирчин З.Занабазар эхний тойргуудад Тажикистаны Ж.Шарифовыг 13:0, өсвөр үе, залуучуудын Азийн аварга, Кыргызстаны бөх У.Жолдошбековыг 15:4, хагас шигшээд “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий V байрын шагналт, Казахстаны тамирчин Н.Санаевыг 8:0-ээр тус тус ялж, аваргын төлөө өрсөлдөх болзол хангасан юм.
Улмаар алтан медалийн төлөө барилдаанд ДАШТ-ий V байрын шагналт, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Японы бөх Ю.Такахашид 7:1-ээр дийлдэв. Өдгөө 21 настай З.Занабазар энэ жил УАШТ-д С.Батболдод дийлдэн, мөнгөн медаль хүртсэн юм. С.Батболд хоёр жил дараалан УАШТ-д түрүүлсэн ч тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцож чадсангүй.
Э.ДАВААЧИМЭГ АЗИЙН АШТ-ЭЭС АНХНЫ МЕДАЛИА ХҮРТЭВ
Эмэгтэйчүүдийн 55 кг-д залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваачимэг эхний тойрогт гоц мөргөсөн. Удаах даваанд Японы бөх Нано Саэд 9:0-ээр дийлдэв. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөх Ли Шин Хьюг 4:0-ээр ялж, Азийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ.
Дасгалжуулагч П.Чулуунбаатараар чөлөөт бөхийн А үсэг заалгасан тэрбээр өдгөө Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага доор бэлтгэлээ базаадаг. Энэ жинд 17 настай Японы бөх Нано Саэ түрүүлж, шуугиулсан бол В.Винеш (Энэтхэг) мөнгө, Зан Ки (БНХАУ) хүрэл медаль хүртсэн юм.
ГУРАВХАН БӨХ МЕДАЛИЙН ООСРООС АТГААД АЛДАВ
Эрэгтэйчүүдийн 97 кг-д зодоглосон “Хүч” спорт хорооны тамирчин Ө.Батзул эхний тойрогт Шри Ланкын бөх Д.Ранганаг цэвэр ялсан ч удаах тойрогт “Рио-2016” олимпын хүрэл, Дэлхийн цомын мөнгөн медальт, Узбекистаны М.Ибрагимовт 10:5-аар дийлдсэн. Улмаар дагах тойрогт эзэн орны бөх С.Кадианыг 8:5-аар ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт, Кыргызстаны тамирчин М.Мусаевт дийлдэн, тавдугаар байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, И.Ярыгины нэрэмжит “Алтан гран при”-гийн аварга Б.Шоовдор Вьетнамын Т.Нье нийг цэвэр ялсан ч хагас шигшээд “Рио-2016” олимпын аварга, Рисако Кавайд цэвэр дийлдсэн. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зоу Занжинд 15:12-оор ялагдав.
Мөн 75 кг-д “Алтан гран при” тэмцээний аварга, “Хилчин” спорт хорооны бөх, спортын мастер Г.Уртнасан хагас шигшээд БНХАУ-ын П.Палихад цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Г.Йербековад 4:0-ээр дийлдсэн юм.
Харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг, ОУХМ Э.Гантуяа, Б.Наранболд, Г.Төрболд, Ш.Түмэнцэцэг, Э.Нарангэрэл, Т.Тулга нар эхний тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгасан нь үнэхээр чамлахаар амжилт.
Сонины дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн 70 кг-д спортын мастер Д.Хатанбаатар Японы М.Накамүратай, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин П.Өнөрбат БНСУ-ын Ким Гван Уктай, 125 кг-д Н.Золбоо БНСУ-ын Нам Кун Жинтэй хүрэл медалийн төлөө барилдаж байлаа.