-Хортой ургамал идсэн малын гэдэс дүүрч, өндөр халуурсаар үхэж байна-
Туул гол хар ногоон, гүн саарал, ер нь л бараан өнгөөр урсаж байна. Өмхий самхай нь тамтгаа алдаж, гол гэхэд хэцүү болсон Туулыг бараадан нутаглаж буй иргэд үүний горыг амссаар. Бохирын голомтыг дагасан, аргагүйн эрхэнд ундаалж буй хүмүүсийн нэг хэсэг нь Төв аймгийн Алтанбулаг сумынхан. Өмнөх сурвалжилгаараа бид тус суманд нөхцөл байдал ямар байгаа, голын бохирдол хэр түвшинд хүрснийг үзүүлсэн.
Тэгвэл энэ удаа голын бохирдол иргэдийн амьдрал, амьжиргаанд нь хэрхэн нөлөөлж буйг газар дээрээс нь сурвалжиллаа. Туул гол Алтанбулаг сумын нутгаар 100 км урсаж өнгөрдөг. Сав газрынх нь дагуу 670 айл хавар, зун нутаглаж, 150.000 гаруй мал ундаалдаг юм билээ. Нутгийнхан арга ядахдаа тавдугаар сарын 1-нээс голын эргээс холдож, чөлөөлөх арга хэмжээ авчихаад буй.
Тодруулбал, сумын Засаг даргын шийдвэрээр голд таван км-ээс дотогш ойртохыг хориглосон ч айлууд эрэгт нь хаваржсаар. “Тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлэх шийдвэр” гэж иргэд хэлж сууна.
АМЬГҮЙ ТУГАЛ, ХАРААГҮЙ ХУРГА, ИШИГ ТӨРЖЭЭ
Алтанбулаг сумын II багийн иргэн Л.Буянбадрахынх Туул гол дагаж, амьжиргааны хэдэн малаа адгуулаад 10 гаруй жил болжээ. Хавар болгон мал хээл хаях болсныг тэрбээр гаслан хэлээд, нүд нь юм үздэггүй хурга, ишиг ч төрөх болсныг дурдлаа. Үүнийг голын бохирдолтой холбон тайлбарласан. Энэ жил гэхэд нэг үнээнээс нь амьгүй тугал төржээ.
Ээдрээтэй иймэрхүү асуудал үүсэхэд эхэндээ яачихав, ийчихэв гэж санаа зовдог байснаа сүүлдээ хүн болгон “Уснаас л болоо биз” гэх болсон учраас малын эмчид ч хандалгүй, тэгсхийгээд л чимээгүй өнгөрдөг болж. Хамгийн хэцүү үе нь хавар голын мөс хайлах бөгөөд өтгөн хар саарал юм урсах, үгүйн хооронд хөдөлж ядахдаа олны жигшдэг өнөөх “гоё” үнэрээ хаа сайгүй тараадаг байх нь. Бороо орж, гол үерлэхээр л нэг юм амьсгаа авахтайгаа болдог гэнэ.
Голын савд нутаглаж буй айлуудын ихэнх нь ундны усаа сумын төвөөс авдаг. Зарим нь ойролцоох булаг шандаас ундаалах нь ч бий. Тэдгээр нь голын сав газарт хамаардаг учраас бохирдол хөрсөөр дамжин нэвчиж болзошгүй гэж сэжиглэсэн хэрнээ л уусаар байгаа аж.
Уг нь гүний худгийн тоог олшруулчихвал гол руу малаа оруулахгүй, өөрсдөө ч баталгаатай цэвэр ус хэрэглэх боломжтой. Гэсэн ч нэг тийм худаг барихад дор хаяж 10-15 сая төгрөг шаардагдах учраас шийдэж дийлэлгүй өдий хүрснийг уулзсан хүн бүхэн дуу нэгтэй батлав.
2008 онд сумын I багийн иргэн Р.Энхтайваны хотонд дөрвөн мөчгүй тугал төрснийг нутгийн хүмүүс дурдаж, энэ нь Туулын бохирдлоос үүдэлтэй хамгийн ноцтой хэрэг болохыг тодотгосон.
Энэ үхрийн гэдэс нь дүүрээд босож чадахаа больжээ
Тэднийх одоо ч голдоо нутаглаж байгаа аж. Тэр явдал ямар учир шалтгаантай байсан, тэр хэрэг өдгөө давтагдаж байгаа, эсэхийг түүнээс тодруулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн, баларсан юм сөхлөө” гэсээр их л ууртай биднийг угтлаа. Тэгээд голын бохирдол их байгаа нь маргаангүй, бүр жилээс жилд л нэмэгдэж байгаа, ерөөс арилахгүй маягтай байна гэв.
Нутгийн иргэдийн ярьсан зүйлийн тухайд “Цус ойртсон болов уу гэмээр тугал төрөх нь төрсөн. Яг ч дөрвөн мөчгүй биш, хөл дээрээ босоогүй юм л даа. Хөл нь үегүй юм шиг, гаждуу. Тухайн үед мал эмнэлгийнхнийг ирж үз ч гээгүй, тэгээд л хаясан. Голоос болсон ч байж мэдэх л дээ. Тэр үед нэг хэсэг бохирдол аймаар болсон шүү дээ. Ерөөсөө л жорлон урсаж байв. Мал уух ус өөр байхгүй юм чинь яах ч билээ. Одоо ч бараг уугаад сурч байгаа биз” гэсэн юм.
Тус сумынхан газар тариалан эрхэлдэггүй, мал аж ахуйгаараа л амьжиргаагаа залгуулдаг учраас малын гаралтай түүхий эдээ борлуулж хэдэн төгрөг олохын тулд энэ мэт асуудлыг нуун далдлах хүн цөөнгүй бийг зарим иргэн хэлэв. Сүүлийн 10 орчим жил нутгийн иргэд малынхаа гэдэс дотрыг идэх, таван цулын шөл ууна гэх ойлголт үгүй болж, хааяа өөр газраас худалдаж авдаг тухайгаа ярьсан.
Элэг, уушги нь цоохор, ходоод нь цагаан хорхойгоор дүүрэн болохоор яах ч билээ. Одоохондоо Туулын уснаас болж хүн үхлээ гэсэн мэдээ сонсогдоогүй ч мал үхээд байгаа юм чинь хүний эрүүл мэндэд яаж ч нөлөөлж байгаа юм билээ гэж эргэлзэх нь цөөнгүй.
МАНЖИНТАЙ ТӨСТЭЙ УРГАМЛААС БОЛЖ НЭГ ДОР 40 МАЛ ҮХЖЭЭ
Туул голын Алтанбулаг сумаар дамжин өнгөрөх хэсэг нь өвлийн цагт нэлээд хальдаг болжээ. Уг нь бол 40-50 см өргөн нарийхан гол байтал өвөл мөс нь гэнэт тачигнаж, ус нь эргээ хальж, бараг нэг км өргөн болсон байна. Үүнээс нь болж сав газарт нь нутаглаж байсан айлууд усанд автаж, дүн өвлийн хүйтэнд нүүхээс аргагүй болсон үе бий гэнэ.
Үнэндээ бол халиа нь ус гэхэд хэцүү, бохирын илүүдэл маягтай бөгөөд үүссэн газруудад хавар нь хортой ургамал ургах болсон гэх ноцтой мэдээллийг I багийн малчин Ж.Баасанбат дуулгалаа. Тэрбээр “Манжинтай төстэй өвс ургана. Мал идэх нь идээд, мөн шинэ ногоо түрж ургаад одоо алга болчихоод байна” гэж тодотгов.
Хортой хэмээн тодорхойлоод байгаа тэр өвсийг идсэн малын гэдэс дүүрч, өндөр халуураад үхдэг. Сүүлийн жилүүдэд үүнээс болж айлууд малаа алдах нь ихэссэн гэнэ. Ж.Баасанбатынх гэхэд жилд 20-50 орчим малаа “тавиад туучихдаг” болжээ. Гурван жилийн өмнө бүр нэг дор 40 мал хорогдсон аж.
Өнгөрсөн жил 20 орчим бог нүд аньсан байна. Малын эмчид хандахаар халууны гаралтай өвчин гэдэг аж. Нэгэнт малчид тэр өвсийг зулгааж хаяж барахгүй, тэгээд ч малдаа тэрийг идэж болохгүй гэж хэлэлтэй биш гэж аргагүйдсэн байдалтай тэрбээр хэлэв.
Уг өвсийг идсэн бог байтугай бод туйлдаж, хэдэн өдөр хэвтэж байгаад үхдэг, тамир тэнхээ сайтай нь арайхийн босдог тухай зарим хүн дурдсан. Нутгийн өөр нэг иргэн ч хортой гэх уг өвсний талаар ярьсан бөгөөд “Бүдүүн шилбэтэй хүрэн өнгөтэй” гэж тодорхойлоод, үнэхээр л тэрийг идчихээр малын гэдэс дүүрээд, уухилаад ирдгийг, бас голын халиа үүссэн хэсэгт л ургаад буйг баталсан юм.
“Амьдралын их сургуульд” дээр үеэс зааж ирсэн арга барилаараа иргэд гэдэс нь дүүрсэн малдаа аарц, тараг уулгахаас өөр эмчилгээ хийж чадалгүй ихэнхийг нь үхүүлдэг байна. Зарим нь үхэл амьдралын зааг дээр дэнжигнэж байгаад арай гэж хөл дээрээ босдог аж.
Бид газар дээрээс нь сурвалжилга хийх явцдаа ч яг ийм шалтгаанаар хэвтэрт орчихсон үхэртэй таарсан юм. Гол дагуух нэг айлын хотонд босож чадахаа болиод, нэмнээгээр хучуулчихсан үхэр хэвтэж байв. Тэр айл энд нүүж ирээд удаагүй ажээ. Өмнө нь гол дагуу нутаглаж байсан ч үүн шиг тохиолдолтой таараагүй талаар гэрийн эзэн дурамжхан өгүүлэв.
Дээр нь голын муухай үнэр малын бааснаас, хүмүүсийн хувцаснаас хүртэл үнэртэж байгааг тодотгосон. Босож чадахгүй үхэр нь ямар өвчин туссаныг тодруулахаар тэд малын эмчид хандтал “Ядаргаа” гэх онош тавьсан байна.
Голын эрэгт нутаглах бас нэг айлын эзэн энэ жил 20 орчим малаа алдаад буй талаараа халаглан ярив. Голдуу л бог гэнэ. Бас сумын төвийнхөн болон бусад багийн иргэд адуугаа гол руу хөөчихөөд байгааг, голд ирээд зарим нь босож чадахгүй өргүүлж байгааг ч хэлсэн юм. “Өнөө өглөө л гэхэд нэг үхэр, нэг адуу өеөдсөн харагдсан. Саахалт айлын нэг үхэр (өмнө дурдсан хэвтэрт орсон үхрийг хэлж байгаа бололтой) бас босож чадахгүй байна. Иймэрхүү асуудал тасрахгүй л байна шүү дээ” гэсэн.
БОХИР ГОЛООС ЧАЦАРГАНЫН ТАЛБАЙ УСАЛЖ БАЙНА
Сумын I багийн малчин Н.Лхасүрэн гуайн мал байсхийгээд л үхдэг, магадгүй хамгийн их хохирол амссан айлуудын нэг байх гэж нутгийн иргэд мэдээлсэн. Бас голын халианд хэд хэд өртсөн гэв. Энэ мөрөөр тэднийхийг сураглаж очиход гэрийн эзэгтэй Б.Жавзан угтав.
Тэрбээр нэг албан газрын чацарганы талбай хардгаа хэлсэн юм. Өнөөх бохир муухай гээд байгаа голоосоо ус татаж, чацарганаа усалдаг ажээ. Б.Жавзан гуайн хардаг талбай л гэхэд 30 орчим га бөгөөд чацарганатай айл хэд хэд байдаг гэнэ. Тэрбээр уг талбайг манаад таван жил болсноо дуулгаад, ажил олгогч нь энэ жилээс цалингаа өгч чадахаа болиод, оронд нь талбайнхаа өвсийг хадаж ав гэж хэлжээ. Уг нь төрийн шийдвэрийг хүндэтгээд тэднийх нүүхээр бэлдэж байгаа ч энэ талбайдаа хоргодоод байгаагаа учирласан.
Б.Жавзан гуайн хэлснээр уржнангийн цаад жил арванхоёрдугаар сарын нэгэн өдрийн орой тэднийхийг гэнэт усны халиа дайрчээ. “Үхэр мөргөлдөж байгаа мэт тасхийсэн чимээ гараад л ус нь хальчихдаг юм билээ. Бүсэлхийгээр татсан нэлийсэн их ус. Ямар юмных нь ус байх вэ дээ. Бохир. Урьд нь тийм зүйл болж байгаагүй учраас бид маш их сандарсан” хэмээсэн юм.
Ингээд тэднийх гэрээ орхиод малаа уснаас арайхийн гаргаж, туун айлын хаяа бараадаж явсаар дулаарангуут буцаад иржээ. Харин уржнан өвөл халиа дайралгүй өнгөрсөн байна. Өнгөрсөн өвөл гайгүй байлгүй гээд голын эрэгт буучихаад байтал дахиад л ус шуугин орж ирсэн тул нүүхээс аргагүй болжээ. Ингээд сумын төвд очиж өвөлжөөд, өнгөрсөн хоёрдугаар сард эндээ буцаж ирсэн аж.
Тэдний мал байнга голоос ундаалдаг бөгөөд уухаараа чацга алдаж, гэдэс нь дүүрдэг гэнэ. Харин тэд ундныхаа усыг найман км хол орших сумын төвөөс зөөдөг. Амралтын өдрүүдээр хотоос хүүхдүүд нь ирж, 200 гаруй литр ус авчирч өгдөг. Түүнийгээ долоо хоногт хүргэх гэж хорголоо тоолдог гэдгийг Б.Жавзан ярилаа.
Ийм хүнд нөхцөлд амьдарч буй Алтанбулагийн иргэд өөр газар руу нүүх гэхээр тэнд нь хүн, малын ундны ус байхгүйгээс эхлээд олон зовлон бийг учирласан. Нүүлээ гэхэд устай газар олдохгүй, айлын худаг бараадаж, хөөгдөж туугдан аж төрнө гэж зарим нь санаа зовж буй бололтой. Нэгэнт шийдвэр гарчихсан, тэгээд ч хүн, малын эрүүл мэнд хамгийн чухал тул яадаг ч байсан нүүнэ гээд шийдчихсэн айл олон байлаа.
АЛТАНБУЛАГИЙНХАНД СУДАЛГААНЫ ХАРИУ НЬ ХЭЗЭЭ Ч ИРДЭГГҮЙ
Хэдэн жилийн өмнө нутгийн иргэн Ж.Баасанбат хортой гэх өнөөх өвснөөс нэгийг зулгааж, шинжлүүлэхээр холбогдох байгууллагад нь өгсөн ч одоо хүртэл хариу ирээгүй. Ер нь ч тус сумынхныг сонирхож, судалгааны объект болгох хүн бишгүй. Харамсалтай нь, судалгааны хариу хэзээ ч ирдэггүйг иргэд “ховлов”.
Сарын өмнө гэхэд мал эмнэлгийн л бололтой, 3-4 машинтай хүмүүс ирж, айлуудын малнаас цус аваад явжээ. Шинжилгээ авах нь буруу биш ч хариуг нь өгдөг, бидний болон малын эрүүл мэнд ямархуу байгааг мэдээлчихдэг баймаар гэдгийг тэд онцолсон. Бас жил гаруйн өмнө хэдэн хүн ирээд гол дагуу нутагладаг айлуудын хотноос шороо, бууц аваад, шинжилнэ гээд явжээ. Бас л өдий хүртэл хариугүй.
Уг нь гол өөрөө өөрийгөө эмчилж, цэвэрлээд 60-70 км урсаад цэвэршдэг гэдэг. Гэсэн ч Туул голын Алтанбулагаар урсах хэсэг цэвэршихээсээ нэгэнт өнгөрсөн, 100 км урсаад ч бохирдол нь арилдаггүй аж. Нутгийн иргэдийн хэлж буйгаар бол Төв аймгийн Лүн сум хүртэл хар ногоон өнгөтэй л байдаг юм байх. Мэдээж бохирын голомтоос арай зайдуу болохоор Алтанбулагийг бодвол Лүн орчимд арай дээр.
Цаасан дээр буусан судалгаа мэдээллээр ч тэр Туул голын Алтанбулагаар урсах хэсэг нь хүлцэх хэмжээнээс 60-70 хувиар илүү бохирдолтой байхад Туул-Лүн усны харуул дээр 40 орчим хувьтай. Ингээд хатан Туул Лүнгээс цааш Заамарын уул уурхайн нөлөөгөөр үүссэн улаан хоормогтой нийлж аваад Орхонд цутгадаг. Энэ явцад хүмүүс хэрхэн хохирч буй нь Алтанбулагийн иргэдийн жишээнээс тодорхой харагдах болов уу.