Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нарыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр бүртгэхээс татгалзав. Юуны түрүүнд, Сонгуулийн тухай хуулийн 142.1-т зааснаар түүний СЕХ-нд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлэх ёстой баримт бичгийг дутуу гэж үзсэн байна.
Тодруулбал, нэр дэвшигч сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолтыг Н.Энхбаяр гаргаж өгөөгүй гэнэ. Улмаар түүнийг сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх шаардлагыг хангахгүй гэж үзжээ. СЕХ-ны албаны эх сурвалжийн хэлснээр Н.Энхбаяр нь 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй нь хилийн албаны тодорхойлолтоор ил болсон бололтой.
Нэр дэвшигчдийг бүртгэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуралдаанд оролцсоныхоо дараа Н.Энхбаяр “Миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жил шилжилт хөдөлгөөн хийгээгүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу явж байсан” гэсэн тайлбар хийлээ. Түүнийг бүртгээгүй дараагийн шалтгаан нь мэдээж ялтайд тооцох хугацаа нь дуусаагүйг холбогдох байгууллагууд нотлоогүй явдал.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамж болон Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт ёсоор түүнийг ялгүйд тооцох “тоолуур” ирэх наймдугаар сарын 2-ноос гүйж эхлэх учиртай.
АЙДАС
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гурван намын нэгнийх нь нэр дэвшүүлсэн хүнийг хүлээж авсангүй. Тэр хүн нь нэг бус, нэлээд хэдэн шаардлага хангаагүй, тэдгээр “алдаа”-гаа өнөө, маргаашийн хооронд нэгэнт засах боломжгүй учраас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирээдүйн Ерөнхийлөгчийн төлөөх “марафон”-оос албан ёсоор хасагдаж байна.
Гэвч... “Гэвч тэр яах бол” гэсэн айдсыг төр тэргүүлж асан энэ хүн түмэн олонд төрүүлээд буй нь нууц биш. Н.Энхбаяр Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай СЕХ-ны тогтоолыг хүлээж аваад “Ойлголоо” гээд орхиод явахгүй нь ойлгомжтой.
Өчигдөр гэхэд л тэрбээр баахан үймээн, самуун дэгдээсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд СЕХ-ны байр руу дайрснаар хүчний байгууллагынхан тус байрыг нэмэгдүүлсэн хамгаалалтад авсан юм. Нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтээ гурав хоногийн өмнө уламжлахтай хамт гудамжинд гарч, өрсөлдөгч намынхаа байрны гадна туг, лоозон барьж, суулт хийж эхэлсэн тэд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг л шаардаж байсан.
СЕХ-ны хурал өчигдөр 11.00 цагт эхлэх үеэр тус байгууллагын байрны нэг давхрыг бүхэлд нь “эзэлсэн” тэд аанай л өнөөх шаардлагаа тавьж байсан бөгөөд жагсагчдын амнаас гарах хараал, хашгираан, ээж, эмээ, эгч шиг минь эмэгтэйчүүдийн хэлэх “экстрим” үгс ой гутам байлаа. Цэвэр усны хуванцар сав, шүгэл, микрофоноор “зэвсэглэсэн” тэднээс СЕХ-ны байрыг 17.00 цагийн орчимд бүрэн чөлөөлсөн юм.
...Тэр хүн нь нэг бус, нэлээд хэдэн шаардлага хангаагүй, тэдгээр “алдаа”-гаа өнөө, маргаашийн хооронд нэгэнт засах боломжгүй учраас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирээдүйн Ерөнхийлөгчийн төлөөх “марафон”-оос албан ёсоор хасагдаж байна. Гэвч... “Гэвч тэр яах бол” гэсэн айдсыг төр тэргүүлж асан энэ хүн түмэн олонд төрүүлээд буй нь нууц биш......Тэр хүн нь нэг бус, нэлээд хэдэн шаардлага хангаагүй, тэдгээр “алдаа”-гаа өнөө, маргаашийн хооронд нэгэнт засах боломжгүй учраас экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирээдүйн Ерөнхийлөгчийн төлөөх “марафон”-оос албан ёсоор хасагдаж байна. Гэвч... “Гэвч тэр яах бол” гэсэн айдсыг төр тэргүүлж асан энэ хүн түмэн олонд төрүүлээд буй нь нууц биш...
СЕХ-ны байр руу дайрч орсон тухайгаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдүүлэхийг шаардаж байгаа. СЕХ нэр дэвшигчийг бүртгэх, эсэхийг шийдвэрлэхдээ нээлттэй хуралдах ёстой. Бид уг хуралдааныг нээлттэй зохион байгуулахыг хүссэн ч биднийг оруулсангүй. 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг монголчууд мартаагүй. Сонгуулийн луйвраас үүдэлтэй эмгэнэлт үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга. Бид аль болох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээж байна. Ард түмэнд сонголтгүй сонголт тулгаж байна” хэмээн тайлбар хийж байсан юм.
Ингээд Н.Энхбаяр тэргүүтэй тус намын удирдлага СЕХ-ны хуралдаанд оролцсон билээ. Тус намын гишүүд Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, Тусгаар тогтнолын талбайд жагсаал зохион байгуулах хүсэлт тавихаа илэрхийлж байсан бөгөөд намын даргыг нь нэр дэвшигчээр бүртгэхгүй бол жагсаж, цаашлаад өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.
Мөн тус намын гишүүн Ц.Оюунбаатар “Цагдаагийн байгууллага ялтай байдлын тухай тодорхойлолт гаргахдаа зориуд буруу тайлбар өгч байгаа. Эрх барьж байгаа УИХ, Засгийн газар шүүх, цагдаагийн байгууллагад нөлөөлж буй нь гэмт хэргийн шинжтэй” хэмээн хүний эрхийн дотоод, гадаадын байгууллагад хандсанаа мэдээлсэн. Энэ бүх байдал нь иргэдэд айдас төрүүлж байна.
МАХН Х.БАТТУЛГЫГ ДЭМЖИХ ҮҮ
Жагсаж, цуглах нэг хэрэг. Энэ сарын 17 буюу нөгөөдөр гэхэд МАХН дахин нэр дэвшигч бүртгүүлэх хүсэлт уламжилж, өөр нэгнийг сойх болов уу. Үүсээд буй нөхцөл байдлыг үл хүлээн зөвшөөрч, тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдэж буй талаас нь хэлбэл тэд намын даргаасаа өөр хүн нэр дэвшүүлэх нь юу л бол. Гэвч тэр болгонд олддоггүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ ингээд “үхүүлчих” үү.
Эсвэл эрх баригчдын эсрэг АН-ыг дэмжиж сонгуульд оролцох уу. АН, МАН-ын нэр дэвшигчдэд СЕХ-ны тогтоол очсоны дараа буюу 18.00 цагийн орчимд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой холбогдож, цаашид хэрхэхийг нь тодруулахад, “Бидэнд СЕХ-ны шийдвэр албан ёсоор ирээгүй байна. Бидний гар дээр шийдвэр ирсний дараа хуралдаж, энэ талаар ярилцана. Манай нам боловсон хүчний хангалттай нөөцтэй” гэх хариу өгсөн юм.
“УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшинэ” гэх аль эртнээс гарсан яриаг үүгээр үгүйсгэсэн байж ч болох. Мөн тус намын зарим албан тушаалтан энэ удаагийн сонгуульд МАХН аль нэг намыг дэмжиж оролцох ёсгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн ч үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор эрх баригчдын эсрэг, АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцохыг үгүйсгэх аргагүй юм.