БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Өрөмч хотод дөрөвдүгээр сарын 15-25-ны хооронд “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан семинар боллоо. Семинарт Афганистан, Египет, Индонез, Казахстан, Катар, Кувейт, Кыргызстан, Малайз, Монгол, ОХУ, Пакистан, Саудын Араб, Узбекистан, Энэтхэг, Японы хэвлэл мэдээллийн байгууллагын 22 төлөөлөгч оролцов.
“БҮС БА ЗАМ”
БНХАУ-ын удирдагч Си Зиньпин 2013 онд Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа Торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны Торгоны замын далайн бүсийг хамтран байгуулах санаачилга гаргасан билээ. Үүний дараа “Бүс ба зам” байгуулах төлөвлөгөө бэлтгэснээ зарласан. Түүгээр зогсохгүй, Хятадын Засгийн газар энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжүүлэх гурван яам байгуулсан юм.
Ийм санаачилга гаргаснаас хойш гурван жилийн хугацаанд Торгоны зам дагуу байрлалтай 40 гаруй улстай харилцан ойлголцлын тунхаг бичигт гарын үсэг зурж, 30 гаруй улстай хамтран ажиллах боллоо. Хятад, Пакистаны эдийн засгийн зурвас аль хэдийнэ бий болсон бол Хятад, Монгол, Оросын хооронд эдийн засгийн зурвас байгуулах тухай төсөлд гарын үсэг зурж, Евразийн эдийн засгийн зурвас байгуулах ажил эхэлсэн.
Одоогийн байдлаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн, мөн Торгон замын санг амжилттай байгуулж, томоохон хэд хэдэн төсөл хэрэгжүүлэн, 100 гаруй улс, олон улсын байгууллага “Нэг бүс ба нэг зам”-тай болохыг дэмжиж, хамтран ажиллах төслүүд боловсруулж буй нь бэлгэдлийн төдийгүй хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх боломжийг аажмаар бий болгож байгаа аж.
МЭДЭЭЛЛИЙН БООМТ БОЛНО
Өнгөрсөн оны долдугаар сард Хятад улс цахим Торгоны зам байгуулах, олон улсын харилцааны түвшинг дээшлүүлэх, хил дамнасан, усан доогуур байрлалтай шилэн кабель тавих ерөнхий төлөвлөгөө, “Нэг бүс, нэг зам”-ын мэдээлэл дамжуулах үйл явцыг сайжруулах “Мэдээллийг хөгжүүлэх стратеги”-ээ зарлажээ.
Тус улс Төвөөс Баруун Ази, Өмнөд Азиас Энэтхэгийн далай руу, ОХУ-аар дамжуулан Төв болон Зүүн Европ руу газраар шугам тавихыг эрмэлзэж буй бөгөөд Америк, Европ, Африкт усан доогуур шилэн кабель татахаар идэвхтэй ажиллаж байна.
ТАШАА МЭДЭЭЛЛИЙГ ЗАЛРУУЛНА
Шинжаан Уйгурын өөртөө засах орон (ШУӨЗО)-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн сайд Тиан Вэнь семинарыг нээж “Шинжааны тухай Ойрхи Дорнодод бараг мэддэггүй. Өрнөдийн хэвлэлд бичсэнчлэн Туркестан хэмээн ойлгодог. Ийм ташаа мэдээллийг залруулахын тулд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг урьдаг” гэв. Дэлхий нийтийг хамарсан төсөл хэрэгжүүлэхэд Шинжаан голлох үүрэг гүйцэтгэнэ.
Тус өөртөө засах орон Торгоны замын тээврийн томоохон зангилаа, Европ руу гарах үүдийг нээсэн, Дорныг Өрнөтэй холбосон тив хоорондын гүүр юм. ШУӨЗО нь Монгол, Орос, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг гэсэн найман улстай хил залгаа оршдог. Хуурай замын 15, агаарын хоёр гээд хилийн шалган нэвтрүүлэх нийт 17 цэг, торгоны замын гурван сувагтай.
Тиймээс ШУӨЗО нь Хятад улсыг Өрнөдтэй холбосон чухал үүд юм. БНХАУ-д 56 үндэстэн байдгаас 47-гийнх нь төлөөлөл болсон 23.3 сая хүн Шинжаанд аж төрдөг. Тэдний ертөнцийг үзэх үзэл, шүтэх эрхийг хүндэтгэн, төр, засгийн бодлогоор дэмждэг. Тэдэнд цэцэрлэг, сургуулийн боловсролыг тухайн үндэстний эх хэл болон хятадаар үнэ төлбөргүй олгож буй гэсэн.
Шүтдэг шашнаар нь дамжуулан энэ олон үндэстнийг нэгтгэн нягтруулж буй аж. Хоцрогдсон орон бус, орчин үетэй хөл нийлүүлэн хөгжиж буйг нотлон харуулахыг чармайж байна. Тиймээс “Хэвлэл нь түгэх мэдээллийн дэвсгэр, Шинжааны бодит толь болно” хэмээн хатагтай Тиан Вань онцлон тэмдэглэлээ.
“Сул дорой хөгжилтэй Шинжааныг олон улсын ложистикийн төв болгохын тулд Хятад улс хичээнгүйлэн ажиллаж байна. Тус орны газар зүй, байгалийн баялаг болон өөр давуу талыг түшиглэн бусад улстай харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан, харилцан ашигтай хамтран ажиллаж, соёл, шашны талаар яриа хэлэлцээ хийн, бүх Хятадын хийгээд олон улсын хамтын нийгэмлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна” гэж ШУӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн орлогч сайд Ван Улунь хэлсэн. Түүний хэлснээр, Хятадын Засгийн газар 1997 оноос Шинжааны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд асар их хөрөнгө, мөнгө зарцуулж эхэлсэн нь тус бүс нутгийн өнгө төрхийг эрс өөрчилжээ.
ДЭМ ДЭМЭНДЭЭ ХӨГЖИНӨ
Семинарын явцад Торгоны замын эдийн засгийн бүс, Шинжааны эдийн засгийг хөгжүүлэх стратеги, түүнд үзүүлсэн дэмжлэг туслалцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа, соёл, шашны талаар баримтлах Хятадын бодлого хийгээд Шинжааны шашны байдал, соёлын өвийн талаар эрдэмтэн судлаачид дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдод ч асууж, лавлах зүйл бишгүй байв. Хятадын хөгжингүй бүс нутагтай харьцуулахад Шинжаан нь хөгжлийн хувьд хоцрогдсон орон.
Ийм ялгаатай байдал нь тус бүс нутгийг хөгжүүлэх түлхэц өгч, зорилт болжээ. 1997-2016 оны хооронд Хятадын өнцөг булан бүрээс Шинжаан руу мэргэжилтэй олон зуун мянган боловсон хүчин илгээж, 82.969 тэрбум юанийн дэмжлэг үзүүлсэн байна. Үүнийг хүн амыг орон сууцтай, нүүдэлчдийг суурин амьдралтай, боловсролтой, ажилтай болгох, эрүүл мэндийн үйлчилгээ авахад зориулжээ. Тус орны ДНБ-ий хэмжээ 2010 онд 543.7 тэрбум юань байсан бол 2016 онд 961.7 тэрбум юаньд хүрч, жилд дунджаар 9.16 хувиар өсөв.
Өнгөрсөн онд нэг хүнд ногдох ДНБ нь 40.036 юань болсон нь нийт Хятадын дундаж үзүүлэлтийн 73.39 хувьтай тэнцэж байна. 2010 оноос нийгмийн үндсэн санд хийсэн хөрөнгө оруулалт зургаан их наяд орчим юань болжээ. Зургаан жилийн хугацаанд аж үйлдвэрийн гол объектууд, тухайлбал, Яркенд голын үерийн байгууламж, Хами, Жэнжоугийн хооронд 800 кВт-ын цахилгаан дамжуулах, Хотан, Чарклыкийн төмөр замын шугам зэрэг усан техник, эрчим хүч, тээврийн чухал дэд бүтцийн барилгын ажил эхэлсэн аж.
Өрөмч-Ланьжоу төмөр замын хоёр дахь замыг нээсэн нь өндөр хурдны төмөр замын харилцааны шинэ эринд шилжих эхлэлийг тавьжээ. 2016 онд 31 сая жуулчин хүлээн авсан нь өмнөх оныхоос 32.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэд 140 тэрбум юанийн орлого оруулжээ.
Сүүлийн таван жилд гадаадаас 2.09 тэрбум долларын хөрөнгө оруулсан нь өмнөх таван жилийнхээс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. 2016 оны эцсийн байдлаар Шинжаанд гадаад худалдаа, эдийн засгийн 13 мянган үйлдвэр бүртгэгдсэн байв. Дэлхийн 162 улстай хамтран ажиллаж байгаагийн дотор 2017 онд АНУ-тай хийсэн худалдаа 2.015 тэрбум доллар, Казахстантай 971, Кыргызстантай 595, ОХУ-тай 121, Энэтхэгтэй 64, Монголтой 15 сая долларын худалдаа хийжээ. Алтайн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, Казахстан, Монголтой олон жил хамтран ажиллаж байна.
Мөн өнгөрсөн зургаан жилд Казахстан, Кыргызстан, Тажикстан, Монгол, Гүрж, Орос, Беларусьт Хятадын барааны 40 үзэсгэлэн худалдаа гарч, нийт 3937 сая долларын гэрээ байгуулжээ. Тэрчлэн АНУ, Францад 41 үзэсгэлэн нээж, 240 сая долларын гэрээ байгуулсан гэнэ. Энэ жил Казахстанд Хятадын барааны гурван ч үзэсгэлэн гарах гэж байна.
Торгоны замын эдийн засгийн бүс 30 улс, 39.22 сая ам метр газар нутаг, 2.2 орчим тэрбум хүн аж төрдөг ба нефть, хийн баялаг арвин. Дундад Дорнодын нефтийн тогтоосон нөөц 109.2 тэрбум тонноор хэмжигдэж буй нь дэлхийн нөөцийн 48.8 хувийг бүрдүүлнэ. Нүүрсний тогтоосон хэмжээ дэлхийн нөөцийн 54.1 хувийг эзэлж буй. Үйлдвэрлэл болон хэрэглээ нь 87.6 ба 88.7 хувьтай тэнцэнэ. Харин усны асуудал маш хүнд буюу сэргэдэг усны нөөц 7998.8 шоо км байна.
Дотоодын хөрөнгө оруулалтын 50 хувийг ДНБ-ээс татдаг. Мөн улсын төсөв, банкны, тэр дундаа Азийн хөгжлийн банк, орон нутгийн төсвөөс бүрдүүлдэг. 30 жилийн турш хийж буй шинэчлэл, анхны чиг баримжаат буюу зорилтот тусламж хөгжлөөр хоцрогдсон бүс нутгийн өнгө төрхийг өөрчлөхөд жинтэй хувь нэмэр оруулсныг дээрх тоо баримт нотолно.
Нөгөөтэйгүүр, манай улс Торгоны замаар дамжуулан Ази, Европ төдийгүй Ойрхи Дорнодтой харилцаагаа тэлэх боломж хэдийнэ нээгдсэн. Өнгөрсөн онд БНХАУ Энэтхэгийн “Mausam” болон “Spice Route” гэх төслийг өөрийн “Далайн торгоны зам” төсөлтэй холбох хүчин чармайлтын хүрээнд Торгоны хуурай зам зурвасыг хөгжүүлэх Монгол болон ОХУ-ын санаачилгыг нэгтгэх алхмыг амжилттай хийсэн билээ. Хятад, Монгол, Оросын эдийн засгийн зурвасыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ Монголын “Талын зам” санаачилгыг ОХУ-ын санаачилсан тив дамнасан төмөр зам тавих төлөвлөгөөтэй холбох хүсэлтээ нэгэнт илэрхийсэн.
Уг зурвасыг хөгжүүлэх санаачилга нь БНХАУ-ын санаачилж, нээсэн Пакистан, БНХАУ-ын эдийн засгийн болон Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарынхтай төстэй юм. БНХАУ хэд хэдэн санаачилгыг нэгтгэж, “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Евразийн бүсэд эдийн засгийн өсөлтийн шинэ хэд хэдэн хөдөлгүүр бий болгох найдлага тавьжээ.
Үүний сацуу ШУӨЗО-д шашны үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж, хуулиар эрх нь хамгаалагддаг. Өнгөрсөн оны зургадугаар сард халдлага үйлдэгдсэн нь шашны талаар баримтлах бодлогоо дахин авч үзэж, шашинтан бүрийн шаардлагыг харгалзан үзэхэд хүргэж байна. Тухайлбал, исламын шашинтнууд хүн амын дийлэнх хувийг эзэлдэг учир мусульманчуудын ариун газар болох Меккад мөргөл үйлдэхэд тусалж, эрүүл мэнд, орчуулгын тусламж үзүүлдэг. Гэвч хэт давруу үзэл газар авсан нь нийгэмд сөргөөр нөлөөлж, исламын шашин хүчирхийлэлд турхирдаг гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.
Исламын шашны эсрэг халдлага үйлдэж байгаа нь шашин хоорондын үл ойлголцол үүсгэдэг аж. Хэт давруу үзэлтэй тэмцэх үр нөлөөтэй арга олоогүй байгаа ч ард түмний сайн, сайхан байдлыг хангахаар хэт давруу үзлийн үндэс таслагдана. Шинжаан биет бус соёлын 297 өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн аж. Ийм өвийг хамгаалахын тулд эх орчин нөхцөл, тухайн үндэстний онцлог, аман зохиол, хэлний сургалтад онцгойлон анхаарч буй аж.
Ертөнцийг үзэх үзэл, шүтэж бишрэх эрхийг хүндэтгэх замаар нэгтгэж, нягтруулсан олон үндэстэн хоцрогдсон бус, орчин үеийн улсад аж төрж буйг Шинжаанаас харж болно. Үүнд зориулж буй зардал жилээс жилд өсөж байна. Олон улсын арга хэмжээ тасралтгүй зохион байгуулж байгаа нь үүний илрэл юм.