Мянга сонсохоор нэг үз гэдэг. Урт сахал тавьж, гивлүүр зүүхийг Шинжаанд хориглолоо гэсэн мэдээ гараад удаагүй байтал тийшээ явах болов. Хятадын алс зах хязгаар нутаг, үе үе гарах халдлага, элэг нэгт монголчуудын тухай хаяахан дуулдах мэдээллээс өөр ойлголт надад хомс байв. Найман цаг гаруй үргэлжилсэн аяллын эцэст сүрлэг өндөр Тэнгэр уулын цаст оргил харагдлаа.
Хамгийн өндөр цэг нь 7439 м өндөр Ялалтын оргил аж. Уул усанд дуртай, Монголоос ганцаараа яваагаа мэдээгүй байсан надад энэ уул хань болох шиг санагдана. БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлахдаа уншсан “Миний нутаг” шүлэгт өгүүлдэг шиг ийм өндөр уул нуруутай энэ газар олон төрлийн, их хэмжээний ашигт малтмал нуугдаж буй гэх. Одоогийн байдлаар 139 төрлийн ашигт малтмал илрүүлсний 41 нь нөөцийн хэмжээгээр улсдаа эхний аравт орж байна.
Хятадын нефтийн нөөцийн 30, хийн 34, нүүрсний 40 хувь Шинжаанд бий. Нар, салхи болон сэргээгдэх бусад эрчим хүчний хэмжээгээр улсдаа тэргүүлдэг. Үүний сацуу тус оронтой хил залгаа орших найман улс ч байгалийн арвин баялагтай, хамтран олборлох, ашиглах боломжтой гэнэ.
Онгоцонд хамт явсан зорчигчдыг харахад л олон үндэстний өлгий нутаг болох нь илэрхий. Шинжаанд 47 үндэстэн байдгаас уйгур, хан (хятад), казах, дунгаан, кыргыз, монгол, тажик, манж, чантуу, орос, дагуур, татаар, сибо гэсэн 13 уугуул иргэн амьдардаг. 23.3 сая оршин суугчийнх нь 45 хувь уйгур, 40 хувь хан үндэстэн.
Тэд “Манас”, “Жангар”, “Гэсэр”-ээ хайлж, уйгурууд нь мукам, казахууд аитес, монголчууд наадмаа, тажикууд бүргэдийн бүжиг хийгээд, үрийн үрдээ өвлүүлсээр иржээ. Үүнд мэдээж аяллын үеэр танилцсан, хятад, уйгур, казах, кыргыз, орос хэлээр нэвтрүүлэг бэлтгэж, кино орчуулж, дуу оруулдаг Шинжааны радио, телевизийн төв их хувь нэмэр оруулдаг биз.
Радиод нь монгол хэлний редакц байдаг. Редакц доторх бүх тайлбар, нэвтрүүлэгчийн унших эхийг ч уйгуржин монгол бичгээр бичсэн байв. Олон хэлний редакцууд Бээжингийн мэдээг ганц цагийн дотор орчуулж, цацдаг чадварлаг редакторуудтай юм билээ.
Шинжааны цахим мэдээллийг “Тяньшантнет” агентлаг хятад, уйгур, англи, орос, түрэг гэсэн таван хэлээр бэлтгэн, нийтэлж байна. БНХАУ-ын хамгийн том нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж болох энэ орны Шинжаан гэдэг нэр шинэ хил, шинэ хязгаар гэсэн утгатай аж.
ЭРТ, ЭДҮГЭЭ ХОСОЛСОН ӨРӨМЧ ХОТ
Шинжаан Уйгурын өөртөө засах орны төвийн нэр эртний сайхан бэлчээр гэсэн утгатай. Өрөмч хотын олон улсын “Дивопу” нисэх буудалд буухад тоссон орчуулагч хөтчөөр дамжуулан лавлахад энд “Aero Mongolia” компани Ховд, Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэдэг юм билээ. Би Бээжингээр дамжин, Өрөмчид очсон.
Энэ хот орчин үеийн тэнгэр баганадсан барилга, дугуйн асар том зогсоол, хэдэн зуун дамнасан үүх түүх тэрлэсэн исламын болон буддын шашны эртний сүм, түүхэн хэрмийн туурь зэрэгцэн оршдог олон өнгөөр солонгорсон газар. 2015 оны эдийн засгийн гол үзүүлэлтүүд 2010 оныхоос хоёр дахин өсчээ.
Тодруулбал, 133.8 тэрбум байсан ДНБ нь 268 тэрбум юань, санхүүгийн орлого нь 19.7 тэрбумаас 46.51 тэрбум юань болтлоо өссөн байна. Хятадын аялал жуулчлалын болон цэцэрлэгжүүлэлтийн шилдэг хот гэсэн цол, нүүрсний орд газрыг нөхөн сэргээх төсөл “Хүн амьдрах орчны үлгэр жишээ” гэсэн шагнал хүртсэн нь энэ алс хязгаар нутагт бүтээн байгуулалт ямар эрчимтэй өрнөж буйг илтгэнэ.
Бидэнд үзүүлсэн Германы хөрөнгө оруулалттай, хогны жирийн уутнаас эхлээд гадаадын нэртэй брэндийн захиалгат тор хийдэг үйлдвэр, хатаасан жимсний “West orchard” компанийн үйл ажиллагаатай танилцав. Шинжааныг бас жимсний орон гэж болно. Мэдэх, мэдэхгүй янз бүрийн жимсийг халаасанд багтахаар жижгээс эхлээд олон янзийн жинтэйгээр савлаж худалддаг аж. Жимсний амт ч, сав баглаа нь ч авахгүй байхын аргагүй юм билээ.
ЛЯНХУА ЦЭЦГИЙН ОРДНЫ АМЬД ТОГЛОЛТ
Өрөмч хотод бид Тун голын баруун эрэгт, Тэнгэр уулын лянхуа цэцгийн хэлбэртэй, 80 метр өндөр “Шинжааны их театр”-т тоглолт үзсэн. Шинжааны түүх, орчин үе, олон үндэстний онцлогийг харуулсан тоглолтын үеэр 4000 орчим ам метр талбай бүхий тайзнаа байрлах гурван том лед дэлгэц, 3D технологийг ашиглан амьд орчин үүсгэсний сацуу тэмээ, морь, бүргэд оролцсон нь үнэхээр сүртэй. Бүжигчид тайзнаа төдийгүй үзэгчид дунд, бүр агаарт дүүлэн бүжиглэнэ.
Энэ завсар тайзны доороос ус оргилж, бүжгийн өгүүлэмжийг тодотгохын зэрэгцээ тайзны дээрээс усан хөшиг татан, үгээр дүрслэхийн аргагүй, жинхэнэ утгаараа амьд тоглолт үзэв. Эл тоглолтыг бэлтгэхэд 150 сая юань зарцуулсан гэнэ. Хятаддаа хамгийн томд тооцогдох задгай тайз бүхий уг театр 2000 хүний суудалтай, Шинжааны соёлын бас нэг дурсгал болжээ. Энэ нь арилжаа болон соёл урлагийн үйл ажиллагааны цогцолбор бөгөөд үзэсгэлэн, концерт, худалдааны танхим, тоон кинотеатр багтдаг байна.
Мукам гэж нэрлэдэг, дундад зууны уйгурын хөгжим, бүжгийн урлагт олон үндэстний өнгө аяс сүлэлдээд, сэтгэлд хоногшсон сайхан тоглолт үзсэнээ дахин тэмдэглэе. Мукамыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтдаа ЮНЕСКО 2005 онд бүртгэжээ. Энэ театрын дэргэд орчин үеийн цогц хотхон барихаар төлөвлөсөн бөгөөд аль хэдийнэ метроны барилгын ажлаа эхэлсэн байв.
ТӨРМӨЛ УХААН
Хэрэггүй хог гэмээр зүйл цуглуулж, бусдын нүдийг хужирлаж чадна гэдэг хүнд заяасан ухаан, бизнесийн нүд гэгч л байх. Өрөмч хотод байрлах “Шинжааны эртний парк” орох хаалганаасаа хүний анхаарал татна. Гадна хашааны хаалгаар ормогцоо л албан байгууллагын аль нэг давхарт гарах гэж байгаа юм шиг цахилгаан шатанд суулаа. Дөрөвдүгээр давхарт гараад л мэл гайхсан. Энд палентеологийн парк буюу задгай цэцэрлэгт хүрээлэн дунд тус улсын өнцөг булан бүрээс авчирсан чулуужсан мод, хар төмөр шиг болсон солир хэлбэр хэмжээ өөр, том жижиг, урт богиноороо дүүрэн байх юм.
200 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг хүрээлэнд пони буюу одой мориноос эхлээд олон үүлдрийн адууны жүчээ, тэмээн гөрөөс, тахь, янз бүрийн үүлдрийн нохой ч бий. Узбекистанаас туркмен үүлдрийн адуу авч, сургадаг гэж тайлбарлагч хэлж байсан. Үүнээс гадна дан адууны сэдэвтэй, мөн олон үндэстний төлөөлөл болсон хүмүүсийн харцыг харуулсан, бас Торгоны зам дагуух байгалийг дүрсэлсэн уран зургийн үзэсгэлэн байдаг.
Энэ том парк шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэг, найман охин компанитай “YEMA” группийнх. Тус групп гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, барилга, хөрөнгө оруулалт, зочид буудлын бизнесээс гадна соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж байна. 150 сая юанийн үндсэн хөрөнгөтэй, сүүлийн долоон жил импорт, экспорт нь 3.4 тэрбум ам.доллароор хэмжигддэг эл групп “Хүн үндсийн үндэс, хамтран ажиллаж, хамтдаа хөгжье” уриатай ажилладаг.
ТОРГОНЫ ЗАМ ДАГУУХ ХАМГИЙН ЗАЛУУ ТОЙРОГ ХАМИ
Өрөмчөөс зүүн хойш манай Ховд, Говь-Алтай аймагтай хил залгаа орших Хами тойрог руу өндөр хурдны галт тэргээр зорчин очлоо. Тус хот 140.7 мянган ам км газар нутагт хан, уйгур, казах үндэстэн голдуу 540 мянга гаруй хүн амтай. Тэнгэр уулын хормойд байгалийн үзэсгэлэнт газар орших энэ хот хулуу, хасарваань жимсээрээ алдартай. 15.8 сая тонн никелийн хүдрийн нөөцтэй.
Энэ үзүүлэлтээр Хятадад хоёрдугаар ордог. Зэс болон уулын никелийн үйлдвэр нь өнгөт металл боловсруулж, никель баяжуулдаг гэнэ. Байгалийн гол баялаг нь нүүрс, төмөр, зэс, никель, алт аж. Бид хошуутайгаа ижил нэртэй буюу Хами хотын Мукамын соёлын төв, орон нутгийн музей, урлагийн тоглолт үзэж, казахуудын гар урлалын музей үзсэн.
Шинжааны аяллын төгсгөлд Хами хотоос баруун хойш 150 км зайтай орших Баликун нуур руу өндөр уул сүлжин, нүүрс ачсан том машин голдуу хөлхөх замаар явж очсон. Замд уулын бэлээр мод их тарьсан нь харагдаж байлаа. Цаст өндөр уулан дунд орших нуурын эрэгт очиход казах морьтнууд тулмаа булаалдан наадаж, бүргэдээ дэвүүлэн гайхуулав.
Энэ нуурыг эрт цагт Пулей гэдэг байж. Тайлбарлагч үүнийг монгол гаралтай үг гэсэн. Далайн түвшнээс 1582 метрийн өндөрт орших нуур 113 ам км талбай эзэлдэг байна. Нууранд хөвөгч тавцан тавьж, аялагчдыг усан дээгүүр алхаж, зураг хөргөө авахуулан, нарлаж суух боломжоор хангажээ.
ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-БЭЭЖИН
Ирсэн гийчин буцдаг жамтай. Арав хоног үргэлжилсэн семинар, аяллын эцэст 15 орны хэвлэлийн төлөөлөгч БНХАУ-ын нийслэл Бээжинд очиж, тус улсын мэдээллийн цөм болсон “Синьхуа”, ССТВ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Хятадын улаан мэдээний агентлаг” нэртэйгээр 1931 онд байгуулагдсан “Синьхуа” агентлаг өдгөө Ази, Ойрхи Дорнод, Латин Америк, Африкийн орнуудад 100 гаруй салбартай, хятад, англи, франц, орос, испани, араб, япон гэсэн долоон хэлээр мэдээ дамжуулж байна. ССТВ 1958 онд байгуулагдсан, долоон хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг.
Тус телевизийн орчин үеийн барилга 44 давхар өндөр, 37 дахь давхартаа шилэн шалтай (доош нэвт харагддаг), 17 студитэй, нэг студи нь 800 орчим ам метр талбайтай гэнэ. Бээжингийн түүхэн дурсгалт газруудаас Хориотой хотыг үзүүлсэн. Монголчуудын уламжлалт нэршлээр Бор хот нь Бээжин дэх хааны ордон юм. Энд Юань, Мин, Чин улсын 24 хаан, тэдний төрөл төрөгсөд амьдарч, төрийн хэргийг хамаардаг байжээ.
1406-1420 оны хооронд баригдсан эл цогцолбор 980 барилгаас бүрдэх бөгөөд 720 мянган ам метр талбайтай. 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд манай гаригт хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна.
Аль ч хот, орон нутгийнх нь түүхийг ярихад манай улсын өнө эртний түүх сөхөгддөг Шинжаан Уйгурын өөртөө засах орон нэгэнт нэрийнхээ утгатай адил шинэ эриний хөгжлийн гараа болжээ. Очиход төрж байсан түгшүүр энэ хэдэн өдөр ор тас мартагджээ. Алслагдмал, хоцрогдсон газар орон бус, Торгоны замын эдийн засгийн бүсийн төв зангилаа, олон улс чуулдаг онцгой нэгэн газар болсон Шинжаан биднийг хамтдаа хөгжихийг уриалж байна.