Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөртэй болсноос хойших долоон жилийн хугацаанд монголчууд бид 10 сая гаруй мод тарьжээ. Гэвч жилд хоёр удаа хавар, намрын улиралд субботник маягаар хэдэн зуун мянгаар нь мод тарьдаг атлаа түүнээс хэд нь ургасан талаарх бодитой тоо, судалгаа алга.
Хэдийгээр нийт тарьсан модны 60-70 хувь нь амьдарч байгаа гэж холбогдох албаны хүн хэлж буй ч өмнөх жилүүдийн туршлагаас харахад ихэнх нь үхсэн жишээ бидний нүдэн дээр хаа сайгүй бий. Тиймээс манай дарга нар том тоо хэлж, мод тарих нэрээр шоу хийхийн оронд тарьснаа ургуулахад л хамгийн их анхаармаар санагдана. Модыг хэдэн мянгаар нь борц болгож буй шалтгаан юуны өмнө арчилгаанаас хамааралтай гэдэг.
Хоёрдугаарт, эзэнгүй орхигддог явдал. Хэн, хаана мод тарьж, түүнийг нь хэн хариуцдаг, мөн арчилгаа усалгааг нь зөв хийж буй, эсэхэд хяналт тавьдаг газар байдаггүй гээд хэлчихэд хилсдэхгүй л болов уу. Тиймээс мод болгоныг эзэнтэй болгоё. Үр хүүхдэдээ нэр хайрлаж, өсгөж хүмүүжүүлж, бөөцийлж өсгөдөг шигээ хүн болгон тарьсан модондоо өөриймсөг хандаж, арчилгаа усалгаанд нь анхаарч, “Миний модыг арчлахгүй байна” гэж зарга хийдэг, ургасан хойно нь өөрийн нэрээр нэрлэдэг байж яагаад болохгүй билээ.
1960-1970-аад онд нийслэлд шинээр ашиглалтад орсон орон сууцны байрнуудын гадна мод тарих ажил өрнөж, тарьсан модыг айлуудад хариуцуулж өгдөг байсныг иргэд хэлж байна. Үүний бодит жишээ нь, “Наран” дэлгүүрийн урд талд байдаг есөн давхар байрнуудын дэргэдэх модод юм.
“Хүн хариуцсан модоо заавал усалдаг, ургаж буйг нь хараад баясдаг байлаа” гэж ахмад настан, тэндхийн оршин суугч Г.Должин гуай хэлж байна. Тэгвэл иргэд, хувь хүн гэлтгүй, албан газруудад үүрэг болгож, ойролцоох мод бутаа усалдаг болгоход анхаарч яагаад болохгүй гэж. Монголчууд, ялангуяа нийслэлчүүд маань сүүлийн жилүүдэд мод тарихыг эрмэлздэг болсон. Энэ талаар идэвх санаачилгатай ажиллаж, бусдыг уриалдаг, энд тэнд мод тарьж, өч төчнөөн ажил өрнүүлдэг төрийн бус олон байгууллага байдгийг мэднэ.
Иргэд ч сайн дураараа нэгдэж, мод тарих өдрөөр хаана мод тарих вэ гэж асууж сурагладаг, бусдыгаа уриалдаг болсон. Хаа нэг эзэнгүй сул газар хэдэн мод тариад орхих биш, сүүлийн үед байнгын харуул хамгаалалттай, хяналт тавих бололцоотой, сургууль цэцэрлэгүүдийн хашаанд мод тарих болсон нь нэг талаар сайшаалтай юм.
Арванзургаагаас дээш насны хүн бүр мод тарих ёстой, хэрэв тийм боломжгүй бол мод тарьж арчилж ургуулахад зарцуулах тодорхой мөнгөн хандив өгөх ёстой гэсэн хуулийн заалт байдаг ч хэрэгждэггүй. Энэ нь хэн мод тарьж байгаа, эсэхийг хянах боломжгүй, мөн хандив өгөх хүмүүсийн мөнгийг хаана байршуулж, ямар хэлбэрээр авах гэхчилэн хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөгүйтэй холбоотой аж.
Тиймээс үүнийг тодорхой болгочихвол мод ургадаггүй гэх олон шалтгааны тоо багасаж мэдэх юм. Эцэст нь хэлэхэд, хүн болгон ээж, аавтай байдаг шиг мод болгоныг эзэнтэй болгож, ургуулж чадаагүйд нь хариуцлага тооцдог механизмтай болъё.
ИНФОГРАФИК
ДЭЛХИЙН ЖИШИГ
Зулзаган модны холтсыг гэмтээж болохгүй
Хотын оршин суугчдын ажиллаж, амрах таатай нөхцөлийг бүрдүүлж, агаарыг эрүүлжүүлж, бичил орчны байдлыг сайжруулахын тулд мод, бут тарих зэргээр цэцэрлэгжүүлэлт заавал хийдэг. Ногоон байгууламж нь агаарыг цэвэршүүлж, чийг ялгаруулах замаар температурыг бууруулж, дуу чимээг намжаан, салхинаас хамгаалж, хүний мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор том хотын нэг оршин суугчид 20 орчим ам метр ногоон байгууламж ногдох ёстой.
Хотын ногоон байгууламжийг хамгаалах нь ОХУ-д Үндсэн хуулиар хүлээсэн иргэн бүрийн үүрэг байдаг. Ногоон байгууламжийг хариуцагч өөрийн хүчээр арчилгааны агротехникийн цогц арга хэмжээ байнга авах үүрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд ногоон байгууламжийн өнгөн хөрсийг хуулж, бохирдуулж болохгүй. Хөндсөн тохиолдолд нэн даруй нөхөн сэргээх үүрэг хүлээдэг. Шинээр мод, бут тарих болбол дендрологийн батлагдсан төслийг баримтална. Ургаа мод, бутыг тайрах, шилжүүлэн суулгах бол Хот төлөвлөлтийн газраас бичгээр зөвшөөрөл авдаг.
Аж ахуйн нэгж байгууллагууд харьяа ногоон байгууламжийнхаа бүрэн бүтэн байдал, арчилгаа, усжуулалт, элсний агууламж, хог хаягдал, өвөлжилтөд бэлтгэх асуудлыг хариуцна. Харьяа газар дахь мод, бут нь үхвэл сэргээн засах ажлын хөлс дээр нэмж, үүний 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг. ТҮЦ, лангуу, үүргийн худалдаа эрхлэгчид байгууламжаа тойрсон таван метр газрын цэвэрлэгээг хариуцна.
Зөв, цаг тухайд нь суулгасан мод хөрсөндөө түргэн бэхжиж, ургадаг. Суулгаснаас хойших эхний жил мод хэрхэн ургаж буйг ажиглаж, шаардлагатай тордлогоо хийнэ. Түшүүлж уясан мод ургаа модтой хавиралдаж, холтсыг гэмтээхээргүй байх ёстой. Залуу модны хувьд холтос гэмтэх нь их аюултай. Гэмтсэн хэсгээр модны шимт бодис алдагддаг.
Зулзаган модыг суулгасан хөрсөнд хангалттай бордоо хийсэн байдаг учир эхний жилд нэмж бордох шаардлагагүй. Навч нь өт хорхойд идэгдэх нь өсөлтөд сөрөг нөлөөтэй тулд байнга, анхааралтай ажиглаж, өт хорхойг түүн, хэт ихэсвэл устгах бодис хэрэглэхийг зөвлөжээ.
ӨНӨӨДРИЙН АСУУЛТ
-Та мод тарьж байсан уу. Хэрэв тийм бол хэрхэн арчилж, тордсон бэ.
Ер нь тарьсан мод, бутаа яаж бөөцийлөх ёстой вэ?
Эдгээр асуултад мэргэжлийн хүмүүс болон жирийн иргэд хэрхэн хариулсныг хүргэе.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ (Сонгинохайрхан дүүргийн иргэн)
-Би амьдралдаа нэг л удаа мод тарьж байсан. Бүтэн өдрийн ажил болж билээ. Гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор есөн ширхэгийг суулгасан. “Тарьсан мод нь сайн ургавал эзэн нь эрүүл энх, амжилттай явдаг” гэж дуулсан болохоор бид модондоо хэрэндээ л санаа тавьж, арчилсан. Модыг зүгээр нэг булаад орхичихдоггүй юм байна, маш их хөдөлмөр шаарддаг гэдгийг энэ үед л ойлгосон доо.
Яг хүүхэд асарч тойглохтой адил. Гэрийн хойгуур урсдаг шуудууны голдирлыг өөрчлөн хашаа руугаа оруулна. Шуудууны ус тасрахаар худгаас зөөж усална, эргэн тойрных нь хогийг цэвэрлэнэ гээд ажил бишгүй. Тарьснаас хойш 2-3 жил арчлахад хангалттай гэдэг ч бид моддоо дөрвөн жил тасралтгүй усалж, тордсон. Тарьсан модоо ургуулахад хүнээс их ухаан шаарддаг юм шиг санагдсан. Услахад хүртэл учиртай. Их усаар хүчтэй шүршиж, асгах юм бол нялх модны мөчир гэмтэх аюултай гэсэн.
Харин услахгүй удвал, эсвэл багадуулбал өсөлт, ургалт нь удааширна. Мөн модныхоо гэмтсэн мөчрүүдийг байнга түүж, цэвэрлэж хэвших нь чухал. Манай нутагт (Ховд) хаврын улиралд маш их шуурдаг тул моднуудаа хугарч, гэмтэхээс сэргийлж бэхэлж боох шаардлага гардаг. Хүнд мах, гурил, уснаас гадна олон төрлийн нэмэлт тэжээл, эрдэс бодис хэрэгтэй байдгийн адил модонд ч шим чухал. Тиймээс байнга биш юм гэхэд хааяадаа бордвол сайн.
Б.ЖҮГДЭРСҮРЭН (Монголын ойчид, цэцэрлэгжилтийн холбооны гишүүн, дендрологич)
-Мод хэрхэн тарих талаар мэдлэггүйгээс болоод үргүй зардал гаргадаг хүн олон байна. Мод тарьж, хотоо ногооруулъя гэж уриалдаг иргэн, байгууллага ч цөөнгүй. Тэдэнд ганц л зүйл захимаар байна. Ядаж модны үр, тарьцыг яаж суулгадаг, услах давтамж нь ямар байх ёстой, хортон шавьжнаас хэрхэн хамгаалдаг болохыг мэдчихээд “Бүх нийтээрээ мод тарья гэж” хэлэх хэрэгтэй.
Би сүүлийн зургаан жил мод тарилаа. Хүмүүс “Мод ургуулахад хамгийн чухал нь юу вэ” гэж асуухад нь “Үр, суулгацаа сонгохоос эхлээд бүх л үйл явц чухал” хэмээн хариулдаг. Арчилж, тордоно гэхээр услах төдийхнөөр ойлгодог нь буруу. Гэтэл тийм биш. Ургамал, мод таатай ургах нөхцөлийг бүрдүүлэхийг хэлж буй юм. Ургамлын амин зүрх нь үндэс шүү дээ.
Тиймээс хүн, мал, машин техникийн хөлөөс хол байлгаж, хамгаалах нь чухал. Мод үндсээр дамжуулан өөрт хэрэгтэй ус чийг, эрдэс бодис, шим тэжээл авч, навч, мөчир рүүгээ дамжуулдаг. Үндсийг нь гэмтээж, тасалчихвал хэчнээн усалж, арчлаад нэмэргүй. Хамгийн гол нь амийг нь таслахгүй байх хэрэгтэй.
Б.ГОМБОТУЯА (Ойн инженер)
-Амьдрах орчиндоо мод тарина, ногоон байгууламж бий болгоно гэдэг эрүүл мэндийнхээ төлөө хийж буй асар том хөрөнгө оруулалт гэдгийг хүмүүс юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Үүний тулд иргэн ч бай аж ахуйн нэгж ч бай маш сайн төлөвлөгөө, зохион байгуулалттай эхлүүлэх ёстой. Хэн нэгний үгээр юм уу, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж огт болохгүй.
Мод тарих хүсэлтэй байгаа хүн хашаа, гудамж, талбайнхаа хаана ногоон байгууламж барьж, мод тарих вэ гэдгээ тооцоолох нь чухал. Ингэхдээ мэргэжлийн байгууллага, хүний зөвлөгөөг заавал аваарай. Түүнчлэн стандартын шаардлага хангасан суулгац ашиглах нь зүйтэй. Нэг үгээр хэлбэл 3-4 настай, үндэс, иш, навч нь цаашдын арчилгаа, тордолт зэрэгт нийцэх, эсэхийг заавал шалгана. Мэргэжлийн хүний зөвлөгөөгөөр, стандартын дагуу тарьсан мод ургахгүй байна гэж хэзээ ч байдаггүй.
Тарьсан мод, сөөгөө арчлахын тулд усалгаа, бордоо зэрэгт маш сайн анхаарах хэрэгтэй. Манай орны эрс тэс, хуурай нөхцөлд мод усгүй ургахгүй. Эхний нэг сар долоо хоногт 2-3 удаа 80-100 литр усаар заавал услана. Учир нь өөр орчинд бойжсон мод шинэ газартаа ургах үгүй нь энэ хугацаанд мэдэгддэг. Ингээд дараагийн сард нь мөн л дээрх хэмжээгээр долоо хоногт хоёр удаа услаарай. Харин гурав дахь сард нь 10 хоногт нэг удаа усалж болно.
Мод тарьсан бол тодорхой хэмжээгээр бордох шаардлагатай. Бордоо эрдэс, шимт, бактерийн гаралтай гэсэн гурван янз бий. Тодруулбал, азот, фосфор, кали агуулсан нь эрдэс бордоо юм. Харин бог малын бууц, шувууны сангас зэрэг нь эрдэс бордоонд агуулагддаг шимт бодисуудыг өөртөө багтаасан органик бүтээгдэхүүн байдаг. Бордоог зориулалтын газраас авахаас гадна амьдралд хамгийн ойр буюу малын хөх бууцаар орлуулж болно.
Түүнчлэн тарьсан модондоо хэлбэржүүлэх тайралт заавал хийх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар хоёр гурван мөчир нь хатсан тохиолдолд хордсон юм уу, хатсан байх магадлалтай. Энэ нь эрүүл мөчрөөсөө чийг булаацалддаг. Хэлбэр дүрс, өнгө нь гундвал хортон шавьж үүссэний шинж.
Ийм шинж тэмдэг ажиглагдвал мэргэжлийн байгууллагад хандаж, хортон шавьж бий, эсэхийг шалгуулан, биологийн юм уу механик аргаар тэмцэхийн алийг сонгохоо асуугаарай. Эдгээрийг биелүүлж чадвал мод сайн ургадаг.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Нэг суулгацыг үрслүүлэхэд 3-5 жил шаардлагатай
Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10-аад компани манай улсад бий. Тэдгээрийн нэг “Ногоон төгөл” ХХК-ийн Таван буудал дахь Мод үржүүлгийн газарт очлоо. Хашаанд ормогц мод, бутны анхилуун үнэр хамар цоргиж байв.
Улаанбаатарт хоёр, орон нутагт дөрвөн салбартай тус компанид нийтдээ 30 гаруй хүн ажиллаж, голт бор, хайлаас, улиас, улиангар, шар хуайс, тэхийн шээг, бургас, өрөл, монос зэрэг 22 төрлийн мод, бут, сөөгний суулгац, үрсэлгээг мэргэжлийн түвшинд хийдэг юм билээ. Эдгээрийн суулгацыг эхлээд хүлэмжинд ургуулан, дараа нь хөрсөнд шилжүүлэн тарьдаг аж.
“Модыг үрээр болон мөчрөөр үржүүлж болдог. Хамгийн түгээмэл хэрэглэдэг, үндсэн арга бол үрээр үржүүлэх. Жижиг үр элсэн чихрийн ширхэгтэй ижил, том нь цагаан будааны дайтай байдаг. Тиймээс амьсгалах төдийд хийсэх жижиг эд, эсийг хүлэмжийн нөхцөлд үржүүлэх нь маш үр дүнтэй. Газрын хөрсөнд суулгаснаар хүчтэй салхинд хийсэх, шувууны хоол болох эрсдэлтэй.
Харин хүлэмж салхигүй, дулаан, чийглэг орчинтой. Нэг хүлэмжинд хэдэн мянган мод, бут, сөөг бойждог. Тэдгээрийг хотын ногоон байгууламжид шууд суулгах боломжгүй. Яагаад гэвэл жижиг орон зайд олон мянгаараа ургаж байсан мод том талбайд очихоороо бусадтай шим тэжээлээ булаалдаж эхэлдэг. Тиймээс нэг жил битүү орчинд байсан модыг урьдчилан бэлтгэсэн хөрсөнд шилжүүлэн суулгах шаардлагатай. Энэ нь хар шороо, элс, бууц агуулсан тусгай хөрс юм.
Дээрх хөрсөнд модыг хооронд нь тодорхой зайтай тарина. Үүний дараагаар дахин хоёроос гурван жил орчиндоо дасан зохицох хүртэл нь байлгах хэрэгтэй. Үндсэндээ хотын ногоон байгууламжид өнгө нэмэх, айл өрхийн хашааг чимэх мод, бут, сөөг эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ 3-5 жилийн нүүр үзэхийн зэрэгцээ нөр их хөдөлмөр, арчилгаа шаарддаг” хэмээн “Ногоон төгөл” ХХК-ийн захирал Б.Гомботуяа хэлсэн.
Тус компани байгуулагдаад 15 жил болж буй бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Энхтайваны өргөн чөлөөний ногоон байгууламжийг бүрдүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулжээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгжүүлэлт хийж, түүнийгээ арчлан, хамгаалсаар ирсэн байна. Мөн мод тарих хүсэлтэй иргэдэд ямар мод сонгох ёстой болон хэрхэн арчлах талаар тэднийх үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг юм билээ.
“Ногоон төгөл”-ийнхөн хот суурин газрын тохижилт, цэцэрлэгжүүлэлтэд зориулан жилдээ 20.000- 30.000 суулгац нийлүүлэх хүчин чадалтай төдийгүй өнөөг хүртэл суулгасан бүх модны 90 гаруй хувь нь амьдарсан аж.
Бидний очсон мод үржүүлгийн газрын хашаа нэг га орчим талбайтай бөгөөд дотроо зургаан хүлэмжтэй байв. Тэдгээрт улиас, бургасаас бусад буюу 20-иод төрлийн мод, бут, сөөг бойжуулдаг байна. Тус компанийн захирал ойн инженер мэргэжил эзэмшиж, 30 гаруй жилийн турш энэ салбартаа зүтгэсэн туршлагатай нэгэн.
Тэрбээр эрдэм шинжилгээний байгууллагад 10 жил, Үндэсний соёл амралтын хүрээлэнд найман жил ажилласан байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн 37 га талбай бүхий, манай улсын хамгийн том ногоон байгууламжтай газар гэдгийг Б.Гомботуяа хэлсэн. Мөн тэрбээр Монгол орны ойн системд анх удаа хортон, шавьжтай тэмцэх лаборатори нэвтрүүлж, устгах аргыг туршин, амжилттай хэрэгжүүлсэн гэнэ.
Энэ компанийн бусдаас ялгарах онцлог нь боловсон хүчнээ сургаж, ажиллуулдаг явдал. 1960-аад онд олноор нь бэлтгэдэг байсан ч 1980, 1990-ээд оноос мартагдаж эхэлсэн цэцэрлэгжүүлэгч, мод бэлтгэгчийн мэргэжлийг тэднийх сэргээн, 2003-2013 онд нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн газруудтай хамтран сургалт зохион байгуулж, цөөнгүй мэргэжилтэн бэлтгэжээ. Сургалтад хамрагдсан хүмүүс “Ногоон төгөл” ХХК болон нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй.
Түүнчлэн мод үржүүлгийн хоёр газар нь хотын төвөөс ердөө тавхан км зайтай оршдог нь давуу тал аж. Мод, сөөгийг ухаж авах, хадгалах, тээвэрлэх, иргэдэд хүргэх зэрэг 5-6 стандарт бий. Гэтэл удаан хугацаагаар тээвэрлэхэд дээрх стандарт алдагдахыг үгүйсгэхгүй. Харин “Ногоон төгөл” ХХК хотын төвөөс ойрхон байгаа нь ийм эрсдэл гарахаас сэргийлж, иргэд болон аж ахуйн нэгжид модыг шуурхай хүргэх боломж олгодог байна.
Б.Гомботуяа “Улсаас жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, тарьсан суулгац, үрсэлгээг нь авч байгаасай гэж хүсэж байна. Импортын, хууль бус модыг олноор нь авах, ойгоос том мод огтлох ажилд хэдэн тэрбум төгрөг зарцуулж байхаар эх орондоо үрсэлгээ хийж буй аж ахуйн нэгжүүдээ анхаараасай. Өнөө жил гэхэд л нийслэлийн ногоон байгууламжид гоёлын мод, цэцэг тарих талаар нэг ч үг, өгүүлбэр байгаагүй нь харамсалтай. Гэтэл манай хашаанд сайхан үнэртэй, гоё цэцэгтэй моднууд олон жилийг элээж, хөгширч байна” хэмээв.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.Бямбасүрэн: 2010 оноос хойш 10.1 сая мод тарьсан
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Бүх нийтээрээ мод тарих санаачилга өрнүүлсний дүнд манай улс нэлээд хэдэн сая модтой болсон. Мод тарьж байгаа нь сайн хэрэг ч түүнийгээ арчлахгүй хаядаг гэх шүүмжлэл бий. Энэ жил арчлалтад хэрхэн анхаарч байгаа юм бол?
-Ойн тухай хууль болон Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бид энэ хавар бүх нийтээрээ 15 дахь удаагаа мод тарих гэж байна. 2010 оноос хойш жилд хоёр удаа уг арга хэмжээг зохион байгуулсны дүнд нийт 10.1 сая модтой болсон. Тарьсан модны хэчнээн хувь нь амьдарч буйг эхний жилүүдэд тооцдоггүй байснаа сүүлийн үед нэлээд анхаарч буй.
Мод тарьсан газруудыг эзэнтэй болгох, арчилгаа, хамгаалалтад тодорхой төсөв гаргах шаардлагатай талаарх зөвлөмжийг БОАЖЯ-наас аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.
-Арчилгаа, хамгаалалтыг орон нутгийн засаг захиргааныхан хариуцах нь ээ?
-Ойн тухай хуулийн 30.1.2-т иргэдийн мод тарих газрыг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь зааж өгч, жилийн турш арчлах, хамгаалах ажлыг зохион байгуулахаар заасан. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан даалгаварт дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зөвлөмжийг тусгасан юм.
Мөн мод тарихдаа загвар зураг төсөл ашиглах ёстой. Загвар зураг төсөл буюу төлөвлөлтийн хувилбаруудыг бид орон нутагт хүргүүлээд буй. Уг төлөвлөлт нь бүх нийтээрээ мод тарих ажлыг хэрэгжүүлэх загвар болж, мэргэжлийн үүднээс ямар талбайд, хаана нь ямар мод тарихыг стандартын дагуу тогтоож өгч буйгаараа онцлог.
-Тарьсан моднуудын хэдэн хувь нь өдгөө амьд байна вэ?
-2015-2016 онд тарьсан модны 70 хувь нь амьдарч байна. Энэ хавар тарьсан моднуудаа зуны турш хянаж, хамгаалаад ирэх намар хэд нь амьдарсан талаарх дүн мэдээ гаргана. Үүнээс гадна бид энэ сарын сүүлчээр аймгуудаар явж, хаана, хэдэн мод тарьсныг нь харж, танилцана. Намар дахин очиж, зуны турш тэдгээр модоо хэрхэн арчилсан, хэдэн хувь нь амьдарч байгаа з э р э г судалгаа хийнэ.
-Модоо арчилж хамгаалахад хөрөнгө санхүүгээс эхлээд олон бэрхшээл тулгарах нь мэдээж. Өдгөө тулгарч буй хамгийн том хүндрэл юу вэ?
-Хөрөнгө санхүүгээс гадна тарьж буй хүмүүсийн мэдлэг туршлага, арчилгаа хамгаалалт буюу сэтгэл хэрэгтэй. Мод тарих гэдэг нь суулгах, арчлах гэсэн хоёр цогц ажлын дүнгээр багагүй хугацаанд бий болдог зүйл. Нэг үеэ бодвол мод тарих хүсэлтэй, мэдлэгтэй иргэд олширч буй. Гэсэн ч иргэдэд мэдлэг олгох, сургалт явуулах шаардлага тулгарсан хэвээр байгаа тул салбарын яамнаас нийслэлийн иргэдийг цуврал сургалтуудад хамруулж буй.
Хүмүүс юуны өмнө зөв тарьц, суулгац сонгож чадахгүй байна. Үндэсний систем нь гэмтсэн, хууль бусаар бэлтгэсэн, импортоор оруулж ирсэн, өвчин хортон тээсэн тарьц, суулгацыг мэдэхгүй авчихдаг нь тухайн мод амьдрахгүй үхэх нэг шалтгаан болдог. Ногоон байгууламж бий болгох, мод тарих нь субботник биш учраас тодорхой мэдлэгтэй байх, эсвэл мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах шаардлагатай.
-Иргэдийн тарьсан модыг бүртгэх ажил ямар шатанд явна вэ?
-Энэ жил бид Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн мэдээллийн сан үүсгэж, гуравдугаар сараас туршиж эхэлсэн. Мэдээллийн сангийн нэг хэсэгт иргэдийн сайн дураараа тарьсан модыг бүртгэж буй. Тухайлбал, иргэн Б-гийн энэ хавар тарьсан модыг кодтой болгож бүртгэчихээд, мэдээллийг нь байнга авна.
Иргэн хүсвэл дуртай цагтаа очиж, өөрийнхөө модыг эргэх боломжтой. Хамгийн гол нь нэг тарьсан модоо байнга хамгаалж, ургуулахад энэ ажил чухал хувь нэмэр оруулах юм. Хүн бүр жил болгон нэг мод тариад орхих биш, түүнийгээ арчлахад анхаарах шаардлага бий.
-Энэ хавар тарьсан моднуудыг бүртгэж, кодтой болгох уу?
-Бид мэдээллийн баазынхаа суурийг дөнгөж үүсгэчихээд байгаа учраас энэ жилийн тухайд иргэдийн тарьсан мод бүрийг бүртгэхэд хүндрэлтэй. Хөрөнгө санхүүгээс шалтгаалж байна. Гэсэн ч тодорхой объектуудад, тухайлбал, Дамбадаржаад байрладаг Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моддыг бүртгэж эхлээд буй.