“УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү парламент хадгална”
Үндсэн хуулиас
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ид ярьж байна. Олон жил, өөр өөр хүний санаачилгаар буухиалсан “эцэг” хуулиа өөрчлөх тухай яриа энэ парламентын үед ажил хэрэг болох нь бололтой. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар янз янзын санал гарч буйн дотор парламентыг хоёр танхимтай болгох, Ерөнхийлөгчийн засаглал сонгох зэрэг асуудал бий. Гэвч засаглалын хэлбэрээ өөрчлөх санал олон нийтийн дэмжлэгийг авах янзгүй.
“Ардчилсан нийгэм цогцлоох гэж тэмүүлж буй манай улсад парламентын засаглал хамгийн тохиромжтой. Иргэдийн саналаар сонгогдсон гишүүд та, биднийг төрд төлөөлөн ажиллаж, хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд асуудлыг олон талаас нь хэлэлцэн, буруу зөвийг тунгааж, хамгийн зөв хувилбарыг олдог. Парламентын засаглал нь ганц хүний дарангуйлал тогтохоос аварна” гэсэн ойлголтыг дунд сургуулийн Нийгмийн тухай мэдлэг хичээлээр олгодог. Суурь боловсролоор олгосон мэдлэгийн тусгал уу, ямартай ч иргэд парламентын засаглалд элгэмсүү ханддаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх нийгмийн хэлэлцүүлгийн үеэр ч засаглалын тогтолцоог хэвээр нь хадгалахыг хүсдэг хүн өөрчлөхийг хүсдэгээсээ олон болох нь ажиглагдсан. Харин парламент маань олон нийтийн итгэлийг дааж, үүргээ гүйцэтгэж чадаж байгаа бил үү.
Жишээ 1.
2017.04.14. УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэн батлах үед Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүн 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл санаачилав. Төсвийн тодотголтой хамт батлагдсан 29 дүгээр тогтоолд Оюутолгой зэрэг томоохон ордоос олборлосон байгалийн баялгийн төлбөр Монгол руу орж ирж, манай банкаар дамжин гарах ёстой гэсэн заалт бий.
2017.04.27. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто” компани ОУВС-д гомдол мэдүүлж, тус сангийнхан тогтоолын энэ заалтыг эргэж харах шаардлага тавьсан тухай мэдээлэл гарав.
2017.04.28. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ОУВС-гийн шаардлагыг хэлэлцээд, тогтоолд өөрчлөлт оруулахгүй гэж шийдэв.
2017.04.29. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл манай улсыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэхээ хойшлуулав.
2017.05.02. МАН-ын бүлэг дахин хуралдаж, ОУВС-гийн шаардлагын дагуу 29 дүгээр тогтоолын заалтыг хүчингүй болгохоор болов.
Оюутолгойн мөнгийг Монголбанкаар дамжуулна гэсэн нь олон хүнд таалагдсан. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн дансыг хаачихдаг төртэй, харилцагчдынхаа мөнгөөр наймаа хийчихдэг банктай, банк санхүүгийн систем нь итгэлгүй, эмзэг, хөрвөх чавар муутай гэхчилэн болгоомжилж хойш суух шалтгаан, тогтвортой байдлын гэрээнд тусаагүйгээр шалтаглан биднийгээ дөнгөчих башир арга хөрөнгө оруулагчдад бийг УИХ-ын гишүүд тооцоогүй болж таарав. Өөрөөр хэлбэл, судалгаагүй, эрсдэлийг тооцоогүй, олон нийтэд таалагдах оролдлогын тоог нэгээр нэмснээс өөр гавьяагүй тогтоол боллоо. ОУВС-гаас өөр түшиж тулах аврагчгүй хэрнээ дэмий их зан гарган гэдийж, Захирлуудын зөвлөлийн хурлыг хойшлуулсныхаа дараа, баасан гаригт гаргасан шийдвэрээ даваа гаригт өөрчилсөн нь эрх баригчдыг тулгарч буй нөхцөл байдлаа зөв үнэлж, оновчтой шийдвэр гарган асуудлаа шийдэж чаддаггүйг илтгэлээ.
Жишээ 2.
2017.04.25. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалт буюу гүтгэх зөрчлийн торгуулийн хэмжээг 10-100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх горимын санал гаргаж, дэмжүүлэв.
2017.04.26-27. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд улстөрчид иргэдийн мэдэх эрхэд халдаж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв.
2017.04.27. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав саналаа татаж буйгаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдэв.
Ийм санал оруулж, түүнийг нь дэмжиж буй нь хууль тогтоогчдын эмгэнэл гэлтэй. Өчнөөн ажил болж дэмжүүлсэн саналаа маргааш нь буцаан татсан нь Ц.Гарамжав гишүүн өөрөө асуудлаа бүрэн ойлгоогүй, сэтгэл хөдлөлөөр, өнгөн талаас нь харсны илрэл болов уу. Гүтгэлэг хэмээх нийгмийн зохисгүй үйлдлийг таслан зогсооно гэсэн сайхан үгээр тайлбарласан ч энэ бол хонины арьс нөмөрсөн чонотой зүйрлэж болохоор заалт юм. Гүтгэсэн гэсэн заалтаар шийтгэл хүлээх аж ахуйн нэгж гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл л байж таарна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хувьд гүтгэнэ гэдэг нь харьцангуй ойлголт юм. Чөлөөт хэвлэл хөгжиж буй энэ жилүүдэд сэтгүүлчид улстөрчдийн хэчнээн булхай луйвар, шударга бус үйлдлийг илчилж, түүнийг нь тухайн үедээ гүтгэлэг хэмээн өнгөрөөж байсныг хэлэхэд бэрх. Тухайн мэдээлэл гүтгэлэг биш байсныг цаг хугацааны шалгуур л харуулснаас шүүх, цагдаа ч тогтоогоогүй нь дэндүү олон. Гэтэл Зөрчлийн хуульд гүтгэлэг гэдэг заалт оруулснаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд өөрийгөө өмгөөлөх боломж олгохгүйгээр шууд буруутан болгож буй юм.
Ардчилсан нийгмийн амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг ингэж боомилж болохгүй гэдгийг ойлгох гишүүн УИХ-д байхгүй нь
харамсмаар. Энэ парламентад олон шинэ гишүүн бий. Тэд заримдаа юу хийж байгаагаа ч ойлгохгүй явах шиг харагддаг. Тэдэнд ахмад, туршлагатай парламентчид нь хэлж зөвлөхгүй бол учраа олохгүй явсаар дөрвөн жилээ дуусгах даг аа. Хагас сарын хугацаанд болсон дээрх хоёр үйл явдал бол манай парламентын нүүр царай. Шийдвэр гаргагчид судалгаагүй, ул суурьгүй, олон нийтэд таалагдахын тулд, сэтгэл хөдлөлөөр, эсвэл зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд ханддагийг дээрх хоёр жишээ бэлхнээ харууллаа. Уг нь УИХ-ын Тамгын газрын дэргэд Судалгаа, шинжилгээний хэлтэс бий ч тийшээ хандаж, гаргах гэж буй санал, боловсруулж буй төслийнхөө талаар асууж сураглаж, зөвлөгөө авдаг гишүүн цөөн байдаг талаар эх сурвалж хэлсэн. Тэднийг ийн дураараа дургиж байх хооронд парламентын нэр хүнд унасаар. Боловсол мэдлэгтэй, уужуу ухаан, алсын хараатай, жудагтай, хатаагдсан “хар хүн”-ээр төр дутаж байна. Парламентын тогтолцоогоо цаашид урт удаан хугацаанд авч үлдэе, төрийн хүний үнэлэмжийг өргөе гэвэл улс төрийн намууд парламентчдад тавих шаардлагаа зөвхөн мөнгөөр хэмжихээ болих цаг аль хэдийнэ болсон.