Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газар энхийг сахиулж буй ахлагч офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа дөрөв дэхийг хүргэж байна.
2017.05.02-ны мягмар гариг. Манай сурвалжилгын гол баатар буюу Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн дунд охин М.Номин-Эрдэнэ өдгөө 15 настай. “Дараалсан гурван охинтой айлын дундах нь ихэвчлэн биеэ даасан, ямар ч үед амиа аргалаад явчих чадварт эрт суралцсан байдаг учраас тэднийг “Рэмбо” гэвэл зохилтой” гэсэн хошигнолыг хүмүүсээс цөөнгүй сонсож байв.
Гэтэл эгч, дүү нараасаа хамгийн танхи нь түүнийг гэж аав нь онцолсон. Үнэхээр ч Афганистаныг зориод нэг сар болж буй аавыгаа хамгийн их санаж байгаа нь М.Номин-Эрдэнэ. “Аавыгаа их санаж байгаа” гээд инээмсэглэх хонгор охин нь одоо эмнэлгээс гарсан тул алс хол үүрэг гүйцэтгэж буй Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн сэтгэл тайвширсан болов уу.
М.Номин-Эрдэнийг ээжтэйгээ хамт эмнэлэгт байх зуур М.Анхцэцэг том эгчийн хувиар ар гэрийнхээ бүхий л ажлыг зохицуулж байсан юм. Энэ хооронд отгон хүү М.Эрдэнэбат нь усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд хичээлийнхээ хажуугаар шаргуу бэлтгэл хийснээс болж нэлээд ядарсан тул багшид нь хэлээд сургуулилалтын цагийг ялимгүй багасгахаар болсноо Д.Мөнхчимэг эгч хуучиллаа.
Тэрбээр энэ өглөө хоёр багыгаа хичээл сургуульд нь дөхүүлж өгөх, М.Номин-Эрдэнийн түлэгдэлтийн нөхөн сэргээх эмчилгээг хийлгэдэг нэгэн хувийн эмнэлгээр орох гээд чамгүй их ажилтай гэрээсээ гарсан юм. Реалити сурвалжилгын хамгийн эхний дугаарт цухас дурдаад өнгөрсөнчлөн М.Номин-Эрдэнэ өнгөрсөн оны аравдугаар сард сургууль дээрээ нэлээд гүн түлэгдэж, ГССҮТ-д арьс нөхүүлэх хагалгаанд орсон юм билээ. Түүнээс хойш 21 хоног тутамд төлжсөн арьсыг нь зөөллөх 10 өдрийн курс эмчилгээ хийлгэдэг аж.
ГЭНЭТИЙН АЮУЛ
Есдүгээр сарын 1 дөхөх тусам ангийнхантайгаа уулзах гэж, сургуульдаа очихоор яаран цүнх дүүрэн дэвтэр, хичээлийн хэрэгсэл зэхүүлсэн охин ердөө сарын дараа тэгж айхтар түлэгдэнэ гэж зүүдлээгүй нь мэдээж. Хэдийгээр эмч нар эхний ээлжийн арга хэмжээг авч, арьс нөхөх хагалгаа хийсэн ч хүйтэнд даарч, халуунд халж болохгүй гэсэн учраас тэр өдрөөс хойш М.Номин-Эрдэнэ сургуульдаа яваагүй юм.
Тиймээс төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн багш нар боломжоороо гэрээр нь ирж түүнд хичээл заадаг бөгөөд охины ганц хүсэл нь есдүгээр ангийн төгсөх шалгалтаа амжилттай өгөх. “Дундуур нь эмнэлэгт хэд хэд хэвтсэн учраас хичээлээ нөхөж үзэж амжихгүй байна. Ангийнхнаасаа нэлээд хоцорсон бололтой. Гэхдээ хичээнэ ээ” гээд тэрбээр өөдөөс зөөлөн дулаан инээмсэглэлээрээ төөнөн ширтлээ.
Түлэгдсэнээсээ хойш тэр их амархан ядарч сульдан, юм л бол ханиад томуу хүрчих гээд байх болжээ. Гэвч сая эмнэлэгт байхдаа “100 жилийн ганцаардал”-ыг хоёр дахиа уншсан хэрсүү охин энэ бүхнийг давах тэнхээтэй гэдэгт үл эргэлзнэм.
“Охин минь урьд нь тариулна гэхээс үнхэлцгээ хагартал айдаг байв. Шүдний эмнэлэгт очоод өвчин намдаах тариа хийлгэх гэж бөөн юм болж, шүдээ ч авахуулалгүй ааваараа үүрүүлэн гэртээ ирж байсан хүн шүү дээ. Гэтэл одоо тариа байтугай, олон зүйлийн ард гарч чадахаар хатуужилтай болсон. Охиноо тэр бүхнийг яаж давж гарч байгааг нь харахаар хурдхан мэс засал хийлгээд, цоо эрүүл болгох юмсан гэж яардаг” хэмээн ээж нь ярилаа.
БНСУ-ын “Хангагсү” эмнэлгийнхэн охины түлэгдлийн шарх сорвийг ор мөргүй эмчлэхэд 65 сая төгрөг шаардлагатай гэсэн хариу өгчээ. Энэ мөнгийг босгох мэдээж амаргүй нь ойлгомжтой. Түлэгдсэнийх нь дараахан нэг өнжөөд л 150 мянган төгрөгийн боолт хэрэгсэл сольдог, байсхийгээд 300 мянган төгрөгийн үнэтэй дусал хийлгэдэг амаргүй цаг хугацааг туулсан ар гэрийнхнийх нь хувьд бол бүр ч ярвигтай байсан нь лавтай.
Өнөөг хүртэл хийлгэж буй физик эмчилгээ нь ч өртөг мөнгөтэй. Харин охины эмчилгээний зардалд нэмэр хандив оруулахаар дүүргийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хандсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаа орчим сая төгрөг цуглуулсан гэнэ. Өглөг багаддаггүй гэдэг дээ. М.Номин-Эрдэнийг Солонгост гоо сайхны хагалгаанд орох зардлынх нь 10 орчим хувийг сурагчид нэг нэгэндээ туслах гэсэн элгэн халуун сэтгэлээр цуглуулжээ.
Энэ дашрамд Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн гэр бүлийнхэн нийслэлийн I, II, IV, 11, 25, 29, 31, 35, 45, 58, 71, 116, 131 дүгээр сургууль, Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль, Монгол, Энэтхэгийн сургууль, ШУТИС-ийн ахлах сургууль, "Байгаль эх" лицей, "Кингс кидс", "Хобби", "Үй цай" бүрэн дунд сургууль, ТСБТСДС, Монголын хүүхдийн ордны сурагч, эцэг эхчүүд болон Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлснийг уламжилъя.
“ДҮҮГИЙНХЭЭ ХАГАЛГААНЫ ЗАРДЛЫГ БҮТНЭ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ”
Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийнхан, манай спорт холбоод харин энэ тал дээр сэтгэл гаргалгүй, жаахан хойрго хандсан гэлтэй. Адаглаад М.Номин-Эрдэнийг хүндийг өргөлтөөр хичээллэдгийг нь бодсон ч тэр сэтгэл гаргаж болмоор санагдана.
Ямартай ч Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч лав охины эмчилгээний зардалд нэг сая төгрөг хандивлана гэж амлажээ. Сэтгүүлчийн хувиар яагаад үүнийг онцлоод байна вэ гэвэл бас учиртай.
Хэрэв... Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга М.Анхцэцэгийг өнгөрсөн жил гадаадын орнууд тэрбумаар үнэлэн, өөрийн улсын тамирчин болох санал тавьж байсныг уншигчид санаж буй биз ээ. Зөвхөн БНСУ л гэхэд Анхааг хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амласан шүү дээ. Хэрэв солонгосчуудын тавьсан тэр саналыг М.Анхцэцэг эгч нь хүлээн авсан бол магадгүй өнөөдөр М.Номин-Эрдэнэ аль хэдийнэ эмчлүүлчихээд, үеийнхнийхээ адил хичээл сургуульдаа явж, ангийнхаа төгсөлтийн гэрэл зургийн цомогт зургаа авахуулах гээд догдолж байх байсан биз.
Харин энэ тухай Анхаагаас өөрөөс нь зүрхлэн асуухад “Тэр бол нэгэнт миний сонгосон шийдвэр. Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг гэдгээ хэлдэг. Магадгүй тэр үед саналыг нь хүлээж авсан бол дүүгээ эмчлүүлчих байсан л байх. Гэхдээ одоо энэ тухай яриад яах вэ. Ямар ч байсан би дүүгийнхээ хагалгааны зардлыг бүтнэ гэдэгт итгэдэг. Дүү маань мөдхөн цоо эрүүл болно оо” хэмээн тайвуухан өгүүлэв. Санаж явбал бүтнэ гэсэн амны билэгтэй ард түмэн бол монголчууд.
Тэр тусмаа энэ гэр бүлийнхэн аливаа зүйлд их уужуу тайван ханддаг хүмүүс гэдгийг сурвалжилгаар очих бүртээ мэдэрдэг. Харин өнгөрсөн хугацаанд тэд ямар олон зүйлийг тэсэж өнгөрүүлснийг М.Номин-Эрдэнийг эмчилгээгээ хийлгэж байхад л гүйцэд мэдэрлээ.
Түлэгдсэн хүзүү, цээж, гарын арьс нь зүгээр байхад таталдаж хатаад өвддөг тул зуны нарыг бол бүр үзэхгүй. Тиймээс охин энэ зуны халууныг зузаан цамц, ороолттой өнгөрүүлнэ. Наад зах нь үүнийг бодсон ч охины хувьд дэндүү үнэ цэнэтэй хайран цаг хугацааг нь дэмий үрэлгүй, болдог сон бол өнөө маргаашгүй Солонгост аваачаад эмчлүүлчих юмсан.