Монголчууд сар гаруйн дараа тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Нэр дэвшигчээ тодруулах нь парламентад суудалтай намуудын эрх учраас М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр гэсэн хувилбарыг санал болголоо. Төрийн тэргүүнээ тодруулах сонгууль тул аль намаас хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж, санаагаа чилээж байв. Элдэв тохиролцоо, хардлага, хор найруулга, өрсөлдөөн, маргаан ард хоцорчээ. Одоо энэ гурван эрхмээс бид сонголтоо хийнэ. Тиймээс сонгох эрхээ эдлэх, түүнтэй холбоотой асуудалд санаа тавих цаг болов.
Нэр дэвшигч тодруулах үйл явц улс төрийн намуудын дотоод асуудал байсан бол үүнээс цааших үр дүн та бидний хариуцлага, мэргэн сонголтоос хамаарна. Мөн хилийн чанадад амьдарч буй монголчууд ч улс төрийн сонгох эрхээ эдлэх учиртай. 2016 онд хасуулсан эрхээ тэд энэ удаа эдлэх боломж бүрдээд буй.
ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧИД ИРЭХ САРЫН 10, 11-НД САНАЛАА ӨГНӨ
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 2011 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулахаар шийдэхдээ Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газартай оронд амьдарч буй иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг анх удаа нээж өгсөн билээ. Том дэвшил байв.
Үүний дүнд 2012 оны УИХ-ын болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч буй 5000 гаруй иргэн оролцсон гэсэн дүн бий. Харин 2016 онд улстөрчид эл дэвшлээсээ ухарсан. Тухайн үед намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгож байсныг Цэц 2016 онд гэнэт л “Үндсэн хуультай харш” гэж үзэв. Улмаар сонгуулийг 100 хувь мажоритар тогтолцоогоор хийхээр болж, ингэж ухрахдаа гадаадад суугаа иргэдийн сонгох эрхийг хаасан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар харьд байгаа иргэд эрхээ эдэлнэ.
... Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байгаа оронд амьдарч буй иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ энэ сарын 1-20-ны дотор дээрх салбар комисст мэдэгдэж, бүртгүүлэх учиртай юм байна. Тэд заавал биеэр очих гэлгүйгээр шуудан, цахим шуудан, факс ашиг-
лан бүртгүүлж, мөн саналаа өгөх боломжтой ...
Энэ ёсоор СЕХ-ноос өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээр ахлуулан байгуулсан. Улмаар энэ сарын 1-ний дотор багтан 45 салбар комисс байгуулжээ. Өөрөөр хэлбэл, манай улс ийм тооны оронд Дипломат төлөөлөгчийн газартай байх нь. Комиссыг тухайн оронд суугаа Элчин сайд нар ахалж байна.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байгаа оронд амьдарч буй иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ энэ сарын 1-20-ны дотор дээрх салбар комисст мэдэгдэж, бүртгүүлэх учиртай юм байна. Хууль тогтоогчид өмнөх алдаанаасаа энэ удаа суралцжээ. 175 мянга гаруй иргэн харьд ажиллаж, амьдарч буй атал зөвхөн 5000 нь л санал өгсний шалтгаан нь “Биеэр ирэх” гэсэн шаардлагатай холбоотой байсан.
Сонгох эрхээ эдлэхийг олон хүн хүссэн ч биеэр очих боломжгүй, хэтэрхий хол гэх мэт олон шалтгаантай байснаа тухайн үед учирлаж, “Цахим шуудан, эсвэл факсаар санал авч болохгүй юм уу” гэсэн хүсэлт тавьж байв. Үүнийг одоогийн хуульд тусгасан. Тиймээс гадаадад байгаа иргэд заавал биеэр очих гэлгүйгээр шуудан, цахим шуудан, факс ашиглан бүртгүүлж, мөн саналаа өгөх боломжтой.
Гадаад оронд байгаа иргэдийн саналыг Монголынхоос эрт буюу урьдчилж авдаг. Энэ удаа зургадугаар сарын 10, 11-нд тухайн орон нутгийн 07.00-22.00 цагт санал авах юм билээ. Улмаар саналыг Төв комисс нэгтгэж, битүүмжлээд СЕХ-нд илгээж, 26-ны 22.00 цагт тоолно.
Хилийн чанадад амьдарч буй монголчууд энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа бол гэдэг асуулт бий. Австрийн нийслэл Вена дахь Элчин сайдын яаманд нэг салбар комисс байрлаж буй. Тус хотод амьдардаг найз маань “Эндхийн монголчуудын цахим группэд мэдээлэл тавьсан байна лээ. Хүмүүс саналаа өгнө гээд түрүүчээсээ бүртгүүлээд эхэлчихсэн” гэлээ.
Тэндхийн монголчууд харьцангуй мэдээлэл сайтай, идэвхтэй байгаа бол БНСУ-д амьдардаг нэгэн энэ талаар бараг сонсоогүй байлаа. Гэхдээ мэдээлэл дуулгахад “Боломжтой бол саналаа өгнө өө” гэсэн юм. Японд байгаа иргэн “Энд бүртгэл эхэлчихсэн. Анкет бөглөж, бүртгүүлж байгаа. Би саналаа өгнө” гэв. Юутай ч салбар комиссууд иргэддээ мэдээлэл түгээх талаар ажиллах биз ээ.
БУЛХАЙ ГАРГАХ БОЛОМЖ БҮҮ ӨГ
Тэгвэл эх орондоо байгаа иргэд яах вэ. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэдийнэ Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын цахим хуудсанд байршуулсан. Уншигч та мэдээллээ шалгаж, бүртгэлээ баталгаажуулсан уу. Эндээс л та, бидний сонгох эрхээ эдлэх, улмаар буруу булхай гарах вий гэдгийг хянах үүрэг эхэлнэ.
ОӨУБЕГ-аас ирэх сарын 1-нээс өмнө аймаг, дүүргийн сонгуулийн хороонд, тэд нь хэсгийн хороодод 6-наас өмнө сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлэх үүрэгтэй. Сонгуулийн хэсгийн хороод нэрсийг хүлээн авснаас эхлэн олон нийтэд танилцуулна. Сонгуулийн үеэр бусдын хаяг дээр танихгүй хүмүүс нэмж бичсэн, эсвэл өөрийг нь “гадагш явуулчихсан” гэх мэт зөрчил цөөнгүй гардаг. Ийм “но” үйлдэх боломж олгохгүйн тулд та, бид бүртгэлээ урьдчилан хянаж, тулгах учиртай. Зургадугаар сарын 12-ноос өмнө энэ төрлийн гомдлоо шийдүүлэх боломжтой аж.
Сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй атлаа сонгогдсон нэгнийг нь газар доогуур ортол муулж, шүүмжлэх нь шударга биш. Булхай бүү гараасай л гэж бодож байвал тийм сул орон зай гаргахгүй, сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал. Улс төрийн нам доторх маргаан, өрсөлдөөнд “хошуу дүрж” ханалаа. Одоо бүгдээрээ сонгох эрхээ эдлэхдээ анхааръя.