-Алтанбулаг сумын иргэдийг голын эрэгт таван км-ээс дотогш ойртохыг хоригложээ-
“Гол дэндүү бохир байна. Муухай үнэртэх бол наад захын асуудал. Бохир усаар мал ундаалсаар өчнөөн жил өнгөрлөө. Туул гол жилийн дөрвөн улиралд бохирдолтой байдаг ч түүнээс нь мал уусаар байна. Өнөөх малынхаа сүү, махыг бид ууж, идэж байгаа нь голын усыг балгаснаас ялгаагүй биз дээ” гэж Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд халаглав. Мал гаргахаар гэдэс дотор нь ялзарчихсан байдаг, мал хээл хаях нь олширсон тухай тэд онцолсон юм.
Төв цэвэрлэх байгууламжаас хагас хугас цэвэрлэгдээд гарсан бохир Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голтой нийлээд, Төв аймгийн Алтанбулаг сумаар дайран урсдаг. Энэ утгаараа цэвэрлэх байгууламжийн хэмээн тодорхойлдог өмхий самхайг тус сумынхан хамгийн түрүүнд “хүртдэг” юм. Туулын бохирдлоос болж тэд 2006 оноос хойш буюу сүүлийн 11 жил цэвэр усны бараа хараагүй, хортой нөхцөлд аж төрж сууна. Асуудлыг шийдэх гол арга зам нь шинэ цэвэрлэх байгууламж барих гэдгийг дарга, цэрэг, энгийн иргэн бүгд ойлгодог болсон ч уг ажил өдгөө эхлэх байтугай сураг ч үгүй байна. Алтанбулаг суманд нөхцөл байдал ямар байгааг бид газар дээрээс нь сурвалжиллаа.
Туул гол Алтанбулаг сумын нутгаар 100 км урсаж өнгөрдөг. Голын сав дагуу 670 айл хавар, зундаа нутаглаж, 150.000 гаруй мал ундаалдаг байна. 3100 хүн амтай Алтанбулаг сум нийтдээ 1018 өрх, 292.000 толгой малтай гэхээр ихэнх нь л Туулаас хамааралтай бөгөөд бохирын голомтод амьдарч, түүгээр ундаалж байгаа нь тодорхой харагдах болов уу.
Алтанбулаг сумынхан Туул голын бохирдлоос болж хамгийн их хохирч буй хэмээн өөрсдийгөө тодорхойллоо. Гол өвөл хөлдөхөөрөө шар ногоон өнгөтэй болчихдог гэнэ. Түүн дээгүүр алхвал гутлын ул өмхийрөх нь энүүхэнд гэсэн. Холоос цэлэлзэн урсаж харагдах ч ойртоод очвол ёроолд нь лаг, замаг ялгарахгүй, хар ногоон юм тунарч, өмхий ханхлах аж. Голын ёроолын хайрга чулуу нь нэвт шувт харагдсан тунгалаг Туул нэгэн цагт дуу шүлгэнд мөнхөрч байв. Тэгвэл одоо цэвэр гэх шинж тэмдэг огтоос алга. Тэгсэн ч эргээр нь үхэр, адуу бэлчиж, идээшилж, голоос ундаалж байв. Туул гол Алтанбулаг орчимд маш их бохирдсон учраас мал ч тоож уудаггүй гэдэг нь худал аж. Сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Батдэлгэр “Хавар мал голын уснаас нэг их уудаггүй. Бохирдол нь ихэсдэг учраас тэр. Хур тунадас унаж, үерлэсэн үед бол бохирдол нь арай багасдаг учраас уудаг байх. Ер нь цангасан мал уухгүй гээд ч яах вэ. Өөр ус байхгүй, урсаж байгаа ганц нь л энэ юм чинь” хэмээлээ.
2014 онд аймгийн Засаг даргын захирамжаар голын бохирдлыг тогтоох ажлын хэсэг томилогдон, Алтанбулаг, Лүн, Өндөрширээт гэсэн маршрутын дагуу тодорхой цэгүүдээс дээж авч, шинжилжээ. Тэгэхэд Алтанбулаг сумын нутагт хамаарах Салхитын гацаа гэдэг газраас авсан дээжинд халуунд тэсвэртэй, гэдэсний бүлгийн нян хүлцэх хэмжээнээс 3.4, аммиак 18.3, фосфор 13 дахин их илэрчээ. Чанарын шинжилгээний хариу ийм байдлаар сүүлийн жилүүдэд байнга муу гарахын зэрэгцээ усны түвшин ч тогтмол буурч буйг Туул-Алтанбулаг усны харуул Ж.Баасанбат хэлэв. Тэрбээр “Хар ногоон ус л урсаж байгаа биз дээ. Үнэр ихтэй. Би өдөрт хоёр удаа буюу 08.00, 20.00 цагт усны түвшний ажиглалт, хэмжилт хийдэг. Хавар болоод, одоогоор түвшин нь багассан ч арай ч тасарчихаагүй. Ер нь усны түвшин жилээс жилд буурч, бохирдол нь ихсэж байгаа. Голын ёроолд лаг, шавар тунаж, хуримтлагдсаар буй. Голын уснаас уунгуутаа мал газар дээрээ бөөнөөрөө үхсэн тохиолдол одоохондоо тэмдэглэгдээгүй ч гэдэс дотроос нь эрүүл юм гарахгүй байна. Уушги нь хар цоохор, элэг нь цагаан цоохор болсон байдаг. Үнэхээр аюулын харанга дэлдэж ч мэдэхээр асуудал гэдгийг холбогдох хүмүүс ойлгож л байгаа шүү дээ” гэв.
Туул голын бохирдол Алтанбулагийн иргэдэд 2006 оноос мэдрэгдэж эхэлжээ. Анхандаа хааяа нэг өмхий ханхалдаг, салхи хойноос гарсан тохиолдолд л энэ үнэр сумын төвд “айлчилдаг” байсан аж. Одоо бол хэвийн үзэгдэл болжээ. Тэгвэл 2007 оноос гол улаанаараа эргэлдэж, загас, мэлхий олноор үхэж эхэлсэн байна. Тухайн үед 10 зүйлийн 2.7 тонн загас үхэж, байгаль орчинд 21 сая төгрөгийн хохирол учирсан талаар байгаль орчны байцаагч Х.Батдэлгэр мэдээлсэн. Түүнээс хойш тийм их хэмжээний загас үхсэн явдал бүртгэгдээгүй ч энд тэнд цөөн тоогоор, хэсэг бусгаараа устах тохиолдол тасрахаа больжээ. Сүүлдээ үхэх загасгүй, мэлхий ч нүдний гэм болсон гэнэ. Харин бохирдлын улмаас үрждэг янз бүрийн шавьж олширсон байж мэдэхийг иргэд онцоллоо.
2008 онд сумын I багийн иргэн Энхтайваны хотонд дөрвөн мөчгүй тугал, мөн багийн иргэн Сум-Очирын хониноос нэг нүдтэй хурга гарсныг тааралдсан хүн болгон дурдаж, энэ нь Туулын бохирдлоос үүдэлтэй хамгийн ноцтой хэрэг болохыг тодотгов. Уг явдал нь үнэхээр бохир уснаас улбаатайг тэд нотолж чадаагүй ч өөр шалтгаан байхгүй гэсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сард нэг айлын 10 гаруй хонь үхсэн талаар сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.Хишигсүрэн өгүүлсэн. Сэг зэмээс нь сорьц авч, лабораторид шинжлүүлэхэд халдварт өвчин бус, хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Хүн л хордлогод ордог гэж сонссоноос биш, малд ийм зүйл тохиолддог гэдгийг дуулаагүй нутгийнхан ихэд гайхжээ. Гэтэл түүнээс хойш яг ийм хордлогын шинж тэмдгээр мал үхэх болж, бараг л дасал болсон гэнэ.
Туулын бохирдол зөвхөн мал бус, иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Тодруулбал, Туул гол дагаж нутагладаг хүмүүс харшлын өвчин тусах нь ихэссэн байна. Голын сав дагуу өвөл, зунгүй нутагладаг малчин айлд хоёр жилийн өмнө мөч нь дутуу, зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрснийг мөн л уулзсан хүмүүс голын бохирдолтой холбон ярьж, жишээ татав. Үнэхээр хүн амын дунд өвчлөл ихсэж байгаа, эсэхийг Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Алтанхуягаас лавлахад “Дулаарч, голын мөс хайлж урсаад эхлэнгүүт арьсны өвчин, хамуу, мөөгөнцөр туссан хүний тоо илт нэмэгддэг. Сүүлийн 3-4 жилийн статистик мэдээллийг харахад л дээр дурдсан өвчлөл сумын хэмжээнд жилд 5-10 хувиар өссөн. Туулын бохирдолтой тодорхой хэмжээгээр хамааралтай гэж үзэж буй. Үүнээс гадна ханиад томуу дэгдлээ ч эдгэхгүй удах, заавал гэдэс гүйлгэж, бөөлжих зовиуртай хавсардаг. Хэдийгээр айлууд голоос ус утгаад уухгүй байгаа ч бохирдол хөрсөөр дамжин гүний усанд орж, түүнчлэн малын гаралтай бүтээгдэхүүнээр иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх магадлалтай шүү дээ. Ундны ус нь хүн эрүүл байх гол үндэс учраас аль болох найдвартай, баталгаатай, шинжилгээнд хамруулсныг нь хоол хүнсэндээ хэрэглэж байгаасай” гэв.
Сумын холбогдох албаныхан Хустайн байгалийн цогцолбор газрынхантай хамтран сүүлийн 2-3 жил Туул голд судалгаа хийж буй юм байна. Судалгаа, шинжилгээний явцад Алтанбулаг сумын нутаг Мандал гэх газрын орчмоос авсан дээжнээс хөхний хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ. Уг судалгааны дүн бүрэн гараагүй бөгөөд дахиад өөр юу гарч ирэхийг таахад бэрх гэнэ. Нөхцөл байдал ийм түвшинд хүрсэнтэй холбогдуулан тус сумынхан энэ жилээс голын эрэг дагуух таван км газарт нутаглахгүй, эргийг чөлөөлж, малаа ус руу оруулахаас хамгаалж эхэлжээ. Тодруулбал, Засаг дарга нь захирамж гаргаж, тавдугаар сарын 1-нээс ирэх наймдугаар сарын 15 хүртэлх хугацаанд голын эрэгт таван км-ээс дотогш ойртохгүй, мал бүхий иргэд нутаглахгүй байх шийдвэр гаргасан байна. Голын бохирдол их байгаа учраас хүн, малаа эрүүл байлгахын тулд аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авчээ.
Бохирдлоос болоод ийнхүү хүмүүс Туулаас дайжиж, эрүүл мэндээ хамгаалахаар тэмцэж байгаа авч, бас цэвэр усны хомсдол тэднийг отож байгаа гэнэ. Голын савд нутаглаж буй айлуудын ихэнх нь ундны усаа голын дагуух гар худгаас, бусад нь 15-50 км зайтай орших гүний өрмийн худгаас авдаг. Зарим нь ойролцоох булаг шанднаас ундаалах нь ч бий. Тэдгээр нь голын сав газарт хамаарч байгаа учраас бохирдол хөрсөөр дамжин нэвчиж болзошгүй гэж иргэд сэжиглэсэн хэрнээ л уусаар байгаа аж. Уг нь гүний худгийн тоог олшруулчихвал гол руу малаа оруулахгүй, өөрсдөө ч баталгаатай цэвэр ус хэрэглэх боломжтой юм байна. “УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг ахалж байгаа гэсэн. Хамгийн их хохирч байгаа сумынхан гэдэг утгаараа бид цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гүний худаг гаргуулах саналаа А.Сүхбат гишүүнд хүргүүлсэн. Уг нь сумын хэмжээнд 60 орчим худаг бий ч малын бэлчээрийг зүй зохистой ашиглах, отрын бүс нутаг гаргах, зуны цагт Туул голын эргээс айлуудыг чөлөөлөхийн тулд дахиад нэмэх шаардлага тулгарлаа. Энэ мэтээр бид холбогдох байгууллага, хүмүүст хандсаар л байна. Туул голоо цэвэршүүлж, цаашлаад бүр дархан цаазтай болговол яасан юм бэ гэсэн санал ч гаргадаг. Ард түмний хүсдэг зүйл л энэ болчихоод байна шүү дээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж, үйл ажиллагааг нь сайжруулбал бохирдол арилна. Үүнийг удахгүй шийдэж, ард түмэн ч гол дагуу нутагладаг болно гэж хүлээж байгаа” гэж Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь хэлсэн юм.
Тус сум малынхаа тоогоор аймагтаа эхний тавд байнга жагсдаг гэнэ. Сумынхан газар тариалан эрхэлдэггүй, мал аж ахуйгаараа л амьдралаа залгуулдаг. Туул цэвэршчихвэл Улаанбаатар хотыг баталгаатай, цэвэр хүнсээр байнга хангах бололцоотой гэж Д.Батсуурь дарга онцолсон. Хотын төвөөс 50 гаруйхан км зайтай, хамгийн ойрхон оршдог сумдын нэг учраас тийм боломж ч байгаа. Бас удахгүй тус сумаас нийслэл хүртэл хатуу хучилттай зам тавих сураг сонсогдсон. Цэргийн хоёр том анги байрладаг, нийслэлтэй ойр оршдог учраас Алтанбулагт өдөртөө сумын иргэдээс ч олон хүн холхидог гэнэ. Тиймээс бохир ус зөвхөн нутгийн иргэдэд бус тэнд очсон хүмүүст ч хамаатай болж таарна. Бас Хустайн байгалийн цогцолбор газрын нэгээхэн хэсэг нь эл сумын нутаг дэвсгэрт оршдог болохоор дэлхийд ховордсон тахь энд нутаглаж байгааг санаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг Алтанбулагийнхан хүслээ.
Газар дээрээ нөхцөл байдлыг сурвалжлах явцдаа бид Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яйчилтай таарсан юм. Түүнээс бохирдлыг бууруулахад аймгийн удирдлагын зүгээс хэрхэн анхаарч байгаа талаар тодруулахад мөн л цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатайг онцоллоо. “Туул голын бохирдлын нөлөөнд хамгийн түрүүнд, хамгийн их өртөөд байгаа сум нь Алтанбулаг яах аргагүй мөн. Аймгийн ЗДТГ-аас “Цэнгэг Туул” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Цөөнгүй салбар, байгууллагатай холбогдож үр дүн нь гарах төсөл учраас оролцогч талуудын санал, санаачилгыг тусгахад нэлээд хугацаа шаардагдана. Өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Ус” дэд хөтөлбөрийн II үе шатны төлөвлөгөөг батлууллаа. Одоо бидэнд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Үүнтэй холбоотойгоор гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд хандаж байгаа” гэж тэрбээр хэллээ.
Үргэлжлэл бий