Жил, улирал, сар, хоног, өдөр ээлжилсээр, түүхийн шаргал хуудас зузаарсаар байна. Өнөөдөр хүн төрөлхтний түүхэн тэмдэглэлт өдөр. Аугаа эх орны дайны ялалтын баяр. Тэртээ 72 жилийн өмнө Берлиний дагуул Карлхорст хотод фашист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэж 60 сая хүний алтан амийг нөгөө ертөнцөд илгээсэн цуст дайн төгссөн билээ.
Дэлхийн халуун цэгүүдэд буун дуу, дэлбэрэлтийн чимээ намжаагүй л байна. Гэхдээ хүн төрөлхтнийг хоёр тал болгож, бие бие рүүгээ бууны ам чиглүүлэх дайн дахиж гарахгүй. Дэгдээхийг ч хүсэхгүй. Дайтвал хүн төрөлхтөнд ямар ч хорт тахлаас илүү аюул учруулах гашуун сургамжтайг Аугаа их ялалтын баярын өдөр нэгэнтээ сануулдаг.
Фашист Герман, имперлист Япон, Италийн нэгдсэн санаархлын эсрэг өнөөгийн ОХУ, Их Британи, АНУ холбоотон болж тэмцсэн түүхтэй. Тэдэнтэй талын монголчууд ч нэгдэн агт морь, хоол хүнснээс эхлээд танкийн бригад, нисэх эскадриль бэлэглэсэн. Үүгээрээ монголчууд дэлхий нийтэд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх шанг татсан билээ.
Дайны галын тэргүүн шугаманд Орос орон, ард түмэнтэйгээ зогссон. Тиймээс ч Аугаа их ялалтын гавьяаны дийлэнх хувийг тэд хүртэх дархан эрхтэй. Оросууд жил бүр ялалтын баяраа Улаан талбайдаа сүр дуулиантайгаар тэмдэглэдэг. Тэд цэрэг, зэвсэглэлийн ид хаваа энэ л өдөр дэлхий дахинд гайхуулж, хүчирхэг гүрэн гэдгээ нотлон харуулах дуртай. Үй олноор нь хөнөөх чадалтай зэвсэг техник хөврүүлэх нь дахиад дайтвал хүн төрөлхтөн мөхнө гэсэн оросуудын сануулга мэт.
Аугаа ялалтын өдрөөс хойш дэлхийн дэг журам шинэчлэгдсэн. Цэнхэр гаригийн иргэдийг капиталист, социалист гэсэн хоёр үзэлд хуваах үүсгэл тавигдаж байв. Үзэл нь “хүйтэн дайн” болтол халуураад, эцэст нь капиталистуудын ялалтаар өндөрлөснийг түүх гэрчилнэ. Дэлхийн газрын зураг ч өөрчлөгдсөн. Европын соёлт ертөнцийн ноёрхол эцэслэж, тэдний колоничилж байсан улсууд ээлж дараалан тусгаар тогтнолоо зарлан, хилийн баганаа босгоцгоосон юм.
Дайны дараа хүн төрөлхтний олсон хамгийн сод зам бол Нэгдсэн үндэсний байгууллага. Элдэв маргаан, зөрчлөө эв найрамдалтайгаар, хамтаар шийдэхийн тулд хүн төрөлхтөн НҮБ-ыг байгуулсан. Дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ өлссөн, зовсон ард түмэнд хүнс тэжээл, эм тариа хүргэж, хэрэлдэж, тэмцсэн хүн зон руу цэнхэр дуулгатнуудаа илгээн, энхийг сахиулж байна. Цэнхэр дуулгатнуудын дунд Монголын зоригт хөвгүүд бахархам үйлс бүтээсээр байна.
Бид энх тайвны төлөө ч, эзэрхэг түрэмгийлэгчдийн эсрэг ч тэмцэж явсан түмэн. Танк сөнөөгч их бууг Берлин хүртэл чирсэн монгол морины хөлсөнд түрэмгийллийг эсэргүүцсэн малчин хүний сэтгэл шингэсэн байж таарна. Японы арми дорнын уудам талыг маань Орос руу дайрах түшиц газраа болгохоор санаархаж байхад бид эрсэлж боссон.
Халхын голын ялалтыг оросуудтай хамтдаа авчирч, эх орноо хамгаалсан. Таван сая цэрэгтээ эрдсэн Квантуны арми бууж өгөхөөс татгалзахад Монголын цэрэг эрс Оросын армийн нэгэн жигүүр болж, өмнөд хөршөөсөө япончуудыг зайлуулж байлаа. Тиймээс бид ч Аугаа их ялалтын баярын өдрийг тэмдэглэх учиртай билээ.