Статистикаас үзвэл Монгол Улсад жилд дунджаар 80 орчим мянган хүүхэд мэндэлж, 16 мянга гаруй иргэн нас бардаг аж. Бурхан болоочдын 40-43 хувь буюу 6-7 мянга нь Улаанбаатар хотын иргэн байдаг гэх. Гэвч нийслэлд байгаа шарил хадгалах байрны хүрэлцээ муу, стандартад нийцдэггүй, бурхан болоочдын төрөл төрөгсөд 300 метр зам дээр “түгжирч”, үүр цүүрээр дугаарласаар удлаа. Товчхондоо иргэндээ үзүүлэх монгол төрийн сүүлчийн үйлчилгээ хүртээмжгүй байна гэсэн үг.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдээс шарил хадгалах зориулалтын байртай нь хуруу дарам цөөн. Одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын гурав болон хоёрдугаар төв эмнэлэгт шарил хадгалах хөргүүртэй өрөө ажиллаж буй. Бурхан болоочдын харьяаллаас нь хамаарч тэд үйлчилгээ үзүүлдэг болохоор ачаалал бага байдаг аж.
Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ард орших шарил хадгалах байр хамгийн их ачаалалтай нь. Тэнгэрт халигсдыг нутаглуулахад сайн гэдэг даваа, лхагва, баасан гаригийн 05.00-08.00 цаг хүртэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг орчимд үүсдэг автомашины зохиомол түгжрэлийн тодорхой хувь ч үүнтэй холбоотой.
Улаанбаатар хотод нас барсан хүмүүсийн 500-700-гийнх нь шарил ямар нэгэн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гээр дамжиж, тус байранд хүргэгддэг аж. Үүн дээр гэмт хэргийн улмаас нас барсан 2000 орчим хүний шарилыг оруулбал тус хүрээлэнгийнхэн жилд дунджаар 2500-2700, дээрх өдрүүдийн 05.40-07.40 цагт оршуулгын 10-20 ажил зохион байгуулдаг гэсэн үг.\
2015 онд нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн дэргэдүүр өнгөрсөн замтай уг шарил хадгалах газрын хойгуур явсан замыг нийлүүлэн нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон. Ингэснээр зохиомол түгжрэл 20 орчим хувиар буурсан гэнэ. Гэвч ШШҮХ-гийнхэн шарил хадгалах шинэ байр барих шаардлага тулгараад буйг онцолж байна.
“Бид нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй салах ёс гүйцэтгэх өдөр, цагийг урьдчилан тохирч, оршуулах зан үйлд бэлтгэдэг. Хуваарь давхцуулахгүйгээр дөрвөн байранд салах ёс гүйцэтгүүлдэг боловч ачаалал дорвитой буурахгүй байна. Уг замыг сэтлэхийн тулд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цусны төвтэй ярилцаад, зам тавихад саад учруулж байсан гараашуудыг буулгасан. Одоогийн барилгыг 1972 онд Чехийн тусламжаар барьсан. Хэдийгээр тухайн үедээ хамгийн дэвшилт технологиор барьсан ч одоо шаардлага хангахгүй болчихоод байна. Хана, тааз нь мөөгөнцөрт идэгдэж, эмульс түрхээд ч нэмэргүй болсон. Эмч, сувилагч нар хортой нөхцөлд ажиллаж байна. Тэгэхээр шарил хадгалах шинэ байр барихаас нааш ачаалал буурахгүй шинжтэй” гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Ц.Гантулга ярив.
Цогцсыг нь хадгална гэдэг тухайн нас барсан хүнд төрийн үзүүлж буй хамгийн сүүлчийн үйлчилгээ. Тиймээс уг үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн байгууламжид, чирэгдэл багатайгаар зохион байгуулах учиртай. Харамсалтай нь, манайд тийм орчин алга. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн цогцсыг ШШҮХ-гийн шарил хадгалах байранд аваачдаг. Ингэхдээ даавуу нөмөргөсөн болоод л, носилкаар зөөдөг аж. Ийн зөөж явахад нь салхи гарч, талийгаачийг “нүцгэлж” орхисон тохиолдол цөөнгүй.
Тус эмнэлэгт ажилладаг, нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Сувилагч нар цогцсыг өөрсдөө зөөхөөс өөр аргагүй. Уг шарил хадгалах байр манай эмнэлгийнх байсан юм. Гэвч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд өгснөөр бид ийм байдалд хүрээд байна. Шинэ байр барих шаардлагатайг салбарын яаманд дуулгасан ч шийдэлгүй 10 жил боллоо. Эмч, сувилагч нар уг байр руу орохоос ч эмээдэг. Ийм байр зориулалтын агаар шүүгч, саармагжуулагчтай байх ёстой. Нас барсан хүний биеэс их хэмжээний хор ялгардаг учраас тэр” хэмээн ярив.
Гурван жилийн өмнө Улаанбаатар хотын удирдлагууд шарил хадгалах шинэ байр барих талаар ярьж байв. Тухайн үед нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Батбаяр “Хотын баруун, зүүн жигүүрт цогцос хадгалах байр байгуулна. Одоо үйл ажиллагаа явуулж буй байрнууд бага талбайд, олон цогцос хадгалдаг. Тиймээс бид олон улсын шаардлагад нийцсэн шарил хадгалах байр, түүнийг дагасан задлан шинжилгээ хийх өрөөг нэг доор төвлөрүүлнэ. Ингэснээр цогцсыг заавал хотын төв рүү оруулах шаардлагагүй болно” гэж байв.
Уг ажил ямар шатандаа явааг тус хэлтсийнхнээс тодруулахад “Хөрөнгөнөөс болоод шарил хадгалах шинэ байр барьж чадаагүй. Өөр байдлаар шийдэхээр болсон. Одоогийн шарил хадгалах байрнуудын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж байж, ачаалал хэвийн хэмжээнд очно. Тиймээс бид тал бүрээс нь харж, төлөвлөгөө гарган ярилцаж байгаа” гэсэн хариулт өгөв.
Гэтэл саяхнаас ШШҮХ-гийнхэн хотын хоёр захад шарил хадгалах шинэ байр барих болсон хэмээн ярих боллоо. Тус хүрээлэнгийнхэн иргэдэд үйлчлэх танхим, зан үйлийн өрөө, 100-гаас доошгүй автомашины зогсоол, мөн тооны хөргүүр бүхий өрөөтэй цогцолбор байгуулахаар урьдчилсан зураг гаргажээ. Мөн хөрөнгө оруулагчдадаа зураг төслөө хүргүүлсэн гэнэ. Газрын асуудлыг нь нийслэлийн удирдлагууд даруй шийдээд өгчихвөл тун удахгүй стандартад нийцсэн шарил хадгалах байртай болох гэнэ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас уг бүтээн байгуулалтад зориулж хаана, ямар хэмжээтэй газар олгохыг нь лавлахад “Газрын албанынхантай ярилцаад, зүүн талд Хонхор, баруун тийшээ шинэ товчоо орчимд газар олгож болох шийдэлд хүрсэн. Гэвч тус хүрээлэнгийнхэн хэтэрхий хол байна гэсэн бололтой. Тиймээс ойр, боломжтой газар судалж байгаа” гэв.
Харин ШШҮХ-гийн дэд захирал, хурандаа Ц.Гантулга “Хотын захиргааны санал болгосон газар хэмжээгээр бага, дэд бүтэцгүй. Хотоос зайдуу бол иргэдэд чирэгдэлтэй. Бидний тооцооллоор Амгалан, Таван шар орчимд байвал тохиромжтой санагдаж байгаа. Газрын асуудлыг нь шийдчихвэл барилгын ажилд хугацаа шаардахгүй” гэлээ.
Тэгвэл хотын удирдлагуудыг ийн мөрөөдөж, зарим хүмүүсийг “хошуу дэвсэж” суух зуур гадаад улсад ажиллаж байсан залуус олон улсын стандартад нийцсэн шарил хадгалах байр ашиглалтад оруулчихав. Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт тус байр бий. Өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад орсон эл байр шарил хадгалах зуун хөргүүртэй. Мөн буяны цогц үйлчилгээ үзүүлэх чадвартай. Ямар ч байсан хүмүүсийг дүн өвлийн хүйтэнд гадаа зогсоож, “цаг нь дуусчихлаа, шалавла” хэмээн хэрүүлийн алим шидэлж, маргалдуулахааргүй юм билээ.
Хүмүүс ч машиныхаа дуут дохиог хангинуулж, замын хөдөлгөөн зохицуулагч дуудах шаардлагагүй. Хоногийн 40-50 мянган төгрөгийн хураамжтай. Улсын эмнэлгүүдийн харьяа шарил хадгалах байранд талийгаачийг нэг хоногт 5000 төгрөгөөр байлгадгаас арай үнэтэй ч үйлчилгээ, орчин нь сайн. “Хорхон буян” компанийнхнаас үйл ажиллагааных нь талаар тодруулахад “Манай шарил хадгалах байр сүүлийн үеийн шийдэлтэй. Хүмүүс манайхыг сайн мэдэхгүй болохоор үйлчлүүлэгч цөөн л байна” хэмээн ярив.
Бурхан болоочдоо ёс уламжлалын дагуу хөдөөлүүлэхийн тулд үлдэгсэд нь байгаа бүхнээ өргөдөг. Хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс ч цээрлэдэг. Гэтэл шарил хадгалах байрны хүрэлцээ муу, орчин нөхцөл тааруу, тэнд хүмүүс уралцаж байгааг харсаар суух нь зүйд нийцэмгүй. Тиймээс шарил хадгалах байрнуудаа шинэчлэхэд анхаарах цаг нь болжээ.