Мэдээллийн технологи бол манайд өлгийдөө бойжиж буй салбар. Сүүлийн үед монгол залуус энэ чиглэлээр хэд хэдэн бизнес бойжуулж, зарим нь эхний хаалгаа амжилттай нээжээ. Инновац, технологид суурилсан бизнесийн нэг давуу тал нь гараанаас гарахад их хэмжээний хөрөнгө шаарддаггүй, сайн санаа, компьютер байхад ажиллах боломжтой.
Ийм бизнесийн нэг нь “Димтон” (Themeton) компани юм. “Themeton” нь Г.Балжинням, Д.Пүрэвдорж нарын “эх барьсан” анхны бизнес бөгөөд theme буюу загвар, өнгө аяс, ton буюу маш их гэсэн үгээс бүтжээ. “Made in Mongolia” буландаа “Димтон” компанийн залуусыг онцолж байна.
“Димтон” нь дижитал контент үйлдвэрлэн, аутсорсингийн чиглэлээр ажилладаг бөгөөд анх 2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Эднийх дижитал контентын зах зээлд тэргүүлэгч “Wordpress”-т бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд одоогоор 700 гаруй мянган ам.долларын орлого олж, зарим бүтээгдэхүүнээ 10 мянгаас илүү хувиар борлуулсан үзүүлэлтээрээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниуд дунд эхний 150-д жагсаж байгаа гэнэ.
“Wordpress” нь “App store”-той адил дижитал контентын “их дэлгүүр” бөгөөд дэлхийн аль ч орноос энд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой юм. “Димтон” ч бүтээсэн загвараа эндээс олон улсын хэрэглэгчдэд худалддаг аж.
Эднийх “Mana” нэртэй 59 ам.долларын үнэтэй бүтээгдэхүүнээ хамгийн анх 1000-аас илүү хувиар зарж байжээ. Энэ нь олон функцтэй, өргөн боломж бүхий загвар байж. Үүний дараа энгийн оновчтой шийдэл бүхий ACEROLA темплэйт хийсэн нь амжилт олж, гурван сарын дотор 150 гаруй хувь борлуулсан бөгөөд шилдэг бүтээгдэхүүнээр тодорч байсан аж. Мөн 2014 онд “Димтон”-ынхон онцлох загвар зохиогчоор шалгарч байсан гэнэ.
Тана загвар
Амжилтад хүрсэн брэнд бүр өөрийн өнгө аяс, дотоод ертөнцөөрөө ялгардаг. Үүнтэй адил “Димтон”-ы темплэйтүүд нь энгийн ойлгомжтой, техникийн өргөн мэдлэг шаардахгүй бөгөөд энэ загварыг ашиглан хүссэн цахим хуудасаа хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгодог гэнэ. Мөн мана, шүр, сувд гэх мэт нэрнээсээ эхлэн монгол өнгө төрхөө хадгалахыг хичээдэг гэлээ.
Цаг үеийн хандлагыг мэдрэхээс гадна өөрийн гэсэн өнгө аясаа үргэлж хадгалж ирсэн нь эднийхийг бусдаас ялгаж, К-поп одод, Европын мэргэжлийн хөлбөмбөгчид, дэлхийд алдартай зарим хамтлаг загварыг нь ашиглан цахим хуудсаа бүтээжээ.
Манай улсад өнгөрсөн сард ирсэн Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Пол Брэгиел “Гарааны бизнесээ амжилтад хүргэхийн тулд эхлэх л хэрэгтэй. Хэт их бодсон нь бус, хийсэн нь л хождог. Алдсан ч суралцсаар үр дүнд хүрнэ” хэмээн ярьсан. “Димтон”-ыхон ч ийм зарчим баримталдаг гэнэ.
Г.Балжинням “Бид Монголд байхгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх ёстой. Үүний тулд ярих бус, хийх хэрэгтэй. Тухайлбал, бид ажлаа эхлэхдээ англи хэл мэддэггүй байсан. Худалдан авагч маань бүтээгдэхүүний талаар асуухад юу гэж буйг нь ойлгодоггүй байв. Гэвч хэрэглэгчидтэйгээ харилцахын хэрээр хэлний мэдлэгээ сайжруулсан. Зарим хүн их гоё санаа олсон ч ажил болгодоггүй, эсвэл эхэлснээ дуусгадаггүй нь ажиглагддаг. Тиймээс үр дүн, гүйцэтгэл их чухал” гэлээ.
Г.Балжинням
“Димтон”-ыхон өнгөрсөн хугацаанд 50 орчим загвар “төрүүлжээ”. Үүнээс хэд хэд нь нэлээд амжилт олсон байна. Тиймээс цаашид өнөөгийн хүрсэн түвшингээ илүү ахиулж, дижитал контентын зах зээлд байр сууриа бэхжүүлэх, орлогоо өсгөхөд анхаарч буй гэнэ. Үүний хүрээнд темплэйтээ илүү чанартай, ашиглахад хялбар болгохоос гадна хэрэглэгчид сонголтын өргөн боломж олгохыг зорьж байгаа аж.
Мөн тэд нэг загвар гаргахын тулд нэлээд судалгаа хийдэг байна. Тухайлбал, зочид буудлын цахим хуудасны загвар гаргалаа гэхэд өнгө үзэмж нь ямар байх вэ, олон улсын хандлага хаашаа чиглэж байна вэ, салбарын онцлог нь юу вэ, хэрэглэгчид юу сонирхох вэ гэх мэт олон зүйлийг судлахаас гадна загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг. Үүнээс гадна тэд цахим хуудасны загвар темплэйтээс гадна цаашид гар утасны аппликэйшн бүтээх гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй аж.
Манай улс жилд 5-6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог. Үүний 90-ээс дээш хувийг мэдлэг, инновац, нэмүү өртөг бага шингэсэн уул уурхайн түүхий эдийн экспорт эзэлж байгаа. Үүнийг эс тооцвол ноолууран хувцас, машин, техникийн эд анги зэрэг нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспорт маш бага юм. Иймд экспортоо төрөлжүүлж, эдийн засагтаа дэм болох нэг арга нь мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх.
Темплэйт бүтээж байгаа нь
Гадаадын зах зээлд амжилт олсон санааг эх орондоо нутагшуулсан “Lend.mn”, “Benzeen” зэрэг хэд хэдэн бизнесийн сайн жишээ бий. Үүнээс гадна монгол санаа, мэдлэг, инновацыг олон улсын хэрэглэгчдэд зарж, экспортын орлого олж буй сайхан жишээ ч байна. “Димтон”-ыхон одоогоор нэг загвараа 20-60 орчим ам.доллароор борлуулдаг гэнэ. Дижитал контентын зах зээл хязгааргүй бөгөөд дэлхийн аль ч өнцөг, буланд бүтээгдэхүүнээ хүргэх болно. Цаг үеэ мэдэрсэн, хэрэглэгчийн сэтгэлд нийцэх загвар бий болгож чадвал хэдэн мянга, сая хувиар ч борлуулах боломж бий.
Тиймээс энэ чиглэлийг хөгжүүлбэл мэдээллийн технологи манай эдийн засгийн голлох салбарын нэг болтлоо хөгжиж ч болох юм. “Димтон”-ы орлого одоогоор 700 мянган ам.долларт хүрсэн гэнэ. Эднийх ойрын хугацаанд нэг сая ам.долларын босго давах зорилготой аж. Мөн “Димтон”-ы үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлд дэлхийн хэмжээнд 4500 орчим компани бий бөгөөд эднийх эхний 150-д жагсаж буй гэнэ. Иймд эхний 50, цаашид 20-д багтах зорилго тавьжээ.
Нэг компани нэг сая ам.долларын экспорт хийнэ. Ийм 20 компани байвал 20 сая ам.доллар болно. Жаахан ахиулбал 50, 100 сая ам.долларын экспорт хийх боломж бий. Манай улс энэ оны эхний улиралд найман сая тн нүүрс экспортолж, 500 сая ам.долларын орлого олжээ. Олон техник хэрэгсэл, олон мянган хүн шөнө, өдөргүй ажиллаж байж ийм үр дүнд хүрсэн. Тэгвэл мэдээллийн технологийн салбар нь үүнээс хэд дахин зардал багатай, хэд дахин өгөөжтэй аж.
Г.Балжинням “Бид энэ салбарт ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Дижитал контентын зах зээлд бидний төсөөлж байгаагүй асар өргөн боломж бий. Тиймээс боломжийн хэрээр ажиллах хэрэгтэй. Энэ өргөн далайгаас шанагаар хутгах уу, хувингаар хутгах уу гэдэг нь биднээс шалтгаална” хэмээн ярьсан.
1979 онд АНУ-д нэгэн залуу цүнх, тээшийг дугуйтай болгох санаа олжээ. Тухайн үед үүнийг нь хүмүүс нэг их ойшоогоогүй гэдэг. Харин одоо бол дугуйтай цүнхийг хүн бүр хэрэглэж байна. Энэ санаа нь өнөөх залууг саятан болгосон гэдэг. Тиймээс олон хүний хэрэгцээг хангах бүтээгдэхүүний санаа олж, түүнийгээ ажил болгож чадвал өнөө үед зах зээл олдохгүйн зовлонгүй аж. Нэг “галзуу” санаа нэг сая, тэрбум “ногоон”-ы үнэ хүрэх хавтгай дэлхийд бид амьдарч байна.