Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэсэн заалт бий. Уг хугацаа нь энэ сарын 2-7-ны өдөр байлаа. УИХ-д суудалтай гурван нам ямар ч байсан их, бага хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ хуулийн хугацаандаа тодруулаад авсан. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр намынхныхаа итгэл найдварыг хүлээж, тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болов. Намаасаа нэр нь тодрохтой зэрэгцээд тэдний намтар түүх, туулсан амьдралынх нь сайн, муу бүхэн өнгөрсөн хоёр хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр үерийн ус шиг урсав.
Манайхан хүн шоглох, нэр хоч өгөхдөө авьяастайг ч хэлэх үү, гурван нэр дэвшигчийг “Шоронд суусан, суух гэж байгаа, суух ёстой” хэмээсэн. Энэ гурван хүний нэг нь Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч болно.
Намаасаа тодорсон тэднийг СЕХ-нд бүртгүүлж, нэр дэвших эрхээ баталгаажуулах том даваа хүлээж буй. МАН, АН хоёрт СЕХ-ноос айх шалтгаан үгүй. Сүүлийн хэдэн сонгуульд СЕХ-той зууралдаж, нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж яваа, тэгэхдээ дандаа ялагдаж төгсдөг МАХН-ын нэр дэвшигч л тэдний босгыг давахгүй байх магадлалтай.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАХН-ыг УИХ-д суудалтай нам болгосон “авралын элч” О.Баасанхүү нь “Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхийг би мэднэ, надад өчнөөн хүн байна” гэсэн агуулгатай ярилцлага хэд хэдийг өгөөд амжсан ч уламжлал ёсоор Н.Энхбаяр дэвшихээр болов.
Угаасаа бусдыг “айлгачихаар” өөр хүн МАХН-д байхгүй л дээ. Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нарын нэр дуулддаг ч тэднийг дэвшүүлсэн, дэвшүүлээгүй адилхан. Явдлын гарз. Учир нь хуучин МАХН-ын гишүүд МАН, МАХН-ыг хольж сольж, андуурч саналаа өгдөг үе ард үлдсэн.
МАХН-аас хэн ч нэр дэвшсэн МАН, АН-ын саналыг тэнцүү хуваана гэсэн сонирхолтой гаргалгааг хэлэх судлаач ч байна. Ингэж үзэж буй судлаачид “М.Энхболд, Х.Баттулга нарт саналаа өгөхөөс дургүйцсэн, өөр сонголтгүй болсон, гуравдагч хүчин хүссэн хүмүүс л МАХН-ын нэр дэвшигчид өгнө.
Түүнээс биш сонгогчид МАН, МАХН-ыг андуурч, эсвэл намдаа гомдсон МАН-ынхан л МАХН-ын нэр дэвшигчид өгнө гэж тооцож болохгүй. Ер нь бол сонгуулийн дүнд нөлөөлөхүйц санал хуваах явдал гарахгүй. Санал хуваана гэж үзвэл АН, МАН-аас адилхан хуваана” хэмээж буй юм.
Хэдий тийм ч Н.Энхбаярыг огт тоохгүй орхиж болохгүй. Намбарын Энхбаяр гэдэг нэрээ Самбарын Энхбаяр болтол өөрийгөө сурталчилж, хаашаа л харна инээсэн хөрөг нь өлгөөстэй, сонин бүрийн эхний нүүрэнд зураг нь хэвлээстэй байсан үе нь ард хоцорч, улс төр дэх нөлөөгөө алдсан ч тэр хэн ч биш бус. Тэр зорилгынхоо төлөө ёстой л чөтгөртэй ч нийлж чадах, “дондогмаа” гэдэг тоглоом шиг хааш нь ч түлхээд унадаггүй, хэзээ, юу хийхийг нь тааварлахад бэрх этгээд.
Удирдлага доор нь явж, дэмжлэгээр нь дээш гараад, хожим зам салсан хүмүүсийнх нь байдлыг харахаар “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” хэмээх хэлц үг санаанд ордог юм. Айхгүй ч гэсэн аягүй байдаг болохоор өнөөгийн улс төрд голлох үүрэгтэй оролцож яваа хүмүүс Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх аргыг яаж ийгээд олдог биз ээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахдаа долдугаар сарын 1 хэмээн заасан нь Н.Энхбаярт л зориулсан хэрэг. Уг хууль хэрэгжээд эхэлбэл Н.Энхбаярын нэр дэвших эрх маргаангүйгээр сэргэх тул Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөж хэрэгжүүлэхээр товлосон.
Мөн Н.Энхбаярыг БНСУ-д эмчилгээ хийлгэх, АТГ-аас зугтахын хооронд хэсэг амьдрахад нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйл дэх “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан хүн байна” гэсэн заалтыг Сонгуулийн хуулийн 3.2.22 дахь заалтаар “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг хэлнэ” хэмээн тайлбарласан. Энэ мөн л Н.Энхбаярт зориулсан тайлбар.
Түүнийг нэр дэвшихэд саад болох ийм хоёр хуулийн саад байгааг олон нийт мэдэж байгаа. 2012 оноос хойш сонгууль бүрээр гарц хайж, янз бүрээр судалсан МАХН-ынхан ч мэдэхгүй байх ёсгүй. Өөрт нь зориулсан ийм давхар хаалт байгааг мэдэж буй хэрнээ Н.Энхбаяр нэрээ дэвшүүлнэ хэмээн зарласан нь ч ямар нэг тооцоогүй, хийх ажлаа олж ядсандаа хийсэн алхам биш байж таарна.
Энэ нь нэгдүгээрт, хэлмэгдэж зовж яваагаа олон нийтэд дахин харуулж, өөрийнхөө болон намынхаа мартагдах шахсан нэрийг гаргах, рейтингээ өсгөх оролдлого. Нөгөөтэйгүүр, бусад намуудтай хийх тохиролцоогоо эцэслэх гэсэндээ цаг хожсон үйлдэл гэж харахаас аргагүй.
ХЭНТЭЙ, ЯМАР ТОХИРОЛЦОО ХИЙНЭ ГЭЖ...
АН-аас Н.Энхбаяр одоо юу горьдож болох вэ. УИХ-д арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудалтай, сөрөг хүчнийхээ үүргийг ч биелүүлэх хүчгүй энэ нам Н.Энхбаяртай юугаар наймаалцаж, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч, дэмжлэгийг нь авах билээ. Хариуд нь өгөх зүйлгүй намд зүгээр л хүч хавсран өгөөмөр загнах шалтгаан Н.Энхбаярт бий гэж үү. Тэр тэгэх хүн биш. Үүнийг өнгөрсөн цаг хугацаа, болсон үйл явдлууд тодорхой харуулж өгсөн.
Тэгвэл МАН-аас юу харж болох билээ. Н.Энхбаярын туйлын хүсэл нь улс төрд буцаж орох юм бол үүнд нь хориг саад болж байсан нэр дэвших эрхийг нь хассан хуулийн хаалтуудыг цаг хугацаа элээж, одоо хүссэн ч, эс хүссэн ч эрх нь нээгдэх гэж байна. Гэтэл дараагийн сонгууль 2020 оноос наашгүй. Нэр дэвших эрх нь юу юугүй нээгдэх гэж байхад дараагийн сонгууль даанч хол байна.
Гэхдээ үүнээс өмнө М.Энхболдыг Ерөнхийлөгч болгоод, оронд нь нөхөн сонгуульд оролцож, УИХ-ын гишүүнээр сонгогдож болох юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс илүү УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших нь Н.Энхбаярт бодит боломж олгоно. Үүнийг Н.Энхбаяр олж харсан л байж таарна. Гэвч энүүхний төлөө МАН-тай тохироод байх хэрэг юу билээ. Тохирсон, тохироогүй бүтээе гэвэл бүтэх зүйл.
Өөр юу байж болох вэ. Н.Энхбаярт хамгийн чухал хэрэгтэй, Ерөнхийлөгчийн дэмжлэг авах, энэ чухал үед наймаалцаж болох ямар асуудал байгаа билээ гээд бодвол сэжүүр цухуйж мэдэх юм. Н.Энхбаярыг мандаж явахад тойрон хүрээлж байсан олон хүнээс өдгөө дэргэд нь үлдсэн ганц хүн, хамгийн үнэнч нөхөр, шадар зөвлөх Ц.Шаравдорж нь саяхан “Дүр эсгэсэн ардчилалын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” гэсэн ном бичсэн байна билээ.
Тэр зузаан номд Н.Энхбаярыг хэлмэгдсэн хүн гэж батлахын тулд их хичээл зүтгэл гаргасан харагдсан. Тэр өөрийгөө хэлмэгдсэн гэж батлахаар оролдож байгаа бол түүнд цагаатгуулах хүсэл байхгүй гэж үү. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Өршөөлийн хуульд хамрагдах тохиролцоо хийж, Н.Удвалыг хаяж өгсөн Н.Энхбаяр энэ удаа цагаатгуулах тохиролцоо хийж суугаа байж тун магадгүй талаар улс төрийн хүрээний нэгэн эрхэм таамаглалаа хуваалцсан нь эрхгүй санаанд орж байна.
Төрийн гурван өндөрлөгийг ээлжлэн “эзэлсэн” хэн хүний бүтээж чадаагүй ховор түүхийг бүтээсэн, төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн хэмээн бичүүлэх намтраа авлигын хэргээр ял шийтгүүлсэн бараан явдлаар баллах уу, хэлмэгдэж, тэмцэж яваад цагаатгуулсан баатарлаг дурсамжаар зузаатгах уу гэдгээ шийднэ гэдэг бол Ерөнхийлөгчийн сонгуулиар тохирч болох зүйл мөн гэхэд болно.
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдээс нууцалсан МАХН-ын бага чуулганы үеэр СЕХ Н.Энхбаярыг бүртгэхгүй бол яах вэ гэдэг асуудал сөхөгдөж, нэр дэвшүүлэх хоёр дахь хувилбарыг нөөцлөх тухай ярьсан, нөөцний хүн нь С.Ганбаатар байж тун магадгүй гэсэн мэдээлэл байгаа. С.Ганбаатар ч эртнээс МАХН-д сээтэн хаяж, бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Мөн Н.Энхбаяр Р.Амаржаргалтай уулзсан гэсэн цуурхал тараад буй. МАХН-ын нэр бүхий эх сурвалж дээрхийг үгүйсгэж “Манай нам Н.Энхбаяр гэдэг цорын ганц нэр дэвшигчтэй” хэмээн мэдэгдээд буй. Хэрэв үнэн бол МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэсэн үг.