Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав “Бид жаахандаа гахай дүүгүүрдээд аавд зодуулж байлаа. Үлгэр жишээ бага сургуульд хамт сурч байсан юм шүү дээ” хэмээхэд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ш.Бира “Тийм ээ. Дараа нь Москва руу сургуульд нэг галт тэргээр явсан. Манай энэ нэг мэдэх нь ээ дуучин болчихсон, галт тэргэнд хашгираад л явж билээ” гээд хөхрөв. 90 нас гарсан хоёр буурай багын явдлаа санагалзах мөчид эргээд хүүхэд болчихсон мэт хөгжөөнтэй байлаа.“Одоо өтөлсөн хойно нэгнээ хараад их баярлах юм аа. Хоёулаа 200 насална шүү” гэцгээсээр тэд дурсгалын зураг татуулахаар цааш одлоо. Өнгөрсөн баасан гаригт “Шангри-Ла” зочид буудалд болсон “Алтан агсарга” наадмыг зарлан тунхаглах ёслолын үеэр шинжлэх ухаан, урлагийн сор болсон хоёр эрхэмд ийн хууч хөөрөх боломж олдсон юм. Энд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочдын олонх буюу Монголын нэгэн үеийн амьд “түүхүүд” цуглажээ. Учир юу гэвэл Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёлын эрдэм шинжилгээний сан зэрэг байгууллага, үндэсний хэл соёл, уламжлалт түүхээ судлах, өвлөн хамгаалах зорилготой иргэд нэгдэн “Алтан агсарга” нийгэмлэг байгуулан ижил нэртэй наадам зохион байгуулдаг болохоор төлөвлөжээ. “Алтан агсарга” наадмыг санаачлагчдын нэг, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар “Монгол туургатны соёл, шинжлэх ухаан, соён гэгээрлийн том шагналтай болъё гэж Олон улсын Монгол судлалын холбоо, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн удирдах зөвлөл, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нар санаачилсан. Ирэх ес, аравдугаар сараас монгол туургатнаараа долоо хоног амьсгалж, соёлоороо бахархсан наадам зохиоё гэж төлөвлөлөө. Энэ хүрээнд монголч эрдэмтдийн хурал, “Алтан агсарга” шагнал гардуулах ёслол, “Хүй долоон худаг”-т морины уралдаан, бөхийн барилдаан зэргийг зохион байгуулах юм. Хоёр жилд нэг удаа зохион байгуулж, Монголыг сурталчилсан, манай соёлд хөрөнгө оруулсан гадаадын болон монгол цустай тус бүр нэг эрдэмтнийг шалгаруулж, алтан агсарга буюу бүс гардуулах юм. Монголчууд дээдэлдэг, байнга хэрэглэдэг учраас цомын оронд эрдэнийн чулуун шигтгээтэй алтан бүс гардуулж байхаар болсон хэрэг. Монгол судлал гэдэг эх орныхоо нэрээр нэрлэгдсэн шинжлэх ухааны ганц салбар, бидний толь. Бид тольдож байж өөрийнхөө алдааг засаж, биеэ чимдэг учраас Монгол судлал их ач холбогдолтой. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт зочноор оролцсон хүмүүс, мэргэжлийн байгууллагынхан, манай удирдах зөвлөлийн есөн гишүүн шагналын шүүгчдийн комисст багтана” гэв.
1959 онд Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Х.Гомбожав, Америкийн Оуэн Латтимор нарын эрдэмтэн Олон улсын Монгол судлалын холбоог санаачлан байгуулж, гал голомтыг нь бадраан, өдгөө 27 улсын 100 гаруй их сургуульд салбартай болсон аж.
Монгол судлалын хөгжил ямар түвшинд байгаа талаар угсаатан зүйн судлаач, СУИСийн соёл судлалын багш Д.Тангадаас энэ арга хэмжээний үеэр лавлахад “Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар хурал 1959 онд болсноос ардчилал гарахын өмнөх таван жил хүртэл идэвхтэй хөгжсөн. Түүнээс хойш монголч эрдэмтдийн олон улсын хурлын урилга гадаадын эрдэмтдэд илгээхэд 30 хувь нь л ирдэг болсон. Нэгдүгээрт, илтгэл тавихын тулд зардлаа өөрөө дааж, зарим нь хоёр гурван улс дамжиж байж ирдэгтэй холбоотой. Хоёрдугаарт, гадаадын судлаачдын илтгэлийг орчуулахаас эхлээд хамтарч, ойлголцож байж энэ салбар хөгжинө. Гэтэл зах зээлийн үед цалин, хээрийн судалгаа явуулах төсөв багатай зэргээс Монгол судлаач залуучуудын ажил суларсан. Гэхдээ “Алтан агсарга” шиг наадам олширч, Монгол судлалын дуу хоолойг сонсвол сэргэнэ. Гадаадын монголч эрдэмтэд бидний соёлыг өөр нүдээр харж, соёлын түвшинг тодорхойлдог учраас заавал тэдэнтэй хамтарч байж энэ салбар хөгждөг” хэмээсэн.
“Эсгий туургатны гэгээн түүхийг
Энэхэн замбуулинд түгээж байгаа
Олон улсын монголч эрдэмтдийн
Онцгой гавьяаг алдаршуулъя.
Эрдмийн их ажил, судлалыг дээдлэх нь
Эх орны минь өөдлөхийн шалтаг гэж бид бодном
Дуулиан шуугианд дургүй даруухан эрдэмтдийг
Дуулим хорвоод алдаршуулъя гэж бид хүснэм...” хэмээн уг арга хэмжээг хөтөлсөн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдын хэлснийг энд дурдаад, “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн төлөөллийн санал бодлоос сонирхуулъя.
Д.СОДНОМ: МОНГОЛЧУУД ЦААШИД ОРШИХООР ТЭМЦЭЖ БУЙН НЭГ ИЛРЭЛ НЬ ЭНЭ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ УУ
(Монгол Улсын Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч) -Оросын эрдэмтэн Л.Гумилёв “Монголчууд 500 жилийн дараа орших, эсэхээ бодох л хэрэгтэй” гэж хэлснийг дуулаад “Энэ нөхөр юу ярьчихав” гэж бодож байлаа. Одоо бодох нь ээ, монголчууд үүний учрыг ойлгочихоод, дэлхий ертөнц оршиж байгаа цагт бид орших ёстой гэсэн санаагаар тэмцэж ажиллаж байна. Үүний нэг илрэл нь энэ арга хэмжээ болов уу. Хоёр жилийн өмнө Японы нэгэн монголч эрдэмтэн “Дэлхийн түүхэнд нэвтэрсэн нь” ном бичсэн. XIII зуун хүртэл дэлхийн нэгдсэн түүх гэж байгаагүй. Хя тад, Газрын дундад тэнгис орчмын хэдэн улс л түүхээ бичдэг байсан. Чингис хаан Ази, Европыг холбосны үндсэн дээр дэлхийн түүх бичигдсэн гэсэн санаа тэр номд байна лээ. Тэгэхээр бид үүгээрээ бахархаж, Монголоо судлах ёстой юм. Эрдэмтэд түүхээ судалж, орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ч Монголдоо нэвтрүүлэх талаар ихийг хийж байна. Үүнээс гадна ажил хэрэгч залуучууд их юм хийж байгаа. Энэ бол Монголоо олон мянган жил орших нөхцөл бүрдүүлэх гэж яваа тэмцэл гэж ойлгож байна.
Ш.БИРА: ДУНД СУРГУУЛЬД МОНГОЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛ ОРУУЛДАГ БОЛООСОЙ
(Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич) -Юуны өмнө бид өөрсдөө Монголоо сайн ойлгох, ухамсар лах хэрэгтэй. Эртний баатарлаг түүх, соёл иргэншил бүгдийг сэр гээн мандуулсны үр дүнд Монгол Улс цаа шид хөгжиж, тусгаар тогтнол бэхжинэ. Дунд сургуульд Монгол судлалын хичээл оруулдаг болоосой.
Ш.ЧОЙМАА: ДЭЛХИЙН МОНГОЛЧ ЭРДЭМТЭД ИХ ДАРУУХАН, АМЬДРАЛЫН ХУВЬД ЯДУУХАН
(Төрийн шагналт, Гавьяат багш) -Бидний оршихуйн үндэс бол яах аргагүй хэл соёл, мөн. Соёл орши хуйн боломж нөхцөл нь тухайн үндэстний хэл. Олон зуун жилийн өмнөөс туурвисан су дар шаштираа ухаж, ухаарахгүйгээр тухайн үндэстэн өнгөрснөө мэдэж чадахгүй. Аливаа юм өнгөрсөн, одоо ирээдүй гэсэн гурван цагийн орчил дунд байдаг. Өнгөрснөө судалж, өнөөгөө машид зөв тунгаан цэгнээд ирээдүйгээ оновчтой төлөвлөж чадвал улс орон, хувь хүн дэвжин дээшилнэ гэдэгтэй би санаа нийлдэг. Монголч эрдэмтэд гэдэг шарласан номын тоостой хуудасны ард нуруугаа бөгтийтөл олон жил сууж, сувд, шүр эрдэг. Урьд нь хэн нэгэн утгыг нь тайлаагүй нэг үг, хэлц хэллэг, түүхийн сурвалжид буй ганц хэсгийн учрыг олбол түүндээ жигтэйхэн баярлаж хөөрдөг хүмүүс. Дэлхийн монголч эрдэмтэд их даруухан. Амьдралын хувьд ядуухан. Монголч эрдэмтдийн хурал болбол ямар нэгэн газраас хандив гуйж, зардал олж байж ирдэг. Тэд бол Монголыг үнэн мөнөөр нь судалдаг, сурталчилдаг хүмүүс юм шүү. Монголд ингэмээр байна, тэгмээр байна гэсэн санаа захиас бичдэг монголч эрдэмтэн өдий, төдий бий. Тэднийг алдаршуулах их зөв ажил санаачилжээ.
Д.СОСОРБАРАМ: МОНГОЛ ҮНДЭСТЭН ОРШИХ УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДЭГ ШАЛГАЛТ БИДНИЙ ӨМНӨ ИРЖЭЭ
(Төрийн шагналт, Гавьяат жүжигчин) -“Монгол тул гатны 100 эрхэм” нэвтрүүлгийнхэн оюун сэтгэлгээний түүчээ болсон хү мүүстээ тулгуур лаж, энэ наадмыг зохион байгуулъя, өвөр, ар Монгол, Тува, Халимаг гээд монгол туургатны хэмжээнд урлаг соёлын наадам, хэл соёлоо дээшлүүлэх үйлс хийе гэж бай на. Үүн дээр нэг төслийг багтаая гэж бодлоо. Хубилай хааны үед олон хөгж мийн зэмсгийн бүрэлдэхүүнтэй төрийн их найрал байсныг найман жилийн өмнөөс судалсан. Энэ зэмсгүүдийг буй төрхөөр нь үйлдвэрлэж, төрийн их найрал байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. “Алтан агсарга”-тай үүнийг уялдуулж, судалж буй эрдэмтдийн багийг татан оролцуулж, Монголын оюун сэтгэлгээ, хэл соёлын мэдрэмжийн дархлааг улам баталгаажуулах үйлсэд шамдан оролцъё гэж бодож байна. Бид суваг сувгаар тусдаа биш, өөрсдийн бодож байсан голдирол бүхнээ нийлүүлэх хэрэгтэй. Дэлхий даяаршиж, эрх чөлөөтэй болсон нь сайн хэрэг. Гэхдээ монгол үндэстэн байх уу, үгүй юү гэдэг шалгалт бидний өмнө иржээ. Шалгалтыг даван туулахын тулд яах ёстойг бодож, хэн бэ гэдгээ дэлхийн хүн төрөлхтний өмнө харуулах цаг болсон.