Залуус өрсөн тоосгоныхоо ирмэгээр зуурмаг түрхэж, нийвийгээр тэгшлэн шахна. Тэд нэг ширхэг тоосго нэмж тавьчихаад л энд тэндээс нь хэдэнтээ харж, шинжинэ. Зарим нь бүр метрээр хэмжиж, нягталж байгаа харагдав. Барилгын засал чимэглэлийн чиглэлээр сурч буй Н.Оюунтуул “Тоосгон өрөг өрөхдөө хоорондох зай (ан гэдэг)-г зуурмагаар маш сайн “гагнах” ёстой. Зуурмаг нь тоосгоны дээд, доод ирмэгийг тэгшлэн, сууринд ирж байгаа ачааллыг жигд хуваарилж, дамжуулах үүрэгтэй” хэмээн надад хичээл заав.
Барилгын политехник коллежийн оюутнууд өчигдөр мэргэжлийн ур чадвараа сорилоо. Бид өрөг угсрагчид хэрхэн өрсөлдөж буйг сонирхсон нь энэ юм. Тус сургуулийн I, II дамжааныхны дунд зохион байгуулсан “Ур чадвар-2017” уралдаанд оюутнууд барилгын засал чимэглэл, өрөг угсралт, цахилгаан, сантехник, бетон арматур, гагнуур, токарь, угсрагч-засварчин, автомашины засвар гэсэн 10 төрлөөр өрсөлдсөн. Энэ оны сүүлчээр болох “Монгол ур чадвар”-т оролцох оюутнуудыг шалгаруулах, цаашлаад “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд эх орноо төлөөлөх залуусыг бэлтгэх нь уралдааны гол зорилго аж. Мэргэжлийн ур чадварын уралдаанд сургуулиа төлөөлөх оюутнуудыг өмнө нь ингэж шалгаруулдаггүй, багш нар нь сонгодог байж. Гагнуурчнаар сурдаг Ө.Тэлмэнпүрэв “Бид Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуур, өрөг угсралт гэлтгүй бусад төрөлд ч амжилт гаргах магадлал өндөр. Тиймээс оюутнуудаа эртнээс бэлдэж, сорих хэрэгтэй” хэмээн ярилаа. Барилгын политехник коллежийн захирал Г.Нямдулам “Мэргэжил тус бүрт хоёр оюутан шалгаруулж, тууштай бэлдэнэ” гэсэн. Эл уралдааныг ХБНГУ-ын болон Монголын мэргэжлийн инженерүүд шүүж, шилдэг 20 оюутныг шалгаруулсан юм.