УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ хуулийн төсөлд хүн гүтгэвэл 2-20 сая төгрөгийн торгууль ногдуулах заалт бий. Уг заалтын шийтгэлийг чангатгаж, 10-100 сая төгрөгөөр торгох саналыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Байнгын хорооны хуралд гаргаж, дэмжлэг авсан нь хэвлэлийнхний эсэргүүцэлтэй тулгарсан. Хэвлэл мэдээллийн мэдээлэх, хардах, иргэдийн мэдэх эрхэд илт заналхийлсэн уг шийтгэлийг эсэргүүцэж, өдөр тутмын сонинууд эхний нүүрээ хоосон гаргаж, телевиз эфирээ зогсоон, сайтууд мэдээллээ хаасан юм. Хэвлэлийнхний акц үр дүнд хүрч, энэ төсөл болон дээрх заалтыг олон нийтийн анхаарлын төвд аваачсан. Үүний үр дүнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав саналаа эргүүлэн татсан. Мөн төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлсэн нь хэвлэлийнхний тэмцэл хэр өндрөө авсны илэрхийлэл юм.
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд гурван санал хэлэв. Тэрбээр “Нэгдүгээрт, хууль, шүүхийн байгууллагаас гардаг дутагдалтай зарим зүйлийг байхгүй болгох чиглэлд анхаарч ажиллая. Иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөхгүй байхад анхаарах нь зүйтэй. Иргэдийг яллаж, буруутгах биш, эрхийг нь хамгаалах талд ажилла. Шүүхэд асуудал очсон бол заавал шийддэг байх ёстой. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг, тодруулна гэж чирэгдэл учруулдгийг больё. Нэг бол хариуцлага тооцоод шийтгэ, эсвэл цагаатга. Мөрдөн байцаах байгууллагын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг байдлыг зогсооё.
Хоёрдугаарт, ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой асуудал нэлээд яригдлаа. Монголын өнөөгийн нийгэмд байгаа, бидний ололт гэж үзэхээр зүйл нь хэвлэлийн эрх чөлөө юм. Цаашдаа ч хууль тогтоох байгууллага шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй.
Иргэдийн нүд, чих болсон хэвлэл мэдээллийн байгууллагыг боомилсон заалт хуульд оруулахаасаа өмнө төрд хариуцлага бий болгох ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд торгууль төлдөг үү, иргэдэд өгсөн амлалтаасаа буцвал хариуцлага хүлээнэ гэсэн заалт бий юү. Байхгүй шүү дээ. Эхлээд төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Хариуцлагын хуулиа гаргах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг баталж, мөрдүүлэх хэрэгтэй.
Улстөрчид хэвлэлтэй маргалдаад очиход иргэний шугамаар асуудлаа бүрэн шийдүүлж чадаж байгаа шүү дээ. Иргэний хуулиар нэр төрийн хохирол, гүтгүүллээ гэх зэрэг гомдлоо шийдүүлэх нь бүрэн нээлттэй. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэх буруу. Тийм учраас албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэх мэт заалтыг Эрүүгийн болон Зөрчлийн хуулиас авч хаях хэрэгтэй. Сая торгууль нэмэх саналаа татаж авлаа. Гэхдээ 2-10 сая төгрөгөөр торгох үндсэн санал нь үлдэж байгаа. Үүнийг ч хасах ёстой. Улс төрийн албан тушаалтнуудын ийм гомдол гаргах эрхийг хүртэл хасах хэрэгтэй гэж би боддог. Өөрсдийнхөө үг, үйлдлийг л хичээгээд явах хэрэгтэй. Ухаалаг улстөрч бол өөрийнхөө үг, үйлдлийг хичээж явдаг. Улс төрийн алба хашиж байгаа бол чиний холгосон хөл дээр үргэлж хүн гишгэж, мөрийг чинь үргэлж харж байх болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв буруу мэ- дээлэл гарсан бол өөрөө гарч ирээд залруулах боломжтой.
Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын банкны хуульд чинь Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах “хутга” далдуур оруулаад ирсэн юм биш биз дээ. Уг нь бид гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэж ярьж тохирсон. Гэтэл Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөлд нэг юм хавчуулаад ороод ирж. УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асууж, ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулаад яваад байна. Үүний цаана юу байгаа вэ гэвэл, Монгол Улсын газрыг, ашигт малтмалыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, санхүү, эдийн засгийн бие даасан байдалд онцгой хохирол учрах эрсдэл байгаа. Үүнийг та бүхэн онцгой анхаараарай.
Газар, үндсэн хөрөнгө барьцаалах гэх мэтийн зүйлийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Шаардлагатай бол энэ хуулийг ҮАБЗ-өөр авч хэлэлцтэл хойшлуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Би энэ гурван асуудлаар санал оруулж байна. Ажлын хэсэг, Байнгын хороод, эцсийн хэлэлцүүлгээр миний саналыг заавал авч үзэж, санал хураалгаарай. Ерөнхийлөгчийн санал хэрхэн шийдэгд- сэнийг бичгээр мэдэгдэх хуулийн заалт бий. Надад бичгээр мэдэгдээрэй” гэв. Ерөнхийлөгч үг хэлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн.
Үдээс хойш Зөрчлийн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд асуулт асууж, үг хэлэв.
Д.Сарангэрэл (УИХ-ын гишүүн): -Хуулийг сайжруулах, амьдралд нийцүүлэх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулдаг гэж би ойлгодог. Гэтэл Монголын түүхэнд, тэр дундаа сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй, хар толбо үлдээсэн таагүй үйл явдлыг өнөөгийн парламент гаргалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тэмцлийг аргагүйн эрхэнд хийсэн зөв зүйтэй алхам гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ингэж олноороо эсэргүүцэл илэрхийлснийг санахгүй юм. Улстөрчид нэгнээ хаацайлдаг. “Чингис” бондоос хэн нь хэдийг авсныг, эргэж төлсөн эсэхийг бид бодитойгоор мэдэхгүй байна. Үүнийг хэвлэлийнхэн гаргаж тавьж байгаа. Үүнийг хаах, санхүүжилтээр нь боож хэвлэл мэдээллийг боомилох гэсэн санаархал гэж хэвлэлийнхэн дүгнэж байгааг буруу гэж үзэхгүй байна.
Хэвлэлийнхэн сэжүүр гаргаад өгч байхад хууль хяналтынхан түүний мөрөөр явдаггүй, харин ч бичсэн сэтгүүлчийг нь мөшгөөд явдаг. Гүтгэхийг хэн ч дэмжихгүй байгаа. Сэтгүүлч санаатайгаар хүн гүтгэдэггүй. Ийм мэдээллийг улстөрчид л гаргадаг гэдгийг би дахин хэлье. Яарч даарах, сонины дугаар буух, телевизийн мэдээний цаг нь тулах гээд алдаа, оноо гаргах үе бий. Хэрэв тэгсэн бол алдааныхаа төлөө уучлал гуйх Ёс зүйн зөвлөлийг байгуулаад ажиллаж байгаа. Хууль өнөөдөр хэнд үйлчилдгийг бүгд мэднэ. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд л үйлчилдэг. Өнгөрсөн парламентын үед гүтгэхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу оруулж ирснийг би дэвшил гэж үздэг. Өмнөх хуульд торгуулийн хэмжээ 2-20 сая байсныг 10-100 сая болгож нэмэгдүүлнэ гэнэ. Ямар том тоо хэлдэг, яасан баян юм бэ. Үүгээрээ хэнийг айлгах гээд байгаа юм бэ. Парламентын 76 гишүүн торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Байнгын хороон дээр дөрөв, таван гишүүн бусдынхаа кнопыг дарж, “төгөлдөр хуур” тоглосон юм билээ
М.Оюунчимэг (УИХ-ын гишүүн): -Гүтгэлэгтэй холбоотой заалтыг өөрчлөх талаар намын бүлэг дээр яриагүй. Хоёр гишүүн санал гаргаад л хийсэн юм билээ. Энэ нь “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, бодит байдалтай үл нийцэх, хуулийн этгээдийн хувьд хамгийн өндөр торгуулийг ногдуулах заалт байсан гэв. Зөрчлийн тухай хуулийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.