Д.ДОРЖДУЛАМ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр, гаргасан шинэ онол, нээлтээрээ олон улсын хэмжээнд үнэлэгдсэн Монголын нэгэн том эрдэмтний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ бол Монгол Улсын Төрийн шагналт, биологийн болон мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, академич, нэрт сурган хүмүүжүүлэгч, орчуулагч, тользүйч, шатрын мастер зэрэг олон тодотголын эзэн Цэвэгийн Тойвгоо агсан билээ.
Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, тус салбарын боловсон хүчин бэлтгэхэд нэгэн жарны турш хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн түүний бүтээл туурвил, намтар түүх дэндүү баян ажээ. Нэрт эрдэмтний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг БСШУСЯ-наас гаргаж, энэ ажлыг эхлүүлээд байна.
Багшаа дурсахуй. Академич Ц.Тойвгоо улсад хөдөлмөрлөснийхөө гуч шахам жилийг малын эмч, малзүйч, энэ салбарын эрдэмтэн бэлтгэхэд зориулсан багш хүн. Өнгөрөгч зууны тавиад оноос энэ зууны эхэн хүртэл малын эмч, малзүйчээр эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарсан, өнөөдөр ч ажиллаж амьдарсаар байгаа мянга мянган шавийнх нь нэг миний хувьд багшийнхаа тухай өчүүхэн дурсамж тэмдэглэл тэрлэж, олонд хүргэхийг үүргээ хэмээн үзэж, үзэг цаас нийлүүлж буй минь энэ ээ.
1954 оны наймдугаар сарын сүүлчээр МУИС-ийн мал эмнэлэг, малзүйчийн ангид шалгалт өгч тэнцсэн залуус хичээл эхлэхийг тэсэж ядан хүлээж байв. Эмгэний шар нар тааламжтай ээсэн есдүгээр сарын 1-нд биднийг хичээлийн танхимд биш, эх орны тариа ногоо хураах ажилд туслуулах боллоо. Өндөр гуалиг нуруутай, нүдээрээ инээмсэглэсэн, махлагдуухан, цэмцгэр бор хүн ажилд авч явах оюутнуудаа бүртгэж байсан нь Тойвгоо багш байв. Бид Жаргалантын сангийн аж ахуй орохоор хөдөллөө.
Тойвгоо багш, сангийн аж ахуйн дарга Д.Аръяа гуайтай уулзаж, биднийг хүлээлгэж өгөхдөө:
-Эдний маань олонх нь холын аймгаас ирсэн, нутаг орноосоо холдож үзээгүй хүүхэд шүү дээ. Мөд хүйтэн сэрүүн унана. Зарим хүүхэд хөнгөн нимгэн хувцастай, солих гутал хувцасгүй ирсэн, даарч хөрч өвчин эмгэг тусчих вий. Орон байрыг нь дулаан байлгаж, чанартай хоол унд өгч байгаарай. Хүүхдүүд трактор, комбайнд сууж, шөнө орой явахдаа нойрмоглож осолдох вий гэхчилэн эцэг хүний хайр халамжаар биднийг захиад буцав.
Багш хэд хоноод биднийг эргэж ирэхдээ өвдөж зовж, өлсөж цангаж, даарч хөрч, ядарч байгаа, эсэхийг лавлаж, ямар нэг асуудал байвал аж ахуйн дарга нартай ярилцаж, шийдээд өгнө. Хүйтний эрч наашилж, хөхүүрийн ам цаашилсан аравдугаар сар гарсан ч сангийн аж ахуйн тариа ногоо хураах, үтрэмд буусан ургацаа хатааж цэвэрлэх ажил дуусаагүй байлаа. Тэр үед Тойвгоо багш ирээд:
-Хүүхдүүд даарч, зутарч байна. Хичээл нь ч хоцорлоо. Одоо би оюутнуудаа аваад буцна. Та нар эдний ажлын хөлсийг яаралтай бодож олгоорой гэж сангийн аж ахуйнхныг шамдуулснаар бид хэдэн “бор юм” өвөртлөөд хичээлдээ орохоор буцлаа.
Оюутны ширээнд суусан анхны өдөр малын биеийн бүтэц буюу анатомийн лекц оров. Лекцийг ганц танил багш Тойвгоо орос хэлээр уншиж байлаа. Бид лекцээс юу ч ойлгохгүй ангайж сууцгаав. Байдлыг ажигласан багш маань гол гол нэр томьёог латин, оросоор самбарт бичиж, бид түүнийг нь хуулсан шиг л анхны хичээл өндөрлөж билээ.
Мал амьтны биеийн гадаад, дотоод бүтэц, тулгуур яснаас эхлээд булчин шөрмөс, судас, булчирхай, найлзуур гээд хэдэн зуун нэртэй. Түүнийг орос, монгол, латинаар цээжлэх нь амаргүй. Тэр бүрийг таньж гурван хэлээр нэрлэж мэдэхгүйгээр сайн мэргэжилтэн болох бас аргагүй.
Малын яс гэхэд 120 гаруй зүйл бий. Биеийн эрхтнийг тоолбол 250 гаруйд хүрнэ. Багш хичээлийг аажуу тайвуу, их ойлгомжтой заана. Оюутны асуултад уйгагүй хариулж, тайлбарлана. Харин шалгалтын үед дүн тавихдаа чанга талдаа.
Хичээл таслах, ярьж үймүүлэхэд чанга дуугаар загнаж, үглэж яншихгүй. Тэгэхдээ ёжтойхон үгээр хоржоонтойхон хошигноод, хөөрхөн дөнгөнө. Энэ нь загнаж зандарснаас ч илүү сургамжтай. Багшийг гаднаас нь харахад их цэмцгэр, ер нь сүрдмээр л дээ. Харин оюутнуудтай бол илэн далангүй, элэгсэг зөөлөн харилцаж, амьдралын сургамж, зөвлөгөө өгнө.
-Та нар ном их унш. Орос хэл сайн сур гэнэ. Индүүдээгүй өмдтэй оюутныг хараад өмд чинь тэмээний бөх шиг болчихож, индүү олдохгүй бол өмдөө эвтэйхэн эвхээд гудсан доороо хийгээд унтаж бай. Өглөө босоход индүүдэгдчихсэн байна гэх. Гутлаа арчиж, тосолж, хиргүй цамцтай явж занш гэх мэтчилэн амьдрал ахуйн зөвлөгөөг бид багшаасаа олонтаа сонсож, түүн шиг цэвэр цэмцгэр хувцаслахыг хичээдэг байсан юм. Ийм болохоор л Тойвгоо багшийгаа бид эрдмийн төдийгүй амьдралын их багш гэж хүндэтгэсээр өдий хүрч байгаа билээ.
Эрдмийн бүтээл нь дэлхийд үнэлэгдэв. Ц.Тойвгоо 1938 онд Эрхүүд малын бага эмч, 1942-1946 онд МУИС-д суралцаж, малын их эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд 1951 онд Ленинград хотод биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан байдаг.
Биднийг оюутан байхад манай багш нараас эрдмийн зэрэг цолтой ганц хүн нь Тойвгоо багш л байв. Тэр малын бага эмч болоод Сонгинын био үйлдвэр болон Дорноговь аймгийн Агаруут, Өндөршил, Хатанбулаг, Айлбаян зэрэг сумыг харьяалсан сум дундын эмч, 1946 онд малын их эмч болоод Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумд багшилж байжээ. 1952 онд Улсын их сургуульд багшаар ирснээс хойш 1961 он хүртэл тус сургуулийн Мал эмнэлгийн тэнхимийн эрхлэгчийн алба хашжээ.
Ц.Тойвгоо 1961-1974 онд Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд тасгийн эрхлэгч, орлогч захирлаар ажиллаж байлаа. 1961 онд монгол үхрийн насны краниологийн судлалаар мал эмнэлгийн болон биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл нь Монголын хөдөө аж ахуй, ялангуяа мал эмнэлгийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан шинэ нээлт болсон учир 1961 онд түүнийг Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, 1967 онд тэр үеийн ЗХУ-ын Бүх холбоотны Лениний нэрэмжит Хөдөө аж ахуйн академи гадаад гишүүнээрээ сонгож, улмаар шинжлэх ухааны нээлт хийсэн хэмээн намтрыг нь Зөвлөлтийн их нэвтэрхий тольд оруулжээ. Мөн биологийн шинжлэх ухаанд онцгой хувь нэмэр оруулсан дэлхийн нэрт эрдэмтдийн намтрыг нийтэлдэг “Биологичид” сэтгүүлд 1958 онд Монголын эрдэмтэн Ц.Тойвгоогийн намтрыг нийтлэв. Үхрийн толгойн ясны онтогенезийг нарийвчлан судалсан түүний бүтээл Монголд элбэг тохиолддог үхрийн эргүү өвчнийг мэс заслын аргаар эмчлэх хамгийн ойр дөт, үр дүнтэй аргыг сонгох боломжийг нээж өгснөөрөө онолын болоод практик ач холбогдолтой нээлт болсон ажээ. Түүнчлэн Монгол, Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг, Казахстан, Кыргыз, Якут, Алс Дорнодын бүс нутаг, Манжуур, Синьзян, Сибирийн зарим нутгийн үхрийн бүлгийг нэг хэвшилд багтаах онолын үндэслэлийг нотолсон нь биологийн шинжлэх ухаанд нээлт боллоо хэмээн дэлхийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Ц.Тойвгоо Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд ажиллах явцдаа эрдмийн ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шавь нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг удирдаж, зэрэг цолд хүргэсэн ачтай багш билээ. Өнгөрөгч зууны тавь, жараад онд манай улсын мал сүргийн өсөлт удааширч, сүргийн бүтэц алдагдан, малын бие давжаарч, ашиг шим нь буурч, улмаар мал аж ахуйн хөгжил зогсонги байдалд ороод байв. Үүний учир шалтгаан юунд байгааг олж, гажуудлыг засан, эх орныхоо эдийн засгийн хөгжилд эрдэмтэн хүнийхээ хувьд тус нэмэр болох гэсэн чин хүсэл академичийн сэтгэлийг эзэмдэж шавь нартайгаа нэгэн баг болж, туршилт судалгааны ажлаа эхэлсэн байна.
Уламжлалт аргыг хүчээр өөрчилсний уршиг. Ц.Тойвгоо нь орь залуу насандаа малын бага эмчээр хөдөө орон нутагт хэдэн жил ажиллахдаа төл бойжуулдаг малчдын уламжлалт аргатай гүнзгий танилцаж, хашир малчдын үг сургаалыг олонтаа сонсож, ном эрдмийн мэдлэгээ амьдралын туршлагаар баяжуулсан нэгэн билээ. Тэр хожим малын их эмч болоод дээд сургуульд олон жил багшлахдаа орон нутгаар бишгүй явж, оюутны дадлага удирдан, өөрөө ч их зүйлийг ойлгож мэдсэн учраас тухайн үед мал төллүүлдэг уламжлалт хугацааг хүчээр өөрчилсөн нам, төрийн бодлого, шийдвэртэй санал огтхон ч нийлэхгүй байв.
Хаврын урь орж, жаврын үзүүр цаашилсан гуравдугаар сараас тавдугаар сарын эхэн хүртэл бог малаа төллүүлж, гарз хохирол багатай бойжуулж ирсэн малчдын мянга мянган жилийн уламжлалт аргыг дур мэдэн өөрчилж, хүйтний эрч чангарч зарим нутагт хасах 40-50 хэм хүрдэг идэр есийн хүйтнээр төллүүлэх болсон нь төл олноор хорогдох гол шалтгаан гэж академичийн багийнхан дүгнэжээ. Тус багийнхан Монгол орны хэмжээгээр бог мал төллүүлэх хамгийн тохиромжтой хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоохын тулд ойт хээрийн бүсээс Төв аймгийн Борнуурын САА, тал хээрээс Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, говийн бүсээс Дорноговь аймгийн Эрдэнэ сумыг сонгож, туршилт судалгааны ажлаа гурав дөрвөн жилийн хугацаанд явуулсан байна. Тэд гуравдугаар сараас тавдугаар сарын 1-ний хооронд богийн төл хүлээн авах нь тохиромжтой төдийгүй өвс тэжээл, дулаан байр, хүн хүч бага зарцуулах эдийн засгийн хувьд илүү ашигтайг нотолжээ.
Арванхоёр, нэг, хоёрдугаар сард хонь, ямааг төллүүлж байсан 1960-1975 онд улсын хэмжээгээр жил тутам гурваас дөрвөн сая, заримдаа түүнээс ч олон төл хорогдож байв. Монгол Улс тэр үед өнөөгийнх шиг жаран саяар тоологдох малтай байгаагүй бөгөөд 20-23 сая л байсан. Ийм байхад жилд дөрвөн сая, бас дээр нь зүй бусаар түүнээс цөөнгүй мал хорогдож байсныг бодохоор эх орны эдийн засагт хэчнээн их хохирол учирч байсан нь тодорхой.
Бог малаа эрт төллүүлсний уршиг үүгээр зогсохгүй ажээ. Арванхоёр, нэг, хоёрдугаар сард гарсан төл намар нийлүүлэгт орж, ишиг, хурган насандаа төллөдөг. Тухайн үед нам, засаг үүнийг сайшаан мал өсөж байгаа мэтээр сурталчилж байлаа. Гэтэл нас бие гүйцээгүй нялх малын төл цагийн хатууг туулах тэсвэр чадваргүй, сул дорой, давжаа байдгаас үхэж хорогдох нь элбэг. Түүгээр ч үл барам малын бие давжаарч, ашиг шим нь багасна. Алсдаа малын генофондыг алдагдуулах аюултайг эрдэмтдийн судалгаа нотолжээ. “Уургандаа цадаагүй төл мал болтлоо майлдаг” гэж малчид ярьдаг.
Мал өсгөх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, төлийн хорогдлыг багасгах талаар намын их, бага бүгд хурлаар удаа дараа хэлэлцэн, тогтоол шийдвэр өчнөөнийг гаргаж, материаллаг бааз, хүн хүч гаргаж их хэмжээний хөрөнгө хүч зарцуулж байсан хэдий ч мал өссөнгүй, төлийн хорогдол зогссонгүй, бүр малын бие давжаарч, сүү, мах, ноосны гарц нь багассаар байлаа.
Судалгааны бааз Дундговь аймаг 1969 онд нийт бог малаа гурав, дөрөвдүгээр сард төллүүлснээр өмнөх оныхоос төлийн хорогдол 48.2 хувиар буурч, аймгийн хэмжээгээр зуун эх мал тутмаас 98.2 төл бойжуулав. Дараа жил нь гуравдугаар сарын эцсээс тавдугаар сарын 1 хүртэл төллүүлж, төлийг нь 99.3 хувиар бойжуулж, төл бойжилтоор улсад тэргүүлжээ. Дорноговь аймаг гурав, дөрөвдүгээр сард бүх малаа төллүүлсний үр дүнд өмнөх жилүүдийнхээс төлийн хорогдлыг 30.2-48.4 хувь багасгаснаа Тойвгоогийн багийнханд мэдээлж байсан аж. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн хоньчин Хүрлээ, Цэнд, Жамсран зэрэг нутгийн монгол хонь малладаг малчин гурван жил дараалан малаа гурав, дөрөвдүгээр сард төллүүлээд төлийн гарзгүй мэнд сүрэгтнээр шалгарч, шагнал урамшуулал авснаа Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захиргаанд албан ёсоор уламжилжээ.
Доктор Ц.Тойвгоогийн судалгааны ажил шинжлэх ухааны бүрэн үндэстэй болохыг давхар нотолсон бас нэг сонирхолтой ажил бий. Энэ бол аргаль, янгирын биологи, байгаль экологийн зохицолдлогоог гэрийн тэжээвэр хонь, ямаатай харьцуулан судалсан эрдэм шинжилгээний ажил юм. Эргэх дөрвөн цагийн цас зудтай ямар ч үед Алтайн их уулсын оргилоор дүүлэх аргаль, янгир хүртэл урь орж, агь нүдэлдэг хаврын шувтаргаар үр төлөө гаргадгийг тэд судалгаагаараа тогтоожээ. Ингээд өлчир тэсвэрээрээ гэрийн тэжээвэр малтай зүйрлэшгүй аргаль, янгирын сүрэг урин дулаанд төллөж байхад мянга мянган жилийн тэртээгээс гаршиж гэрийн мал болсон хонь, ямааг өвлийн тэсгим хүйтэнд төллүүлж яавч болохгүйг дээрх судалгаа, ажиглалт давхар нотлов.
Бог мал төллүүлэх хамгийн тохиромжтой хугацааг сонгосон эрдэмтний саналыг орон нутгийн удирдлага, малчид, мал аж ахуйн мэргэжилтний олонх хүлээн зөвшөөрч байгааг 1968 онд “Үнэн” сонин болон төвийн бусад хэвлэлээр явуулсан хэлэлцүүлэг тодорхой харуулсан юм. Гэтэл эрдэмтэн Тойвгоотой нэг мэргэжилтэй ч амьдрал дээр малчны хотонд очиж мал төллөхийг бараг хараагүй, сурч мэдсэнээр дульхан зарим нэг хүн атаархсандаа төр, засгийн удирдлагад андуу ташаа мэдээлэл өгч, Зөвлөлтийн туршлагаар бог малыг эрт төллүүлэх нь ашигтай хэмээн сурталчилж, буруу тогтоол шийдвэр гаргуулснаас үүдэн мал эрт төллүүлэх кампанит ажлыг орон даяар өрнүүлсний уршиг нэг хоёр жилээр бус, бараг хорь гучин жил үргэлжилж, улс орны эдийн засагт хэмжээлшгүй их хохирол учруулсныг академич Тойвгоогийн багийнхны хийсэн тооцоо судалгаа тодорхой харуулсан нь архивт өнөө ч хадгалагдсаар байгаа билээ.
Ардчиллын салхи академичийг илбэв. Мэргэжил нэгт нөхөд, шавь нарынхаа хамт хорь илүү жил үнэний төлөө зүтгэж, эх орныхоо байгаль, цаг уур, бэлчээрийн өвс ургамлын ургах, хагдрах, үржил шимээ хадгалах хугацаа, мал аж ахуйн материаллаг бааз, хүн хүчний хүрэлцээ зэрэг зайлшгүй тооцвол зохих олон хүчин зүйлийг хамтад нь судалж, хангай, говь, тал хээрийн бүсийн онцлогт тохируулан мал төллүүлэх хамгийн тохиромжтой хугацааг тогтоосон болохоор үнэн хэзээд ялна гэдэгт Ц.Тойвгоо академич итгэлтэй байжээ.
Гэвч хийсэн судалгаа нь үр дүнтэй болох тусам алхам бүрт эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Ийм үед багийн зарим гишүүн шантран ажлаа орхиж, ганц нэг нь сайн цагийг үзэж амжилгүй ертөнцөөс хальсан нь харамсалтай. Их эрдэмтнийг онилсон шүүмжлэл 1970-аад оноос бүр ч гаарч, түүнийг “эсэргүү” хэмээн цоллон, 1974 оны нэгдүгээр сарын 16-нд ажлаас нь халжээ. “Намын Төв хорооноос” өгсөн чиглэлийн дагуу ажлаас чөлөөлөв гэсэн тушаалыг Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал гаргажээ. Ажлаас халаад зогссонгүй, Архангай аймгийн Ихтамир суманд малын эмчээр ажиллуулахаар нутаг заасан шийдвэрийг эрдэмтэнтэй тэрслэгчид гаргуулж амжсан байна. Ц.Тойвгоо хөдөө явах амьдралын боломжгүй, бас хотод сууж эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ учирлан МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргад захидал бичив. Тэр үед академичийн бичиж нийтлэхийг хянаж, нэг үгээр хэлбэл хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарлаж байсан тул захидал нь эзэндээ хүрэх магадлал бага байлаа. Түүний нэг шавь нь Намын Төв хороонд дээгүүр тушаал хашиж байсан нь аз болж захиаг нь Ю.Цэдэнбал даргад биеэр хүргэж өгч, үнэн учрыг нь тайлбарлажээ.
Өргөдөлтэй нь танилцсан Ю.Цэдэнбал дарга,
-Монгол Улс академичаар сумын малын эмч хийлгэх хэмжээнд хүрээгүй байна. Ц.Тойвгоог хотод эрдэм шинжилгээний ажилд оруул гэсэн удирдамжийг ШУА-д хүргүүлснээр тэр Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан болсон түүхтэй. Тэглээ ч эсэргүүцлийн “гал” намжсангүй. Ингэж явсаар 1990 он гарч, ардчилал ялсны буянаар мал эзэндээ очиж, малчин хүн малаа мэдэх эрхтэй болов. Тэд эрдэмтний зөвлөснөөр урин дулааны улиралд малаа төллүүлж, малынхаа төлийг гарз хохирол багатай бойжуулснаар мал өсөж эхэлжээ. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүн гарч, эрдэмтнийг баярлуулав. Төр түмэн ч түүнийг нь үнэлж, “Бог малын төл хүлээн авч бойжуулах тохиромжтой хугацааны шинжлэх ухааны үндэслэл” бүтээлд нь 1994 онд Ц.Тойвгоод Төрийн шагнал олголоо. Бас Монголын шинжлэх ухаанд оруулсан их хувь нэмрийг нь үнэлж, алдрыг нь мөнхжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар 2007 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнг Төрийн шагналт, академич, доктор, профессор Цэвэгийн Тойвгоогийн нэрэмжит болгожээ.
Өнөөдөр манай улс жаран сая малтай болж, монгол хүн бүр баярлан бахархаж байна. Бахархах ч ёстой. Мал өссөн нь малчин түмний нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүн мөн билээ. Өдгөө бидний дунд байхгүй ч Монгол Улсынхаа мал сүргийг өсгөн үржүүлэхийн төлөө эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан олон жил сайн, муу нэр дуулж, эсэргүүцэл хавчлагын дунд зүтгэсээр зорьсондоо хүрсэн эрдэмтэн багш Ц.Тойвгоогийн хувь нэмэр энд их бийг мартах ёсгүй гэж бодном.
Шинжлэх ухаанд хийсэн шинэ онол, нээлтээрээ Монголын нэрийг дэлхийд дуурсгасан эрдэмтэн Ц.Тойвгоо бас сайн орчуулагч, тользүйч байсныг товч боловч дурдахыг хүсэв.
Эрдэм шинжилгээний их ажлынхаа хажуугаар олон жил цуглуулж, орчуулсаар бэлтгэсэн нэгэн том бүтээл мөдхөн ард түмний хүртээл болох нь ээ. Энэ бол “Тусгай болон түгээмэл хэллэгийн 180 мянган үгтэй толь” юм. Амьд сэрүүндээ бэлэн болгосон ч хэвлүүлж амжилгүй тэнгэрт хальсан энэ бүтээлийг нь түүний хүү, хүний Гавьяат эмч, дурангийн мэс засал, оношилгоогоор Монголдоо нэгдүгээрт эрэмбэлэгддэг Т.Тамир, эх орондоо хүний их эмчийн мэргэжил эзэмшиж, улмаар анагаах ухааны магистрыг АНУ-д, докторын зэргээ Японд хамгаалж, эрдэм шинжилгээний олон бүтээлээ дэлхийн анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлээд байгаа, охин Т.Айра нар нь аавынхаа мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан уг толийг хэвлүүлж олны хүртээл болгож байгаа нь нэн талархалтай.
Академичийн алжаалаа тайлдаг дуртай спорт нь шатар байжээ. Монголын шилдэг шатарчидтай өгөө аваатай үзэлцдэг түүнд нэгдүгээр зэргийн шатарчны зургаа дахь дугаарын үнэмлэхийг 1954 онд Монгол Улсын Биеийн тамирын зөвлөлөөс олгосон байдаг юм. 1956 онд Москвад болсон Олон улсын шатрын олимпиадад анх удаа Монголын шатрын нэрт мастерууд болох Ц.Жүгдэр, Н.Намжил, Г.Жамсран, С.Мөөмөө, П.Төмөрбаатар, Д.Цэрэндагва, Г.Бадарч нарын мундагчуудыг ахлан оролцож явсныг бодоход шатар Ц.Тойвгоо агсны бас нэг эрдэм байжээ. Нэрт шатарчин түүний ойг тохиолдуулан энэ оны тавдугаар сард Ц.Тойвгоогийн нэрэмжит тэмцээн зохион байгуулахаар Монголын шатрын холбоо шийдвэрлэсэн байна. Академичийн гэргий нь Г.Билэгт гэж МУИС-д насаараа багшилсан, нэртэй сайн багш, сурган хүмүүжүүлэгч байсныг мянга мянган шавь нь андахгүй ээ. Г.Билэгт нь XX зууны Монголын тэргүүний сэхээтэн, орчин цагийн шинжлэх ухааны анхны боловсон хүчний нэг мэргэн гүн Гомбожавын охин юм. 2016 онд Мэргэн гүний мэндэлсний 110 жилийн ойг Монголын шинжлэх ухааны байгууллага олон улсын эрдэмтэдтэй хамтран өргөн тэмдэглэсэн билээ. Энэ түүхт ойг нь тохиолдуулан ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтарч зээ хүү Т.Тамир, зээ охин Т.Айра нар нь “Мэргэн гүн Гомбожав” хэмээх томоохон бүтээлийг хэвлүүлсэн юм. Уг бүтээл нь монголчуудын үндэсний сэргэн мандалтын төлөөх тэмцлийн тэргүүн эгнээнд байж, цаг үеийнхээ үзэл санааг хэрэгжүүлэн монгол хүн хэнээс ч дутахгүйг авьяас чадвар, боловсрол, мэдлэгээ харуулж, эрч хүчээр дүүрэн амьдарсан мэргэн гүн Гомбожавын намтар түүхийг уншигч олон, түүхийг сонирхогч, эрдэмтэн, судлаачдад ихийг мэдүүлэх чухал хэрэглэгдэхүүн болсныг энэ дашрамд цухас дурдав.
Ийнхүү Монголын нэрт эрдэмтэн, нэгэн оюунлаг гэр бүлийн тэргүүн Ц.Тойвгоогийн алдар суу зуун зуунаар дурсагдах нь лавтай.