Саяхан даа, нэгэн шатахуун түгээх станцынхан явган хүний зам дээр сурталчилгааны самбараа байрлуулсан зураг нь фэйсбүүкээр “хэрэн тэнүүчиллээ”. Үүнийг харсан хүн зургийг нь авч, фэйсбүүк хуудсандаа тавьснаар үзэн ядагчид түүнийг хуваалцсан хэрэг. Ингэж нийтээрээ шүүмжилсний үр дүнд өнөөх самбарыг буулгуулжээ. Зураг авч, зөрчлийг мэдээлсэн, түүнийг нь хуваалцсан хүн бус, нийгмийн сүлжээ ийм шийдвэр гаргахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр нэгэн эмэгтэйн зураг фэйсбүүкт нэлээд “өндөр авсан” юм. Тэр зураг “..... сургуулийн ... ангийн сурагч. Хүүхдийг минь өнчрүүлж, амьдралыг минь сүйтгэсэн. Өөрийг нь хартал, эцэг, эх нь охиныхоо юу хийж явааг мэдтэл шэйрлээрэй” гэсэн тайлбартай байв.
Бас болоогүй ээ, “Буруугаа хүлээхийн оронд над руу ингэж бичсэн” гээд харилцан бичсэн мессежнийхээ хэд хэдэн зургийг хамт оруулсан байлаа. Түүнийг нь уншвал зураг нийтэлсэн эмэгтэйд хэргийн зангилаа бий гэдгийг мэдэж болохоор байгаа юм. “Чиний л буруу байна шүү дээ. Адилхан байж нэгнийгээ битгий ингэ. Хүн гүтгэж, доромжлох хуультай” гэх постын эзэнд зориулсан цөөн сэтгэгдлийг эс тооцвол олонх нь сурагч охиныг хэлж болох хамгийн муу үгээр харааж, 1578 хүн постыг бусадтай хуваалцжээ. Өнөө буруу үйлдлийг дор нь залруулсан нийгмийн сүлжээ тэр охиныг хэн ч биш болгох нь тэр.
Сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээг бусдыг гутаан доромжлох, өшөө авах хэрэгсэл болгох явдал ихэслээ. Ялангуяа сурагчид цахим гэмт хэрэгтэн болж шийтгүүлэх, золиос болж амиа хорлох явдал газар авав. 2012-2016 онд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон гэх статистик байна.
Тэдний 23 нь цахим орчинд гутаан доромжлуулж, харааж зүхсэн сэтгэгдэл уншаад амиа хорлосон болохыг цагдаагийнхан тогтоосон аж. Харин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирдэг хандалтын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд 30 орчим хувийг цахим гадуурхалтай холбоотой гомдол эзэлдэг аж. Хүүхдүүд фэйсбүүкт цацагдсан өөрийнхөө мэдээллийг олж уншаад, яах ёстойг лавладаг хэрэг.
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн сурагч охинтой ярилцлаа. Наран (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь өөрчлөв) 14 настай. “Манай гэр Энхбаярын зам дагуу байдаг. Би сүүлийн хэд хоног (энэ сарын 3-15 хүртэл) хичээлдээ очоогүй. Гэтэл багш намайг хичээлээ тасалсан гэдгийг ээжид хэлчихсэн. Ээждээ загнуулаад, хамт сургууль руу очиж, яагаад хичээлээ тасалснаа багшдаа тайлбарлалаа.
Би гурван дүүтэй. Ээж ажил хийдэггүй. Онцгой баяр л биш бол бид шинэ хувцас бараг авдаггүй. Сүүлийн үеийн загварын гар утас барьж, аав ээжээсээ халаасны мөнгө байнга авдаг хүүхэд манай ангид олон. Хичээл амраад ороход ангийн хүүхдүүд намайг фэйсбүүкийнхээ найзуудын жагсаалтаас хасчихсан байв. Ойролцоо амьдардаг ангийн найзаасаа бидэн шиг ядуу айлын хүүхэдтэй найзлахгүй гээд хассан гэж сонссон. Бас бидний зургийг авч, нууц групптээ байршуулж, шоолдог юм билээ. Тэгээд л хичээлээ тасалсан” гэж тэрбээр ярьсан юм.
Түүний багшаас сурагчид нь бие биенийгээ цахим орчинд гутаан доромжилсон уг асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг лавлахад “Энэ сурагч маань болсон явдлыг хэлсэн гэдгээ нуухыг хүссэн. Хүсэлтийнх дагуу би нууцаар тандалт хийлээ. Түүний хэлсэнчлэн хүүхдүүд фэйсбүүкт бүлэг үүсгэн, нэгнийгээ шоолж, шоглодог болохыг мэдсэн. Тэр хуудсыг нь устгуулаад, дахин ингэж болохгүй гэдгийг анхааруулаад байна. Хэдийгээр тэд за гэж буй ч уг үйлдлээ давтахгүй гэсэн баталгаа байхгүй” гэв.
Дархан-Уул аймгийн 17 дугаар сургуулийн сурагч хүү өөрт тохиолдсон явдлыг хуваалцсан юм. Б.У-ын хэлж буйгаар сурагчид нэгнийгээ цахим орчинд гадуурхах, фэйсбүүк хуудсандаа бичсэн зүйлийнх нь доор доромжилсон сэтгэгдэл бичих болжээ. Хамгийн сүүлд У-ыг хулгайч хэмээн гүтгэж, “хулгайч нарыг илрүүлэх бүлэг” гэгч группэд байрлуулсныг мэдэгдэж, хүүхдүүдэд зохих шийтгэл оноосон ч тус сургууль доторх ийм үзэгдэл улам л далд хэлбэрт шилжсэн гэнэ.
Фэйсбүүк дэх “Царайлаг охид, хөвгүүд”, “Монголын хамгийн хөөрхнүүд”, “Хамгийн хамгийн хамгийн”, “Монголын царайлгуудыг цуглуулчихъя” зэрэг хуудсаар аяллаа. Үеийнхэн дундаасаа арай илүү тансаг хэрэглээтэй, энгэсгээ зөв түрхчихдэг охид, сүүлийн үеийн загварын мэдрэмжтэй, туранхай, гоолиг хөлтэй хөвгүүдийн зураг эдгээр группээр дүүрэн байх юм.
Дунд нь “Зургийг нь зөвшөөрөлгүй авсанд уучлаарай. Үнэхээр хөөрхөн харагдаад байсан юм” гэх тайлбартай “лаг царайтнуудын” зураг ч байх юм. Харин “Эморогсод”, “Нүд хуруу”, “Дэлхийгээс зайл”, “Оркуудыг нутаг буцаа” гэх мэтийн хуудас, группэд орон нутгаас ирээд удаагүй, гэр хороололд амьдардаг хүүхдүүд эсвэл, хэнд ч хал балгүй явдаг хүүхдүүдийн зураг байдаг аж. Үүнээс гадна “нууц” гэх ангилалтай маш олон групп байдаг гэнэ.
Ийм групп, хуудас нээж, бусдыгаа доромжилдог хүүхдүүд биеэ хэт тоох эмгэгтэй байдаг талаар сэтгэлзүйч Б.Хандаа хэлэв. Тодруулбал, эд хөрөнгийг бүхнээс илүүд үзэх эцэг, эхийнх нь хандлага хүүхдэд нь нөлөөлсөн гэж ойлгож болно. Тэд амьжиргааны түвшин доогуур, эсвэл өөрөөс нь илүү боловсрол, хүмүүжилтэй хүүхдүүдийг гадуурхдаг эмгэгтэй болдог аж.
Улмаар бусдадаа нөлөөлж, “Чи түүнтэй найзалсан хэвээр байвал бид чамтай харьцахгүй” гэх зэргээр айлгадаг аж. Ингэж нэгнээрээ тохуурхах хугацаа ч тэдэнд хангалттай. Ихэвчлэн хичээлийн завсарлага, оройн цагаар сошиалаар “тэнүүчилдэг” тэд өдөрт хамгийн багадаа 78 минутыг гар утастайгаа нөхөрлөж өнгөрүүлдэг байна. Нэг хүүхэд хамгийн багадаа 25-40 групп, хуудсанд нэгдэн орсон, өөрөө 1-3 бүлгийн админ хийдэг ажээ. Ингээд ихэвчлэн 7-12 дугаар ангийн хүүхдийг түүндээ элсүүлж, дурын зүйлсээ нийтэлдэг байна.
Харин эдгээр “Би” үзэлтний хүрээнд орохыг хүсэгчид цахим гадуурхлыг дэврээдэг гэнэ. Судлаач Б.Хандаа “Өөрсдийнх нь хийж буй үйлдэл бусдыг үхэлд хүргэх сөрөг үр дагавартай гэдгийг хүүхдүүд мэддэггүй, тоодог ч үгүй. Өнгөрсөн намар ногоон трико, урт улаан бошинз өмссөн охины зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүмүүс үгийн муугаар доромжилсон байхыг харсан юм. “Хөдөөнөөс ирсэн халтар” гэх зэргээр доромжилсон нэгэн байхад “Оркууд морилжээ” гэх мэтээр шоглоом болгож, түүний зургийг хуваалцсан хүн олон байсан.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, хүүхдүүд нэгнийгээ доромжлон, эд хөрөнгөөрөө гайхуулж, таашаал авдаг болчихоод байна. Гэтэл тэдний бай болсон хүүхдүүд сэтгэл зүйн цохилтод орж, гутраад амиа хорлох болсон гэж болно. Судалгааны байгууллага 200 сурагчаас цөөн асуултад хариулт авч, тэдний сэтгэл зүйн байдлыг тандахад хэний ч санаанд оромгүй дүн гарсан байгаа юм. Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж байсан, арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлохоор оролдсон гэсэн дүн гарсан.
Энэ бол сонсоод өнгөрүүлэх асуудал биш. Хүүхдүүд цахим орчин дахь сөрөг мэдээллээс үүдэн сэтгэл гутралд өртдөгийг эндээс харж болохоор. Ухамсартай хүүхдүүд хоногийн хоолоо залгуулах гэж хичээж буй эцэг, эхээсээ шинэ хувцас нэхэж лав чадахгүй. Тийм болохоор өнөөх доромжлол, гадуурхлыг дотроо хадгалж, улмаар “Би байхгүй бол гэрийнхний минь ачаа хөнгөрнө” гэж сэтгэдэг. Дээрээс нь хүүхдүүдийн нэгнийгээ шохоорхох сэдэл нөлөөлж байгаа. Тэгэхээр багш нар сурагчдаа өмсөж, зүүснээр нь ялгах, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүслээр бүхнийг шийдэж өгөхөө болих хэрэгтэй” гэв.
Түүний хэлснийг бататгах хүн олон байв. Тухайлбал, БСШУСЯ-ны мэргэжилтнүүд хүүхдүүд цахим боловсролын мэдлэггүйгээсээ болоод бусдыгаа гадуурхаж, доромжилж буй гэв. Тиймээс тэдний ойр дотно хүмүүс болох багш, эцэг эхэд нь зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж эхэлжээ. Мөн цахим гадуурхлын эсрэг бодлогын баримт бичиг боловсруулах гэнэ. Эс бөгөөс биеэ тоох өвчнөөр өвчилсөн “Би” үзэлтнүүдийн үйлдэл цөөнгүй хүүхдийг “нөгөө ертөнц” рүү илгээх нь.
Компьютерын цаанаас хэн нэгнийг доромжлох, хийгээгүй үйлдлийг нь хийсэн мэтээр худал мэдээлэл цацах хэргийг илрүүлэхэд түвэгтэй гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Хэн нэгний нэр төрд халдаж буй этгээд ихэвчлэн хуурамч хаяг ашигладаг. Фэйсбүүк хэрэглэгчдийн 5-10 хувь нь хуурамч хаяг нээдэг. Ийм 160 гаруй сая хаяг бий гэсэн тооцоо гарчээ. Манай улсад сард нэг удаа фэйсбүүкт нэвтэрдэг нэг сая 600 мянган хэрэглэгч байна гэсэн судалгаа ч бий.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Цахим орчны боловсрол дутмаг учраас ийм байдал үүсэж байна
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Хүүхдүүд нэгнийгээ цахим орчинд гадуурхах, дээрэлхэх боллоо. Чухам юу нөлөөлж байна вэ?
-Энэ нь цахим орчин дахь боловсролтой холбоотой. Ийм боловсрол дутагдсанаас болж хүмүүс нийгмийн сүлжээнээс авсан мэдээллээ боловсруулж чадахгүй байна. Тодорхой мэргэжлийн хүмүүс тэр олон мэдээлэл дундаас хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь үл тоодог. Гэтэл сурагчдад ийм боловсрол алга.
Ерөнхий боловсролын сургуулийн комьютерын мэдлэг олгох хичээлээр энгийн зүйл заахаас, ийм чухал асуудлыг хөндөхгүй байна. Үүнээс гадна эцэг, эх сурган хүмүүжүүлэгчдийн цахим боловсрол дутмаг. Тэгэхээр цахим орчноос мэдээлэл шүүх, бусдыгаа гадуурхсанаар ямар уршиг тарихыг заах хэрэгтэй.
-Танай газар энэ чиглэлээр сургалт зохион байгуулж эхэлсэн гэсэн.
-БСШУСЯ, нийслэлийн Боловсролын газар, СЭМҮТ, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран нийслэлийн 16 дугаар сургуулийнханд сургалт зохион байгуулсан. Гэхдээ үүнийг бид үр дүнгүй болсон гэж дүгнэлээ.
Бид хуучны арга барилаар буюу танилцуулга хийсэн юм. Эцэст нь, ингэж хүүхдүүдийн нойрыг хүргэсэн байдлаар сурталчлахаар үр дүнгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Цагдаагийнхан очиж яриад ч нэмэргүй.
-Тэгэхээр сургалтын арга барилаа өөрчилнө гэсэн үг үү?
-Одоогийн хүүхдүүд юу сонирхож байна, тэр сувгаар нь дамжуулж хийх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ухаалаг утас, төхөөрөмжид зориулсан цахим боловсролын аппликейшн гаргах гэх мэт. Ингэхийн тулд нарийн судалгаа хийж, үндэслэлийг гаргах нь чухал.
Хүүхдүүд амиа хорлох явдал олширлоо. Хүүхэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлж байна. Тэгэхээр гадуурхал, доромжлол сургуулийн орчинд байна гэсэн үг. Тэнд л бие биенээ доромжлох, гадуурхах, дээрэлхэх асуудал гарч, улмаар гартаа оруулж, хэрэг хийлгэж байгаа. Өөрт тулгарсан бэрхшээлээ найзууддаа л ярина. Ингээд л ижил зовлонтой хүүхдүүд хамт амиа хорлохыг илүүд үзэх болсон болов уу.
Тиймээс эхлээд эцэг, эх, багш нарыг цахим орчны боловсролтой болгох хэрэгтэй байна. Цахим орчны сайн талыг ашиглан багш нар хүүхдүүдтэй ярилцаж болно шүү дээ. Жишээлбэл, ийм халдлагад өртсөн хүүхдүүдэд тусалдаг групп нээж, хүүхдийн нууцыг задлалгүй, зөвлөгөө өгөх гэх мэтээр ашиглаж болмоор санагддаг.