Монголд жилд дунджаар 100 орчим хүнийг дуулаачаар бэлтгэж төгсгөдөг гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд зөвхөн СУИС-ийн Дуулах урлагийн тэнхимийг 24 оюутан төгсчээ. Гуравхан сая хүнтэй манайх шиг улсад хэтэрхий ахадсан тоо энэ гарцаагүй мөн. Ямар ч уран аргаар шоу бизнес хийлээ гээд 100, 100 дуучныг шингээх зах зээл манайд байхгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нэртэй дуучин болоод, амар хялбар аргаар сайхан амьдарна гэсэн амбийцандаа шатсан энэ залуусаас цөөн хэд нь л хөдөө орон нутаг руу дуртай дургүй явдаг бол олонх нь хотод бүгчихдэг.
Ингээд Монголын ажилгүйчүүдийн эгнээг тэлэхэд өнөөх дуучид бас “хувь нэмрээ” оруулдаг гэсэн үг. Гэтэл СУИС, Соёлын сургууль, Хөгжим, бүжгийн коллеж, “Сити” тэргүүтэй төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль “дуучид” үйлдвэрлэсээр л байдаг. “Зарим жил ядаж элсэлт авахуулахгүй өнжиж болдоггүй юм уу” гэсэн асуултад эрх бүхий албан тушаалтан “Манай боловсролын тогтолцооны бас нэг гажуудал энд оршдог. Хэрэв дээрх сургуулиуд дуулаачийн ангидаа элсэлт авахгүй бол багш нар нь ажилгүй, бас цалингүй хэцүүднэ” хэмээн тайлбарлав.
Нэг хэсэг бөөнөөрөө хуульч, эсвэл эдийн засагч болох гэж хошуурч байсан хүүхэд, залуусын давалгааг сүүлийн жилүүдэд дуучин болох гэсэн “хэнээтнүүд” залгамжилж буйг ингээд өөгшүүлээд сууж байх уу.
Сэлэнгэд намар тариа хураалтын цаг болохоор “Монголын сүүлчийн комбайнч” хочтой, хижээл насны нэгэн эр хамгийн үнэ хүндтэй хүн болдог тухай үлгэр домог шиг яриа бий
Тэгвэл эсрэгээрээ нөгөө талд нь манай орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулах нэг багана нь болсон хөдөө аж ахуйн салбар нарийн мэргэжлийн боловсон хүчнээр цангаж байна. “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ” хэмээн төр, засгийнхан сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьж буй ч мал аж ахуйн үйлдвэрлэл, үржлийн ажлыг удирдан зохион байгуулдаг гол хүн болох зоотехникчдийг бодлогоор бэлтгэхэд анхаарсангүй. Социализмын үед 20 гаруй сая малтай байсан Монгол Улс тухайн үед 4000 орчим зоотехникчтэй байж.
Гэтэл өнөөдөр 60 сая толгой малтай болсон хэрнээ 600 хүрэхгүй зоотехникчтэй байгаа гэхээр энэ хоёрын харьцаа ямар урвуу хамааралтай явж буй нь эндээс тодорхой харагдана. Тухайн аймаг, сум, баг, малчны суурьт байгаа хамгийн өндөр ашиг шимтэй малыг олж илрүүлэн, бусад сайн үүлдрийнхтэй нийлүүлж, тоо толгойг нь өсгөснөөр шилмэл малын сүрэг бүрдүүлэх үндсэн ажилтай зоотехникчид өдийд хамгийн их ажилтай, хамгийн эрэлттэй хүмүүс байх ёстой атал харин ч мартагдсан дууль болох шинжтэй.
Газар тариалангийн салбарт ч мөн ялгаагүй. Агрономич, мэргэжлийн трактор комбайнчдыг төрөөс бодлогоор дэмжин, залгамж халааг нь бэлтгэхгүй бол энэ салбарын ирээдүй одоо байгаа хэдэн хөгшидтэйгөө хамт “булшинд” орж мэдэхээр болсныг тариалан эрхлэгчид халаглан ярьдаг.
Сэлэнгэд намар тариа хураалтын цаг болохоор “Монголын сүүлчийн комбайнч” хочтой, хижээл насны нэгэн эр хамгийн үнэ хүндтэй хүн болдог тухай үлгэр домог шиг яриа бий. Компаниуд ганц комбайнчаа бурханчлан шүтэх нь холгүй, ээлж ээлжээр урин залаад, тариагаа хураалгадаг гэлцэнэ. Монголд трактор комбайнч үнэхээр дутагдалтай байдгийг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн залуу ч хүлээн зөвшөөрч, “МСҮТ-үүдэд трактор комбайнчдыг бэлтгэж байгаа боловч энэ мэргэжлийг сонгох хүүхэд маш цөөн байдаг. Газар тариалангийн салбарт удам дамжин ажиллаж буй ганц нэг айлын хүүхэд л трактор комбайнчийн мэргэжлээр суралцдаг” хэмээсэн.
Монголд сүүлчийнхэд тооцогдоход хүрээд буй эдгээр мэргэжил тогтвортой хөгжлийг хангах зорилгоор ЮНЕСКО-гоос баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн хөтөлбөрийн индексийг тэргүүлж буй юм билээ.
Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор Монгол Улсад тэргүүлэх ач холбогдолтой 40 мэргэжлийн чиглэлийг батлахад тэр дунд хөдөө аж ахуйн салбараас мал эмнэлзүй, тэжээл, бэлчээр судлал, зоо инженер технологи, газар тариалан гэсэн дөрвөн чиглэл багтжээ.
Одоо болоод ирээдүйд манай улсад ямар мэргэжлүүд чухал ач холбогдолтой вэ гэдгийг салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд гурван жилийн өмнө ийн тогтоосон байтал хөдөө аж ахуйн тухайд дээрх дөрвөн чиглэлээр яг хэдэн оюутан элссэн талаарх мэдээлэл БСШУСЯ-нд алга.
Тухайн мэргэжлээр сүүлийн гурван жил элсэлт огт аваагүй бол тэдгээр мэргэжлийн ангиа хаах шаардлагыг яамнаас их, дээд сургуулиудад өгдөг байна. Гэвч ийм шалтгаанаар өдгөө хэдэн мэргэжил жагсаалтаас гарсан тухай, ямар мэргэжил нэн ховордсон талаарх мэдээлэл мөн л хараахан нэгтгэгдээгүй гэнэ. Уг нь энэ мэт тоо баримт, судалгаагаа юуны түрүүнд гаргаж байж, түүн дээрээ үндэслэн улс оронд тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлүүдээр залуу боловсон хүчин хэр бэлтгэгдэж буй тухай, аль нь орхигдоод байна вэ гэсэн баримжаатай болох учиртай.
Тэгээд цаашдаа тэргүүлэх ач холбогдолтой 40 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад ямар нэг урамшуулал, дэмжлэг үзүүлэх хувилбар ч байж болохгүй гэх газаргүй. Өнгөрсөн жилээс ажлын байрны захиалга хамгийн ихээр ирж буй салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр гэхэд л оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах хүсэлт аж ахуйн нэгжүүдээс нэлээд ирж буй гэсэн.
Социализмын үеийнх шиг “Энд тийм мэргэжилтэй хүн хэрэгтэй байна” гээд түүнийгээ бодлогоор бэлтгэн, шаардлагатай газарт нь хүчээр тулган хуваарилдаг тогтолцоо хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд зохимжгүй. Гэхдээ л нарийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд монгол төрийн уран нарийн бодлого яалт ч үгүй үгүйлэгдэж байна.
Жишээ нь, ямар ч мэргэжлийн чиглэлийн багш байсан дохионы хэлний зохих мэдлэгтэй байхгүй бол суралцагч хохирох эрсдэлтэй гэдгийг сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийнхан нийгэмд цочроо болгож чадлаа. Тус сургуулийн багшлах боловсон хүчний ур чадварыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр тэндхийн багш нарын 55 хувь нь бүдэрсэн байсан.
Өдгөө тэнд хийн дохионы хэлний багш нарыг чадавхжуулах сургалт МУБИС-д эхлэх гэж буй аж. Мөн тэдний ачаар МУБИС-д өнгөрсөн намар элссэн, сонсголын бэрхшээлтэй таван оюутан дохионы хэлээр хичээл үзэх асуудал шийдэгдэж ч магадгүй гэсэн.
Өмнө нь манайд 817 мэргэжлийн жагсаалт байсныг 181 хөтөлбөр болгож багцалснаар механик инженер гэсэн нэршлээр диплом авсан хүн аль нэг салбар руу хөрвөх боломжийг нэмэгдүүлсэн тухай БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан ярилаа. Мөн тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд тусгай хэрэгцээт боловсролыг түлхүү оруулж, гадаадын тэтгэлэгт хамруулахад анхаарч буй ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст багшлах хүсэлтэй хүн гарахгүй байгааг ч тэрбээр учирласан.
Тэгэхээр нэг талаар монгол хүүхдүүд “Би ирээдүйд ямар мэргэжил сонговол ажилтай байх вэ” гэдэг талаарх ойлголт, мэдлэг хомс хэвээр байгаа нь илт. Тэргүүлэх ач холбогдолтой 40 мэргэжилд соёл урлагийн салбараас хоёр чиглэл багтсан нь дуучин биш, соёлын өвийн сэргээн засварлагч, сонгодог урлаг гэдгийг хүүхдүүд, эцэг эхчүүд ойлгоосой. Тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгоход тасралтгүй анхаарах хэрэгтэй байна. Цаг үеийн нөхцөл байдлыг дагаад барилга, уул уурхайн чиглэлээр суралцах хүсэлтэй залуус нэмэгдсэн.
Гэвч уул уурхайн хамгийн чухал нарийн мэргэжил болох хөрс судлаач буюу агрохимичийг сонгох нь илт ховордсонд сэтгэл эмзэглэж явдгаа хөрс судлаач, доктор Ж.Мандахбаяр нуугаагүй. “Хүнд металлаар хөрс бохирдлоо гэдэг ч манайхан хөрсөн дэх хар тугалга, мөнгөн ус ямар хэмжээтэй байвал ямар хор хохиролтойг яаж судалж шинжлэхээ мэддэггүй. Энэ талаар нарийн мэргэжилтэн бэлтгэх багш нар ч үгүй болсон” гэх түүний үг энэ салбарын бас нэг төөрөгдөл, гажуудлыг илтгэх мэт.