“Хүмүүс тэтгэвэрт гарахаараа уйдаж даалуу, хөзөр тоглодог, зарим нь архи уугаад л их зовж харагддаг. Харин надад уйдах зав байхгүй. Миний нэг өдөр компьютерын ард өнгөрдөг юм. 2008 онд тэтгэвэрт гарснаасаа хойш “Хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэй хүн бүхэнд зориулсан ном”, “Та надтай санал нийлэх үү”, “Хүн чанар, түүнийг зүйр үгээр олгох нь”, “Зүйр үгийн сурган хүмүүжүүлэх увдис” гэсэн дөрвөн ном гаргалаа. Би наад зах нь 90, болбол 100 насалж, Ерөнхийлөгчөөс Цагаан сараар бэлэг авна. Тэр хооронд таван ном гаргах зорилготой. Өдгөө хоёрыг нь бэлтгэчихээд байна” гэсэн хүн бол 82 настай, Гавьяат багш Пунцагийн Батаа.
Бурхан хүнд дааж чадах ачааг л үүрүүлдэг бололтой. Хүнд ямар зовлон тохиолдож мэдэхийг, түүнийг эр зориг, тэсвэр тэвчээрийн хүчээр хэрхэн даван туулдгийн амьд жишээ болсон П.Батаа гуайн амьдрал олон хүнд сургамж өгч, урам хайрлах нь гарцаагүй.
ЖАРГАХ ЦАГТ СЭРЭМЖ, ЗОВОХ ЦАГТ ХАТУУЖИЛ ХЭРЭГТЭЙ
Увс аймгийн Ховд суманд 1935 онд малчин Пунцагийн дөрөв дэх үр болон мэндэлсэн тэрбээр дөрвөн настайдаа ижийгээ, хоёрдугаар ангидаа аавыгаа алдсан юм билээ. 18 настай эгч, 15-тай ахад нь ар гэрээ өөд татаж, өнчин дүү нараа хүний дайтай өсгөх хүнд ачаа ногдсон гэдэг. П.Батаа ч юм ховор, харандаа хонины үнэтэй байсан дайны цагт сумын сургуульд сурч, гуравдугаар ангиасаа авга ах Эрдэнийд амьдрахаар аймаг руу шилжив.
Ийн тэрбээр багаасаа мод хагалж, пийшингээ галлах, өвлийн цагт голоос мөс авчирч хоол хийх зэрэгт гаршиж, “Ээж ээ” гэж эрхлэх хүнгүй хатуужилтай өссөн болохоор хожим тохиолдсон зовлонтойгоо тэмцэж чадсан биз ээ. “Тааруухан өнчингүүд бол тэгээд л баларна. Аав, ээж тусгай хүмүүжлээр өсгөөгүй. Бид тав өөрсдийгөө л хүмүүжүүлсэн. Хэн болох вэ гэдэгт удам нөлөөлдөг болов уу” гэж тэрбээр хэлсэн юм.
Ангийн болон сурагчдын зөвлөлийн даргаар ажилладаг онц сурлагатан хүү нутгийн аялгуунаас болж орос, монгол хэлний хичээлдээ алтан гуравтай найзалчих гээд байж. Гэсэн ч дайсантайгаа “үзэлцэж”, Ц.Дамдинсүрэнгийн “Зөв бичгийн дүрэм” ном уншсаар эх хэлээрээ алдаагүй бичдэг болжээ.
Зохион бүтээгч инженер болох хүслээр жигүүрлэж, тавдугаар ангидаа радио хийх гэж оролдсон удаа ч түүнд бий. Гэвч 1955 оны шинэ жилийн өмнөх гайт тэр нэг явдал мөрөөдлийг нь талаар болгов.
ХАР ДАРСАН ЗҮҮДЭНД Ч ОРОМГҮЙ ЯВДАЛ
Сургуулийн багш сурагчид цанын аялал зохион байгуулж, энэ хүрээнд МАХН-ын XII их хурлын материалыг нутгийнхандаа тараан сурталчлах болжээ. Архи нэлээд балгачихдаг орос хэлний Балсанжав багшийг баярын үеэр уулгахгүйн тулд уг аяллыг удирдуулах болж, цанаар гулгахдаа дөнгүүрийг нь сурагчдаас шалгаруулан Баяндэлгэр, Батаа хоёрыг л хамт явуулахаар Аймгийн намын хорооноос зөвшөөрсөн аж.
Тэдний анх очих газар Малчин сумын төв байв. Балсанжав багш сурагчдаасаа түрүүлээд жирийлгэчихээр өнөө хоёр нь ч түүнийг гүйцэх гэж хэрэндээ л мэрийв. Баяндэлгэр багшаасаа нуугдаж тамхи татахаар хамгийн ард, Батаа дунд нь гэсэн дарааллаар явсан гэнэ. “Хэцүүгийн хотгороос уруудахад цанын тэмцээнд орж байх шиг мөн ч сайхан байж билээ. Одоо бодох нь ээ, сайн мэдэхгүй газар цанаар уруудна гэдэг осолтой. Бид замдаа хэрэглэх хүнсгүй явсан учраас өлдөж ядарсан. Нойр муутай, сульдсан хүн зогсоогоороо зүйрмэглэдэг юм билээ. Хоёр дахь шөнө зогсоогоороо унтаад нөгөө хоёроосоо хоцорчихсон хэрэг” хэмээн энэ үеийн тухай П.Батаа багш дурссан.
Ийн зам мэдэхгүйгээсээ болж буцаж яваад, өглөө болоход нараар баримжаалж зөв чиглэлд оржээ. Хөлсөнд бээлий нь норж, хүйтэн жавар гарыг нь хайрч байлаа. Цанын өмд нь халаасгүй учраас гараа хэрхэн дулаацуулах учраа олж ядна. Гэсэн хэдий ч аймгийн Спортын хорооны мэдлийн цаныг хаявал хэрэгт орно гээд тэвэрсээр урагшлав. Удалгүй эсгий гутал нь хөлсөнд норж, хөлтэй нь барьцалдан хөлдөөд, ороолт нь мөсөн цагариг зүүчихсэн мэт хайрч эхлэв.
Гурав дахь өдрийн үдэш нохой хуцан, хүрз жоотууны чимээ дуулдаж, ашгүй Малчин сумын барааг харлаа. Тэгж төөрч явах үедээ юу бодож байсныг нь түүнээс лавлахад “Тийм аюултай хэрэг мандана гэж мэдээгүй. Ямар сайндаа хэд хоног саатчихаад аяллаа үргэлжлүүлнэ гэж бодох вэ дээ” гэв. Сумын эмнэлэгт хувцсыг нь огтолж, тайлаад анхан шатны тусламж үзүүлжээ.
Дараа нь аймгийн эмнэлэгт эмчлүүлээд Ховд хот дахь Баруун гурван аймаг дундын эмнэлэгт хөл, гараа тайруулсан аж. “Хөл, гарын хөлдсөн хэсэг харлаж хатаад тасардаг юм билээ. Миний нэг гарын сарвуу бугуйн үеэрээ тасарч, шөрмөсөндөө дүүжлэгдэн унжсан үед эмч нар хайчилж салгасан. Гэсэн ч цаана нь ил яс үлдэх учраас мэс засал хийсэн. Ийм маягаар дөрвөн удаа тайруулсан ч урт богино гээд Эрхүүд хиймэл гар хийхдээ дахин тайрлаа.
Нэг хөлийн мэс засал муу болсон учраас 31 жил шархтай явж, өдөр бүр хүчтэй эм түрхэж боодог байсан. Өмөн үү болохын даваан дээр 1986 онд нэг, үүнээс гурван жилийн дараа дахин тайрсан. Дөрвөн мөчийг дөрвөн удаа тайрчих байтал долоон удаа мэс засал хийлгэж билээ” гэж тэрбээр ярьсан. Балсанжав багшийн хамрын үзүүр хөлдөж, унаад хөлөө шилбээр нь болон гарын найман хуруугаа тайруулсан бол сурагч Баяндэлгэр хөл, гарын үзүүрээсээ салжээ.
МОНГОЛ МАЛЬЧИК ОРОСУУДЫН ХАЙРЫГ ТАТАВ
Ийн амьдралын гунигт түүхээ ярих зуур түүний эхнэр даруухнаар инээмсэглэсэн хүүгийн зураг үзүүлсэн нь Батаагийн Эрхүүд эмнэлэгт хэвтэж байх үеийнх аж. “Би энэ зургийг анх хараад “Зовлон тохиож байхад яагаад юу ч болоогүй юм шиг инээчихсэн юм бэ” гэж түүнээс асуусан. “Гутарлаа гээд хөл, гар минь буцаад наалдчих биш дээ” гэж билээ” хэмээн эхнэр П.Эрдэнэчимэг нь ярилаа.
П.Батаа багш бидний ярианд оролцон “Хүн ямар ч зовлон тохиолдсон давж гарах л хэрэгтэй. Надад гурав дахь сонголт гэж байгаагүй” гэлээ. Тэрбээр багадаа Борис Полевой зохиолчийн “Ёстой хүний тууж”-ийг уншсан нь энэ бэрхшээлийг давахад нөлөөлжээ.
Уг зохиолд нисгэгч Мерсеев Алексей дайралтад өртөн, онгоц нь сүйрч, 18 өдөр мөлхсөн, хоёр хөлөө тайруулсан ч дахин тэнгэрт дүүлж, сөнөөгч онгоц жолоодсон тухай өгүүлдэг аж.
П.Батаа Эрхүүгийн Тулах, хөдлөх эрхтний гэмтлийг эмчлэх, сэргээн засах мэс заслын эрдэм шинжилгээний хүрээлэнд 10 сар хэвтсэн юм билээ. Тэнд өвчтөнүүддээ их анхаардаг учраас багш нар өвчтэй сурагчдад хичээл хүртэл заадаг байна. Энэ зуур Батаа орос хэл заалгаж, эмнэлгийн номын сангаар байнга үйлчлүүлэх болов.
Орос мальчикт тооны хичээлийг нь зааж өгдөг, өвчтөнүүдийн дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн, хиймэл гараар бичиж сурах гэж хүүхдэд баймааргүй зориг тэвчээр гаргасан монгол хүү эмч, сувилагчдын хайрыг татаж, энэ явдал нэгэн орос зохиолчийн сонорт хүрчээ.
Тэрбээр “Гурван баатар” өгүүллэгтээ П.Батаагийн тухай бичиж, “Литерататурная газета” сонинд хэвлүүлснийг хожим МУИС-д сурч байхдаа орос багшаасаа мэдсэн гэдэг.
ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ
Логарифмын шугамтай найзалдаг инженер болох хүслээ орхиж, оюутан, сурагчдад хичээлээ яриад өгчих боломжтойг нь бодолцон тэрбээр 1956 онд МУИС-ийн түүхийн ангид орлоо. Х.Пэрэнлэй, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш. Нацагдорж тэргүүтэй лут амьтдаар хичээл заалгах завшаан ингэж тохиосон байна.
Оюутан П.Батаа хиймэл гараар лекцээ бусдаас дутахгүй хурдан тэмдэглэж, бүр зарим удаан бичдэг хүүхдэд хуулуулна. Хоёрдугаар дамжаанд орос багшийн хичээлийг хөдөөнөөс ирсэн оюутнуудад хэлмэрчилж өгдөг болов. Гуравдугаар дамжаанаасаа Сүхбаатарын нэрэмжит цалин авч, тухайн үед ганцаараа улаан дипломтой төгсчээ.
Оюутны гуанзанд өөртөө үйлчилдэг, Батаад аяга тавагтай хоол зөөх хүндрэлтэй учраас Дорнодоос ирсэн ангийн нөхөр Бар дөрвөн жил тусалсанд тэрбээр баярлаж явдаг юм билээ.
Энэ мэтээр тусалж, дэмждэг олон хүн байсан ч сайны хажуугаар саар гэгчээр сэтгэлийг нь эмзэглүүлэх явдал ч цөөнгүй тохиолджээ. Түүхийн нэгдүгээр дамжааг онц төгссөн хоёр оюутныг МАХН-ын төв хорооны шийдвэрээр Москвад Статистикийн дээд сургуульд явуулах болов. Хожим Ерөнхий сайд болсон П.Жасрай, П.Батаа хоёр энэ болзлыг хангасан ч хиймэл гар, хөлтэйгөөр нь шалтаглан түүний оронд өөр хүн арын хаалгаджээ.
Анхнаасаа л онц сурсан Батаа нэгдүгээр дамжаанаасаа Сүхбаатарын нэрэмжит цалин авах боломж байсан ч олон нийтийн ажилд оролцдоггүй гэсэн нэрийдлээр нэгэн албан тушаалтан эсэргүүцсэн байна. Улсын төв номын сангаар тэрбээр байнга үйлчлүүлдэг ч нэг удаа номын санч бүсгүй “Гадаадын төлөөлөгчид орж ирэх гэж байна. Хойшоо суу” гэснээс хойш тийш зүглээгүй гэдэг.
Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авахаар эмч нарын комиссоор 1980-аад онд ороход нь группийн зэргийг 75 хувиар тогтооно гэж мэргэжилтнүүд үзжээ. Гэвч үйлдвэрчний байгууллагын төлөөлөгч бүсгүй “Энэ архичинд 45 хувь байхад хангалттай” гэж зөрсөөр түүний хэлснээр болжээ. “Архины лүү” хочтой Балсанжав багшийн муу нэрний уршгаар хоёр сурагч нь хамт бор дарс ууснаас хөл, гараа хөлдөөсөн гэх яриа гарсан учраас тэр аж.
ИНЭЭЖ БАЙГААД МУУ ТАВЬДАГ БАГШ БОЛОВ
Тухайн үед Намын төв хороо төгсөгчдийг ажилд хуваарилдаг байсны дагуу дипломын дүн харгалзан, түүний хүндэтгэх шалтгааныг мэдэлгүйгээр МОНЦАМЭ-д сурвалжлагчаар томилжээ. Хөлөөрөө хоолоо олдог онцлогтой ажил хийж, дуу хураагч барьж гүйх хүндрэлтэйг удирдлагадаа учирласнаар гадаад мэдээний хэлтэст орчуулагч болов.
Удалгүй Намын төв хорооны шийдвэрээр “Зөвлөлт холбоот улс” гэх сар тутмын сэтгүүл гарах болж, Ж.Бадраа эрхлэгчээр, П.Батаа орчуулагчаар, Тогтох техникч редактороор томилогджээ. Мэргэжлийн орчуулагч бишийн дээр олон хуудас материал хиймэл гараараа бичиж, дараа нь бичгийн машинаар алдалгүй шивэх түүнд хүндрэлтэй байсан нь мэдээж. Гэсэн хэдий ч 20 гаруй ном орчуулан редакторлосон гэдэг.
Тэрбээр хамгийн сүүлд “Каллисто гариг” романыг эх хэл рүүгээ хөрвүүлсэн юм байна. Гэргий П.Эрдэнэчимэг нь “Нэгэн нэр хүндтэй хэвлэлийн үйлдвэр тэр орчуулгыг нь 200 гаруй мянган төгрөгөөр худалдан авсан. Оюуны хөдөлмөрийг нь ийм бага үнэлсэн хэрнээ хоёрхон ном өгсөн” гэхэд П.Батаа багш “Надад тэр мөнгөний хэрэг байхгүй шүү дээ. Гагцхүү орчуулсан П.Батаа гэх нэр л бичээстэй байвал хангалттай” хэмээгээд инээмсэглэлээ.
ХААИС-ийн багш, ангийн найз Цэмбэлийнхээ ачаар 1963 онд эл сургуульд гүн ухааны багшаар очоод тэтгэвэрт гартлаа ажиллажээ. “Инээж байгаад муу тавьдаг багш” нэртэй ч оюутнаа хоёр дахь удаагаа унагадаггүй зарчимтай гэнэ. “Би зарим багш шиг лекцээ уншаад байлгүй чөлөөтэй ярьдаг. Хичээл үймүүлж байгаа хүүхэд харагдвал “Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалздаг
Унах оюутны инээд улирлын эхнээс хүрдэг юм” гэх зэргээр ёжилдог. Шипи хэрэглэх хүүхэд орж ирэхээсээ андашгүй хулгайч гөлөг шиг байдаг. Тэгснээ хойно сууна. Багшдаа дурлачихсан аятай байнга над руу харна. Толгойных нь хэдэн үс хөдөлж буйгаар шипи хэрэглэж байгаа, эсэхийг мэддэг гэж оюутнуудад анхнаас нь сануулдаг байлаа” хэмээн ярив.
Тэрбээр “Гүн ухааны лекц” тэргүүтэй гурван сурах бичиг, таван гарын авлага бичиж, дөрвөн сурах бичиг зохиомжлон орчуулахад оролцсон байна. 1996 онд ЕБС-ийн “Нийгмийн тухай мэдлэг” сурах бичиг зохиох уралдаанд шалгарч, гарын авлага нь 1995-1998 онд тус тус хэвлэгдэж, үүнийгээ хожим “Нийгийн тухай мэдлэгийн дунд гарын тайлбар толь” болгон өөрчилсөн байна.
САЙН ГЭРГИЙ АМЬДРАЛЫН ТҮШИГ
Хэдий хувь тавилан П.Батаад хатуурхсан ч хэн хүнд заяахааргүй халамжтай гэр гийгүүлэгч илгээж, 34 настайдаа царайлаг, халамжтай, залуухан бүсгүйтэй ханилсан байна. Түүнийг эхнэр нь “Багш аа” гэж хүндлэн дуудна. ХААИС-д нөхөртэйгөө хамт ажилладаг байсан учраас багш гээд сурчихсан гэнэ. Уг нь чихэр, боовны үйлдвэрт чанар шалгагч тэрбээр дахин сурах төлөвлөгөөтэй байсан ч ханиа халамжлан дэргэд нь ажиллахаар мөрөөдлөө орхисон нь тэр аж.
Гэргийтэйгээ хэрхэн танилцсан тухай нь асуухад ичингүйрээд “Танил минь танилцуулсан” гэснээс өөрийг хэлсэнгүй. Харин гэргий нь хайр дурлалын нандин дурсамжаа дэлгэсэн юм. Оюутан ахуйдаа П.Эрдэнэчимэг садангийндаа амьдарч байжээ. Нагац ах нь хэдий хиймэл хөлтэй ч сайн ханийн алганд бөмбөрч, олон хүүхэдтэй аз жаргалтай амьдрахыг хараад баярладаг байв. Харин нөгөө талд хамаатны эгч нь нөхөртэйгөө үргэлж ам мурийж, заримдаа “боксдох”-ыг үзээд үеийн залуутай гэрлэх дэмий гэсэн бодолтой болсон гэнэ.
Олон залуу үерхэж нөхөрлөхөөр гуйсан ч нүүр өгөлгүй явсаар сургуулиа төгсчээ. Тэр үед нагац ах Банзрагч “Чи манайд амьдарч, миний байдлыг мэддэг болсон. Ахтай нь адил бэрхшээлтэй ч тун хүн чанартай, их сургуулийн багш залуу бий. Мэдээж тийм хүнтэй амьдрах амаргүй, өвөл, зунгүй бээлий өмсөж явдаг” гэж ярьж. Үеийн бүсгүйчүүдээсээ “Хадам ээж гэх айхтар даваа бий” гэж байнга сонсдог байсан тэрбээр шууд л “Аав, ээжтэй юү” гээд асуучихаж.
Аав ээжгүй, ах дүү цөөхүүлээ, эрдэмтэй багш гэдэг нь хамгийн түрүүнд бүсгүйд таалагдсан байна. Тухайн үед Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явсан Батаад ирээдүйн гэргийнх нь зургийг хавсаргаж, Банзрагч захиа илгээсэн аж. Үүний хариуд “Чиний сайхан сэтгэлээр бахархаж байна. Залуу нас, сайхан амьдралыг чинь үрчих болов уу гэж бас эмээх юм. Хүнд муу юм хийж, завших, хувиа хичээж бусдыг баллахыг би үнэн голоосоо жигшдэг. Тийм учраас чамайг бас бодох л юм. Ямартай ч уулзаж танилцъя. Бидний үйлс нийлж бүтвэл баярлахын ихээр баярлана. Аль болох түргэхэн буцаж чамтай уулзахыг туйлын их хүсэж байна. Чиний явуулсан зураг үргэлж миний ширээн дээр байна...” хэмээн захиа илгээсэн нь бүсгүйн сэтгэлийг уяраасан гэнэ.
П.Эрдэнэчимэг 46 жил нандигнасан захиагаа уншихдаа эргээд залуухан бүсгүй болчихсон мэт ичингүйрч, царайлаг нэгэн байсныг нь илтгэх дүрлэгэр алаг нүдэнд нь аз жаргалын оч үсрэх шиг үзэгдэв. Ийн 1970 онд 21 настайдаа 13 ах П.Батаатай гэр бүл болжээ. Энэ үед бүсгүйн аав дургүй байсан ч ээж нь “Эрдэм номтой хүний дэргэд охины минь оюуны мэлмий улам гийх байх” хэмээн сүсэглэж, сүүний дээж өргөсөн гэдэг. 120 мянгат дахь нэг өрөө байр нь ваннгүй, хүйтэн устай учраас хэцүүхэн санагдаж, “Удахгүй хүүхэдтэй болох нь мэдээж. Энэ хүний бие иймэрхүү байдаг. Уг нь зан ааш нь төлөв юм. Орон байр нь тохилог бол асрахад төвөгшөөх зүйлгүй” гэж бодож, П.Эрдэнэчимэг эхлээд эргэлзжээ.
Энэ тухайгаа аавдаа хэлтэл “Нүдийг чинь боож байгаад хүчээр ийм хүнтэй нийлүүлээгүй. Ахиад таарах хүн түүнээс ч дор байхыг хэн байг гэх вэ” гэх маягтай хатуу үг хэлснээр охин нь бэрхшээлтэй нүүр тулахаас өөр аргагүй болсон байна. “Гурван хүүхэд, нөхрөө тийм хүнд орчинд халамжлахад амаргүй, шантрах үе олонтаа. Гэвч аавын хэлснийг санаж, эргэлт буцалтгүй амьдралын төлөө зүтгэхээр шийдсэн. Гурван жил хөөцөлдөж, том хүүгээ наймдугаар ангид байхад буюу нөхөртэйгөө суугаад 14 жилийн дараа орон сууцанд орсон. Тэгэхэд л хүсэл мөрөөдөл биелэхийн аз жаргалыг мэдэрсэн” хэмээн П.Эрдэнэчимэг хуучиллаа.
Тэдний том хүү ХААИС-ийн нягтлан бодогчийн анги төгссөн, охин нь ШУТИС-д оёдлын технологичоор магистрантурт сурч, Удирдлагын академи төгсөөд хувиараа бизнес эрхэлдэг болжээ. Харин бага хүү нь МУИС-ийг онц төгсөж, Англид тэтгэлгээр сурч, докторын зэрэг хамгаалаад өдгөө төрөлх сургуулийнхаа эдийн засгийн тэнхимд багшилдаг байна.
ӨВГӨН БАГШИЙН ҮНЭТ ЗАХИАС
П.Батаа багш эхнэртээ аль болох түвэг удахгүйг хичээнэ. Хувцсаа өөрөө угааж индүүддэг тэрбээр эхнэрийнхээ эзгүйд хоолоо хийчихнэ. “Бүсгүйчүүд нөхрийнхөө өмнөөс бүхнийг хийдэг учраас эрэгтэйчүүд богино насалдаг. Хэвтээд л байвал эрлэг номун хаан аваад явчихна” гэсэн энэ эрхэм байнга дасгал хийж, өдөрт 1000 алхдаг гэнэ.
“Би байгалиас заяасан ёсоор л амьдрахыг эрмэлздэг. Байгаль биднийг архи, тамхи хэрэглэх шаардлагатайгаар заяагаагүй шүү дээ. Элдэв био технологийн аргаар гаргасан хүнсэнд дургүй. Аль болох монгол хоолоо идэх гэдэг” хэмээн урт наслах нууцаасаа хуваалцсан юм.
“Зовлонгүй амьдрал гэж байхгүй. Тэнэг хүн л хувь заяа, мухар сүсэг мэтэд итгэж сэтгэлээр унадаг. Ухаантай хүн бол амьдралын төлөө тэмцэнэ. Өөр замгүй” гэж хорвоогийн үнэнийг таньж хэлсэн түүний үгээр нийтлэлээ жаргаая