Тэмдэглэсэн Г.Оюунгэрэл, Л.Ганчимэг
Ойгоос нас бие гүйцсэн өндөр нарснуудыг олноор нь авчирч, Улаанбаатар хотыг уулын модны “оршуулга” болгож буйг “Өнөөдөр” сонин эсэргүүцэж, энэ тухай асуудлыг цуврал нийтлэлээрээ хөндсөн билээ. Өдгөө дахиад ч 1700 том мод Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн тарихаар хөвчийн ойн хаа нэгтээ нарснуудыг үндэстэй нь ухаж авахаар бэлтгэлээ хангаад буй.
Бид энэ удаа БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөл болон эрдэмтэн, судлаачдыг нэг дор цуглуулан “Редакцын уулзалт” зохион байгууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэн, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат, доктор, профессор, дендрологич Б.Чимид (Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн асуудал хариуцсан зөвлөх), ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор Ж.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн багш, “My club”-ын үүсгэн байгуулагч Д.Сэрдарам, Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбооны тэргүүн Ө.Магсаржав нар оролцлоо.
-Энэ жил Энхтайваны өргөн чөлөөний дагуу 4-6 метрийн өндөртэй 1700 нарс уулнаас авчирч суулгах гэж байна. Энэ ажлын тендер зарлаж, гүйцэтгэгч компани нь ч тодорсон.
Өнгөрсөн жилүүдийн бүтэлгүй туршлага байхад яагаад ийм тендер зарлав гэдэгт үндэслэл бий байх?
Д.Сү: -Энэ бол бид санаж, олж хийгээд байгаа ажил биш л дээ. Засаг даргын мөрийн хөтөлбөр гэж бий. Үүнийг Засгийн газар, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж буй юм. Энэ бол хотын даргын мөрийн хөтөлбөрт багтсан, Зүүн хойд Азийн жишиг ногоон хот болох зорилготой “Ногоон Улаанбаатар -2030” төслийн хүрээнд хийж буй ажил. Төсөл хэрэгжээд эхэлчихсэн.
-Тэгэхээр энэ ажил хэрэгжих нь тодорхой гэсэн үг үү?
-Тийм ээ, гүйцэтгэгч нь сонгогдчихсон.
-Та нар мэргэжлийн хүмүүс байж үүнийг эсэргүүцэж болдоггүй юм уу?
Д.Сү: - Хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайд нас насны мод байх ёстой. Журмыг нь бид аль болох хурдан хугацаанд гаргахаар хичээж байна. Том модны хувьд болно, болохгүй гэж ярьж байна. Энэ бол шинжлэх ухааны үүднээс бүрэн боломжтой. Ямар ч мод ургана, хэдэн метр өндөртэй байсан ч ялгаагүй.
Би хөрсний микоризын чиглэлээр Хятадад доктор хамгаалсан. Ямар ч модонд тарилгыг нь хийгээд, хам амьдрал үүсгээд суулгахад ургана. Хамгийн гол нь энэ ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, тэдний тарьж, авчирч, зөөж буй технологид л хяналтаа чангаруулах ёстой.
Ө.М: -1700 мод тарих тэр их мөнгөөр арай хямд мод авч, арай илүү талбайг цэцэрлэгжүүлэх нь уг нь хэрэгтэй биз дээ?
Д.Сэ: - Аль эрт тендер нь зарлагдаад, эзэн нь тодорчихсон юм шив. Тэгвэл одоо тэр моднуудыг Булганд ч юм уу, Хэнтийд хаа нэгтээ бэлтгээд, ихэнхийг нь ухаад боогоод тавьчихсан л байгаа.
Д.Сү: -Тендерийг хоёрдугаар сарын 2-нд зарласан.
Д.Сэ: -Тендер хэзээ шударга явагддаг байсан юм бэ. “Өнөөдөр” сониныхон үүнийг шүүмжилж, хэд хэдэн нийтлэл бичсэн нь зөв. Монголчууд аливаа болж, бүтэхгүй асуудалд тэр дороо л шуурдаг. Өнөө үед нийгмийн сүлжээ маш хүчтэй болсон. “Би эсэргүүцэж байна” гэдэг челленж явуулаад, хотын дарга С.Батболдыг авчраад асуух хэрэгтэй.
Ургаагүй туршлага хаа сайгүй байна. Баримтыг нь гаргаж ирээд, ургахгүй нь тодорхой гэдгийг мэргэжлийн үүднээс их сургуулийн багш нараас нь тодорхойлолт авч, өнөөгийн Монгол Улсын экологийн нөхцөл байдлыг харьцуулан дэлгэж тавих ёстой.
Б.Ч: -Монгол Улсын нутаг дэвсгэрийн 8.5 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Ой бол баян юм. Шатахаа хүрвэл хэдэн сая га-гаараа түймэрт өртөж устдаг. Том мод ойгоос авчирч, хотод суулгадаг туршлага дэлхийд бий. Улаанбаатар хотын төв гудамжинд байгаа моднуудыг анх уулнаас авчирч тарьсныг нь би сайн мэднэ.
Нэг машинд нэг мод, нэг морин тэргэн дээр нэг мод авчирч суулгасан тулдаа зөв хэлбэртэй, их өндөр ургасан. Тиймээс ойгоос том мод авчирч тарихыг би дэмждэг. Хамгийн гол нь авчирснаа сайн арчилж, тордоод ургуулах нь л чухал. Эсвэл ойжуулалтын зориулалтаар тарьсан моддоос шилжүүлж хотод авчраад суулгаж болно.
Ж.Б: -Уулнаас том мод авчрахыг шууд буруутгах аргагүй ч бодолцох зүйл их. Яагаад гэвэл ууланд ургаж байгаа модны хувьд хөрсний үржил шимээс эхлээд амьдрах орчин эрс өөр. Аливаа амьд биетэд дасан зохицох чадвар гэж бий. Түүнийг нь сайтар судалж, харгалзахгүйгээр том, ногоон мод сайн ургана гээд хотод авчраад суулгачихвал буруу. Тиймээс шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөж буй залуус үүнийг сайн анхаарч, судалгаа тооцоотой хийгээсэй гэж хүсэх байна.
Б.Ч: -Ургадаггүй ч юм бас биш. Хөх хот ойгоосоо том мод шилжүүлэн тарьж, нийтийн эзэмшлийн зам талбайгаа ногооруулсан. Бүр 300 настай модыг хүртэл шилжүүлсэн. Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи. Явуугийн цэцэрлэгт том мод суулгаад таван жил болж байна. Нэг нь ч үхээгүй.
Дандаа өндөр нарс, гацуур авчирч тарьсан. Хамгийн гол нь зөв технологиор авчирч суулгаад, арчилгааг нь сайн хийвэл бүгд ургана. Арчлахгүй бол бүгд үхнэ. Хотын захиргааны үүдэнд 33 нарс бий. Арван жилийн хугацаанд ганцхан мод л үхсэн. Ноднин мэргэжлийн биш хүн тэр модыг сольсноос болоод дахиад үхчихсэн тал бий.
Энхтайваны өргөн чөлөөнд ойгоос шилжүүлэн тариад, үхсэн моднуудын түүхийг би сайн мэднэ. Баянгол, Сонгинохайрхан дүүрэг нэг компанитай гэрээ байгуулаад тэр моднуудыг авчирч суулгасан. Дараа нь засаг солигдсон, тэр моднуудыг суулгасан байгууллага хаяад явсан, дүүргийн удирдлагууд нь солигдоод услаагүй орхичихсон.
-Том модыг Хэнтий, Булган, Сэлэнгийн ойгоос авчирч байна. Хэнтийн байгаль орчны нөхөрлөлийнхөн, иргэд “Нэг л өглөө харахад шүд сугалж буй юм шиг өм цөм авчихсан байдаг” гэж хэлсэн. Том мод авснаар ойд ямар хор хохиролтой вэ?
Ж.Б: -Ойгоос мод авлаа гээд айхтар хохирол учрах нь бага л даа. Ойн захад ургаж байгаа модыг авчирч таривал хотын ногоон байгууламжид дасан зохицох чадвар нь арай илүү гэж үздэг. Харин ойг сийрэгжүүлэх маягаар авсан мод үржил шимээ булаацалдаад, бусад модныхоо дарангуйлалд орчихсон байдаг. Арчилгааны огтлол гэж байдаг.
Нас насанд нь тохирсон арчилгааны огтлол ойд хийдэг. Гэрэлжүүлэх, сийрүүлэх, тохируулах, завсрын гээд дөрвөн огтолгоо байдаг юм. Гэтэл дарангуйлалд ороод ургах чадвар муутай болчихсон тийм моднуудыг АСЕМ-ын үеэр олныг авчирч тарьсан юм билээ. Тиймээс энд ирээд ургах чадвар нь муу байгаа юм.
Түүнээс биш шинжлэх ухааных нь үндэслэлтэйгээр авахад ойд учруулах хохирол нь бага. Модоо зөв таньж л авах ёстой юм. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа ойн ангийн мэргэжилтэн маань харин хэн бэ гэдэг нь эргэлзээтэй л дээ.
-Өмнө нь Улаанбаатар хот ерөнхий дендрологичтой, хотын дүүрэг бүр ийм мэргэжлийн орон тоотой, тэд зааж зөвлөөд модоо тарьж ургуулдаг байсан. Ерөнхий дендрологич гэдэг албан тушаал одоо байна уу?
Б.Ч: -Хотын ерөнхий мэргэжилтнүүдийг хотын дарга томилдог. Би Улаанбаатар хотын Ерөнхий дендрологичоор ажиллаж байгаад 2010 онд тэтгэвэртээ суусан. Түүнээс хойш засаг солигдож, Бат-Үүл дарга шинээр хүн томилоогүй. Хөх хот Улаанбаатараас хоёр дахин их буюу 2.6 сая хүнтэй.
Ногоон байгууламж хариуцдаг газарт нь дендрологич, архитекторч, ландшаптын мэргэжилтэн, ойн инженер гээд 80 хүн бий. Тэгээд зураг төсвийн институттэй. Гэтэл манайд ерөнхий дендрологич нэртэй ганц өвгөн л байлаа. Энэ чиглэлийн бодлоготой болгох ажил бол хотын захиргаа, хот тохижилт, дендрологичийн ажил ерөөсөө биш.
Мод тарих, арчлах, зүлэгжүүлэх талаар боловсролын хөтөлбөрт оруулж байж тарьдаг, арчилдаг, хамгаалдаг, усалдаг болгоно. Самрыг тарихаар хуш мод ургадаг гэдгийг энэ 76 гишүүнээс зургаа нь л мэдэж магадгүй. Экологийн ийм доогуур боловсролтой манай улсад ямар бодлого ярих болж байна аа. Модыг өдөр болгон усалдаггүй. Том модыг нэг удаа услахдаа 600-800 литр ус хийдэг. Тэгээд сарын дараа усалдаг гэдгийг мэдэхгүй хүн олон байна.
-БОАЖЯ-нд мэргэжилтнээр ажиллахаасаа өмнө та уулнаас шилжүүлэн тарьсан том модонд сүүлийн хэдэн жил мониторинг хийсэн байх аа?
Ц.Б: - Байгалийн ойгоос Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод авчирч суулгаад үр дүнтэй байна уу гэдгийг яг энэ бүрэлдэхүүнээрээ одоо гараад тоолсон ч бэлхнээ харагдах ажил шүү дээ. Бидэнд олон жилийн практик бий. Сүүлийн таван жил би энэ талаар мониторинг хийсэн.
Уулнаас авчирч, зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд тарьсан модны тухай энд ярьж байна. Орон сууц, хувийн компаниудын эзэмшлийн хашаанд байгаа моддын амьдралтын хувийг бид тооцож чадахгүй. Нийтийн эзэмшлийн талбайд тарьсан модны 10 хүрэхгүй хувь нь л ургаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар билээ. Хэн нэг даргын үзэмжээр, хотоо өвөл ногоон харагдуулах гэж ойгоос том мод авчирч тарьж байгааг болих хэрэгтэй.
-Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд байгалийн ойгоос авчирч тарьсан нарсанд биохимийн шинжилгээ хийж үзэхэд хүнд металл илэрсэн гэсэн дүгнэлт хийсэн байна лээ?
Ц.Б: -Манай эрдэмтдийн төлөөлөл сая тодорхой ярьсангүй. Энэ дүгнэлтийн талаар сарын өмнө эрдэмтдээс сонссон. Улаанбаатар хотод уулнаас шилжүүлэн авчраад нэг хоёр жил ургасан нарсанд биохимийн шинжилгээ хийхэд хүнд металл илэрсэн тухай мэдээлэл сошиалаар нэлээд идэвхтэй тархсан. МУИС-ийн багш Баатарбилэг биохимийн шинжилгээ хийсэн. Өөрөө дендрохронологийн лабораторитой.
Жилийн өсөлтийнх нь анализийг хийсэн. Иргэнийхээ хувьд ч бид хангалттай харж байна. Энхтайваны өргөн чөлөөний дагуу тарьсан моднууд өнөөдөр хаана байна. Ганц үлдсэн нь “Өнөөдөр” сонины нийтлэлд зураг нь гарсан, Хархорины гүүрэн доорх ёрдгор шон. Чимид гуайг тухайн үед тэр моддыг тариулж байхад ТҮК-ийнх нь инженер Эрдэнэчимэг гэдэг хүн зэрэгцүүлээд 80 см хэртэй, зулзаган нарс суулгасан нь одоо хоёр метр гаруй өндөр ургасан. Гурван сайхан мод бий.
Уулын мод тарихын өмнө бид эрх зүйгээ ярих хэрэгтэй. Одоо та нарын тарих гээд байгаа 4-5 метр өндөртэй тэр моднуудыг хуулийн яг ямар заалт үндэслэж шилжүүлэн суулгах гээд байна вэ. Үнэхээр нийслэлийн суурин газрын ногоон байгууламжид заавал дөрвөн метрээс дээш өндөртэй, бие гүйцсэн шилмүүст төрлийн, үнэт зүйлийн мод хэрэгтэй байгаа юм бол байгалийн ойгоосоо ашиглахдаа ямар эрх зүйгээр зохицуулж байгаа юм бэ.
Үүнийг тодорхой болгох тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй. Сая технологи гэж зөндөө ярилаа. Үүнд олон улсын стандарт байхгүй. Том модыг ойгоос шууд ногоон байгууламждаа шилжүүлж суулгадаг практик ганцхан манайд л байна. Солонгос, Германд шилжүүлэн суулгадаг ч байгалийн биш, таримал ойгоосоо авдаг. Байгаль экологийнх нь үнэлгээг бид тооцох хэрэгтэй.
Байгаль дээр ургаж байгаа модны экологи эдийн засгийн үнэлгээг бүрэн тооцож гаргасан судалгаа манайд байдаггүй. Том модыг хот суурин газрын ногоон байгууламжид шилжүүлэхэд учирч байгаа экологи эдийн засгийн үнэлгээг нарийн тооцсон үнэлгээ алга. Өөрөөр хэлбэл, тэр мод өнөөдрийг хүртэл ургахдаа ямар үнэлгээтэй байсан юм, тэрийг авч, ашиглах үед өртөж буй эко системийн хохирлуудыг тооцсон үнэлгээ байна уу.
Энэ ажилд гарц болох ганц ажил бий. Байгальд хохирол учруулдаг юм байна, түүний экологи эдийн засгийн үнэлгээг тооцъё. Хотод авчирсан мод ургаж байна уу гэдэгт хамтдаа мониторинг хийе.
Б.Ч: - Авчирсан модоо үхүүлэхгүй байх нь чухал болохоос ойгоос мод авах нь Увс нуураас шанагаар утгасантай адил гэж би хэлдэг юм. Онолын хувьд ч, дэлхийн жишигт ч том мод шилжүүлдэг туршлага бий. 30-40 жилийн өмнө тарьсан ой ч байна. Түүнээс биш огт болохгүй гээд жадлан зогсоовол хэдэн улиастайгаа л хоцорно.
Жижиг мод 30 жилийн дараа л том болно. Том болох ч үгүй юм билээ. Би жижиг мод тарих гэж 30 жил зовсон. Талхлагдаад хугараад үхчихдэг. Ойгоос том мод авч болохгүй гэсэн хуулийн нэг ч заалт байхгүй. Үнэлгээ хийж болно оо. Ой хэдэн мянган га-гаараа шатаж байхад тэрийг ургуулах хэрэгтэй гэж чанга ярих ёстой болохоос шилжүүлэн суулгаж болохгүй гэдэг бол шинжлэх ухааны эсрэг юм л гэж би хэлнэ.
Ө.М: -Жижиг мод ургахгүй гэдэг дээр би Чимид доктортой санал нийлэхгүй. Миний хашаандаа тарьсан 10-аад настай нарс дөрвөн метр өндөртэй ургасан. Шинэс ч байна. Үрээр тарьсан зулзаган модыг шилжүүлэхэд эхний нэг хоёр жил жаахан сааталд ордог. Арчилгаа тордолтыг нь зөв хийхээр 3-4 дэх жилээсээ суга өсдөг.
Зарим жил өсөлт нь 50-60 см хүрдэг. Улсын стандарт байдаг. Ойн аж ахуйн гарын авлагаар бол нэгдүгээр сортын мод 2.5-4 метр байдаг юм. Үүнийгээ тариад, энэ олон аж ахуйн нэгжүүд хуваарилж аваад арчлахад мод ургана. Ойгоос томоор нь авчирч, бөөнөөр нь алж байхын оронд ингэж ургуулах боломж бий. Харин ургуулж чадаж байгаа, эсэхэд хариуцлага тооцож болно.
Төрийн бодлогогүй, эзэнгүй гэдэг нь үнэн. Ганц мэргэжилтэн юу хийх юм. Ганц дендрологич байгаад яах юм. Бүхэл бүтэн баг ажиллах ёстой. Ядахдаа нэг хэлтэс байх ёстой шүү дээ. Дүүрэг дүүргээ хариуцсан нэг дендрологич юм уу, түүнийг нь зангиддаг нэг хүнтэй байж хотын төлөвлөлт голдиролдоо орно.
-Мэргэжлийн хүмүүс үү, зөв технологиор тэр модыг авч байна уу гэдгийг хянах талаар тендерт тусгадаг юм уу?
Д.Сү: -Тендер зарлахдаа техникийн тодорхойлолтдоо бид маш сайн зааж өгдөг. Тухайн мод авах гэж байгаа газрынхаа төлөв байдлын үнэлгээг гаргуулсан байх ёстой. Урд нь ийм ажил хийж байсан туршлагатай байх хэрэгтэй. Мод нийлүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж тухайн орон нутгаасаа ойн төлөв байдлын зургийг нь гаргуулаад, тэндээс авч болно гэсэн зөвшөөрлийг нь авч байгаа шүү дээ.
Экологи, эдийн засгийн үнэлгээ хийнэ гэдэг урт хугацааны том ажил. Мониторингийн судалгаа байвал бидэнд өг л дөө. Холбооны зүгээс ийм хөндлөнгийн мониторинг хийлээ гээд бидэнд ирсэн нэг хуудас цаас би үзээгүй. Ер нь аль болох ургуулахын төлөө бид зүтгэж байгаа. Манай дээр энэ ажилтай холбоотой Ерөнхий менежерийн зөвлөл, эрдэмтдийн зөвлөл байгуулагдаад ажиллаж байгаа. Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэсэн байр суурьтай байна.
Ж.Б: -Нэгдүгээрт, мод үржүүлдэг газруудыг бодлогоор маш сайн дэмжих ёстой. Мод үржүүлгийн газруудад мод байхгүй учраас л уулнаас авахаас өөр аргагүй байдалд орчихсон хэрэг. Гэхдээ мод үржүүлгийн газрууд бойжуулах талбайд гурав, дөрөв шилжүүлдэг юм бол ерөөсөө байхгүй. Зөвхөн үрээр тариад хоёр гурван настай болгодог. Зарим тийм газар мэр сэр бий.
Миний мэдэж байгаагаар Гунаабазар гэдэг хүн Гачууртаас хойшоо 20- иод км-т мод үржүүлгийн дөрөв, таван га газартай. Жил жилээр бойжуулаад одоо дээд тал нь 3-4 метр өндөртэй. Дандаа шинэс байгаа. Онолын хувьд хэлэхэд газар зүйн таримал гэж тусдаа шинжлэх ухаан байдаг юм. Тухайн мод далайн түвшнээс дээш ямар өндөртэй газар байсан юм, одоо шилжүүлэх газар нь ямар юм, нөхцөл нь таарч байна уу гэдгийг маш нарийн судлах ёстой.
Гэтэл энэ судалгааг өнөөдөр хар практикаар л хийж байгаа болов уу. Онолын бас нэг зүйл хэлэхэд байгаль дээр ургаж байгаа үрийг баруунаас зүүн, хойноос урагш төдөн км-ийн радиус дотор шилжүүлж болно гэсэн онол байдаг. Тэрийг мэдэхгүй учраас хэдэн зуун км-ийн цаанаас мод авчирч тарьдаг. Ургахгүй байх нэг шалтгаан энэ.
-Манай цэцэрлэгжүүлэлтийн компани, мод үржүүлгийн газруудын бодит нөхцөл байдал ямар байна вэ?
Ө.М: - Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбооны тэргүүний ажлыг аваад удаагүй байна. Гэхдээ олон жил энэ салбарт ажиллаж байгаагийнх зовлонг нь мэдэх юм. Ер нь дэмжлэг байхгүй. Том мод шилжүүлэн тарьж байгаа нэг хоёрхон аж ахуйн нэгжийн цаана арваадхан хүн байж магадгүй. Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын холбоо гэдэг манай байгууллагад 30 гаруй аж ахуйн нэгж, 300-гаад хүн байна. Эд маань гэтэл ажилгүй сууж байна шүү дээ.
Д.Сэ: -Улаанбаатарт байгаа үхсэн, царай алдсан модыг харахаар экологийн сөрөг хичээл болчихоод буй юм. Ургасан мод, хараа булаасан гоё орчныг хараад хүмүүсийн мод тарих ухамсар сэтгэлгээ өдөөгдөж байдаг. Бат-Эрдэнэ багшийн саналыг дэмжиж байна. Манайд мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн цөөхөн хэдэн компани байдаг.
Тэр хүмүүсийг маш сайн дэмжээд гаднаас мод авахыг бүрмөсөн хаах хэрэгтэй. Хотоос гадагш 10-20 км яваад мод үржүүлгийн сайн газрууд байгаа шүү дээ. Хүүхдүүдийг жижиг автобусаар аваачаад тэнд экологийн хичээл заах хэрэгтэй.
-Улаанбаатар хотыг хэрхэн ногооруулах, өнгө үзэмжтэй байлгах вэ гэдэг үе үеийн удирдлагын анхааралд байсан сэдвийн нэг. Хотоо ногоон болгоход юу хамгийн чухал вэ гэдгээс яриагаа эхэлье?
Б.Ч: -Бараг 60, 70 жил том, жижиг мод аль алиныг нь тарьж үзсэн хэрнээ Улаанбаатар хотын ногоон байгууламж тийм ч хангалттай биш байгаа нь үнэн. Энэ нь манайд ногоон буюу шилмүүст мод бага тарьдагтай холбоотой. Навчит мод навчсаа гөвчихдөг учраас есдүгээр сараас зургадугаар сарын хооронд Улаанбаатар ногоон харагддаггүй.
Мөн хотын хүн ам сүүлийн 30-аад жилийн дотор 2-3 дахин нэмэгдсэн учраас нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээ тэр хэрээр буурсан. Гэхдээ огт ногоон байгууламжгүй, нүцгэн хот гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь монголчуудын экологийн боловсрол үүнд ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Суурин иргэншлийн соёлын талаар манайханд ойлголт, мэдлэг маш хомс.
Ямар мод, цэцгийг ямар технологиор тарьж суулгах ёстой, ногоон байгууламжаа хэрхэн арчилж тордон, хайрлаж хамгаалах вэ гэдгийг сайн мэдэхгүй. Сүхбаатарын хөшөөний арслантай гинжин дээр суухын тулд тарьсан цэцгэн дээгүүр гишгээд гарч байгаа тэр сэтгэлгээ, мах, цусанд нь шингэсэн хандлагыг өөрчлөхөд л анхаармаар байгаа юм. Ингэхийн тулд олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэл хэрэгтэй. Бүх талын оролцоо чухал.
Ө.М: -Манай Улаанбаатар ер нь төлөвлөлт их муутай хот. Барилга барих боллоо гэхэд тэнд хэдэн хүн амьдрах боломжтой, тэр хүмүүст хэдий хэмжээний талбайтай ногоон байгууламж шаардлагатай вэ гэдгийг нарийн төлөвлөдөггүй. Хоёрдугаарт, манай улс, нийслэл ногоон байгууламждаа мөнгө зарцуулдаг түүх бараг байхгүй.
Ялангуяа 1980 он хүртэл ногоон байгууламж байгуулахыг субботник гэж ойлгодог байсан. 1990- ээд оноос зах зээлийн хямрал гээд энэ асуудал бүр ч орхигдсон. Гэтэл дэлхийн хотууд жилийн төсвийнхөө дор хаяж 10 хувийг ногоон байгууламждаа зарцуулдаг юм байна. Красноярск бол Улаанбаатарыг бодоход харьцангуй ногоон хот. Жилийн төсвийнхөө 25 хувийг үүнд зарцуулдаг гэдэг.
1990-ээд оноос өмнө манайх төсвийнхөө ердөө 0.1-хэн хувийг ногоон байгууламжид зарцуулдаг байсан бол энэ дүн сүүлийн жилүүдэд арай нэмэгдэж байгаа. Хотын ногоон байгууламжийг зүгээр л субботникоор хийчихдэггүй. Тодорхой мөнгө төсөвлөж, дорвитой ажил хийдэг, хийгээгүй бол эргээд хариуцлага тооцдог болж байж үр дүн нь харагддаг зүйл.
Ц.Б: -Ногоон байгууламжийн хувьд хотын суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу явдаг. Одоогоор манайд байгаа бодлогын гол баримт бичиг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага юм. Үүнийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болгож дотор нь задлаад, тэндээ ногоон байгууламжийн төлөвлөлтийг тусгах шаардлага нэн түрүүнд тулгарч байгаа.
Одоо байгаа ногоон байгууламжаа бид зайлшгүй үнэлэх хэрэгтэй. Энэ бол ганц статистик тооллого хийхийн нэр биш. Ногоон байгууламжийн амьдралтын хувь, насжилт, төрөл зүйлийн бүрдэл нь ямар байна вэ гэх мэтчилэн ургамлын биологи, физиологийн асуудлыг тусгасан тооллого хийгээд, түүндээ үндэслэн нөхөн тарилтыг төлөвлөнө гэсэн үг юм.
Архитекторч хүний хувьд хэлэхэд Монгол орны, тэр дундаа Улаанбаатар хотын ногоон байгууламж бол тун сонирхолтой салбар шинжлэх ухаан. Энд зөвхөн орон зайн бус, цаг хугацаа, улирлын төлөвлөлтийг давхар хийх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, хавар, зун, намар, өвлийн улиралтай уялдуулан хаана ямар ямар мод таривал өнгөний зохицол нь таарах вэ гэдгийг архитектур төлөвлөлтөөр бодолцох л ёстой.
Ж.Б: -Манай улс хот байгуулалтын төлөвлөгөөндөө ногоон байгууламжийг төлөвлөж, тусгадаггүй гэдэг үнэн. Бусад улс оронд эхлээд ногоон байгууламж, зам талбайгаа тө
Б лөвлөчихөөд, дараа нь барилгаа барьдаг байхад манайх эсрэгээрээ. Нөгөөтэйгүүр, Улаанбаатарт баргийн мод тариад, ургахгүй байдаг нь агаарын бохирдол, утаа, тоосжилт гэх мэт гадаад хүчин зүйлтэй холбоотой гэж би боддог. Ялангуяа, өвөл шилмүүст модон дээр зузаан хөө тортог тогтсон харагддаг. Ийм хортой нөхцөлд ямар мод, ургамал таривал илүү тэсвэртэй вэ гэдгийг манайхан сонгож чадахгүй байна.
Монголчуудын олноор нь авчирч суулгаад байдаг нарс гэхэд л ийм утаатай орчинд хамгийн тэсвэргүй мод шүү дээ. Хоёрдугаарт, бид уулнаас мод авчирч тарихдаа технологийн дагуу суулгаж чаддаггүй. Тухайлбал, гадаадын орнуудад том модыг суулгадаг тусгай зориулалтын машин байдаг бол манайд алга. Үндсийг нь гэмтээдэг, хөрсийг нь багадуулдаг гэх мэт олон шалтгааны улмаас манайхны тарьсан мод 2-3 жил болоод л хатаж, хорчийгоод үхдэг.
Ө.М: -Мод үржүүлгийн аж ахуйнуудыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Мод үржүүлгийн газарт үрээр тарьж буй нэг нарс 10 гаруй жил ургаж байж дөнгөж 1.2- 1.5 метр өндөр болдог. Тэр хооронд ямар их хүч хөдөлмөр зарцуулах вэ. Гэтэл биднийг га талбайг ойжуулахад 2300-6000 мод тарих ёстой гэдэг.
Тэгсэн хэрнээ зардал нь дөнгөж 900 мянган төгрөг. Саяхныг хүртэл энэ зардал 650 мянган төгрөг байсан гээд бодохоор хэцүү байгаа биз. Бат-Эрдэнэ докторын хэлсэнчлэн мод үржүүлгийн газруудыг дахин сэргээж, тэндхийн бойжуулалтын талбайгаар гурав дамжуулаад шилжүүлчихэд тэр модны үндэс илүү сайн, тэсвэртэй болдог юм.
Одоо байгаа хэдхэн аж ахуйн нэгж яагаад том мод бойжуулж чадахгүй байгаа нь хөрөнгө мөнгөний гачигдлаас үүдэлтэй.
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжийн асуудал хэрхэн тусгагдсан бэ?
Д.Сү: -Хотын ногоон байгууламжийг бие даасан бүхэл бүтэн хэлтэс, мэргэжлийн баг хариуцаж ажиллах ёстой боловч манайд энэ ажил үеийн үед ганц хүний нуруун дээр явж ирсэн. Энэ жил харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ногоон байгууламжийн бодлого хариуцсан нэг мэргэжилтний орон тоо гаргуулсан. Дэлхийн ногоон хотуудын жишгээс үзэхэд энэ салбарт нарийн мэргэжлийн хүмүүс маш их хэрэгтэй юм билээ.
Тиймээс цаашдаа энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг төрийн байгууллагад ажиллах боломж нөхцөлөөр хангаж, бие даасан хэлтэстэй болгох талаар удирдлагууддаа хэлж ойлгуулж байгаа. Хотын ногоон байгууламжийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, алс хэтээ харсан урт хугацааны бодлогоор залж, авч явах учиртай.
Тиймээс энэ талаар баримтлах бодлогын томоохон баримт бичиг боловсруулах, мастер төлөвлөгөөгөө батлуулах, хөрөнгө мөнгийг нь төсвийн тодотголоор шийдүүлэхээр ажиллаж байгаа.
Д.Сэ: - Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 53 дахь улс бол Монгол. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан нь маш сайхан санаачилга ч ард иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөхөд анхаараагүй. Мод тарих ажлыг зүгээр л субботник төдийгөөр ойлгодог болсон. Нэгдүгээрт, мод тарихад мөнгө ярих хэрэггүй, хүний сэтгэл, сэтгэлгээ хамгийн чухал.
Мод тарьдаг, модоо ургуулчих юм сан гэсэн хүний сэтгэхүй шал өөр байдаг. Ерөнхийлөгчийг анх баахан хүмүүст шагнал гардуулахад нь ч би “Та нар мөнгө л яриад байх юм. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдгийг хүмүүст ойлгуулчихвал аяндаа мод тарина шүү дээ” гэж хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, одоо манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч “мөнгө угаах” газар болчихсон. Би үүнийг маш олон баримтаар хэлж чадна.
Уг нь бол нийслэлийн иргэдийг хашаандаа, цэцэрлэгтээ, байрныхаа тагт болон дээвэр дээрээ мод, цэцэг тарих нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд анхаарах хэрэгтэй юм. Нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байгаа учраас хүмүүс мод тарих гээд суулгац авдаг ч тэр нь дорхноо үхчихээр шантарчихдаг.
Тиймээс ногоон байгууламжид зориулсан төсвийг хүмүүсийнхээ сэтгэхүйг өөрчлөхөд, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг шийдэхэд зарцуулдаг байгаасай гэж хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэнд захимаар байна. Хоёрдугаарт, дэлхийн олон оронд хөгжсөн, дээвэр дээрх цэцэрлэгжүүлэлтийн технологийг Улаанбаатар хотод жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх боломж их. Учир нь одоо манайд байгаа ногоон байгууламжийн талбайгаас ч хавьгүй том зай талбай тэнд ашиглагдахгүй байж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй.
Би хоёр байшингийн дээвэр дээр цэцэрлэгжүүлэлт хийсэн. Болдог л юм билээ. Гуравдугаарт, модыг үнэлдэг тогтолцоо Монголд зайлшгүй хэрэгтэй. Мод үнэгүй байгаа учраас хүмүүс хайрлаж мэдэхгүй байна. Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбайн ард байсан их гоё шинэсийг машинаар дайрчихсан юм.
Дор хаяж 12-13 жил ургасан тийм хайран модыг ердөө 200-300 мянган төгрөгөөр үнэлж, хохирол барагдуулаад өнгөрсөн. Оронд нь тэнд би хүүхдүүдтэйгээ шинэс тарьсан боловч бас л хугалчихсан. Гэтэл Англид өнөөдөр 53 сая фаундын үнэтэй мод Кэмбрижийн их сургуулийн урд байдаг. Түүн шиг Улаанбаатар хотод 65 жил болсон улиас, 60 жил болж буй шинэс мод гэхчилэн тогтоогоод, үнэлдэг болмоор байна.
-Байгаль орчны сайд 2015 онд “Нэг сая мод” мод тарих бүх нийтийн хөдөлгөөн зарласан. Тухайн үедээ олны анхаарлыг татсан томоохон үйл явдал байв. Сая мод үнэхээр ургасан уу?
Ц.Б: -”Нэг сая мод” хөдөлгөөн тухайн үедээ үр дүнгээ өгсөн. Мод тарья гэсэн иргэдийн сайн дурын идэвх, сонирхлыг өдөөж, нэг зүгт чиглүүлж өгснөөрөө манай салбарын хувьд асар том хүч, хөрөнгө оруулалт болсон гэсэн үг. Нэг сая модоо ч тарьсан. Харин тэр моддын амьдралтын хувийг тухайн орон нутгийнхан тооцох ёстой байсан.
Гэвч харамсалтай нь манайхан үүнийгээ бодитой үнэлж, мониторинг судалгаа хийж чадаагүй. Ногоон байгууламжийн тооллого гэдэг нь зөвхөн статистик мэдээлэл бус, экологи, эдийн засгийн үнэлгээтэй, тэр нь жил болгон нэмэгдэж байдаг объект. Энэ нь ямар учиртай вэ гэхээр бид иргэдийн сайн дураараа хандивласан хөрөнгийг тодорхой газар руу чиглүүлж чадаагүй юм байна.
Тиймээс өнгөрсөн жилээс үүнд анхаарч, иргэн бүр тодорхой байршилд жил болгон нэг мод тарих, хэрэв биеэрээ оролцох боломжгүй бол хөрөнгө хандивлах ёстой гэдэг заалтыг Ойн тухай хуульд оруулж өгсөн. Энэ үеэр тулгамддаг нэг бэрхшээл нь Ойн тухай хуульд заасанчлан иргэдийн хандивласан хөрөнгийг хаана төвлөрүүлэх вэ гэдэг асуудал.
Төрийн байгууллага дэргэдээ сантай байж болдоггүй. Тиймээс иргэдийнхээ хандивласан мөнгийг хаана төвлөрүүлж, сайн дураараа тарьсан модных нь арчилгаанд эргээд зарцуулахын тулд яах вэ гэдгийг БОАЖЯ-наас зохицуулахаар судалгаа хийж байна.
-Удахгүй Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болно. Иргэд, аж ахуйн нэгжийн сайн дураараа тарьсан мод, бутыг арчлах, хамгаалах ажил орхигддогийн улмаас жил хүрэхгүй хугацааны дотор энэ ажил үр дүнгүй болдог.
Яагаад ийм байдалд хүрчихэв ээ. Субботникийн зарчмаар цэцэрлэгжүүлэлт хийдэг арга барилыг өөрчлөхийн тулд яах ёстой юм бэ?
Д.Сү: -Энэ жил бид аз жаргалтай Улаанбаатар хотын индекс гэдгийг тодорхойлох гээд Статистикийн газраас нийслэлд байгаа мод, ногоон байгууламжийн тоо авах хэрэгтэй болсон юм. Тэд манайхаас гарах тоо баримттай тулгана гээд биднийг ч бас статистик мэдээллээ өгөхийг хүссэн. Гэтэл хоёр газрын тоо мэдээлэл зөрөөд болдоггүй.
Манайхан мод тарьчихаад, “Энэ энэ газарт төчнөөн мод тарилаа. Ингэснээр манай хороо төдөн модтой боллоо” гэдэг мэдээллээ тухай бүрт нь дүүрэг рүүгээ явуулдаггүй, хаа нэг явуулсан ч дүүрэг нь тэдгээрийг нэгтгээд нийслэл рүү илгээдэггүй юм байна. Ийм нэгдсэн үзүүлэлт байхгүй учраас ямар тоо баримтад үндэслэн, ногоон байгууламжийн усалгаа, арчилгааны зардал мөнгийг хот тохижилтынхонд гаргаж өгөх вэ гэдэг эргэлзээтэй.
Нийслэлийн дүүрэг, хороод энэ чиглэлээр үнэхээр хангалтгүй ажилладаг нь эндээс харагдана. Тиймээс бүтцийн, тогтолцооны энэ мэт гажуудлыг засах шаардлага бий. Энд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хэлснээр мод үржүүлгийн газруудыг дэмжих, моддын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоох, дээвэр дээрх цэцэрлэгжүүлэлт гэх мэт асуудлуудыг удахгүй батлуулах, хотын ногоон байгууламжийн хөтөлбөрт багтаасан байгаа.
Намайг ажлаа авангуут энэ оны нэгдүгээр улиралд багтаан хөтөлбөрөө батлуулах үүрэг өгсөн ч би амжихгүй гэдгээ хэлээд, зургадугаар сар хүртэл хойшлуулсан. Бүхэл бүтэн хотын дөрвөн жил мөрдөх ногоон байгууламжийн хөтөлбөрийг батлуулах гэж байж гуравхан сарын дотор яаран сандран хуудуутай юм хийж болохгүй.
Манай төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, бас алс хэтээ бодохгүй, дөрөв дөрвөн жилээр бүх зүйлийг хэмжиж төлөвлөдөг явцуу эрх ашиг ямар ч ажлыг урагш явуулдаггүй юм байна гэдгийг нүдээрээ үзлээ. Өмнө нь намайг нийслэлд ажиллаж байхад 3-4 цэцэрлэгт хүрээлэн байгуулна гээд ТЭЗҮ гаргаад, ногоон байгууламжийн чиглэлээр хийж эхлүүлсэн ажлууд өнгөрсөн дөрвөн жилд бүгд орхигдож, аль нь ч хэрэгжээгүй.
Ө.М: -Монголын төр муу менежер гэдэг үнэн. Мод тарьж байна гээд шоудаад байдаг дарга нар хэдэн сарын дараа өнөөх модоо хэр ургасныг нь шалгаж үздэг юм уу. Дээрээ ийм сэтгэхүйтэй хүмүүс байгаа болохоор буруу үлгэр дуурайл болоод байна. Монголчууд бүх нийтээрээ экологийн боловсролгүй учраас мод үхүүлэхийг юман чинээ бодохгүй.
Ө.М: -Аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дээрээсээ эхэлмээр байна. Төр яагаад зохион байгуулж болохгүй гэж. Бүх нийтээрээ мод тарья гэж уриалж байгаа бол хот, дүүрэг, яамнаас газрыг нь заагаад хашаад өг л дөө. Энэ хэсэг газар Баянзүрх дүүргийн аравдугаар хорооных шүү, энд мод тарь гэж эзэнтэй болгох хэрэгтэй. Ингэж зохион байгуулалтад оруулахгүй бол мянга сайхан уриалга гаргаж, яриад нэмэргүй.