УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр гишүүн С.Жавхлан “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж буйг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж улайран зүтгэж, Монгол Улсын засаглал, тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Олон жил “өнгө” нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Намайг энд ямар ч нэмэргүй хүн гэж бодоод байх шиг. Надад энд эрх мэдэл, үүрэг алга. Энд буй 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа шүү. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юү гэдгийг хараарай. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ” гэж хэлээд оффшор данс эзэмшигч улстөрчдийн эсрэг жагсаалд нэгдсэн юм. Гашуун ч гэсэн бодит үнэнийг ойлгосон хүн л ийм үг хэлэх байх.
Ердөө жил хүрэхгүйн өмнө “УИХ-ын гишүүн гэдэг энэ эрхэм нандин суудал миний хувьд сандал суудал эрх ямба гэхээсээ илүү хамгийн өндөр хариуцлагатай “алтан” манаанд гарч байгаа харуулын ажил шиг санагддаг” хэмээн “Таны, нийгмийн, төрийн мөрөөдлийг хөтөлбөржүүлье” гэх уриа дэвшүүлэн, ялалт байгуулсан түүний өнөөдөр хэлж буй үгсээс өөрийнх нь хэлсэнчлэн гуниг, цөхрөл нэвт үнэртэх аж.
Ард түмэндээ хайрлагдсан, эгэл дуучны гэгээн цайлган, хиргүй ариун хэмээн итгэсэн төрийн сэнтий, түүний үнэ цэнэ төсөөлсөнд нь хүрээгүй бололтой. Нөгөө талаас С.Жавхлангийн УИХ-ын гишүүний “гарал үүсэл” түүний “УИХ-ын гишүүн л болчихвол” гэсэн гэнэн хүслээр тохуурхаж байх шиг.
С.Жавхлан бол УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшин өрсөлдсөн 69 эрхмээс парламентад орж чадсан цор ганц хүн. 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш хамгийн олон хүн (1992 онд 18, 1996 онд 35, 2000 онд 27, 2004 онд 15, 2008 онд 45, 2012 онд 26) бие даан нэр дэвшсэн нь энэ.
Энэ нь хамгийн олон нэр дэвшигчээс ердөө нэг нь л гишүүн болсон тохиолдол гэж хэлж болно. Өнгөрөгч долоон удаагийн ээлжит сонгууль бүрт бие даагчид өрсөлдөж ирсэн ч 2000 онд Л.Гүндалай хамгийн анх сонгогдсоноос хойш УИХ 2004, 2012 оны сонгуулиар тус бүр гурав, 2008 онд нэг бие даагч гишүүнтэй байв.
Мөн С.Жавхлан 11 мянга гаруй хүний санал авсан нь өндөр үзүүлэлт болов. Ийнхүү түүний ялалтын онцлог, ялгуусан амжилтыг дурдаад байж болох ч “Ганц дайчин ганцаардахгүй” хэмээн түмнээс түүнд хүлээлгэсэн итгэлийг дааж, хэрэгжүүлж чадахгүй нь бололтой.
Үнэндээ тэгж ажиллах боломж нь хуулиараа тун хомс юм. Тэдгээр 76 хүн бүгд л “УИХ-ын гишүүн” гэдэг сэтэртэй ч эрх, үүрэг нь эрс тэс ялгаатайг ирээдүйд бие даан өрсөлдөхөөр бэлтгэж буй хүмүүс ч, сонгогчид ч эртнээс мэддэг баймаар юм, уг нь. УИХ-аар хэлэлцэж буй аливаа асуудалд намын бүлгүүд л албан ёсны санал, дүгнэлт өгөх эрхтэй. УИХ-ын хуралдааны танхимд индэр дээрээс уншиж, сонсгох тэрхүү дүгнэлтэд гагцхүү намтай гишүүд л байр сууриа тусгах боломжтой гэсэн үг.
Улмаар түүнд үндэслэн гол хэлэлцүүлэг өрнөдөг. Хэлэлцэж буй асуудлаар эсрэг байр суурьтайгаа илэрхийлж, завсарлага авах эрх нь ч намын бүлэгт л бий. УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын болон дэд, түр хорооны дарга, аливаа төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийн ахлагч гэхчлэн хууль тогтоох байгууллагын сонгуульт хийгээд бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт нэрээ дэвшүүлэх эрхтэй ч боломж нь бараг тэг хувьтай. Цаашлаад УИХ-аар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг өөрчлөх, Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар санал гаргах эрх гагцхүү намын бүлэгт л хадгалагддаг.
Харин өнөөдрийн үнэмлэхүй олонх бүрдсэн парламентад намын бүлгүүдийн эрх, үүрэг ч тэнцвэргүй болж ирж буй. Энэ УИХ-д ажиллаж буй хоёрхон бүлгийн нэг нь дөнгөж бүлэг байгуулах хэмжээний гишүүнтэй (Сонгуулийн дүнгээр наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно) байхад нөгөө нь 65 хүнтэй нь эрх мэдлийн тэнцвэрийг хүссэн ч, эс хүссэн ч алдагдуулж байгаатай маргах хүн үгүй биз.
Өөрөөр хэлбэл, бүлэгтэй АН-ынхан ч хүссэнээрээ ажиллаж чадахгүй байхад бие даагч С.Жавхлангаас олон юм хүсэх нь илүүц биз.
Гэвч тэр өөрт олгогдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглахгүй байна. 2000 оны сонгуульд бие даан өрсөлдөж гишүүн болсон Л.Гүндалай чуулганы танхимд уриа, лоозон барьж байр сууриа илэрхийлэн, бараг л олонхоос илүү дуу хоолойгоо хүргэдэг байсантай харьцуулбал С.Жавхлан сонгогчдынхоо төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байна.
Өнгөрөгч парламентад бие даан сонгогдсон гурван гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар албан бус бүлэг байгуулж, даваа гариг бүр мэдээлэл хийж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэнтэй жишвэл С.Жавхлангийн ажилд туйлын хангалтгүй үнэлгээ тавимаар.
Үгүйдээ л тэр Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд өөрт оногдсон боломжоо ашиглаж, санал нэгдэхгүй асуудлаараа байр сууриа илэрхийлж, гарц, гаргалгааг нь хэлж явах ёстой атал өнгөрөгч намрын чуулганыг хамгийн олон (44 цаг) цаг тасалсан гишүүдийн нэг болсон байх юм.
Гэтэл МАХН-ын ганц суудлын эзэн О.Баасанхүү гишүүн хуралдаанд хамгийн олон удаа үг хэлж, асуулт тавьсан байх юм. О.Баасанхүү шиг байж чаддаггүй атлаа хааяа үг хэлэхээрээ хүмүүсийг инээлгэхээс хэтэрдэггүй С.Жавхлан гишүүн нэгэнт гудамжинд улс төр хийхээр шийдсэн бол суудлаа нэг мөр тавьж өгөөд, бүрэн эрхээсээ татгалзаасай гэж хүсэх хүмүүс ч байх аж.
Гэвч энэ удаагийн парламент бие даагч гишүүнгүйгээр түүхээ дуусгах магадлал харин өндөр байж мэдэх юм. Учир нь өнгөрсөн хугацаанд бие даагч гэх тодотголтой парламентад орж ирээд аль нэг намын хаяа бараадсан нь хавьгүй олон.
2004 оны сонгуулиар бие даан өрсөлдөж гишүүн болсон Я.Санжмятав, Р.Амаржаргал нар эцэстээ АН-ын гишүүн болсон байхад өнгөрөгч парламентын бие даагчдаас Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-ыг түшиж, С.Ганбаатар нь Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, бас гарсан түүхтэй.
Харин С.Жавхлан парламентад суудалгүй аль нэг намд элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой, эсэх талаар ярих болсоор удаж буй. Тэрбээр “Яагаад бие даагчийн орон зайнаас хэн нэгнийг нэр дэвшүүлж болдоггүй юм бэ. С.Жавхлан гэх бие даагчийн байр суурь хасагдчихаар намайг сонгосон хүмүүс сонголтоо яаж хийх юм. Монголын тал нутгаар намайг дэмждэг олон хүн бий” хэмээн байр сууриа илэрхийлээд амжсан.
УИХ-ын гишүүний хувиар хууль тогтоох ажлаа огоорч, арван хэдэн мянган иргэний саналыг сайн дураараа уландаа гишгэж яваа С.Жавхлан Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор сонгогчдынхоо эрх ашигт санаа зовох нь гайхалтай. Ерөөс бие даагч гишүүн гэгч нь аль нэг намыг парламентад суудалтай болгох, эсвэл сонгуульд өрсөлдөх “тасалбар” болж хувирдаг бололтой. Тиймээс бие даагчдад бүү найд, сонгогчид оо.