“Манай аймаг сайхан, хар замтай болжээ. Тэр замд л машиныхаа хүчийг үзнэ дээ” гэх цөөнгүй хүнтэй таарч байв. Ганц юм задалчихаад, салхи татуулж явахад тань цагдаа торгохгүй байж мэдэх ч үхэл отож байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зам, тээврийн ослоор 399 хүн амиа алдсаны 310 нь орон нутгийн замд эндсэн байх юм. Энэ оны эхний улиралд 89 хүн ослоор нас барсны 82 хувь буюу 73 нь орон нутгийн замд амь тавьжээ.
Хар зам олон байхын хэрээр авто осол 50 хувиар өсдөг аж. Бүтээн байгуулалт хийж буй нь сайн хэрэг ч замын хяналтыг давхар шийдэх ёстойг Замын цагдаагийн албаныхан хэлж буй. Зам тавихдаа камер хаана байршуулах, түүнийгээ яаж хянах, хурд хэтрүүлбэл ямар арга хэмжээ авах, эмнэлгийн түргэн тусламж хаанаас очих зэрэг асуудлыг шийдвэрлээгүй нь осол гарах нөхцөл болж буй аж.
Урин дулааны цагт нийслэлийнхэн хөдөөг зорьж, тэр хэрээр зам, тээврийн осол нэмэгддэг. Сүүлийн үед орон нутгийн замд гарсан томоохон ослоос дурдъя.
Дөрөвдүгээр сарын 2-нд Завхан аймгийн Их-Уул сумаас зүүн урд Солонготын давааны Хясаа гэх газарт “Хьюндэй” маркийн машин онхолдож, жолооч, зорчигч нийлсэн гурван хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн.
Дөрөвдүгээр сарын 3-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас урагш 30 км-т шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл онхолдож, нэг хүн нас барав.
Дөрөвдүгээр сарын 6-нд Дундговь аймгийн Луус сумын нутгийн асфальтан зам дээр зогсож байсан ачааны машины араас “Королла” маркийн машин мөргөж, дөрвөн хүн амиа алдан, нэг хүн гэмтжээ. Энэ мэтээр орон нутгийн замд олноороо амиа алдаж буй нь хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хамгаалах бүс, хүүхдийн суудал хэрэглээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, хамгаалах малгай өмсдөггүй, мөн цаг агаар, замын нөхцөл байдлаас шалтгаалдаг гэдгийг хүн бүр мэдэх болсон. Хамгийн чухал нь жолооч орон нутгийн замд ч дүрмээ баримталж чадвал үхлээс өөрийгөө болон өрөөлийг аварч чадах юм.
Зөвхөн зам, тээврийн ослоор л гэхэд өдөрт хоёр гурваараа хорвоог орхиж буй нь дайнтай оронд амьдарч байгаагаас ялгаагүй. Тэгвэл үүнд Замын цагдаагийн албаныхан хэрхэн анхаарч ажиллаж байна вэ. “Орон нутгийн замын хяналтыг сайжруулах, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэж байна. ОХУ-д өргөн хэрэглэдэг шар дэвсгэртэй “Анхаар! замын аюултай хэсэг” гэсэн самбар байрлуулахаар боллоо. Замын цагдаагийн албанд самбар байрлуулах хөрөнгө байхгүй учраас Зам, тээврийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын төсвөөс шийдүүлнэ.
Мөн Засгийн газрын 2011 оны 150 дугаар тогтоолд 150 км тутамд байнгын пост байрлуулахыг тусгасан. Одоогоор 40 гаруй пост ажиллаж байна. 2018 онд нэмж 58 байнгын пост байрлуулахаар төлөвлөсөн. Орон нутгийн замд 14 пост 24 цагаар ажиллаж байгаа. Хяналтын пост олон байх тусам осол буурна.
Багахангай дүүргийн постыг 2011 онд барихаас өмнө энэ замд жилд 10 гаруй хүн амиа алддаг байсан бол байнгын хяналт, эргүүлтэй болсноор 1-2 болж цөөрсөн” гэж Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Галсанжамц ярив.
Орон нутгийн замд осол гарах өөр нэг шалтгаан нь хар цэг. Осол их гардаг замын хэсгийг ингэж нэрлэдэг. Архангайд долоо, Баян-Өлгийд ес, Баянхонгорт зургаа гээд бүх аймагт нийт 200 орчим хар цэг бий гэнэ. Эдгээр цэгт “Анхаар! Замын аюултай хэсэг” гэсэн самбар байрлуулж, осол гарах эрсдэлтэй замын хэмжээг тодорхой бичиж тавихаар болжээ.
Гадаад орны замд хяналтын камер, байнгын пост, хурд хэмжигч, амралтын зогсоол зэрэг бүгд нэр дороо төвлөрсөн байхад манайд 150 км тутамд байнгын пост байх нь бүү хэл, жолооч олигтойхон амарчих газар ч алга. Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг байгууллагын дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж хэрэгжүүлэх” гэсэн заалт бий. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлдэг байгууллага байдаг, эсэх нь эргэлзээтэй.
Мөн өвчтэй буюу хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульд заасан. Гэвч үүнийг хүмүүс “Ядарсан, үгүйг нь яаж мэдэх юм” гэж доог тохуу болгосноос биш, гарч болзошгүй аюулаас авран хамгаалах гэж буйг ойлгоогүй нь харамсалтай.
Хэдэн зуун км газарт тасралтгүй жолоо барьсны улмаас ядарч, нойрмоглосон ч хурдлан давхих жолооч цөөнгүй. Ингэж “ниссэний” гайгаар зогсож байсан ачааны машины араас мөргөж, дөрвүүлээ газар дээрээ амиа алдсан харамсалтай явдал Дундговь аймагт гарлаа.
Ачааны машин аваарын гэрлээ асаасан хэдий ч тухайн суудлын тэрэг хэтэрхий хурдтай явж байсан учраас доогуур нь орчихсон гэнэ. Шөнийн цагт зам дээр шахуу зогсож байдаг машинууд ямар нэгэн дохио өгөхгүй байдгаас хурдтай явж буй тээврийн хэрэгслүүд мөргөж, осол гарах явдал бишгүй.
Орон нутгийн замд гарч буй ослыг бууруулах чиглэлээр хийх ажлын талаар Замын цагдаагийн албаныхан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороонд танилцуулсан байна. Энэ талаар тус албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Өлзиймаагаас тодруулахад “Манай улсад 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийг замын цагдаагийн 900 орчим алба хаагч зохицуулж ажиллаж байна шүү дээ. Хүн хүч хүрэлцэхгүй учраас шалгах хэрэгслийг сайжруулах, камержуулах гээд техник технологийн дэвшлийг ашиглах зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлтэй байхаар тусгасан. Гэвч эдийн засаг хүндэрсэн, төсөв хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар Зам, тээврийн яаманд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хороо байгууллаа. Осол хамгийн их гардаг Дархан, Сэлэнгийн замыг олон улсын жишигт нийцүүлэхээр ярьж байгаа” гэв.
Орон нутагт гарч буй ослын тоог нэмж буй өөр нэг тээврийн хэрэгсэл нь мотоцикл. Мориор бус, мотоциклоор малаа хариулдаг болсон өнөө цагийн малчдын хөл дүүжлэх гол унаа нь энэ. Гэвч тэр нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хайлшин обудтай хөлөг.
Энэ нь хар замд л тохиромжтой байтал манайхан хад чулуу, гуу жалгатай шороон замд унаснаар хайлшин обуд нь бутарч хагаран онхолдох явдал цөөнгүй гардаг аж. Аминд халгаатай унаанаас татгалзах, алс замд хурдаа тохируулан, амгайгаа зуулгахгүй бол амиа алдах аюул хэнд ч тохиолдож болох нь.