Улаанбаатар хотод гарч буй зам, тээврийн ослын талаарх сонирхолтой судалгаа байна. Нүд ирмэхийн зуурт хүний эд хөрөнгө, амь насыг үгүй хийдэг уг осолд сонирхолтой гэдэг үг зохимжгүй ч, судалгааны дүн шийдвэр гаргагчдын анхаарлыг татах нь дамжиггүй юм билээ.
Нийслэл хотод бүртгэгдэж буй зам, тээврийн ослын 40 орчим хувь нь даваа, баасан гаригт гардаг аж. Уг судалгааг хийсэн “Мираж” төслийнхөн үүний шалтгааныг “Монголчуудын цагийг нь тулгаж асуудлаа шийдвэрлэдэгтэй холбоотой” хэмээн тайлбарлав.
Эдний судалгаанд хамрагдсан 100 жолоочийн 70 нь “Дараагийн долоо хоногт хийх ажлаа амралтын өдрүүдэд төлөвлөдөг. Даваа гаригийн өглөө бусад гаригийг бодвол орноосоо эрт босдог. Гэвч энэ өдөр хэчнээн эрт гарсан ч ажлаасаа хоцорчих гээд байдаг учраас яарч, осол гаргах нь элбэг. Харин баасан гаригт хувийн ажилдаа дарагддаг. Зочид ихэвчлэн баасан гаригт ирдэг гэх мэт хүчин зүйл нөлөөлдөг гэж болно. Мөн замын хөдөлгөөний ачаалал бага байдаг учир хурдтай явдаг” хэмээн хариулжээ. Үүнийг замын хөдөлгөөн зохицуулагчид үгүйсгээгүй юм.
Нөгөөтэйгүүр, хүний амь, эд хөрөнгийг “залгидаг” хэд хэдэн газар Улаанбаатарт байна. Судлаад үзвэл гарч буй ослын багагүй хувь нь нийслэлийн хэдхэн байршилд гарсныг мэдэж болно. Тэдний нэг нь Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх авто зам.
Сүүлийн хоёр жилийн дотор л гэхэд тэнд 30 орчим хүн амиа алджээ. Хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх зэрэг зөрчил ослын голлох шалтгаан. Мөн зам дагуух хоолны мухлаг, ачааны машинуудаас болж осол гарах нь элбэг гэнэ. Энэ замд гурван хурд сааруулагч тавьчихсан бол ийм тооны хүн амиа алдахгүй байсан гэх.
Налайх дүүргийн Замын цагдаагийн пост хүртэл таван км тутамд нэгийг тавина гэсэн үг. Холбогдох албаныхан үүнийг хэдэнтээ уламжилсан ч дүүрэг болон нийслэлийн удирдлагууд ойшоогоогүй аж. Налайх дүүргийн удирдлагууд гадаадаас зөн билэгч урьж авчраад, тахил өргүүлэхийг илүүд үзжээ. Харин нийслэлийн удирдлагууд тухайн авто замыг шинэчилнэ гэсээр өдий хүрэв.
Яармагийн гүүрнээс Нисэх хүртэлх замд цөөнгүй осол гардаг юм байна. Яармагийн эцсээс Гурвалжингийн гүүр хүртэл үйлчилгээнд явдаг таксины жолооч Б.Энхцэнгэл “Жолооч нар үүгээр явахдаа байнга хурд хэтрүүлдэг. Сонсох нь ээ зөрчил баталгаажуулдаг камер нь байнга эвдэрдэг гэсэн. Дандаа л засаж байдаг гэж надтай таксинд явдаг хүмүүс ярьдаг. Гэрэл дохио асчихаад байхад явган зорчигчид зам тавьж өгнө гэж байхгүй шүү дээ” гэж ярив.
Замын цагдаа нарын хэлж буйгаар тус замын хотын төвөөс гадагшлах урсгалд осол гарах нь элбэг аж. Хурд хэтрүүлсэн жолоочийн балгаар өнгөрсөн онд гурван хүн амиа алдаж, таван хүн гэмтэж, цөөнгүй мал мөргүүлжээ.
Жолооч нарын дураараа авирладаг дараагийн зам нь Баянхошуунд бий. Мөн л шинээр тавьсан бөгөөд дөрвөн урсгалтай. Хүн мөргөж гэмтээсэн цөөн хэргийг эс тооцвол хурд хэтрүүлэх, гэрэл дохио зөрчих зэрэг нийтлэг зөрчил өдөрт хэдэн арваараа гардаг гэнэ. Харин дөрвөн замын уулзварт нь эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний хохиролтой осол зонхилдог аж.
Энэ нь уулзварын гэрэл дохионы зохицуулалт болон явган хүний гарцын байршилтай холбоо гэдгийг тухайн орчимд амьдардаг хүмүүс хэлэв. ЗЦА-ныхан автозамуудын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу хийж, хуучныг нь сайжруулах шаардлага нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлдэг ч биелүүлэх нь ховор. Уг нь тус газрынхан автозамыг өргөтгөн, шинэчлэхдээ ЗЦА-наас зөвлөгөө авах учиртай.
Гэвч сонгон шалгаруулалт зарлаад шалгарсан компанид бүгдийг даатгадаг бололтой. Барилгачин архетиктурын ажлыг хийж байгаа гэсэн үг. Осол байнга гардаг замд хэрхэн анхаарч байгааг Автозамын хөгжлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтнээс тодруулахад “Жолооч, явган зорчигчид дүрмээ мөрдөх хэрэгтэй. Замыг анх тавихдаа шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг тавьсан учир нэмэлт тоноглол хийх боломж байхгүй. Хөдөлгөөнийг зохицуулж, ослоос сэргийлэх үүрэг Замын цагдаагийн албаны ажил” гэсэн юм.
Эмээлт орох замд мөн л осол гарах нь элбэг гэнэ. Шалтгаан нь автозамын эвдрэл аж. Засвар үйлчилгээ хариуцсан байгууллагад нь шаардлага хүргүүлдэг ч мөн л тусыг эс олдог байна.
“Хархорин” захын гүүрэн гарцыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ оны эхний гурван сард уг гарцны орчим зам, тээврийн 40 осол гарчээ. Явган зорчигчид гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, гэмтэж бэртдэг аж. Зохицуулагч нар тэдэнд явган хүний гарцаар гарах шаардлага тавихад “Гарцаар гарахын тулд нэг буудал гаруй газар тойрох болдог. Автобусны буудлын дэргэд явган хүний гарц хийх нь зохимжгүй” хэмээн шүүмжилдэг аж.
Мөн гүүрэн гарцыг 24 цаг нээлттэй болгож өгөхийг хүсдэг байна. Тус гүүрэн гарцанд худалдаа, үйлчилгээний хэд хэдэн байгууллага бий. Тиймээс уг гарц нээлттэй байх нь аж ахуйн нэгжүүдийн ажил эхлэх, дуусах цагаас хамаардаг гэнэ. Зун 22.00, өвөл 19.00 цаг хүртэл гарц нээлттэй байдаг гэж болох юм билээ.
Тээврийн прокурорын газрынхан тухайн газарт ажиллаж гүүрэн гарцыг нээх шаардлагатай байгааг нийслэлийн Захирагчийн ажлын албаны даргад албан бичгээр мэдэгджээ. Харамсалтай нь, тэд арга хэмжээ авах, эсэх нь эргэлзээтэй. Тус албаны хэлтсийн даргаас ямар арга хэмжээ авахыг тодруулахад “Бидэнд албан бичиг ирээгүй. Баянгол дүүргийн удирдлагууд арга хэмжээ авах байх. Тэр гүүрэн гарцыг “Хархорин” захын удирдлагууд хөрөнгө гаргаж бариулсан юм билээ. Тиймээс бид хувийн өмчид шууд халдаж болохгүй” гэсэн хариу өгөв.
Зам, тээврийн ослыг зөвхөн замын цагдаа нарт хамааралтай мэт ойлгодог төрийн байгууллагынхан эндүүрлээ засах шаардлагатай цаг болсон нь энүүхнээс харагдах. Нийслэлийн газрын зураг дээр улаанаар тэмдэглэсэн “хар цэг”-үүдэд хэдэн амь хорогдох нь та бүхнээс шалтгаалж буйг битгий мартаарай.