Бэлтгэсэн: Ч.Мөнхзул, Г.Ариунцацрал, Ж.Сувдмаа, Ж.Эрдэнэ
Мухар сүсэгт автсан зарим нэг хүний үйлдэл чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэв. Хүүхдийн ялгадсыг хаа хамаагүй газар хаяж болдоггүй гэх цээр бий тул онгон дагшин газар, уулын ам, ой модонд хэрэглэсэн живх “өргөдөг” жишиг дэлгэрсэн гэнэ. Хэдхэн хоногийн өмнө Туул гол дагуух хогийг цэвэрлэсэн хүмүүс ийм “нээлт” хийж, өчнөөн живх цуглуулж, байх ёстой газарт нь аваачжээ. Улаанбаатар хэдийнэ 1.3 сая хүнтэй, 300 хол илүү жилийн түүхтэй том хот болсон гэж ярьдаг хэр нь өдий хүртэл хог хаягдлаа боловсруулах нь битгий хэл, ангилан ялгаж, иргэд нь хогоо хогийн саванд хаяж хэвшсэнгүй. Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэг жилээс жилд хүрээгээ тэлж, бохирдол нь хөрс, усанд нэвчин аюулын харанга дэлдэхэд хүрсэн. Нүдэнд ил харагддаг болохоор нь бид “Утаа яана аа” гэж гасалдаг. Гэтэл түүнээс ч уршигтай аюул хаяанд ирчихээд буй.
Улаанбаатарын хогны дөнгөж 25-30 хувийг гадагш нь гаргадаг гэх тойм тоо бий. Хог түүдэг хүмүүс бидний хаясан хогноос хэрэгтэйг нь ялган авч, хоёрдогч түүхий эд авах цэгийнхэнд тушааснаар урд хөрш рүү экспортлох боломж бүрдүүлдэг. Харин үлдсэн хэсгийг нь хот тохижилтынхон хагас дутуу хамж ачаад, хогийн цэгт аваачин булдаг. Тэр дор юу болж байгаа, хөрсөнд ямар хор хэрхэн “боловсорч” буйг хэн ч таашгүй. Нийслэл хот 1778 онд дөрвөн уулын дундах энэ газарт суурьшсан гэдэг. Тэр цагаас хойш бүхэл бүтэн 239 жил өнгөрчихөөд байхад хогоо газарт булшилсан хэвээр гэхээр хотын хөрсөн дор цөмийн зэвсэг бүрэлдэж буй гэж үзсэн ч болох. Нийслэлийн хог хаягдлын менежмент нэг иймэрхүү дүр зурагтай.
“Хогны асуудлыг шийдэхийн тулд ангилан ялгахаас эхэлнэ” гэдгийг эрхбиш хотын иргэд сонссон нь лавтай. Уг нь утаа бууруулахаас илүү хямд төсөр буюу иргэд ухамсартай байж, хогоо ангилан ялгаад сурчихад л бүтчих ажил. Гэтэл манайхан ядаж хүүхдүүддээ энэ талын мэдлэг олгодоггүй. Ирээдүйн хог таригчид нь өнөөгийн хүүхдүүд учраас хог хаягдлыг ангилан ялгах сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэхийн тулд цэцэрлэг, сургуульд байхаас нь заадаг жишиг олон улсад байдаг юм билээ.
Хотын өмнөх удирдлагууд хог хаягдлын менежментийг сайжруулахаар анхан шатны ангилан ялгалтаас эхэлнэ гэж олноо ихэд ад үзэгдсэн ногоон уут тараах санаачилга гаргаж байлаа. Харамсалтай нь, үүнийг зөв эхлэл гэж харж, хүлээж авах хүн олдоогүй. Төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд зарцууллаа гэж бүх нийтээрээ эсэргүүцэж байж таслан зогсоосон. Хотын төвийн гудамжуудад хог ангилан ялгаж хийх сав хүртэл байршуулсан. Гэтэл иргэд бас л ойшоогоогүй, хогоо ангилан ялгаж хэвшье гэсэн бодол байсангүй. Одоо тэр хогийн савнуудаас хэд нь хотын гудамжинд үлдсэн, эсэхийг мэдэхгүй. Бүхэлд нь зөвтгөх аргагүй ч санаа нь муугүй уг ажлыг шинэчлэн сайжруулж, зөв менежмент хийсэн бол, бас хотын иргэд дэмжсэн бол том ажлын эхлэл байсан юм шүү.
Хотын үе үеийн удирдлага хогныхоо асуудлыг шийднэ, дахин боловсруулах үйлдвэр барина гэж тууз хайчилж, шоуддаг хэр нь ажил хэрэг болгож байгаагүй. Хамгийн сүүлд гэхэд 2014 онд Нарангийн энгэрт барилгын хог боловсруулах үйлдвэр барина гэж шав тавьсныг эргэн сануулъя. Хоёр жил орчмын дотор уг үйлдвэрийг барьж дуусгана гэж тухайн үед амласан авч сураг алдарч, хог боловсруулах үйлдвэр мөрөөдөл хэвээр үлдсэн. Харин хувийн хэвшлийнхэн энэ чиглэлд нэлээд анхаарч, цаас, хуванцар, хаягдал дугуй боловсруулах зэрэг хэд хэдэн үйлдвэр ашиглалтад оруулан ажиллуулж буй. Тэд улсын хэмжээнд гарч буй хог хаягдлын 20 орчим хувийг дахин боловсруулдаг бөгөөд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо нэртэй толгой байгууллагын доор нэгдэж, 2015 онд Эко парк байгуулах санаачилга гаргасан байдаг.
Байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилт технологи нэвтрүүлсэн, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хог боловсруулаад зогсохгүй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Эко парк байгуулах гол зорилго аж. Ингээд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагаандаваа, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Нарангийн энгэр гэсэн хоёр байршилд байгуулах зөвшөөрөл авч, ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулжээ. Хотын захиргаанаас шаардлагатай дэд бүтцийг нь татчихвал тус холбооныхон үйлдвэрлэгч, төсөл, хөтөлбөрүүдээ нэгтгэн, зохион байгуулалтад оруулж, цаашдын үйл ажиллагааг нь гардан авч явах төлөвлөгөөтэй юм билээ. Уг ажилдаа төрөөс дэмжлэг хүссэн ч тоох түшмэл олдсонгүй юу, парк байгуулна гэж зарласнаас хойш өөрчлөгдсөн зүйлгүй өдий хүрэв.
Хотын дарга болгон мөрийн хөтөлбөртөө хог хаягдлын менежментийг сайжруулах талаар дурддаг. Уламжлалын дагуу С.Батболд даргын мөрийн хөтөлбөрт ч ийм заалт бий. Тэрбээр саяхан зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцахдаа хог их гаргадаг аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмнэ гэж сүржин мэдэгдсэн. Бас ангилан ялгах ажлыг эхлүүлэх талаар дуулгахаа ч мартсангүй. Өчнөөн олон жил ажил хийсэн нэртэй ч үнэндээ бизнес болгож, агаарын бохирдлоо хазаарлаж дийлэхгүй тавиад туучихсан. Хогны асуудлыг ч ийм байдалд хүргэхгүйн тулд нэн даруй арга хэмжээ авч эхэлнэ гэж найдъя. Энэ ажлыг өөрсдөөсөө, хүүхэд багачуудаас, иргэдийнхээ оюун тархитай ажиллахаас эхэлбэл дээр сэн.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“Бам”-ын барилгууд балаг тарьж байна
Хавар болж, газар гэсэхтэй зэрэгцээд нийслэлийн хог “ичээнээсээ” гарч, агаар хөрсийг бохирдуулдаг. Хог хаягдал хаагуур их байгааг сурвалжлахаар хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт очсон юм.
Хорооны байртайгаа хаяа дэрлэн оршдог 69 айлын маш хуучны гэмээр, гурван давхар улаан тоосгон хоёр байшин байв. Уг хоёр байшингийн урд хогийн маш том цэг бий болжээ. Тэр хавийн үнэр огиудас хүргэж, хажуугаар нь явсан хүмүүс хамраа чимхэхээс аргагүй байв. Байрны дунд хүүхдийн тоглоомын талбай байсныг илтгэх хоёр гурван тоглоом хогонд дарагдаж, хүн хүрэхийн эцэсгүй болсон харагдав.
“Хоггүй Улаанбаатар” гэсэн бичигтэй дөрвөн төмөр хогийн сав байсан ч тэдгээрт бараг хог гээд байх зүйл алга. Харин гадуур нь үнс, гялгар уут, архины шил, хүнсний бүтээгдэхүүний сав, ариун цэврийн хэрэглэл, хүний ялгадас хүртэл үзэгдэнэ. Ийм их хог, ялгадас хөрс, агаарыг хэрхэн бохирдуулж буйг төсөөлөхийн аргагүй. Уг нь тэнд дээрх хэдэн хогийн савнаас гадна хогийн том цэг ч байв. Гэвч мөн л хоосон шахуу байлаа.
XI хорооны зохион байгуулагч н.Отгон “Энэ байранд 69 айл амьдардаг. Гэвч халаалт, дэд бүтцийн системд холбогдоогүй, ариун цэврийн өрөө байдаггүй. Тиймээс оршин суугчид нь угаадас, ялгадас, хогоо гадаа хаядаг. Тэгэхдээ хогийн цэгт биш ил задгай юм уу, жорлон руу хийдэг. Бохир соруулах гэхээр хог дүүрчихсэн байдаг. Өвөл болохоор тэр нь хөлдөөд хог ачих, бохир соруулах боломжгүй. Уг нь дүүргийн хөрөнгөөр өнгөрсөн жил шинэ жорлон, муу усны нүх ухаж өгсөн. Гэвч эндхийн олонх оршин суугч түрээсээр амьдардаг болохоор хүний эд хөрөнгө, нийтийн эзэмшилд хойрго ханддаг. Шаардлага тавиад ч тоодоггүй” хэмээн учирлав.
Оршин суугчдаас хамраа цухуйлгах хүн байсангүй. Тус байрны чанх урд орших нийтийн байрныхан “Хэцүү л байна шүү дээ. Үнэр танар гэж авах юмгүй. Бид аргаа бараад телевизийнхнийг хүртэл дуудсан” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. 69 дүгээр байрны оршин суугч А.Эрдэнэчимэг “Түрээсээр амьдардаг хүн олон байдаг болохоор орчноо цэвэр байлгахад ердөө анхаардаггүй. Угаадас, хогоо хамт асгаад жорлонгоо битүүлчихсэн. Цэвэрлэгээ хийх болохоор үндсэн тав, зургаан айлын хэдхэн хүн л гардаг. Сүүлийн саруудад хог ачдаг компанийнхан сардаа нэг удаа л ирж байна. Үүнээс болоод хогийн сав дүүрч, энд тэндгүй хаягдал хөглөрөх боллоо. СӨХ-гүй, цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хүнгүй энэ байрыг зохион байгуулалтад л оруулмаар байна” гэлээ.
Тус хорооны тохижилт хариуцсан “Нийтлэг үйлчилгээний дөрөв” ОНӨААТҮГ-т очив. Тэндхийн ерөнхий инженер С.Чулуундорж “Социализмын үед барьсан эдгээр байрыг “Бам”-ын гэж нэрлэдэг. Дотроо ариун цэврийн өрөөгүй, бохирын асуудлаа огт шийдээгүй хэд хэдэн ийм байр Баянзүрх дүүрэгт бий. Тэдний нэг нь 69 дүгээр байр юм.
Энд хог үүсэх нь харьцангуй бага боловч өтгөн, шингэн ялгадас тоймгүй. Түүнийг нь манай компани дөрөв дэх жилдээ тээвэрлэж байна. Бид долоо хоногт нэгээс хоёр удаа ачдаг. Өвөл дийлдэхээ байдаг. Аргаа барахдаа иргэдийнх нь дунд сургалт явуулж ч үзсэн. Тэглээ гээд ухамсаргүй хүмүүс хүйтэн сэтгэлээр хандах нь хэвийн үзэгдэл” хэмээв.
“Улаанбаатар хот хогоо бүрэн тээвэрлэж чадаж байна. Тээвэрлэлтэд ямар ч асуудал алга. Харин хүмүүс ухамсаргүй байна. Иргэдийг хогоо ангилж сургахын тулд хог боловсруулах үйлдвэрүүд байгуулах шаардлагатай. ТҮК-ийнхан хогоо тээвэрлэж, хогийн гурван том цэгт хаядаг, түүнийг нь булдаг. Харин эмнэлгийн тоног төхөөрөмжийн хогийг тусад нь зөөвөрлөдөг” хэмээн “Нийтлэг үйлчилгээний нэг” ОНӨААТҮГ-ын дарга Мөнх-Од ярилаа.
Баянгол дүүргийн II хорооны далан дагуу байрлах 60 дугаар байрны иргэд “Шинэ хогийн цэгтээ хогоо хаяж чадахгүй байна. Хуучин нь хаалгагүй, дээвэргүйгээс болж энд тэндгүй хог хөглөрдөг” хэмээн хороондоо удаа дараа гомдол мэдүүлжээ. Гэвч тэдний үгийг хэн ч сонсохгүй, арга хэмжээ авахгүй нүдэн балай чихэн дүлий явсаар хоёр жил болсон аж. Энэ тухай сурвалжлахаар өчигдөр 15.30 цагийн үед тус дүүргийн II хороонд очив.
Иргэдийн хэлсний дагуу 60 дугаар байрны урд 2х3 метр хэмжээтэй болов уу гэмээр, блокоор өрсөн хаалга, дээвэргүй хогийн цэг байв. Биднийг очихоос хэдхэн минутын өмнө хогийг ачсан бололтой. Яг хажууд нь “Монгол маамуу” нэртэй цэцэрлэг байна лээ. 60 дугаар байрны ард өнөөх шинэ хогийн цэг нь байх аж. Ашиглалтад орсноос нь хойш огт хог хаяагүй учраас эргэн тойрон нь цэвэрхэн, будаг нь шинээрээ шахуу байлаа.
“Хогийн цэг” гэсэн тэмдэг байсан ч хаях цонхыг нь гагначихаж. 60 дугаар байрны иргэн Ч.Энхтуул “Өөдлөх айл үүднээсээ гэдэг биз дээ. Гэтэл бидний яг цонхон доор хогийн цэг байрлаж байна. Тийшээ энэ хавийн 10-аад байрныхан хогоо хаядаг. Баяр ёслолын үед машин зам руугаа хог хөглөрч, дээгүүр нь машин явсаар энэ хавиар нэг тарааж замбараагүй болгодог. Гэтэл хоёр жилийн өмнө тавьсан шинэ хогийн цэгийг хэдхэн айлын эрх ашгийн төлөө хаачихсан.
Цаана нь байгаа хоёр байрын нэг давхрын айлууд дургүйцээд байгаа гэсэн. Хорооны Засаг дарга бидний хүсэлтийг сонсдог ч арга хэмжээ авахгүй байна” гэж бухимдав. Энэ дагуу хороо руу нь очсон боловч Засаг дарга нь байсангүй. Зохион байгуулагч нь тоймтой хариу өгсөнгүй. “Манай хорооны хогийг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ хариуцдаг. Тэд сайн цэвэрлэдэг. Тэр шинэ хогийн цэгийг СӨХ нь мэдэж байгаа байх. Хорооны зүгээс гэрэлтүүлэг, камержуулалт, тохижилтод л анхаардаг болохоос хогонд зориулсан төсөв мөнгө байхгүй. Гэвч эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажилладаг” гэв.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.АРИГУУН: Хог хаягдлын тухай хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нийслэлээс ямар ажил хийв, цаашид юу хэрэгжүүлэх вэ?
-Ил задгай хаясан хогийг цэвэрлэх ажлыг жил бүр эрчимтэй хийж байгаа. Их хэмжээгээр хуримтлагдсан хог цэвэрлэх ажил энэ сараас өрнөнө. Хог дахин боловсруулдаг үйлдвэрүүдэд хаягдал түүхий эд нийлүүлэхэд түлхүү анхаарч, тэдэнтэй хамтарч ажиллах төлөвлөгөөтэй.
-Нийт хаягдлын дөнгөж 20 орчим хувийг нь хог боловсруулах үйлдвэрүүд ашигладаг гэсэн статистик байна. Хэрэв “Эко парк” ашиглалтад орвол энэ тоог 85 болгож өсгөх боломжтой гэж үзэж буй.
Парк байгуулах ажил өдгөө ямар шатандаа байна вэ?
-Эл төсөлд хамтрах дахин боловсруулах үйлдвэрүүдийн хүсэлт, материалыг бид хүлээн авч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийхээр холбогдох мэргэжилтнүүдтэй уулзан, судалж байна. “Эко парк” гэлтгүй одоо үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд хог хаягдлыг тогтвортой нийлүүлдэг, цуглуулдаг тогтолцоо бий болгохыг зорьж байгаа.
Бид Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой хамтран ажиллаж, холбоонд нэгдээгүй бүсад аж ахуйн нэгжид ямар бэрхшээл тулгардаг, хэрхэн дэмжих боломж байгаа талаар санал, хүсэлтийг нь сонсдог.
-“Эко парк” байгуулснаар үйлдвэрүүд хэчнээн төрлийн хог боловсруулах вэ. Дахин боловсруулах боломжгүйгээс үйлдвэрүүд тоодоггүй, хаа сайгүй хөглөрдөг хаягдал өчнөөн бий шүү дээ.
-Байнга, идэвхтэй ажилладаг хог боловсруулах үйлдвэр нийслэлд 10 хүрэхгүй. Тэд ихэвчлэн хуванцар, хаягдал дугуй, төмөр боловсруулдаг. “Эко парк” ашиглалтад орсноор үйлдвэрүүдэд нийлүүлдэг хог хаягдлын төрөл олшрох нь ойлгомжтой.
Барилгын хог хаягдлыг боловсруулах, эргэлтэд оруулах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас судалгаа хийж, энэ ажлыг эрчимжүүлэхээр зээл олгох болсон. Үүнийг шийдчихвэл Улаанбаатарт хамгийн их тулгамддаг, ашиггүй гэгддэг барилгын хог хаягдлыг ангилж ялгаад, бутлаад дахин боловсруулах боломж бүрдэнэ.
-Хог цэвэрлэх болон бохирдол бууруулахад хэчнээн төгрөг төсөвлөдөг вэ?
-Хаягдлаа ангилж ялгах дадал хэвшүүлэхэд түлхүү анхаарч, хөрөнгө зарцуулах ёстой. Гэвч иргэдэд энэ чиглэлийн мэдлэг олгох, сурталчлахад мөнгө төсөвлөдөггүй. Сурталчилгааны чиглэлийн зардал өндөр байдаг учир энэ ажлыг төсвийн хөрөнгөөр хийхийн оронд төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санаачилгаараа үнэ төлбөргүй хиймээр байна.
-Орчны бохирдлыг бууруулах нэрийдлээр нийслэл, орон нутагт жилийн жилд олон ажил хийдэг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Үүнд юу нөлөөлдөг юм бол?
-Иргэдийн ухамсар гол нөлөөтэй. Ядаж л хогоо хаяхдаа ангилан ялгадаг, ил задгай орхидоггүй байх хэрэгтэй. Ийм дадал хэвшүүлэх нь гол асуудал болчихоод байна. Одоо Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулж байна. Ингэхдээ “Хог хаягдлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ” гэдэгт ихээхэн анхаарч байгаа. Нэн түрүүнд хог хаягдлын тухай хичээлийг ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулахаар тусгана. Хууль хэрэгжээд эхэлбэл хүүхдүүд багаасаа хог хаягдалтай хэрхэн харьцахаа мэддэг, зөв дадал, зуршилтай болно.
ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ямар арга хэмжээ авбал Улаанбаатар хот хогноосоо салах вэ?
Г.БАДАМСЭД (Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвийн мэргэжилтэн):
-Манай дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвд зам талбай, ногоон байгууламж, хог тээвэрлэлт хариуцсан 114 хүн ажиллаж байна. Гэр хорооллын айлын хогийг сардаа гурав, орон сууцныхыг долоо хоногт хоёр удаа ачиж, Морингийн давааны хогийн цэгт асгадаг.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2015 онд 284 хогийн сав өгсөн. Үүн дээр нэмж 100 орчим хогийн савыг 11 хороонд байршуулаад байна. Ингэснээр иргэд хогоо ангилж хаядаг болсон. Гэвч орон гэргүй хүмүүс ууттай хогийг асгаж тараагаад хаячих юм. Ер нь хогоо хаана хаях, хэрхэн ангилах, ямар хор уршигтайг Байгаль орчны хичээлээр нь дамжуулан хүүхдүүдэд зааж ойлгуулах нь чухал байна.
Анхнаасаа хүний ухамсар сэтгэхүйд байхгүй зүйлийг насанд хүрсэн хойно нь ойлгуулна гэдэг амаргүй. Тиймээс багаас нь сайн ойлгуулахгүй бол өнөөдөр хог цэвэрлээд маргааш нь дахиад л хогоо ил задгай хаяж байна шүү дээ.
н.ДАШДОНДОГ (“Нийтлэг үйлчилгээний дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч):
-Хогоо ангилаад сурчихмаар байна. Гэтэл хүмүүс ангилж мэддэггүй. Ууттай хогоо тэр чигт нь гадаа гаргаад хаячихдаг. Түүнийг нь хоёр дахь түүхий эд түүдэг хүмүүс тараагаад болохгүй юм.
Уг нь ялгаж хаяад сурчихвал бидний ажилд нэмэртэй л байх болов уу. Түүнээс биш нэг үеэ бодвол хогийг сайн ачдаг болсон шүү дээ. Одоо иргэдийн ухамсарт нөлөөлөх л хэрэгтэй байна.
Ж.ТУЯА (Баянзүрх дүүргийн X хорооны иргэн)
-Хогийн цэгийг олон болгомоор байна. Тэгээд үдэш орой болсон хойно нууцаар хог хаяж буй хүмүүст хяналт тавих хэрэгтэй болов уу. Манай гэрийн ойролцоох хогийн цэгт янз бүрийн хүмүүс ирж, машин дүүрэн хог хаячихаад яваад өгдөг. Тэрийг нь хог түүдэг хүмүүс талаар нэг тараачихдаг. Тэгмээргүй л байгаа юм. Зориулалтын, түгжээтэй хогийн савтай болбол арай дээрдэж магадгүй.
Д.ДУГАРСҮРЭН (Чингэлтэй дүүргийн I хорооны орон сууцны жижүүр):
-Би эндхийн таван байр хариуцаж ажиллаад 10 гаруй жил болж байна. Байрных нь үүдэнд хогийн сав байсаар байхад орцондоо хаячих юм. Хүмүүс хогоо ер ангилж хаядаггүй. Архи, ундааны шил, лааз, хоолны үлдэгдлээ холиод хийчихдэг. Залуучууд үүдэндээ хогоо хаячихдаг бол ахмадууд хогийн саванд хийж байна.
“Хогоо ил задгай хаявал торгуультай” гэж бичээд ч нэмэргүй. Хогийн машин өдөрт хоёр удаа ирдэг тулдаа л орчин тойрон маань цэвэрхэн байна. Байрныхаа 14 орцыг угааж цэвэрлэхээс гадна хүүхдийн тоглоомын талбайг хариуцдаг юм. Гэтэл хүүхдийн тоглоомын талбайд нохойгоо салхилуулж байгаа хүмүүс ялгадсыг нь цэвэрлэдэггүй.
Түүн дээр нь хүүхэд гишгэх, унах тохиолдол цөөнгүй. Тиймээс байрныхаа хүмүүсийг нохойныхоо ялгадсыг цэвэрлэх, хогоо орцондоо хаялгүй, байрныхаа гадаах хогийн саванд хийгээч ээ л гэж хэлье.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хог бол мөнгө
Швейцарьт олон жил амьдарсан нэгэн эмэгтэй “Монголчууд хогоо дуртай газартаа хаячихдаг азтай, эрх дураараа хүмүүс” гэж билээ. Ёжилсон, эсвэл үнэн сэтгэлээсээ хэлсэн алин болохыг нь мэдэхгүй юм. Түүний ярьснаар бол Швейцарьт хүний эрхийг хамгийн их дээдэлдэг хэрнээ хог хаягдлын асуудлаар иргэдээ “гоочилж, чимхдэг” нь тун хэцүү гэнэ.
Бид өдөр болгон хэдэн сав хог гаргаж хаяж болно. Харин тэнд долоо хоногт нэг удаа хуваарийн дагуу ирэх тусгай машинд ганц уут л хог хаях ёстой. Хогны уутны хэмжээг хүртэл нарийн заасан байдаг аж. Хэрэв та илүү хог хаях бол уут бүрт нь торгууль төлнө. Мөн заасан овор хэмжээнээс илүү хог хаях бол мөнгө төлөх нь бий гэсэн.
Тэгэхээр “хөөрхий” швейцарьчууд хогоо уутанд багтаах гэж бөөн юм болдог байна. Лааз зэргийг “хальс” болтол нь гишгэж, дэвсэлж, сүүний савыг нямбайлан задалж, эвхэхээс эхлээд нэгбүрчлэн ангилан ялгах нь жинхэнэ “там” гэж ярьсан тэрбээр “Манайхан хогийг мөнгө болгон харах ёстой” гэсэн нь нэгийг бодогдуулав.
Ер нь хог хаягдлыг ангилж, тушаадаг менежмент дэлхийд жишиг болоод удсан. Өдгөө улам боловсронгуй болж буй аж. Бидний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихэсдэг нь “хууль”.
Хүн төрөлхтөн XIX зууны дунд үе буюу 1855 онд гайхалтай нэгэн материал бүтээсэн нь хуванцар байлаа. Тухайн үедээ шинжлэх ухааны дэвшил болсон хуванцар хэмээх гоё зүйл нь өдгөө дэлхий гаригийг “залгихад” хүрээд буй. Энэ нь хүний өдөр тутмын чухал хэрэглээ болсныхоо хэрээр хог хаягдалд “хандив” өргөж байна. Дэлхийн нийт хог хаягдлын дийлэнх буюу 60 хувийг хуванцар эзэлж байгааг олон улсын судалгаанаас харж болно.
“Хог хаягдлын цагаачлал” гэсэн нэр томъ ёог европчууд ХХ зууны эхэн үеэс хэрэглэх болжээ. Энэ нь цагаан арьстнууд Африкт “соёлт” хэрэглээгээ аваачиж, их хэмжээгээр хог тарьдаг болсонтой холбоотой юм байна.
Тэгвэл өнөөдөр дэлхий нийтээрээ хог хаягдлын цагаачлалд нэрвэгджээ. Хүн төрөлхтөн жил бүр дунджаар 700 сая тонн хатуу хог “үйлдвэрлэдэг” гэж шинжээчид онцолжээ.
Швейцарь, Герман, Дани, Нидерланд, Франц, Япон зэрэг улс хог хаягдлынхаа 40-60 хувийг дахин боловсруулан ашигладаг. Ингэхийн тулд хогийг ангилан ялгадаг бөгөөд үүнд иргэдийн оролцоо хамгийн чухал. Тиймээс хог хаягдалтай тэмцэхийн тулд эхлээд иргэдийнхээ ухамсартай “тулдаг” юм байна. “Тулааны” зэвсэг нь хууль, журам.
Жишээ нь, Германд Нэг удаагийн хэрэглээний нийгэмлэг гэж бий. Хатуу хог хаягдлын асуудлаа шийдэх зорилгоор байгуулсан тус газрын шинжээч, мэргэжилтнүүд хуванцар хаягдлуудыг ашиглан хиймэл уул босгодог юм байна. Үүний тулд иргэдийн ангилан ялгасан хаягдлыг дахин боловсруулна. Тус улсын хууль журмаар бол шар (хуванцар), бор (хоол хүнс), цэнхэр (цаас), саарал (ахуйн) өнгөтэй саванд хог хаягдлыг ангилан хийх ёстой. Үүнээс гадна шил, хэрэглээнээс гарсан зай хураагуур зэргийг хийдэг тусгай чингэлгүүдийг тодорхой цэгт байрлуулдаг аж.
Сүүлийн үед шилэн хаягдал ихэссэнтэй холбогдуулан энэ төрлийн хогийг дэлгүүр, үйлдвэрийн газрууд үнэлэн авдаг болсон гэнэ. Энэ бол маш ухаалаг менежмент гэдгийг нийгэмлэгийнхэн онцолжээ. Өнөөдөр дэлхийд “хог хаягдлын” гэсэн тодотголтой асар том зах зээл бий болсны ганц жишээ энэ. Эл зах зээлд жилд ойролцоогоор 120 тэрбум “ногоон” эргэлддэг гэсэн судалгаа байна.
Өөр нэг сонирхолтой зүйл нь, германчууд хагархай шил савыг орой үдэш, амралтын өдөр хаядаггүй. Хуулиар хорьсон учраас тэр. Чимээ шуугианаас болж иргэдийн тав тух алдагдахаас сэргийлж байгаа хэрэг.
Мөн техник хэрэгсэл, түүний залгуур зэргийг хаяхдаа заавал хайчилж, эвдэлж, “янзалдаг”. Ингэснээр хэн нэгэн эвдэрхий зүйл авч яваад, “шатахаас” сэргийлдэг юм байна. Энэ бүхэн хог хаягдлыг бууруулах нэгэн арга гэсэн. Тус улсад орон сууцнуудын гадаа хогийн сав байрлуулдаг аргыг халаад уджээ.
Швейцарьтай адил хуваарийн дагуу хогны машинаар үйлчилдэг аж. Хулгайгаар хогоо хаях талаар бодоод ч хэрэггүй. Гудамж бүр камерын хяналттай тул хог хаясан хүн маш өндөр торгууль төлөхөөс гадна торны цаана ч сууж мэдэх гэнэ. Энэ мэтээр Европын олон оронд ийм систем үйлчилдэг бөгөөд хогны цэгийн оронд дахин боловсруулдаг үйлдвэрүүд ажиллаж, “түүхээ эдийг” нь ачиж ирсэн компанид мөнгө төлдөг.
Японд мөн л хогийг дахин боловсруулан эргэлтэд оруулдаг системтэй. Жишээ нь, ариун цэврийн цаас, хуванцрыг дахин боловсруулж, холиод нийтийн тээврийн тасалбар зэргийг үйлдвэрлэдэг эко технологитой. Тус улс 1990-ээд оны эхээр Хог хаягдлыг дахин боловсруулах тухай хууль баталжээ.
Хуульд зааснаар хоол хүнсний хаягдлыг шууд хаях учиртай. Цаас, хуванцрын хогийг ангилан дахин боловсруулна. Ингэхдээ энэ төрлийн бүх хогийг ангилж, боловсруулна гэсэн үг биш. Дахин боловсруулж болно гэсэн тэмдэглэгээтэйг нь л ашиглана.
Японд мөн иргэдээс товч, шил зэрэг хаягдлыг сард нэг удаа тусгай цэгүүдэд үнэлэн авдаг юм байна. Тэгэхээр мөнгө төлж хогоо хаяснаас хаягдлаа зарах менежментэд шилжжээ.
Европын олон улс 1980-аад оноос хогоо ангилан хаядаг болжээ. Үүнийг мөн л хуулиар зохицуулсан байх юм. Жишээ нь, Шведийн Линчёпинг хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэртэй жишиг хот болжээ. Үйлдвэрт ангилсан хогны 15 хувийг л хаягдал болгон шатаадаг гэнэ. Шатаахдаа хүртэл учиртай. Цахилгаан, дулаан үйлдвэрлэх замаар асуудлыг шийддэг гэсэн.
Америкийн Сан-Франциско хот 2020 он гэхэд хог хаягдлыхаа 75 хувийг дахин боловсруулдаг болохоор төсөл хэрэгжүүлж байна. Үүний тулд хогийг үнэт зүйл хэмээн харах учиртайг албаныхан ухуулдаг аж.
Францын газар тариаланд хог хаягдлыг боловсруулан, гаргаж авсан ялзмаг, бордоог өргөн ашигладаг байна. Ийм зориулалттай 100 жижиг үйлдвэр жилд 800.000 тонн бүтээгдэхүүнээ газар тариалан эрхлэгчдэд хөнгөлттэй үнээр нийлүүлдэг гэнэ.
Энэ мэтээр дэлхийн улс орнуудын жишгийг харахад хог хаягдлыг шатаадаг, булдаг аргаас эрс татгалзаж, дахин ашиглах технологийг шүтэх болжээ.
МЭӨ афинчууд хог хаягдлын хууль журамтай байсан талаар түүхэн сурвалжид дурдсан байна. Бидний өвөг дээдэс ч хогоо замбараагүй хаяхыг эртнээс цээрлэж, уул усаа хайрладаг байсан шүү дээ. Энэ бол нэгэн соёл юм. Гэтэл бид хогийн цэг дээр амьдарч байгаа нь эмгэнэл билээ.