“Орос”-ынх гэх бүхнийг чанартай, сайханд тооцож нандигнадаг, Эрээнээс өөр газраас хувцас, хэрэгслээ авах сонголтгүй байсан цаг балран одов. Дэлхийн аль ч улсаас хүссэн эд зүйлээ худалдаж авдаг болсон өнөө үед энэ тухай яривал бараг л үлгэр, домог шиг сонсогдоно биз. Цахим ертөнц бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болж, түүний ачаар монголчууд дэлхийн хэрэглэгч болоод байна.
Гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд хэрэгцээтэй бүхнээ наймаачдаар дамжуулалгүй гаалийн хураамж, тээвэрлэлтийн зардлыг нь төлөөд л авах боломжтой. Гэвч технологийн энэ давуу талыг ашиглан бусдыг залилах явдал цөөнгүй гарах болов. Иргэд юун дээр алдаж, хохирогч болж байна вэ?
Манай улсын иргэдийн бараа захиалж авдаг голлох цахим хуудас нь www.alibaba.com гэж болно. Тэндээс бараа бүтээгдэхүүн захиалахад өөдөөс олон зүйл шалгаадгийг хандаж үзсэн хүмүүс мэдэх болов уу. Анх удаа бараа захиалж буй хүнээс тэд өөрсдөдөө итгэж буй, эсэхийг лавлаад, хүсвэл Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт очиж гэрээ байгуулах санал тавьдаг. Мөн тухайн чиглэлээр хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа болон харилцагчдаа учруулсан хохирлыг барагдуулах чадвартайгаа нотолдог.
Тэгвэл бусдыг мэхэлж ашиг олохыг зорьсон хүмүүс ондоо. Баянзүрх дүүргийн иргэн Г АНУ-аас сүүлийн үеийн загвартай, шөнийн дуран хямд үнээр захиалж авах боломжтой гэх зарлал харжээ. Ингээд зураг доорх сайтын холбоос дээр дарахад www.tradymarket.com гэсэн цахим хуудас руу орсон аж. Түүнээс худалдаж авахыг хүссэн дурангаа сонгоход дахиад өөр хуудас нээгджээ. Г уг хуудас дахь заавраар захиалга өгөөд, 95 ам.доллароо алдсан байна.
Үүн шиг нэг цахим хуудаснаас нөгөө рүү шилжүүлж бусдыг мэхлэх нь гэмт хэрэгтнүүдийн түгээмэл ашигладаг заль. Үүнээс гадна ямар нэгэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийнхээс доогуур үнээр нийлүүлэх санал тавьсан “сэргэлэн баагий”-д залилуулах тохиолдол олширчээ.
Манайд олон хандалттай цахим зарын хуудсуудын нэг нь www.unegui.mn. Худалдахаар байрлуулсан тэнгэр, газар шиг ондоо үнэтэй, ижил бараа бүтээгдэхүүний зар олон бий. Үнэ хямдыг нь авахаар очиход зурагнаасаа тэс өөр, чанаргүй байх тохиолдол цөөнгүй гэх. Гэвч Ц зургийг нь харж, захиалга өгөөд хохирогч болжээ.
Залуус зарах, солих гар утас, дагалдах хэрэгслийн зургийг фэйсбүүк дэх “Гар утасны худалдаа”, “Гар утасны хар зах” зэрэг группэд байрлуулж, борлуулдаг. Хэдхэн хоногийн өмнө Ц тус группэд “Самсунг” маркийн нэлээд хэдэн гар утас маш хямд худалдах зар оруулжээ. “ТЭДИ” төвд 600.000 төгрөгөөр борлуулж буй гар утсыг ямар учраас 150.000 төгрөгөөр зарах гэж байгааг түүнээс лавлах хүн олон байв. Тэр залилуулжээ.
Болсон явдлыг түүнээс тодруулахад “БНСУ-д ажиллаж, амьдардаг залуусын нэгдсэн группэд “Оргинал гар утас хямд үнээр нийлүүлнэ” гэсэн зар байсан юм. Лавлахад эндхээс хоёр дахин бага үнэ хэлсэн. Тэгээд гар утсаа хямдралтай үнээр худалдаж байгаа дэлгүүрүүдийн зураг над руу явуулж, таваас дээш тооны захиалга өгвөл гаалийн татварыг нь өөрөө төлөх санал тавьсан. Би түүнд нь итгэж 1.8 сая төгрөг шилжүүлээд долоон ширхэг утас захиаллаа.
Эхний хэдэн өдөр явуулсан илгээмжийн газар, холбоо барих дугаарыг нь өгч, хэзээ Монголд ирэхийг нь хэлээд байнга харилцдаг байсан. Ингээд долоо хоногийн дараа над руу илгээмжийн газраас ярьж, захиалгаа ав гэсэн юм. Гэтэл татвар, авчирсан зардлыг нь төлөөгүй байв. Түүнээс юу болсон талаар лавлах гэсэн боловч холбогдож чадаагүй. Арга буюу шаардлагатай төлбөрийг нь төлж, захиалсан бараагаа авсан.
Гэртээ очоод шалгахад тав нь асахгүй, хоёрынх нь дэлгэц цуурсан байв. Түүнтэй холбогдож чадаагүй. Цагдаагийн байгууллагад хандаад нэмэргүй юм билээ. Ингээд л гар утасны сэлбэг хайж байгаа хүмүүст худалдахаар зар оруулж байна” гэсэн юм.
Цахим худалдааны залилангийн талаар хууль, хяналтынхан иргэдэд сэрэмжлүүлдэг ч хохирчийн тоо нэмэгдсээр байгаа гэх. Хуурамч вэб сайт нээгээд түүгээрээ автомашин, цахилгаан бараа хямд үнээр авах боломжтой хэмээн итгүүлж, бусдаас 400 гаруй сая төгрөг залилсан хүмүүс тэдний ердөө цөөн хэсэг гэдгийг ч хэлсэн юм. Энэ нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой гэдгийг дурдах нь зүйтэй.
Интернэтээр захиалсан бараа, бүтээгдэхүүн нь танилцуулга дээрх зургаас ондоо байсанд бухимдан, хуулийн байгууллагад хандах иргэн цөөнгүй аж. Хэрэв Монгол Улсад амьдарч буй иргэнд захиалга өгч, данс руу нь төлбөрөө шилжүүлсэн бол холбогдох байгууллага шалгаж иргэний хохирлыг барагдуулах боломжтой гэдгийг цагдаагийнхан хэлэв. Харин дээрх хоёр хүн шиг гадаад улсад амьдарч буй этгээдэд залилуулсан бол хохирлоо төлүүлэх боломжгүй.
Тухайн улс дахь Консулын газарт хүсэлт гаргаж болох ч, гэмт этгээдийг торгохоос өөр арга хэмжээ авдаггүй юм байна. Сүүлийн үед Хятад улсад залилангийн ийм хэрэг газар авч, тэнд ажиллаж, амьдарч буй монголчууд болон интернэтээр бараа захиалсан компаниуд уг хэргийн хохирогч болох хандлага нэмэгдсэн гэнэ.
Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ нийлүүлэгч компанийн цахим хаяг руу халдаж, хуурамч мэдээлэл илгээн их хэмжээний хохирол учруулдаг аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж цахим гэмт хэргийн хохирогч болж, 1.5 тэрбум төгрөгөө залилуулжээ.