Сакура дэлгэрсэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Осака хотод “Зам” нэртэй монгол хоолны гэр ресторан нээлтээ хийв. Хотын төвийн нэгэн барилгын дээвэр дээр монгол хүний бүтээж урласан гэрийг барьж, дотор нь ороход яг л Монголд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр сайхан газар байна. Ингэснээр энэ газар ажиллаж, амьдардаг монголчууд үндэсний цай, идээ, ундаа, хоолоо дуртай үедээ ресторанд зооглох боломж нээгдэж байгаа юм.
“Монгорү сей” буюу Монголд үйлдвэрлэв гэсэн утгатай нэртэй компани болон тус зоогийн газрын эзэн Г.Заяасайхан “Хөгжингүй том гүрэнд Монголоо танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэх, монгол гэсэн зам мөр улам өргөжин тэлэх болтугай хэмээн бэлгэдэн ресторанаа “Зам” гэж нэрлэсэн. “Хөвсгөл” брэндийн цайгаа чанаж, жамц давсаар хоолоо амталж, монгол тогоочийн гарын хоолоор үйлчилнэ.
Мөн гэрээ чийглэг уур амьсгалтай энэ оронд зохицох мод, бүрээсийг сонгож, тусгайлан захиалж хийлгэсэн. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой жинхэнэ монгол гэрийг япончууд үзэж, мэдэрч, зарим нь хазах нь холгүй гайхширч байсан. Гэрт оронгуут их тайвшрал, амар амгаланг мэдэрлээ, хэдэн өдөр ч хамаагүй энд зүгээр л суугаад баймаар санагдлаа гэх хүн байлаа” хэмээн ярив.
Монгол гэрийн халуун дулаан, элгэмсэг дотно болгох, хүмүүсийн хоорондын зайг ойрхон байлгадаг дугуй орчин гээд япон хүний сэтгэлийг аль хэдийнэ татаад эхэлжээ. Япон гэлтгүй нутгаа санагалзсан монгол хүмүүс монголоороо байх нэгэн сайхан боломж нээгдлээ.