Хорин хэдхэн настай нэгэн бүсгүй “Нарантуул” худалдааны төвийн наймаачнаас өнгөрсөн сард үр зулбуулах эм авч уугаад, амиа алдах дөхжээ. Тэрбээр ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, эмч нарын ачаар үхлээс амь хэлтэрсэн байна.
“Найз минь зөвлөсөн болохоор тэр эмийг уухаар шийдсэн” хэмээн тэрбээр тасгийн эмчдээ ярьсан аж. Зүгээр л найзынхаа үгэнд орж, амиараа дэнчин тавьсан нь тэр. Энэ асуудлыг түүний ар гэрийнхэн нууцлахыг хүссэн учир өөр хэний ч чихэнд сонсогдолгүй өнгөрчээ.
Амиа егүүтгэх гэж буйгаас ялгаагүй ийм хор уусан охид эмнэлэгт хандан, амь хэлтэрдэг ч үхлийн хаалга татсан нь цөөнгүй. Өнгөрсөн жил ЭХЭМҮТ-д 30 гаруй насны эмэгтэй ухаангүй хүргэгдэж иржээ. Тэрбээр тулгар биетэй, төрөх дөхчихсөн байсан ч үр зулбуулдаг эм уусан байж. Эмч нар амийг нь аврахаар гурван сая гаруй төгрөгийн эмчилгээ хийсэн боловч эх, хүүхдийг хоёуланг нь алджээ.
Түүний ард хань, дөрвөн бүлтгэр үр нь торойтол мэлмэрээд үлдсэн гэдэг. Энэ бол сэтгэл сэртхийлгэм явдал ч түүний талаар ар гэрийнхэн, эмнэлгийн ажилчдаас өөр хэн ч мэдээгүй өнгөрсөн.
Энэ мэтээр бодлогогүй алхам хийх нэгэн байхад яах аргагүй байдалд ороод ийм сонголттой тулгарсан бүсгүй цөөнгүй. Хүсээгүй хүүхдийн ард хар дарсан зүүд шиг амьдрал угтахыг таашгүй. Хэн нэгэн мунхаг эрд хүчиндүүлсэн бол, эсвэл архаг архичинд дарлуулж, хатуу амьдралд нухлуулдаг ч байж мэднэ. Ямартай ч эм уусан эмэгтэйчүүдийг буруутгаж, шалтаг хайвал мундахгүй.
Харин нийгэмд цочроо өгөхгүй, энэ тухай мэдээлэхгүй хав дарсаар байтал үр зулбуулагч (хятад зулбаа) эм уршиг тарьсаар л байна. Өсвөр насны охид хүртэл энэ эмийн талаар мэдлэг, мэдээлэл дутмагаасаа болж, асууж, сурагласаар олоод авчихдаг гэнэ.
Гурав, дөрвөн жилийн өмнө хувийн эмнэлгүүд энэ эмийг хэрэглэн, хууль бус үр хөндөлт хийдэг байсан. Тэр үед олон эмэгтэй хувийн эмнэлгийн дарга нарын халаасыг түнтийлгэсэн. Гэвч заримынх нь зөвшөөрлийг цуцалснаар энэ асуудал намжсан ч “Нарантуул” захын наймаачид элдэв асуудалд орохгүй, хар амиа хоохойлсоор байна.
Тавих хяналт сул байгаа нь хэн ч гомдол мэдүүлдэггүйтэй холбоотой. Тэдний золиос болж, хохирчихоод олон бүсгүй бурууг өөртөө үүрэн, бие, сэтгэлээрээ хохироод үлддэг.
“ХЯТАД ЗУЛБАА”-Г НУУЦААР ХУДАЛДСААР...
Цагдаа нар шалгалт хийж буй учир хууль бус эм зарахаа больсон гэх мэдээ дуулдах болсон. Энэ эмийг зах дээр зарж буй, эсэхийг судлахаар өнгөрсөн ням гаригт “Нарантуул” захыг зорилоо. Эм зардаг хүмүүс бөс бараа зардаг хэсэгт байдгийг хүнээс сонссон учир тэр хавиар хэсэг эргэлдэн, олон хүнээс асуусан ч “Мэдэхгүй”, “Зарахгүй байгаа” гэсэн хариу сонслоо. Дотроо битүүхэн баярлаж байтал “Мэдэхгүй” гэж хариулсан нэгэн эмэгтэй “Чи хэдэн сартай юм бэ” гэж дуулдах төдий хэлэх нь тэр.
Сандарсандаа “Сар гаруй болж байна” гэчихэв. Гэтэл тэрбээр “Сар нь бага л юм байна. Дараа нь ямар нэгэн асуудал гаргахгүй, хэл ам хийхгүй гэвэл би чамайг нэг хүнтэй уулзуулж өгье. Цагдаа нар шалгалт хийгээд, эм олдохоо байсан. Тиймээс нэг эм 50 мянган төгрөг шүү. Бас Эрээнд эмийн үнэ нэмэгдсэн гэсэн” гэлээ.
Биднийг ийн ярилцаж байтал “Хятад зулбаа”-ны байнгын үйлчлүүлэгч нэгэн бүсгүй ирлээ. Наймаачин хаширлаж, “Би эм зардаг хүн биш. Та нар өөр хүнтэй уулз” гээд 60 гаруй настай эмэгтэй байдаг тухай хэлж, зааж өгөв. Түүнийг хайх зуур “шинэ танил” маань “Чи хэдэн сартай юм бэ. Минийх 45 хоногтой гэсэн. Би нөхөргүй. Нэг охинтой. Одоо хоёрдугаар ангид сурдаг, хөдөө эмээ, өвөөгийндөө амьдардаг юм. Нэг залуутай танилцаж, суухаар болсон чинь нөгөөх маань архи уугаад байна. Тиймээс ингэж шийдлээ. Эндээс өмнө нь хоёр удаа эм авч байсан. Хоёр найздаа бас авч өгсөн. Өнөөдөр нэг нь ууж эхэлж байгаа. Гурван хоног уудаг юм. Өмнө нь энэ эмийг уугаад цус их алдсанаас болоод одоо цус багадалттай болчихсон. Гэхдээ өөр арга алга” хэмээн найзтайгаа хуучилж буй мэт надад бүхнээ ярилаа.
Эм зардаг гэх хүнийг бид хайгаад олсонгүй. Нөгөө эмэгтэй ч ор мөргүй алга болсон байв. Хэдийгээр анх асуусан хүнээ эргэж олоогүй ч ганцаараа байсан бол надад эм зарах байсан нь тодорхой. Эм олж чадаагүйдээ би баярлаж, нөгөө бүсгүй дурамжхан буцлаа.
“Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар ч баталгаагүй үр зулбуулах эм авч байснаас улсын эмнэлэгт хандаад, ядаж эмчийн хяналт доор ийм үйлдэл хийгээрэй” хэмээн нөгөө эмэгтэйд аминчлан захиж, эмийн хор уршгийн талаар мэдэх зүйлээ хэлсэн. Тэр бүсгүй ирээдүйгээ бодсон, зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
Уг нь нийгэмд аюул тариад буй үр зулбуулах эмийг худалдагчид болон тэднийг хил гаалиар нэвтрүүлэгчдэд хатуу хариуцлага тооцож, үйлдлийг нь таслан зогсоох ёстой. Гэтэл торгууль ногдуулахаас өөр арга хэмжээ авдаггүй. 2013 онд хүний амь хохирсон учраас эм зарж байсан хоёр эмэгтэйг барьж, эрүү үүсгэн шалгасан ч тэднийг тэнсэнгээр суллажээ.
Амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр нэг удаа торгуулах зэргийг юман чинээ боддоггүй наймаачид, ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь харамсалтай. Тиймээс арга саам хайсан наймаачдыг өөгшүүлэхгүй байхад охид, бүсгүйчүүд минь анхаарах цаг болжээ. Энэ эмийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалан, мэргэжлийн байгууллагад хандах нь чухал шүү.
Баталгаагүй эм хэрэглэх нь ямар хор нөлөөтэй болон үүнээс үүдэн ямар өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэдэг болсныг эндээс уншаарай.
ҮР ЗУЛБУУЛАХ ЭМИЙГ ЭМЧИЙН ХЯНАЛТАД УУДАГ
Үр зулбуулах эм хэрэглэсний дараа их хэмжээгээр цус алдах, үргүй болох эрсдэл өндөр. Тиймээс энэ эмийг заавал эмчийн хяналт доор, эмнэлгийн орчинд хэрэглэх ёстой. Ном журмын дагуу хэрэглэсэн ч хүндрэл учрах магадлалтайг ЭХЭМҮТ-ийн эмэгтэйчүүдийн эмгэг судлалын их эмч хэлсэн.
Үр зулбуулах эм хэрэглэсэн хүнийг хууль бус үр хөндөлт хийсэн гэж эмнэлгийнхэн нэрлэдэг. Хууль бус үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд ураг гүйцэд зулбаагүй, цус их алдсан болон амь насаа эрсдэлд оруулсан үедээ л улсын эмнэлэгт ханддаг байна. Ийм төрлийн өвчтөнүүдийг улсын төрөх эмнэлгүүд, ЭХЭМҮТ-д хүлээж авдаг.
“Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-д хууль бус үр хөндөлт хийж, хүндрээд очсон тохиолдол сүүлийн жилүүдэд буурч байгаа гэдгийг дээрх эмнэлгүүдийн Чанарын албанаас мэдээлсэн. Гэвч амь насаа хохиролд учруулах, маш хүнд байдалтай очсон хүний тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа гэнэ.
НУУЦААР ЭМ УУГААД, ЭМНЭЛЭГТ ХАНДВАЛ ТӨЛБӨРӨӨ ТӨЛНӨ
Зориулалтын бус орчинд эм уусан хүмүүс 7-14 хоногийн дараа эмнэлэгт ханддаг учраас эмчилгээний зардал нь 150 мянгаас дөрвөн сая төгрөгт хүрдэг байжээ. Гэвч үр зулбуулах эм хэрэглэсэн үед эмнэлгээс өгч буй тусламжийн бодит зардлыг 2016 оноос эхлэн мэргэжлийн эдийн засагчид тусгай аргачлалаар тооцдог болсон байна. Өмнө нь эмнэлгүүд зөвхөн эмийн хэрэглээг авдаг байсан бол одоо та гурван төрлийн зардал төлөх юм.
Үүнд эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин, эм, эмнэлгийн хэрэгсэл (малгай, маск, соруурын хошуу), эмнэлгийн тоног төхөөрөмжийн (эхо оношилгоо, хиймэл амьсгалын аппаратны үнэ), шинжилгээний (цус, шээс, цус бүлэгнэл, бактерологи, биохими) зардал орж буй.
Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэж байхдаа хэдэн удаа шинжилгээ өгсөн байна, тэр болгоныг тусад нь тооцож төлнө. Тодруулбал, цусны шинжилгээ нэг удаа өгөхөд 4200 төгрөг байдаг. Ийм шинжилгээ хоёр удаа өгсөн бол 8400 төгрөг төлнө гэсэн үг. Тэгвэл цусны бүлэгнэлийн нэг удаагийн шинжилгээний өртөг 28950 төгрөг байдаг гэнэ. Энэ мэтээр биеийн байдал хүнд, хөнгөнөөс шалтгаалж, хэдэн ч төгрөг төлж магадгүй. Дээрх аргачлалаар бодож эхэлснээс хойш амь насаа эрсдэлд оруулсан иргэн өдөрт хамгийн багадаа 300.000 төгрөг төлөх болж байгаа юм.
Гэтэл хууль бус эм хэрэглэсэн хүн 3-14 хоног эмчлүүлэх шаардлагатай болдог. Үүний өртгийг бодохоор хэд болох нь ойлгомжтой байгаа биз. Өөрөөр хэлбэл, 50 мянган төгрөгөөр үр зулбуулах эм худалдаж авчихаад 900 мянгаас таван сая орчим төгрөгийн “өрөнд орно” гэсэн үг болж таарах нь. Эрүүл мэндийн тухай хуульд “Үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан бол бодит зардлыг төлнө” гэсэн нэмэлт заалт оруулахаар хэлэлцэж байгаа гэнэ.
Энэ дагуу хууль бусаар эм хэрэглэсэн хүмүүст өнөө жилээс “Та өөрийн амь насанд санаатай хохирол учруулах гэж оролдсон учир эмчилгээний бодит зардлыг төлөх үүрэгтэй. Яагаад гэвэл үр хөндөлтийг эмнэлгийн нөхцөлд, батлагдсан удирдамжийн дагуу хийлгэн, эрүүл мэндээрээ хохирохгүй, зөв тусламж авах боломж байдаг” хэмээн тайлбарлаж, төлбөрийг өөрөөр нь төлүүлдэг болж буй. Гэвч уг хууль одоохондоо хүчин төгөлдөр болоогүй байгаа.
ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны мэргэжилтэн “Манай эмнэлэгт хууль бус үр хөндөлт хийлгэсэн хүн ирсэн тохиолдолд, харьяа дүүргийнх нь цагдаагийн байгууллагад ханддаг. Үүнийг цагдаа нар шалгасны эцэст үйлчлүүлэгч гомдол гаргаагүй бол эрүү үүсгэдэггүй. Хүний амь эрсдээгүй, бусдад хохирол учруулаагүй учир арга хэмжээ авдаггүй юм билээ.
Хэрэв тухайн хүн төлбөрөө төлөхгүй, эмнэлгийг алдагдалд оруулсан бол албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэж болно. Өмнө нь эмчлүүлсэн хүмүүсийн олонх нь төлбөрөө төлдөг байсан. Гэвч шинэ аргачлалаар боддог болсноос хойш эмчилгээний зардал өндөр гардаг болж, үйлчлүүлэгчдэд хүндээр тусаж байгаа. Эм уусан олонх эмэгтэй амьдралын баталгаагүй, оюутан, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, орон гэргүй, тэнэмэл хүмүүс байдаг учраас эмнэлгийн төлбөр тэдэнд дарамт болох магадлалтай.
Одоогоор манай эмнэлэгт өртэй 10 гаруй хүн бий. Тэдэнд “Өрөө барагдуулахгүй бол шүүхэд хандана” гэсэн сануулга өгсөн. Ийм хүмүүс мөнгөгүй л гэж хэлдэг. Тэд “Нарантуул” худалдааны төв, Эрээн, мөн интернэтээр дамжуулан эм авдаг юм билээ. Гэвч гомдолгүй гэж хэлээд гуйж авдаг болохоор учирсан хохирлыг өөрсдөө л төлдөг. Яаж ч асуугаад эх сурвалжаа хэлж өгдөггүй.
Тиймээс Эрүүл мэндийн тухай хуульд оруулах гэж буй нэмэлт заалтын талаар хүмүүст мэдээлэл өгч, амь насаа эрсдэлд оруулбал өндөр төлбөр төлнө гэдгийг ойлгуулах шаардлагатай. Түүнчлэн баталгаагүй эм, бэлдмэл авахгүй байж, үр хөндүүлэх хүсэлтэй бол заавал эмнэлэгт хандахыг уриалмаар байна. Хэрэв эм авсан бол цагдаа нарт эх сурвалжаа хэлж, хохирлоо эм худалдсан хүнээр төлүүлэх хэрэгтэй” гэв.