Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газар энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлснээ №-061 (6054) дугаартаа нийтлүүлсэн билээ.
2017.04.07-ны баасан гариг. “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна наадам болж байгаа юм шиг л хөл хөдөлгөөнтэй байх ажээ. Хаврын өглөө эртийн тунгалаг наран турь муутайхан илчээ цацраах авч цаанаа л жихүүн салхитай.
Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд оролцох V ээлжийн Монголын цэргийн багийн бүрэлдэхүүнийг гаргаж өгөхөөр ирсэн ар гэрийнхнийх нь хувьд энэ бол сүйдтэй бэрхшээл огтхон ч биш. Гурав, дөрөвхөн сартай болов уу гэмээр нярай хүүхдээ тэвэрсэн олон бүсгүй дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх гэж буй хань ижлээ, аавыгаа үдэхээр энд ирсэн байлаа.
Нэг үе ардын цэргийн албанд мордож буй залуусыг гаргаж өгөх гэж сум даяараа хөл хөөрцөг болдог байсан улс өдгөө алс хол хилийн чанадыг зорьж байгаа офицер, ахлагч нараа энэ зэрэгтэй үдэж мордуулалгүй ч яах вэ...
Манай сурвалжилгын гол баатар буюу Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийнд бид 07.10 цагт очлоо. Гуравдугаар сарын 20-доор аавыгаа Афганистан явах тушаал авсны дараахан ЭХЭМҮТ-д хэвтэж “сандаргасан” М.Номин-Эрдэнэ эмнэлгээс гарч, нарийвчилсан шинжилгээнийх нь хариу ч сайн гарсан гэдэг сайхан мэдээтэй тэд биднийг угтсан юм.
Онгоцны буудал дээр очоод салааныхнаа дайлах цай, хоолыг гэргий Д.Мөнхчимэг нь зэхэж буйг эс тооцвол тэд ерөнхийдөө айвуу тайвуу байх аж. Бага охин М.Оюу-Эрдэнэ энэ зуур хэн нэгэн рүү утас цохиж “Ах аа, аав өнөө өглөө явах гэж байгаа шүү... Үнээн, одоо жинхнээсээ явна” гэсэн хуудуугүй, баттай мэдээ дуулгав.
ХҮҮГИЙН БЭЛЭГ
Дэд хурандаа Ч.Мөнхжанцан “Олон хоногийн өмнөөс явах бэлтгэлээ базаасан тул одоо зэхэж янзлах зүйл бага даа. Аранзаа үүрээд гарахад болно” хэмээгээд зогсоол дээрх машиных нь гарцыг хааж өөрийн унаагаа байрлуулсан “хэргийн эзнийг” олохоор гарлаа.
Энэ үед хүү М.Эрдэнэбат нь аавдаа өгч явуулах “бэлгээ” сайтар нягтлан халааслаад, араас нь гарав. Аавын амин хайртай эрх шар хүү тоглоомноосоо жижиг машин, сармагчин хоёрыг сонгон, богцонд нь хийж явуулахаар зэхжээ. “Аав минь намайг санахаараа харж байг гээд би өөртэйгөө адилхан сармагчин сонгосон” хэмээх хүүгийн сэтгэл яасан нандин...
Энэ гэрийн зургаан гишүүнийг халуун ам бүлээр нь суулгаад ярилцах, зураг авах хүсэл минь энэ удаа бас л талаар болов. Урьд нь дунд охин М.Номин-Эрдэнэ нь эмнэлэгт байсан бол өнөөдөр том охин буюу хүндийг өргөлтийн ОУХМ, оюутны болон залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг эзгүй байж таарлаа.
Тэрбээр Тайландын Бангкок хотноо болж буй өсвөрийн ДАШТ-д оролцох хүүхдүүдийг Ц.Хосбаяр багшийнхаа хамт дасгалжуулахаар явжээ. “Намайг ирэхэд аав аягүй бол яваагүй л байна даа” хэмээгээд Тайландыг зорьсон охин энэ өглөө харин аавыгаа нисэхээс өмнө холбоо барьж амжаагүй.
“ЗҮҮН ХАЦРЫГ НЬ ДАРАА ҮНСЬЕ”
“Буянт-Ухаа” спорт цогцолбор дээр 08.30 цагт бүгдийг нь бэлэн байх үүрэг өгсөн тул 30 минутын өмнө ээжийнхээрээ орох ёстой гэнэ. Ч.Мөнхжанцан дэд хурандаа зургаан хүүхэдтэй айлын отгон хүү. Түүний аав В.Чимэддорж Нисэхийн авто баазад жолооч хийдэг, ахлах ахлагч цолтой хүн байсан тул хүүхдүүдийнх нь бага залуу нас энд л өнгөрчээ.
Ч.Мөнхжанцан одоо ч Нисэхдээ, ээжийнхтэйгээ ойрхон амьдардаг. Аав нь Архангайн Цэцэрлэг сумын харьяат бол ээж Д.Долгорсүрэн нь Өвөрхангайн Өлзийтийн уугуул гэнэ.
Д.Долгорсүрэн гуай нас сүүдэр 86 хүрсэн гэхээргүй, ануухан сайхан хөгшин аж. Манай нийтлэлийн гол баатрын яг дээд талын эгч Ч.Отгончимэг, ах Ч.Гонгор нар нь ээжтэйгээ хамт байдаг юм билээ. Алс холыг зорих гэж буй хүүгээ өглөө ирнэ гэж яараад буузаа нэлээд эрт жигнүүлсэн бололтой, ялимгүй хөрсөн байв.
Ээж, хүү хоёрын хооронд тийм ч сүртэй яриа өрнөсөнгүй. Магадгүй тэд үггүйгээр дотроо “ярилцсан” байж мэднэ. Сэтгүүлч л болсон хойно “хэрэгт дурлан” Д.Долгорсүрэн гуайгаас хүүгээ үдэх гэж буй сэтгэгдлийг нь асуухад “Зурагтаар харж байхад тэр газар нь үймээн будлиантай л гэх юм. Тэглээ гээд яах вэ. Тангараг өргөсөн цэргийн хүн эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ заавал биелүүлэх ёстой. Аав нь 1939 оны Халх голын байлдаанд, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан юм. Хүүхдүүдээс нь энэ үйл хэргийг үргэлжлүүлэх хувь төөрөгтэй юм байлгүй. Том хүү минь бас цэргийн хүн байж байгаад хэдэн жилийн өмнө “МИ-8” нисдэг тэрэгний ослоор өөд болсон доо” хэмээн тайвнаар өгүүлсэн.
Аавыгаа тэтгэвэрт гарснаас хоёр жилийн дараа буюу 1975 онд төрсөн хэнз хүү нь өдгөө дөрвөн хүүхдийн сайн аав, хүний сайхан хань, эх орны эр цэрэг болсон ч эхийнхээ сэтгэлд хэзээд нялхаараа гэдэгт үл эргэлзнэм. “За, хүү нь явчихаад ирье. Сайн сууж байгаарай, ээж ээ” гээд хүүгээ өндийхөд Д.Долгорсүрэн гуай зэрэг ухасхийж, баруун хацар дээр нь үнсээд, “Зүүн хацрыг нь дараа ирэхээр нь үнсье” хэмээн ерөөл талбив.
Тэгснээ ханын шүүгээ рүүгээ эргэн, шинэхэн 20 мянгатын дэвсгэрт гаргаад “Түрийвчиндээ хадгалж яваарай, миний хүү” хэмээсэн нь араасаа нэхэлтэй хорвоод эх, үрийн сэтгэлийн бас нэгэн аргамжаа гэлтэй. Ж.Гүррагчаа баатрын ээж хүүгээ сансарт нисэхэд 10 төгрөг өгч, тэр мөнгө түрийвчинд нь хамт огторгуйд явсаар ирсэн гэхээр эхийн сэтгэл гэдэг ямар их татах хүчтэй байдгийн илэрхийлэл болов уу.
Хүүгээ босго давах агшинд Д.Долгорсүрэн гуайн аньсага үл мэдэгдэм чийгтэж ирсэн боловч ямар нэгэн далдын хүч дотогшоо түүнийг нь сороод авчих шиг тэр дороо тайвширч, аяны дөрөөг нь мялаан, сүүн цацлаа өргөөд хоцорсон билээ.
СЭТГЭЛИЙН НУЛИМС
Биднийг “Буянт-Ухаа”-д очихоос өмнө Нисэхийн найзууд, зарим хамаатан садан нь хэдийнэ ирчихээд хүлээж байв. Унаган багын найзууд нь түүний гэргий Д.Мөнхчимэгийг цаашлуулж “Манай Чимэгээ “Уйллаа, уйллаа” гэхээр л нулимс нь бөмбөрчихдөг нүгэлтэй уйланхай бэр байж билээ. 2006 онд Мөнхөөг анх Сьерра-Леон явахад хэчнээн их уйлсан билээ. Одоо арай тэгэхгүй юм байгаа биз дээ” гэсээр угтлаа.
“Тэр үед чинь хүүхдүүд жаахан, би ч залуу байж. Хүүхдүүдтэйгээ зэрэгцээд нөхрөө санадаг байлаа. Одоо бол зүгээр ээ” гэчихээд тэрбээр гэрээсээ авчирсан хоол, цайгаараа салааныхныг нь дайлахаар машин руугаа зүглэв. Үнэндээ тэр үед Ч.Мөнхжанцангийн зарим найз аавыгаа бэтгэртлээ санаж буй охидыг нь өрөвдөн “Аавыгаа санасан хүүхдүүд энд байна даа” гээд өөрсдөө ч уйлж суусан гэнэ лээ.
“Хүүгээ сэрэхээс нь өмнө амжиж гарч ирлээ шүү”, “Манай охин дагаж уйлсаар байгаад хамт хүрээд ирсэн”, “Ээж хөдөөнөөс утасдаад “Өнөөдөр яг явах юм уу. Ямартай ч миний хүү сайн яваад ирээрэй” гэж байна” гэх мэт яриа “Буянт-Ухаа”-гийн дэнжид энэ өглөө хаа саагүй дуулдаж байв.
“09.30 цагт дахиад эндээ цуглар” гэсэн болзоот цаг ойртох тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн улам ихэслээ. Манай хэд ч машинаасаа буун, “бэлэн байдалд” орцгоожээ. М.Номин-Эрдэнэ, М.Оюу-Эрдэнэ хоёр аавтайгаа аминчлан нэг зүйл ярьж, хүү нь тэврүүлнэ, үнсүүлнэ хэмээн энгэр өөд нь асаж, Д.Мөнхчимэг эгч мөн л гэрийнхнээ бараадан зогсох аж.
Эхнэр нь гэр бүлээрээ зураг авахуулъя гэсэн бололтой, Ч.Мөнхжанцанг хэсэг хүлээж байснаа “Тэгээд бүгдээрээ зургаа авахуулах юм уу” хэмээн туньсан аясаар хэлэхэд бүх зүйл тэр дороо ёсоор болов.
Харин “Та хоёр хоёулхнаа зургаа авахуулах юм уу” гэхэд минь дэд хурандаа санамсаргүй “Яах юм бэ, онигоо” гэж хэлээд найзууддаа бас л “үгээр идүүлэх” шалтгаанаа нэмчихэв. Уг нь тэрбээр гэргийгээ ч, хүүхдүүдээ ч жигтэйхэн эрхлүүлдэг халамжтай нэгэн гэдэг нь юухнаас ч анзаарагддаг атал энэ удаа гэнэдэж орхих нь тэр ээ.
“Жагсаад” гэсэн командаар офицер, ахлагч нар ар гэрийнхэнтэйгээ салах ёс хийгээд, төрийнхөө алтан соёмбот далбаан дор жигдрэн жагслаа. Гараараа даллацгаагаад цааш автобус руугаа алхахад нь “Ингээд шууд явчихаж байгаа юм уу” хэмээн олон хүн араас нь даган хуйлрав.
Энэ үед Д.Мөнхчимэг өөрөө цэргийн хүний ёсоор хүүхдүүдтэйгээ зогсоод үлдсэн боловч эрх хонгор бүсгүй сэтгэлийн тэвчээр нь эрхгүй алдарсан бололтой, нулимс унагасан юм. “Одоо зүгээр ээ” гээд байсан хүн чинь яасан бэ. Хүүхдүүдээсээ түрүүлээд уйлчихаж байгаа юм уу” хэмээн найзууд нь бас л дуугүй байсангүй. Сэтгэлийн нулимсыг хорьж цагдаж болох биш дээ, ямар. Дунд охин М.Номин-Эрдэнийнх нь нүдэнд нулимс цийлэлзээд гайгүй болсныг эс тооцвол хүүхдүүд аавыгаа тайван гаргаж өглөө.
“Сайн яваад, үүргээ гүйцэтгээд ирээрэй” гэсэн гэр бүлийнхнийхээ чин хүсэлтийг та нар минь биелүүлээрэй. Эх орны хөвгүүд минь бас даалгавраа нэр төртэй биелүүлээд ирээрэй.