Их яруу найрагч Евгений Евтушенко Монголд. Зураг дээр: зүүн гар талаас зохиолч, яруу найрагч С.Дашдооров, Б.Явуухулан, соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, Евгений Евтушенко, “Известия” сонины Монгол дахь сурвалжлагч Л.Шинкарёв, Зохиолчдын хорооны дарга асан Д.Цэдэв. 1980 оны долдугаар сар
Д.ЦЭДЭН-ИШ
Сэтгүүлч
Зөвлөлт, Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко АНУ-ын Оклахомо мужид 84 насандаа таалал төгссөн тухай ОХУ-ын төв телевиз, мэдээллийн агентлагууд мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд Оросын телевизийн ОРТ, РТР, НТВ зэрэг гол гол суваг түүний уран бүтээл, амьдралын тухай хэд хэдэн цуврал нэвтрүүлэг бэлтгэн их яруу найрагчийн дурсгалыг хүндэтгэж байна. Евгений Евтушенко Буриадын Зима хэмээх тосгонд төрж бага насаа тэнд өнгөрөөсөн юм билээ.
Буриад монголчуудын дунд төрж өссөн түүний амьдрал бүр хар нялхаасаа монголчуудтай холбогдож байж. Эх нь Евгенийг 22 настайдаа төрүүлжээ. Залуу эхийн хөх сүү муутай байсан тул саяхан амаржсан хөршийн буриад бүсгүйн хөхийг бяцхан Женя тэлээлэн хөхдөг байж. Хожим нь 1980-аад оны эхээр манай оронд айлчилж аялах үедээ “...Би монгол эхийн ариун цагаан сүүг хөхөж хүн болсон хүн. Төрсөн тосгоноороо очих бүртээ тэр буянт эхийн шарилд цэцэг өргөдөг заншилтай болсон” гэж их найрагч нэгэнтээ ярьжээ.
Нэрт яруу найрагч Белла Ахмадулина гэх татар монгол бүсгүйд Евгений Евтушенко дурлаж, нэгэн үе айл гэр болон амьдарч байсан түүхтэй. Хол ойрын иймэрхүү түүхээр холбогдож байсан тэрхүү монгол нутагт энэ эрхэм яруу найрагч 30-аад жилийн өмнө хөл тавьж Монгол орны байгаль, хүн зонтой танилцаад өндөр сэтгэгдэлтэй буцсан. Аяллынхаа талаар Лондонд гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм билээ. Монгол оронд хийсэн аяллынх нь тухай энэ их найрагчаас Москвад хэдэн үг сонссон маань өнөө түүний дурсгалыг хүндэтгэн өгүүлэх учир шалтгаан болов.
Евгений Александрович 1991 оноос АНУ-д суурьшин амьдрах болжээ. Америкийн иргэн, Оклахомо хотын хүндэт иргэн болсон гэх. Тэрбээр энэ хотод шүлэг бүтээлээ туурвиж, эндхийн Таалсын их сургуульд зочин профессороор багшилж амьдралынхаа сүүлийн жилүүдээ өнгөрөөжээ. Эхнэр, хоёр хүүгийнхээ гар дээр амьсгал хураасан тэрбээр өөрийгөө Зөвлөлт, Оросын олон арван зохиолч амьдарч, зохиол бүтээлээ туурвидаг байсан Москвагийн ойролцоох Переделкино хэмээх тосгонд хүндэлж хүндэтгэдэг байсан Нобелийн шагналт, зохиолч Борис Пастернакийн булшны дэргэд оршуулахыг гэрээсэлсэн юм байна.
Их найрагчийн гэрээсэлсэн ёсоор маргааш түүнийг Переделкино тосгонд оршуулах аж. Зохиол бүтээл, яруу найраг, нийтлэлүүдийг нь шимтэн уншиж түүнийг хүндэтгэдэг байсан монгол уншигчдынх нь өмнөөс энэ эрхэм их найрагчид доорх нийтлэлээрээ (“Монголын шилдэг нийтлэл” 32 дугаар боть 2010 он) сүүлчийн хүндэтгэл үзүүлж, тэнгэрийн оронд амар тайван залрахын ерөөлийг монгол уламжлалаараа талбъя.
1989 оны тэр нэгэн намар Москвагийн “Октябрь” кино театрт Евгений Евтушенкотой хийх уулзалтад оролцох урилга сургуулиас олдсонд ихэд олзуурхав. Тэр театр манай Элчин сайдын яамнаас холгүй орших Москвагийн төв болох Калинины өргөн чөлөөнд оршдогийг Москвагийн монголчууд мэдэх байх аа. Мянгаад хүний суудалтай танхим пиг дүүрсэн байв. Театрын дарга ганган эр “Евгений Александровичийг танилцуулж цаг үрээд яахав...” гээд хүрэлцэн ирсэнд нь талархал дэвшүүлээд түүнийг индэрт урьсан юм.
Евтушенко түүнээс ч дутахгүй ганган эр байв. Олонтаа өмсдөг шоон хээтэй хүрэм, тод цэнхэрдүү цамц, цамцныхаа дотор торгомсог алчуур зүүчихсэн, хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. Тайзан дээр нааш цааш хурдан хурдан алхалж ярина. Дуу нь намсаж алхаа нь удаашрахад танхим нам гүм болж байлаа.
Ихэнхдээ цахиртсан шахмал хоолойгоор шүлгээ уншина. Уулзалтын эхэнд Зөвлөлт байгууламж, Орос орон, Москвагаа бут шүүмжлэв. Саяхан Токио яваад ирсэн гэнэ. Очихдоо “Аэрофлот”-оор, ирэхдээ Японы ANA-гаар ирж. Үйлчилгээ нь тэнгэр газар шиг зөрүүтэй байх юм гэв.
“Манай дарга нар, түшмэлүүд VIP заал гээд нэг сүрхий юмаар үйлчлүүлээд л, дипломат паспортаа өндөрт өргөөд л ихэмсэг амьтад Москвагаас явах юм. Токиогоос ирэхдээ ардаа ч хоёр цүнх, урдаа ч хоёр гурван тор, хоёр гар нь нөгөө паспортаа ч барих зай завсаргүй Шинэ жилийн гацуур мод шиг болчихсон амьтан аахилж уухилсаар VIP руугаа орж ирж байна аа. Би ч Японоос “Сони” зурагт, “Шарп” хөгжим зөөж ирлээ.
Эх орны маань өнгөт зурагт “Радуга” зуу шахам кг хүнд, тэгээд ч өнгө чанар нь ямар билээ дээ. Ийм байж бид тусгай танхимаар үйлчлүүлээд яах юм бэ? Тусгайлж онцгойлох юм бидэнд юу байгаа юм бэ? Би тусгай хэмээх VIP-ийг хаахыг уриалж байна...” гээд л гал цогтойхон авч өглөө. Ер нь Зөвлөлт засаг төр, Зөвлөлт нийгмийг шүүмжлэх талаараа тэр зартай нэгэн л дээ.
Зөвлөлтийн КГБ (УАХХ)-ийнхэн нийгмийн хэв ёсыг ганхуулагчид хэмээн А.Вознесенский, Б.Ахмадулина, В.Аксёнов, Е.Евтушенко нарыг анхааралдаа авч мөрдөж мөшгөдөг байсан түүхийг 1980-1990-ээд оны Зөвлөлтийн хэвлэлээс уншиж байсан юм.
Энэ их яруу найрагчтай би хэд хэдэн тохиолоор эчнээ танилцчихсан байв. Эхнийх нь Америк, Вьетнамын дайны үеэр 1970-аад онд Вьетнамын Засгийн газрын урилгаар тус оронд зочилсон нэгэн аяллын тухай Ардын зураач Б.Гомбосүрэн агсанаас сонссон сонирхолтой яриа хөөрөө байв. Соц орнуудаас ирсэн зохиолч, зураач, уран бүтээлчдийн аяллын тэр багт Евгений Евтушенко багтаж бас сонин ааш аяг гаргаж байсан гэдэг.
Зураг дээр зүүн гар талаас: Е.Евтушенко, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, тав дахь нь Л.Шинкарёв, долоо дахь нь Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа нар. 1980 оны долдугаар сар.
Ханой хотын ойролцоох нэгэн аж ахуйд монгол морьтой тааралдаж, тэр нь Б.Гомбосүрэн зураачийг монгол хүн гэдгийг нь мэдэрч, гар, биеийг нь үнэрлэж, их элгэмсэг байсан тухай тэр ярьж байв. Жижигхэн голын хөвөөнд идэшлэж явсан тэр морийг анх Евтушенко харж дэргэд нь очсон гэдэг. Далбагар том бүрх өмсөж, элдэв зурагтай эрээн мяраан цамц өмссөн түүнээс тэр цагаан морь үргээд ойртуулаагүй юм байх. Тэдний аяллынхан тэндээсээ унаа машиндаа сууж цаашахнаа явж байгаад бөмбөгдөлтөд өртсөн гэдэг.
Болгарын нэг зохиолч, Оросын Евтушенко нарын дөрвөн хүн бөмбөгний хэлтэрхийд оногдон шархдаж, Евтушенко арай хүнд гэмтсэн тул эмнэлэг явсан гэнэ лээ. Монгол зураач огт гэмтээгүй, цоо эрүүл үлдсэн юм байх. “Нутгийн минь цагаан морь намайг үнэрлэж адисласны ач тус” гэж би аяллынхандаа хөөрч байсан даа гэж Б.Гомбосүрэн зураач ярьсан юм. Энэ тухай нь би ярилцлага тэмдэглэл хийж “Үнэн” сонинд 1980-аад оны эхээр нийтлүүлж байв.
Дараагийн тохиол нь Евгений Евтушенко Монголд хэрхэн аялсан талаар нь сонссон яриа хөөрөө. “Үнэн” сонины хэлтсийн эрхлэгч Х.Ганбат, Монгол телевизийн оператор Ч.Тогтох нар түүний аяллыг дагаж сурвалжилсныг би мэдэх юм. Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх ажлаар 1980-аад оны эхээр Ч.Тогтохтой хоёр ч удаа хөдөө явж Евтушенкогийн Монголд аялсан 30-аад хоногийн аяллын тухай түүгээр яриулдаг байв. Эрхүүд оюутан байхдаа өрөөнийхөө Павел Ивановоос Евтушенкогийн тухай “үлгэр”-ийг жилийн турш сонсож байсан маань бас нэг тохиол юм.
Пашка Зимагаас ирсэн, бас шүлэг зохиол оролддог нэгэн болохоор төрсөн тосгоныхоо нэрт найрагчийн тухай ярих шиг л болно. Дипломынхоо ажлыг ч Евтушенкогийн амьдрал, уран бүтээл гэсэн сэдвээр бичиж байв. Диплом хамгаалахынхаа өмнө Евтушенкотой уулзахаар Пашка Москва явлаа. Тэр сэтгэлийн хөөрөл ихтэй, бас ч хааяа дэгсдүүлчихдэг нэгэн болохоор өрөөний бид хэд түүний явдал суудалд нэг их ач холбогдол өгсөнгүй, тэгсхийгээд мартав.
Арваад хоногийн дараа хичээл тараад бужигнаж байтал алс явсан Пашка нүд дүүрэн баясал, нүүр дүүрэн гэгээ татуулсаар ирлээ. Москвагийн идээ будаа ч гаргалаа. Биднийг асууж энэ тэр болохоос өмнө нутгийнхаа их найрагчтай уулзсан тухайгаа ярьж гарав. Тав зургаа хоног хүлээсэн гэнэ.
Уг нь Евтушенкогийн хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй найз нь Москвад очингуут нь уулзуулахаар ярьчихсан байсан гэдэг. Зимагаас гаралтай, Пашагаас гурван жилийн өмнө сэтгүүлчийн анги төгссөн тэр найз нь дипломын сэдэв авахад нь ч, их найрагчтай уулзахад нь ч тусласан юм билээ. Түүний хоёр дахь амьдрал болох, түүнээс бараг хоёр дахин дүү 25 настай англи авгайд нь хувийн ажил гараад Евтушенко найрагч бараа болж Лондон руу төрхөм рүүгээ очоод хэд хоноод ирсэн юм байх.
Австриас, Японоос, Энэтхэгээс зочин гийчин цуваад Сибирийн Пашкаг хүлээж авах цаг зав олдохгүй бас хоёр гурав хонож. Итгэл алдрах дөхсөн нэг орой найз нь яаралтай хүрээд ир гэж. Их найрагчийн өргөөг урьд нь заалгаад гаднаас нь харчихсан байсан болохоор олох гэж асуудал болсонгүй, таксигаар давхиад хүрч очиж. Зочин гийчин хүлээж авдаг хүлээлгийн өрөөнд нь нутгийн найзаараа байхуу, шоколадаар дайлуулан сууж.
Их найрагч маань Зима нутгийнхаа Пашкаг хэсэгтээ л мартчихаж. Туслах нь дахин дахин гүйж байгаад ямар ч гэсэн Евтушенкотой нүүр учруулахаар болж. Тэгээд л нутгийнхаа их найрагчтай мэндлэх, бас хэрэг зоригоо ярих боломж Пашкад гарч. Элдэв дээдийг тэр асууж сонирхсонгүй гэнэ. “За би чамд шинэ гарсан номноосоо өгнө” гээд туслахаа дуудаж Пашка тэр хоёрыг явуулж. Бүхэл бүтэн агуулах байна гэнэ. Гарсан ном бүрээсээ 50 ширхгийг боогоод хаяглаад хадгалдаг гэнэ. Онц хүндтэй хүмүүст л тэр 50-иасаа тун харам өгдөг юм гэж Пашкагийн найз нь ярьжээ.
Сүүлд гарсан яруу найргийн гурван түүврээсээ нэг нэг ширхгийг өгч бүгдэд нь гарын үсэг зурж, нэг дээр нь нутаг нэгт Павел Иванов танд эрдэм ном, уран бүтээлийн амжилт хүсье гэж бичиж өгсөн гэнэ. Гарын үсэгтэй номыг нь хэдэн хоног бидэнд, бас сургууль даяар үзүүлсэн дэг...
Оператор Тогтохын яриа бол Пашкагийнхыг бодвол сэтгэлийн хөөрөл багатай, арай бодитой талдаа, бас Монголд хэрхэн аяласан, яаж аягласан тухай нь болохоор надад илүү сонирхолтой, бас Евтушенко гэдэг алдартан маань хүний хувьд ер нь хэн юм бэ гэдгийг арай илүү тодотгохоор байлаа.
Евтушенко Монголд 1980 оны долдугаар сарын дундуур ирсэн юм билээ. Зөвлөлтийн төрийн сонин “Известия”-ийн Монголд сууж байсан сурвалжлагч нэрт сэтгүүлч, нийтлэлч Леонид Шинкарёв, Эрхүүгийн их сургуулийн проректор, доктор, профессор Ю.Пархоменко, Москвагийн Анагаахын хүрээлэнгийн доктор, профессор А.Белкин тэдний багийн бүрэлдэхүүнд иржээ. Евтушенког манай нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал өрөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүлж, аливаа асуудал гарвал шууд өөртэйгээ харилцаж хэлж, ярьж бай гэсэн аж.
Тэгээд ч тэр санаанд нь таараагүй, таалагдаагүйгээ Ю.Цэдэнбалд хэлнэ гэж манай орон нутгийн зарим удирдлагыг цус харвуулах дөхөж байсан гэдэг. Ю.Цэдэнбалтай уулзахаас өмнө тэд Өмнөговь руу нисээд хоёр хоноод ирсэн юм билээ. Нийслэлд байхдаа Зохиолчдын хороо, Гандантэгчэнлин хийдээр орж уулзалт яриа хөөрөө болж байж.
Тэдний гол ажил нь Сэлэнгэ мөрнөөр завиар аялж, Байгал нуурт хүрэх аялал байсан юм билээ. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн захирал, ЗСБНХУ-ын Хөдөлмөрийн баатар А.В.Чекашов нисдэг тэргээрээ Евтушенког Улаанбаатараас авч хүндэтгэл үзүүлж. Нисдэг тэрэг өндрөө авч дуу чимээ нь багасаад Эрдэнэт дөхөж явтал Евтушенко сүрхий чангаар Лёша, Лёша гээд л хажуугийн эгнээд сууж яваа Шинкарёвыг дуудаж байна гэнэ. Нөгөөдөх нь ч аан гээд л түүн рүү харж.
-Монголд чинь бас ч гэж сайхан хүүхэн байна шүү, байна гээд нүдээ жийтийлгаж байна гэнэ. Лёша Шинкарёв нь залхуутайхан шиг:
-Хэн гэж?
-Яагаав миний номыг орчуулдаг нөхөр чинь хэн билээ? Монголдоо над шиг алдартай яруу найрагч гээд байдаг?... Сана даа, сана даа, чи мэднэ зохиолчидтой уулзахад надад номоо өгсөн...
-Тийм, тийм... Пүрэвдорж Дэндэвийн...
-Түүний авгай, яагаав өчигдөр Гадаад яаманд болсон уулзалтыг зохион байгуулаад гүйгээд байсан. Хэн билээ?...
-Санаж байна, санаж байна... Чанцал гэдэг юмаа.
-Тэр Чанцал гэдэг чинь гоё хүүхэн байсан шүү.
Тэр хоёрын хооронд тиймэрхүү хөхүүн хөөрүү яриа болоод л өнгөрчээ.
“Цэдэнбал чинь бас ч гэж аятайхан хүн байна шүү...” гэж дээрхийн адил өнгө аястай үгийг Евтушенко Засгийн ордноос гарахдаа Шинкарёвт бас хэлж байсан гэдэг.
...Эрдэнэтэд Евтушенког оросууд бүчээд авлаа. Хүлээн авалт цайллага. Улаанбаатарт архи дарс төдийлөн татаагүй найрагч маань тэнд харин орос бүсгүйчүүдийн гараас коктейль ууж, бага шиг халамцаж. Шүлэг найргийн үдэшлэг нь мэдээж хөлтэй хөөртэй өндөрлөжээ.
Маргааш нь машинаар Хөвсгөл явах замдаа Булганы Хутаг-Өндөр сум буюу Магсаржав сангийн аж ахуйгаар орж. Сум, сангийн аж ахуйн дарга, намын дарга нар нь хүлээн авч ажил албаа танилцуулж. “... Ард түмний амьдрал өөдөлж дэгжиж байна. Сум орон хөгжиж байна. Усанд ордог, утсан холбоо сайтай...” энэ тэр гээд л ярьсан юм биз дээ, тэр дарга нар. Евтушенко төдий л тоосонгүй гэрээс гараад явж.
Нөгөөдүүл нь харин цай цүү уугаад ярьж хөөрөөд үлдэж. Гадуур явсан их найрагч хаа сайгүй л гүйж явдаг нусаа гоожуулсан халтар хүү, хотноос холхон уячихсан эргүүтэй төлөг, бас хажуу айлын уранхай дээлтэй малчин бүсгүйн зураг хөргийг аваад байж. Тэр байтугай үнсээ асгачихаад, тэрүүхэндээ суугаад бие засаж буй саахалт айлын авгайн зургийг хүртэл дараад авч.
Тэр оройгоо сумын төвийн зочид буудалд хонохдоо халуун усанд орно гээд сумын дарга даамлуудыг сандаргачихаж. Москвад үлдсэн авгайтайгаа утсаар яримаар байна. Хүү маань гуравхан сартай юм шүү дээ гээд бүр ч бажга авахуулж. Урлаг соёл, утсан харилцаа, ахуй амьдрал дэвжиж дээшилж байна гээд л сүрхий тоо баримт яриад байсан хоёр даргын царай барайгаад л... нөгөө айхтар Евтушенко чинь Москва ярьж болдоггүй юм бол Та нар Цэдэнбал даргатайгаа яриулаад аль гээд нөгөө хоёрын үнхэлцгийг хагалах дөхөж...
Хэдэн сарын дараа миний бие ажил албаар Хутаг- Өндөр сумаар дайрч явахдаа сумын даргатай зэрвэсхэн уулзсан юм. Ёстой босоо ороолонтой учирсан шүү. Намынхаа улаанаас салах дөхсөн гээд л алга хавсран наминчилсан даг.
Булганаасаа тэд Хөвсгөл явж Мөрөн хотоор Евтушенко “тоос” татуулаад гарчээ. Аймгийн Намын хорооны нэгдүгээр дарга Г.Чингэл их найрагчийг хүлээн авч дайлж цайлж. Дараа нь аймгийн музей үзүүлж, нэгдүгээр дарга Г.Чингэл өөрөө тайлбарласан гэнэ. Өндөр Гонгорын хэсэгт л их найрагч түр саатсан гэдэг. Тэгээд л тэр хавиас музейг орхисон юм байх. телевизийн Тогтох, сонины Ганбат хоёр түүнийг ганцааранг нь явуулчихгүй санаатай хүндэтгэн дагаж.
Гадаа гарч нааш цааш хэдэнтээ холхиж байснаа замын цаахантай зогсох хоёр морин тэрэг рүү тэр дөхөж очсоноо буцаад л музей рүү “...аппарат, аппарат...” гээд л ухасхийлээ гэнэ. Түүний ачаа барааг хөнгөлөх гээд Лёша Шинкарёв, аль эсвэл эмч, эрдэмтдийн нэг нь цүнх аппарат энэ тэрийг нь барьчихдаг аж. Юу харчихсан юм бол гээд тэд морин тэрэг рүү дөхсөн чинь том толгойтой нэг эрийг хүүхдүүд “Эндээс зугтаарай зугтаарай, гадаад хүн зургийг чинь авах гээд байна...” гээд хөөж байж.
Тэр эр нь үнэхээр том толгойтой, эрүү шанаа нь ч ер бусын том, ер нь эртний хүн гэмээр нөхөр харагдаж. Хүүхдүүдийн ярих нь тэрбээр мэдрэл муутай нэгэн аж. Аппарат хэрэгслээ агссан Евтушенког гарч ирэхэд морин тэрэгчин аль хэдийнээ явчихсан байж. Тэр жигтэйхэн харамсаж, нааш цааш хэдэнтээ тойрч гүйж гэнэ.
Мөрөнгөөс Хатгал хүртэл түүнийгээ ярьж харамссаар л явсан юм байх. Хөвсгөлийн эрэгт Эрхүүгийн их сургуулийн судалгааны экспедицийнхэн байран суурин буусан байхтай тэд тааралдаж. Судлаач, багш, оюутнууд бөөн баяр. Нутаг орондоо тэр бүр олж харах боломжгүй “тэнгэрийн од” гэнэт дэргэд нь буугаад ирсэн нь үнэхээр гайхамшигт аз завшаан байлаа, тэдэнд. Бас сургуулийнх нь нэг захирал хамт хүрээд ирсэн байдаг. Хоол унд, идээ будаа болж, завсар зайнд нь шүлэг найраг хөврөв.
Маргааш нь тэд усан замын аяллаа эхлэж. Евтушенко тун нам гүм явжээ. Нэг талаас элдэв дайллага цайллага, ёслол хүндэтгэлд тэр ядраа биз. Нөгөө нь гэвэл Монголын байгаль түүнд маш их тайвшрал өгч. Өөрийн хообий болох гэрэл зургийн аппаратын чимээ гаргахаасаа ч заримдаа Евтушенко болгоомжилж байж. Ерөө голоор явж байхад гайхам нам гүм, зөвхөн сэлүүрийн чимээ гарна. Хүн амьтан хэзээ ч яваагүй баймаар тийм аглаг. Маш гоё шувууд таарч байж. Тэгэхэд л Тогтоход анх удаа сүрхий өөриймсгөөр хандаж:
-Толя (анх танилцаж нэрээ хэлэхэд энэхүү орос нэрийг түүнд өгсөн гэнэ) хараач, ямар гээч гайхамшиг вэ энэ? хэмээн уулга алдсан гэнэ. Цаашаа хөвж явтал тэдний завьтай зэрэгцээд хос хун гараад ирж. Огтхон ч үргэхгүй, харин ч тэднийг хаанаас юу гараад ирэв гэж сонжсон шинжтэй, завь руу улам ойртоод, далавчаа дэвээд, бүр бүжиглээд л, нэг хэсэгтээ л дагалдаж, эцэстээ үдэж буй аястай далавчаараа даллаад хоцорчээ.
Айлгаж үргээх амьтан хүн энэ аглагт эдэнтэй тааралддаггүй болохоор амгалан тайван амьдралдаа шувууд бүр дасчихсан бололтой. Хунтай тааралдсанаас хойш Евгений Александрович дуугаа хураагаад гуниглачихаж. Учир шалтгаан ч байжээ. Монгол руу аялахаасаа өмнөхөн нэгэн танилындаа уригдан дайлуулж. Дарсны сонголт хийхээр тэд зооринд нь орцгоож. Хөлдөөсөн хоёр хун тэнд харсанаа тэрхэн зуур санаад л сэтгэл дотор нь хачин болчихсоныгоо сүүлд Шинкарёвт ярьсан гэнэ.
Голоор хөвсөөр анхныхаа суурин газар болох Ерөө суманд ирээд буудалд орж. Түүнийг өрөөнд нь оруулсаны дараа л бусад нь өрөөгөө авцгаадаг байж. Тэр жишгээр өрөөндөө оронгуутаа үзэг цаас нөгөөдүүлээсээ нэхэж. Ихэнхдээ тэр үзэг цаасгүй явдаг гэнэ. Тэгээд л хурдан хурдан бичиж эхэлж...Нөгөөдүүл хоолондоо орцгооход Евтушенко байдаггүй. Хэдэнтээ уриулан байж орж ирж.
-Одоо бичиж байгаа “Куликовын талд” хэмээх найраглалдаа Монголын тухай оруулж засахгүй бол болохгүй юм байна гэж Лёша Шинкарёвтаа хэлж.
...Ерөө, Сэлэнгэ мөрнөөр явж Сүхбаатар өнгөрөөд хил дөхөж байж. Хил яаж гарах тухай, бас усан дээр цэрэг байхгүй юм чинь холоос биднийг хараад хил зөрчигч гээд буудчих вий... гэсэн яриа хөөрөө завин дээр болж... Леонид Шинкарёв Оросын “Онц хилчин” цол тэмдэгтэй гэнэ. Тийм болохоор хилийнхэнд тэмдгээ дээр өргөж харуулна гэнэ.
Евтушенко том зургаа нэг боть номтой урт модонд бэхлээд өндөрт өргөнө энэ тэр гээд л тоглоом, шоглоом болоод усаар хурдтайхан урагшилж байж. Хэсэг явж байтал “Стоп, Стоп” (Зогс, Зогс) гээд л оросоор хашгирцгааж... Голын цаад эрэгт буутай орос цэргүүд зогсчихсон буугаа тэдэн рүү чиглүүлэн “Зогс” командаа өгч байна гэнэ.
Евтушенкогийн нүд нь орой дээрээ гарчихсан, хоёр гараа өргөчихсөн “Где Монголия? Где Монголия?...”(“Монголын хил яачихсан бэ?...Хаана байна?”) гээд л өндөлзөж байж. Монголын хилийнхэн таг чиг өнгөрөөд Оросын хил гараад ирсэнд л оросууд гайхан нэгнээсээ асууцгааж буй нь тэр аж. Тогтох, Ганбат хоёр “Манайхан ингэж л нүүр түлнэ дээ” гээд гаслаад өнгөрч... Буутай орос цэргүүд зочдыг хашиж хамгаалан голын эрэг дээр гарган 70-80-аад метр “тууж” хилийн орос застав дээр авчирсан гэнэ.
Офицерууд ер бусын зочинтой болсондоо бөөн баяр. Цэргүүд нь ийш тийш гүйлдэж байгаад л офицерын командын дор авдар “Столичная” архи зочдын өмнө яах ийхийн зуургүй тавьчихаж. Хүн хүний өмнө зургаан талт стакан бий болж шил архийг хоёр гуравхан хуваагаад дуусгана. Зууш, хоол унд бас өрж. Их найрагч орос маягаар нөгөө зургаан талтыг бүтэн татаж. Хоолны дараа бас хоёр гурав явуулчихаж. Нутаг орондоо эргээд ирсэндээ сэтгэл нь хөдөлсөн юм байлгүй.
Монголд архи амсах төдий л байсан гэдэг. Маргааш нь Сэлэнгэ мөрнөөр хөвсөөр Байгал нуур хүрч, Улаан-Үд хотноо очиж ёслол хүндэтгэл, дайллага цайллага болдгоороо болж. Өглөө нь тэд Байгал нуурт хүрч Ангар мөрнөөр дамжин Эрхүүд очих чиглэлтэйгээр усан аяллаа үргэлжлүүлэх юм. Аяллын гол хүн сураг чимээ байдаггүй. Эрхүүгийн профессор, Москвагийн доктор, манай хоёр сурвалжлагчид байсхийгээд л буудлын үүдэнд гарч машин руугаа дөхөцгөөдөг гэнэ.
Аяллын ахлагч Леонид Шинкарёв цагаа харж, ууртайхан шиг нааш цааш алхаад л... Бага үд боллоо, байдаггүй... Их үд болох гэж байтал буудлын дэргэдэх байшингийн булан тойроод Евтушенко ирж явна гэнэ. Бие хаа, алхаа гишгээ нь тун тааруухан харагдаж. Шинкарёв руу л тэрбээр дөхөн очиж. Нөгөөх нь цагаа заагаад л тун ууртай хоёр гурван үг хэлж. Их найрагч маань аавдаа загнуулсан хүүхэд аятай гэмшингүй байна гэнэ. Ингээд л тэд Байгал нуур руу хөдөлж...
Иймэрхүү байдлаар Евгений Евтушенког би мэддэг болсон байв. Октябрь театрын уулзалт дуусахад араас нь хөөцөлдөн байж театрын даргын өрөөний үүдэнд гүйцэж авав. “Монголын сэтгүүлч” хэмээн өөрийгөө танилцуулж “Уулзалтад оролцсондоо их баяртай байна” гэхэд “Монголчуудаа төлөөлөн намайг сонссонд баярлалаа” гэсэн юм, тэр.
-Хэдэн жилийн өмнө та Монголоор аялсныг би мэдэх юм. Тэр аялал танд ямар дурсамж, ямар сэтгэгдэл төрүүлсэн бол. Бас Монгол, монголчуудын тухай та ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол гэдэг талаар тантай ярилцах гэсэн юм.
Та боломж олгохгүй юү?
-Монголд би анх удаагаа очсон. Уг нь бид ойр зэргэлдээ нутгийхан л даа. Миний их хүндэтгэдэг, бас танай ард түмний анд сайн нөхөр болох Константин Михайлович Симонов намайг Монголд очиж үзээгүй гэхээр их зэмлэдэг байсан юм. Түүнд би Монголд заавал очино гэж амласан юм. Амлалтаа би биелүүлсэн. Монгол сайхан байгальтай сайхан орон юм билээ.
Монголын говь, Монголын гол мөрөн надад гайхамшигтай сэтгэгдэл төрүүлсэн. Монголчууд ч найрсаг хүмүүс. Харин манай ч, танай ч дарга, дарганцарууд гэж хэцүү хүмүүс байна даа. Социализм, коммунизм байгуулж байна гээд л хөөрөөд байх юм. Хаана байна тэр сайхан байгууламж чинь гэж би асуудаг юм. Өнөөдрийн энэ уулзалт дээр ч би тэр тухай ярьж шүлгээ уншлаа.
Танай дарга нар үнэнийг ард түмнээсээ нуудаг хүмүүс. Монголд хийсэн аяллынхаа талаар би Лондонд гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм. Англичууд тэр үзэсгэлэнг маш их сонирхон үзэж, магтан шагширлаа. Монголд түүнийгээ гаргах санаатай хөөцөлдсөн чинь танай Төв хороо, удирдлагууд тэр үед зөвшөөрөл өгөөгүй. Ард түмнээсээ үнэнийг нуудаг хүмүүстэй би юу ярих вэ дээ.
-Манай сонин хэвлэлд таны гэрэл зургийн хообийн тухай бичиж, бас тантай хамт явсан сэтгүүлчдийн яриаг би сонсож байсан.
Миний ойлгосноор та Монголын амьдралыг шүүмжлэх аястай зураг ихэнхдээ аваад байсан гэдэг...
-Гэрэл зураг гэж ямар урлаг, ямар бүтээл вэ? Хамгийн бодит эд шүү дээ. Байгаа юмыг байгаагаар нь гаргадаг. Миний зургийг авбал өндөр туранхай, хэрзгэр Женя л гарна биз дээ. Лондонгийн үзэсгэлэнгийн зургууд Монголын бодит амьдрал, бодит хүмүүсийн тусгал байсан. Евтушенко тэнд гоё сайхныг муухай болгож, бас харлуулж будаагүй. Сайхан байгаль, сайхан өвгөд, сайхан залуусын гэрэл зураг ч тэнд олон байсан.
Харамсалтай нь, урлаг ойлгодоггүй танай дарга нарын үзэл сурталд нийцээгүй юм байх. Монголын ард түмэнд мэнд... гээд л гараа дээр өргөж, яриа хөөрөөгөө дуусгаж буйгаа мэдэгдээд театрын удирдлагын өрөө рүү зүглэв. Тэднийхэн ч түүнийг угтаад хаалганы дэргэд хүлээж байв. Ингээд л Зөвлөлт, Оросын их яруу найрагч бид хоёрын яриа хөөрөө дууссан юм.
Үзэсгэлэнг нь Монголд гаргачихсан бол илүү ихийг тэрбээр ярих байсан биз ээ. Энэ зэргийн хэдэн үг түүнээс салгасандаа бас ч гэж баяр хөөртэйхэн “Октябрь” кино театраас гарч алдарт Калинины өргөн чөлөөгөөр алхаж явав.
Москва хот. 1989 оны аравдугаар сар.