Байгалийн түүхийн музейн хойно орших Палеонтологи, геологийн хүрээлэнгийнхний ажил цуглах цагаас арай эрт иржээ. “Өнөөдөр манайхыг сониныхон сурвалжилна” гэж орж, гарах хүмүүс шивэр авир хийх зуур шилэн цонхтой үзмэрийн танхим дахь үлэг гүрвэлийн олдворыг сонирхлоо.
Хэн нэгэнд хэлхээтэй хэдэн яснаас цаашгүй сэтгэгдэл төрүүлэх энэ эд харахаас хазахын заяагүй гадаадын зарим эрдэмтний шуналыг хөдөлгөдөг юм гэсэн. Эрэлхэг өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаа золин байж тогтоосон хил хязгаар хэдэн сая жилийн тэртээх амьтдын “гэрийн буурь” гэж бодохоор бахархах сэтгэл цээж дүүргэн, энэ үлэг гүрвэл ямархан түүхийг туулж өнөөтэй золгосныг сониучирхах хүсэл төрөв.
Палеонтологи гэхээр хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд үлэг гүрвэл буудаг ч энэ нь 4.5 тэрбум жилийн өмнө дэлхий үүссэн цагаас оршин байсан амьд биет бүхнийг судалдаг шинжлэх ухаан гэдгийг тэр бүр мэддэггүй. Тиймээс тэртээх ертөнцийн нууцад нэвтрэгсдийн ажлын нэг өдрийг сурвалжилсан нь энэ.
Палеонтологи, геологийн хүрээлэн нь Сээр нуруутны, Сээр нуруугүйтний палеонтологийн, Палеоботаникийн, Региональгеологи тектоникийн, Магматизм ба геодинамикийн гэсэн таван салбартаа 82 ажилтантай. Судалгааны өргөн хүрээ хамардаг байгууллагын бүх ажил сонины талбайд багтахааргүй тул энэ удаа гурван салбарынхыг нь танилцуулъя.
09.00 цаг. Яс сөрдийсөн чулуулгуудыг гипсээр нямбайлан өлгийдсөн нь энд тэнд хөглөрч харагдана. Хурдас чулуулгийн шороонд дарагдсан энэ газар бол Сээр нуруутны палеонтологийн салбарын Боловсруулалтын лаборатори. Ухаж авчирсан эртний амьтдын ясаа энд цэвэрлэн боловсруулж, судалгаанд бэлтгэдэг аж. Хүрэхийн төдийд л үйрээд уначихаар эмзэг эдийг барьцалдсан чулуулгаас салгана гэдэг нь амаргүй даваа бололтой. Үүнийг ойлгуулахын тулд бүр эхнээс нь тайлбарлая.
Аварга том үлэг гүрвэлээс хулгана шиг жижиг биетэй хөхтөн гээд нурууны ястай бүхий л эртний амьтныг энэ салбарынхан судалдаг аж. Элс, шороо олон сая жилийн турш давхарлагдсаар чулуулгийн хуримтлал буюу хурдас үүсгэдэг. Энэ зуур олон зуун төрлийн амьд биетэн ямар нэгэн байдлаар үрэгдэн, чулуулагт хуримтлагддаг аж. Геологичдын гаргасан, хурдсын насаар ангилсан газрын зурагт тулгуурлаж яг хэдий үед амьдарч байсан, ямар амьтан, ургамлыг хаанаас хайхаа палеонтологичид тогтоодог юм байна.
Ийн олдвороо ухаж гаргахаас өмнө олон төрлийн хэмжилт хийж, мэдээлэл аваад хурдастай нь хамт гипсээр нямбайлан ороож, энэ лабораторид авчирна. Биднийг очиход энд 100-120 орчим сая жилийн өмнө амьдарч байсан, хоёр хөл дээрээ явдаг өвсөн тэжээлт үлэг гүрвэл буюу игуанодон, үүнтэй ижил үеийн, самар иддэг, тоть хошуутай, сүргээрээ амьдардаг пситтакозавр тэргүүтэй хэд хэдэн төрлийн динозаврын ясыг “хөөрхөн болгож” байв. “Олдвор цэвэрлэхийн тулд ясны анатомийг сайн мэддэг байх ёстой.
Яг ямар яс цэвэрлэж буйгаа урьдчилаад төсөөлнө. Тухайн хурдсаас арьсны үлдэгдэл, ходоодны чулуу, эсвэл өөр амьтны яс гээд урьдчилан тооцоогүй юу ч илэрч болох учраас болгоомжтой, хянамгай байх хэрэгтэй” хэмээн тус лабораторийн препараторч (бэлтгэгч) Ч.Отгонжаргал хэллээ. Тэд шүдний эмчийнх шиг нарийн зүү, өрөм, бийр, багс, бургуй, төрөл бүрийн онцлогтой цавуу, бэхжүүлэгч ашиглаж чулуулгаас ясыг салгадаг юм байна.
Зарим жижиг ясыг 14 хоногийн дотор цэвэрлэдэг бол жил гаруйн хугацаа шаарддаг нь ч бий. Судлаачид ач холбогдлыг нь харгалзан боловсруулах ясны дарааллыг тогтооно. Ингээд бүртгэлжүүлснээр эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа хийхэд бэлэн болдог. Тэд чулуужсан ясны эд ширхэг бүрийн хэлбэр дүрсийн хэдэн зуун шинж тэмдгийг нарийвчлан судалж, өмнө нь олдсон ижил төстэй олдвор, цуглуулгатай харьцуулан, ижилсэх болон ялгагдах онцлогуудыг нь тогтооно.
Хэрэв урьд нь олдож байгаагүй төрөл, зүйл бол шинжлэх ухааны нотолгоо гаргаад судалгааны бүтээлээ тухайн салбарын олон улсын сэтгүүлд тодорхой шалгуур давж байж хэвлүүлдэг журамтай.
10.20 цаг. Сээр нуруутны салбар 11 судлаач, 10 гаруй туслах ажилтантай. Эрдэм шинжилгээний ажилтнууд нь эртний загас, үлэг гүрвэлийн мөр, махчин болон өвсөн идэшт динозавр, өндөг гээд тус бүрийн судалгааны чиглэлтэй. Уг нь Монгол Улс олдворын баялаг нөөцтэй, савагт хирс, арслан заан гээд төрөл бүрийн эртний амьтан манай умард нутгийн цэвдэгтэй хурдсаас олддог, судалгаа хийх шаардлагатай энэ мэтийн чиглэл олон байгаа ч төсөв бага учраас боловсон хүчний тоог нэмэх боломжгүй гэнэ.
Эрдэм шинжилгээний ажилтнууд хоёр өрөөнд сууж, дор бүртээ компьютерын гар товшиж харагдав. Тэдний дундаас үлэг гүрвэлийн өндөг судлаач Д.Идэрсайхан, мөр “мөшгөгч” Б.Майнбаяр нарыг түр “байцааж”, салбарынх нь сүүлийн үеийн ололт амжилтаас сонирхсон юм. 2013-2014 онд зүүн говиос олдсон, 75 сая жилийн настай байж магадгүй өндөгний үүрүүдийг Д.Идэрсайхан судалж суув. 20 гаруй үүр нэг дор буйгаараа энэ олдвор чиглэлдээ дэлхийд тэргүүлэхүйц үнэ цэнэтэй.
Одоогоор яг ямар үлэг гүрвэлийнх гэдэг нь тодорхойгүй ч өндөгний хэлбэр, хэмжээ, хальсны дотоод бүтэц зэргийг нь харгалзан дендролитус төрөлд хамаатуулж байгаа аж. Монголоос олдсон өндөгнүүд энэ мэтээр дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны түүхэнд ихээхэн ач холбогдолтой гэнэ. Тухайлбал, Америкийн Байгалийн түүхийн музейн хээрийн экспедицийнхэн 1923 онд Монголын нутгаас үлэг гүрвэлийн өндөг илрүүлснээр өндөглөдгийг нь анх нээсэн гэдэг.
Манай орноос үлэг гүрвэлийн долоон төрлийн 18 зүйлийн өндөг олджээ. Гэхдээ ямар үлэг гүрвэл ямар өндөг гаргадаг нь одоо ч тайлагдашгүй хэвээр байна. Үүнтэй холбоотой бас нэг бахархмаар сонин нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ухаа толгод гэдэг газраас 1994 онд олдсон, өндгөө дарж буй махчин үлэг гүрвэл сити патигийн яс.
Өндөгнөөс үр хөврөл олсон анхны тохиолдол нь энэ юм билээ. Д.Идэрсайхан “Өндөгний хальс нь төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, хээтэй, зузаан, нимгэн байдаг. Хальсыг нь хөндлөн зүсэж микроскопоор амьсгалын сувгуудын онцлогийг тогтоож, үүнээс мэдээлэл авдаг” гэв.
Харин Б.Майнбаяр нэгэн судалгааны үр дүнгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр бэлтгэж байлаа. Эртний амьтны мөрийг судалснаар зан төлөв, биеийн хэмжээ, хурд зэрэг амьдралын хэв маягтай холбоотой олон талын мэдээлэл авч болдгийг хэлэх нь илүүц биз ээ. Б.Майнбаярын багтдаг, Монгол, Японы хамтарсан хээрийн судалгааны баг Өмнөговь аймгийн Манлай сумын Шар цавын олдворт газраас 2015 онд дэлхийн хамгийн том биетэй үлэг гүрвэл гэгддэг өвсөн тэжээлт завроподын явж өнгөрсөн мөр илрүүлжээ.
Энэ төрлийн үлэг гүрвэлүүдийн урд хөлийнх нь мөрийг хойтох нь устгачихдаг аж. Харин уг завроподын урд хөлний мөр хадгалагдаж үлдсэнээрээ үнэ цэнэтэй. Мөн өмнө нь олдсон ийм төрлийн үлэг гүрвэлүүдийн баруун, зүүн хөлний мөр хоорондын хэмжээ дунджаар 70 см байсан бол үүнийх 140 гаруй см буюу нэлээд хол зайтай байснаараа онцлог аж.
Мөрийг байгаль дээрээс зөөх боломжгүй учраас уг хүрээлэнгийнхэн ийм олдворт газраа хамгаалахаар ажиллаж байгаа гэнэ. Шар цаваас 1995 онд Монгол, Японы хамтарсан баг ийм дурсгалт газар илрүүлж, судлаад 4-5 төрлийн үлэг гүрвэлийн 18 мянга гаруй мөрний хэв бүртгэсэн байдаг. Соёлын өвийн тухай хуулийн дагуу уг газрыг 2008 онд Палеонтологийн дурсгалт газарт бүртгүүлж, 2013 онд хил, хязгаарыг нь тогтоолгожээ.
Ингээд 2014 онд ЮНЕСКО-гийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн. Өдгөө Өмнөговь аймгийн “Говийн оюу” сангийн дэмжлэгтэйгээр байгалийн өвийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх менежментийн төлөвлөгөө боловсруулж, уг газрын гол хэсгүүдийг хашаагаар хамгаалж, сонирхогчдын явж болох жим, маршрутыг гарган, тайлбар танилцуулга тавьж, байнга ажилладаг байгаль хамгаалагчтай болгожээ. Мөн мэдээллийн төвтэй, аялагчид үдлээд өнгөрөх цайны газартай болгохоор төлөвлөсөн байна.
12.10 цаг. “Палеонтологийн олдвор ямар хэрэгтэй юм бэ” гэж олон хүн асуудаг. Үүний дүнд үзмэртэй болж, жуулчин татаж мөнгө олно гэж бусдын ярьдаг нь үнэн. Гэхдээ бидний судалгаа хүний амьдралд нөлөөлдгийг тэр бүр мэдэхгүй. Эртний сээр нуруутны түүхийг судалж байж хувьслыг нь ойлгоно. Энэ хувьсалд тулгуурлаж анагаахын салбарынхан эм, эмчилгээний туршилт хийдэг” хэмээн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч З.Бадамхатан хэлэв.
Тэрбээр бидэнд микроскопын лабораторио танилцуулсан юм. Энэ лабораторийг олон салбарынхан хамтарч ашигладаг гэсэн. З.Бадамхатан үлэг гүрвэлийн ясны бүтцийн судалгааны чиглэлээр Америкийн Монтана мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалж ирээд жил гаруйн нүүр үзжээ. Үлэг гүрвэлийн ясыг нарийн зүсэж микроскопоор бүтцийг нь судалснаар хүйс, хэдэн сая жилийн өмнөх, аль насандаа үхсэнийг тодорхойлж болно.
Модны тайрдас дээрх цагаригаар насыг нь тогтоодогтой ойролцоо аргаар үүнийг шинждэг аж. Ийм төрлийн нарийн судалгааг дэлхийд 1997 оноос хойш хийж буй. Харин ясны гадаргуу дээрх хагарал, шүдний ором зэргээс тухайн амьтныг үхсэний дараа сэгээр хооллогчид идсэн үү, эсвэл үерийн шаварт дарагдаж өнөөдрийг хүрсэн үү, наранд хэчнээн жил гандсан зэрэг ямар амьдрал туулсныг нь тогтоодог юм байна.
З.Бадамхатан тоть хошуут 80 гаруй үлэг гүрвэлийн ясны дээжинд эдийн судалгаа хийжээ. Тэрбээр “Ясны гүнд нь нэвтэрч, нууцыг нь тайлдаг ийм судалгааны эхлэл Монголд дөнгөж тавигдлаа. Монголоос олддог үлэг гүрвэлүүдээс одоогоор тоть хошуутын өсөлтийг л ийм аргаар судалсан.
Цаашид тарбозавр тэргүүтэй олон үлэг гүрвэлийг судлахаар төлөвлөж байна. Өөр өөр насны олон тоть хошуут үлэг гүрвэлийн ясыг харьцуулан шинжсэнээр хэдэн настайдаа өсөлт нь зогсдог, үржилд ордог, хэдий хүртэл ямар хурдаар томордог зэргийг мэдэх боломж бүрдсэн. Өдгөө энэ төрөлтэй төстэй, дараагийнх нь 40 сая жилд амьдарч байсан үлэг гүрвэлд ямар өөрчлөлт гарч байсныг судлахаар төсөл бичлээ. Мөн молекул палеонтологийн судалгааг хөгжүүлэх бодолтой байгаа ч одоохондоо эрт байна. Үлэг гүрвэлийн яснаас цусны улаан эсийн болон судасны үлдэгдэл олох нь бий. Тиймээс эсийн түвшинд судлах боломжтой” хэмээсэн.
13.30 цаг. Олон улсад үзэсгэлэн зохион байгуулахдаа ховор олдвороо ийш тийш зөөж, ясыг нь төмөрт бөгжилж бэхэлснээр бутарч гэмтэх аюултай. Гэхдээ одоо үүнээс айх хэрэггүй болжээ. Уг хүрээлэнгийнхэн өнгөрсөн арваннэгдүгээр сард олдворын хуулбар хийх зориулалттай лабораторитой болсон учраас тэр. Яснаас хэв авч тусгай материал цутган хуулбарыг нь гаргаж, дуурайлган будчихаар хүрэхээс нааш ялгахын аргагүй адил болдог гэнэ.
Энэ чиглэлээр тус хүрээлэнгийн препараторч Ч.Баярдорж Америкт мэргэжил дээшлүүлснээс гадна хуулбар хийдэг япон мэргэжилтнүүд эндхийн ажилтнуудад сургалт зохион байгуулжээ. Тус хүрээлэнгийнхэн Дархан-Уул аймагт үзэсгэлэн дэлгэхээр бэлтгээд тун завгүй байсан учир хуулбар хийдэг мэргэжилтэн нь бидэнд “баригдаагүй” юм.
14.00 цаг. “Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” нэртэй үзэсгэлэндээ савагт хирс, арслан заан, одос үхрийн олдвороос тавихаар туслах ажилтнууд бэлтгэж байлаа. Уг хүрээлэнгийнхэн цуглуулгынхаа дээжээс 20 улсын 80 гаруй хотод дэлгэж, эх орноо сурталчилжээ. Тэд Дархан-Уул аймгийн музейд яснуудаа угсарч үзэсгэлэн дэглэхээс гадна сурагч, оюутнуудад тухайн үеийн хөхтөн амьтдын талаар танин мэдэхүйн лекц уншина гэсэн.
Харин тус хүрээлэнгийн цуглуулгын менежер С.Өлзийцэрэн палеонтологийн олдворыг хэрхэн таних, үүнтэй яаж харьцах, энэ талаар хаана мэдээлэх ёстойг орон нутгийнханд танилцуулах үүрэг хүлээжээ. Тэрбээр “Монголын аль ч аймаг, сумын нутгаас палеонтологийн олдвор илрэх боломжтой. Уул уурхайн компаниуд олдвор илрүүлснээ мэдээлчихвэл манай үйл ажиллагааг түр болон бүр зогсоох шаардлага тавих вий гэж айдаг.
Тийм тохиолдолд бид яаралтай авран хамгаалах малтлага хийж, орчныг нь тандаад үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлж, хүндрэл учруулахгүй. Археологи, палеонтологийн олдворыг хувь хүн, аж ахуйн нэгж эзэмших, хадгалах ёсгүй гэж Соёлын өвийн тухай хуульд заасан болохоор битгий нуун дарагдуулаач ээ. Энэ бол дэлхийн шинжлэх ухаанд оруулж буй манай улсын хувь нэмэр юм шүү” гэж манай сониноор дамжуулж уриалсан юм.
15.25 цаг. Палеонтологи, геологийн хүрээлэнгийн зүрх болсон сан хөмрөгийг үзэх боломж бүрдлээ. Польштой хамтарсан судалгааны багийнхны 1971 онд илрүүлсэн, велоцираптор хэмээх махчин үлэг гүрвэл протоцератопс гэх өвсөн тэжээлтэнтэй ноцолдож байгаад хамтдаа газарт булагдсан алдарт олдвороос эхлээд Монголын нэрийг дэлхийд таниулдаг хосгүй өвүүд энд бий гэхээр бахархахгүй байхын аргагүй. Энд хэчнээн олдвор байгааг нарийн хэлэхэд хэцүү гэнэ.
Учир нь өдөр бүр шахам шинэ олдвороор баяждаг, судалгааны ажилд ач холбогдолтой нэг ширхэг ясны өөдсийг ч бүртгэдэг болохоор тодорхой тоо хэлбэл хүмүүс бүгдийг нь иж бүрдэл гээд ойлгочихдог аж. Эдгээр олдвороо тасалгааны температурт, хуурай орчинд байлгадаг юм байна. Чийгшил хэмжигчтэй агааржуулалтын системтэй бөгөөд Японы тусламжаар “гүйдэг” тавиураар тоногложээ. Гэвч зай талбай багатай болохоор заримыг нь шалан дээр зулсан, үлдсэнийг нь үзмэрийн танхимд өрсөн байлаа.
Учрыг лавлахад ясны чанарыг нь сайжруулж гарын ая даахаар болгосныг нь ийн түр өөр газар байрлуулсан гэв. Энэ их баялгийг ингэж “нууж” байснаас зориулалтын томоохон музей байгуулаад олонд үзүүлдэг болоосой гэж эрхгүй бодогдов. Үлэг гүрвэлийн төв музейнхэн Засгийн газраар тогтоол гаргуулж энэ байгууллагынхны 50 жил цуглуулсныг авахаар төлөвлөж буй тухай дуулснаа энэ зуур санаж, цуглуулгын менежер С.Өлзийцэрэнгээс байр суурийг нь асуухад “Уг нь бол шинжлэх ухааны байгууллагадаа түшиглэсэн музейтэй болж, судалгаа, шинжилгээ давхар хийн, үзмэрийн эргэлтээ амьд байлган, сурагч, оюутнуудад мэдлэг түгээх хэрэгтэй.
Дунд сургуулийнхны биологийн хичээлийн нэг цагийг музейд оруулж, тайлбарлагчийн ярьдаг хэдхэн минутынхаас илүү цэгцтэй мэдээлэл өгч болох юм. Үлэг гүрвэлийн судалгаагаар мэргэшсэн эрдэм шинжилгээний ажилтан цөөхөнтэй тийм газрынханд цуглуулгаа өгвөл музей утгаараа хөгжилгүй, үзмэр тоосонд дарагдана. Судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрийг нэг байгууллага зүгээр сууж байгаад булаана гэдэг ёс зүйгүй хэрэг” гэв.
Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхийн тулд чулуужсан ясыг байрнаас нь хөдөлгөхөөс өмнө заавал нарийн мэдээлэл цуглуулдаг ёстой. Гэтэл Үлэг гүрвэлийн төв музейн үзүүлэнд буй олдворуудад ямар нэг хэмжилт, мэдээлэл байдаггүй учраас шинжлэх ухааны ач холбогдол багатай гэнэ. Ийн бидний тэртээх ертөнцийн амьтадтай хийсэн аялал өндөрлөж, эртний ургамалтай танилцах үе ирсэн юм.
16.30 цаг. Палеоботаникийн салбар эртний ургамлын үр, тоосонцрын хоёр, навчит ургамлын гурав, усны ургамлын судалгаа хийдэг ганц эрдэм шинжилгээний ажилтантай. Ургамал судалснаар тухайн нутагт олон сая жилийн өмнө ой тайга, тал хээр, хангай, говийн бүсийн аль нь зонхилж байсныг болон цаг уурыг тодорхойлохоос гадна хурдсын үе давхаргын насыг мэдэж, геологийн зураг зохиоход нөлөөлдөг.
Нөгөө талаар агааргүй орчинд дарагдсан эртний ургамлаас бидний мэдэх нүүрс, занар, нефть зэрэг ашигт малтмал үүсдэг гэнэ. Монголд нүүрсний олон орд байдаг нь эрт үед саванна маягийн ширэнгэн ойтой байсны ул мөр. Тиймээс палеоботаникийн судалгаа нь орд газар илрүүлэх, насыг нь тогтоох гээд уул уурхайн салбарт ач холбогдолтой. Сонирхуулахад, Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн нүүрс Карбоны галавын буюу 300 гаруй сая жилийн өмнөх ургамлаас гаралтай бол Налайхынх Цэрдийн үеийнх.
Бичил палеонтологийн боловсруулалтын өрөө гэсэн хаягтай лабораторид тус салбарын эрхлэгч Н.Ичинноров ургамлын үр, тоосонцрыг судалж байхтай таарлаа. Тэрбээр “Нарийн ширхэгтэй, шаварлаг, гол төлөв хар саарал өнгийн хурдаст үр, тоосонцор их хуримтлагддаг” гэв. Тухайн хэсгээс үр, тоосонцрыг илрүүлэхийн тулд 200 грамм шороог судлахад хангалттай. Ингэхдээ жижгэвтэр саванд хийж хурдсаа эгц босоо байдлаар нүдэв. Үр, тоосонцроо бяцлахаас болгоомжилж, нухдаггүй гэнэ.
Үүнийгээ тохирсон шигшүүрээр шүүгээд шороо тоосноос нь салгахын тулд 10 процентын давсны хүчил хийж хоёр цаг амраах аж. Ингэснээр тунадасжиж, хог шороог нь ялгах боломж бүрдэх юм. Усыг нь сольж, дахин хоёр цаг амраах ёстой аж. Энэ мэтээр хэд хэдэн төрлийн хүчил, шүлтээр зайлаад хуруу шилтэй саванд хүнд шингэнтэй хольж хийнэ. Хүнд шингэнийг ялгагч багаж буюу центрфугт хийж угаахаар үр, тоосонцор ялгарч гарах юм байна.
Үүнийгээ микроскопоор 500-1100 дахин томруулж судалдаг. Нэг дусал шингэнээс 200 хүртэл төрлийн үр, тоосонцор олддог гэнэ. Үүнийгээ аль хэдийнэ олон улсад нээгдсэн үр, тоосонцрын судалгаатай харьцуулан ямар төрөл, зүйл, овгийнх гэдгийг тогтоодог. Монголоос одоогийн байдлаар 59 төрлийн 169 зүйлийн эртний ургамлын үр, тоосонцор олджээ.
Хамгийн сүүлийн үеийн баяртай мэдээ дуулгахад 2015-2017 оны хооронд Монгол, Америкийн хамтарсан судалгааны баг Тэвшийн говийн нүүрсний уурхайд судалгаа хийж, урьд өмнө хаанаас ч олдоогүй, ургамлын дөрвөн зүйлийн үр илрүүлжээ.
18.00 цаг. Хавтгай чулуунууд дээрх төрөл бүрийн ургамлын хээ урлагийн бүтээлийг санагдуулав. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Л.Уранбилэг бидэнд навчит ургамлын сан хөмрөгөөсөө сонирхуулсан нь энэ. Тэрбээр “Тухайн ургамал хурдас чулуулагт дарагдаад агааргүй орчинд вакуумжихаар ингэж хэв дардас болон үлддэг.
Түүнээс гадна арай биерхүү, мод боргоцой зэрэг нь чулуужиж хоцордог” гэж тайлбарлав. Үүнийг ч гэсэн харьцуулах онолд тулгуурлан судалдаг байна. “Боловсон хүчнээс гадна олдвороо хадгалах зориулалтын хайрцаг дутагдалтай байдаг. Бид нөөц бололцоогоороо мод эвлүүлэн сав хийж, цаасан хайрцаг ашиглаж олдвороо хадгалах нь бий” хэмээн Л.Уранбилэг хэлсэн бол усан ургамал судлаач Л.Гэрэлцэцэг “Их, дээд сургуульд палеонтологийн анги нээх шаардлагатай. Бусад салбарт боловсон хүчин илүүддэг бол манайд дутаж буй. Наад зах нь үлэг гүрвэл олддог газрын байгаль хамгаалагч нар энэ талын мэдлэгтэй байх шаардлагатай шүү дээ” хэмээсэн.
19.00 цаг. Байгалийн түүхийн музейн ард буй Палеонтологи, геологийн хүрээлэнгийн төв байранд захиргаа, Сээр нуруутны палеонтологийн салбарынхан, Палеоботаникийн салбарын эртний ургамлын үр, тоосонцрын болон навчит ургамлын зарим судлаач ажилладаг бол бусад нь Баянзүрх дүүргийн дэргэдэх, хоёр давхар ягаан барилгад байрладаг. Энд ирэхэд Сээр нуруугүйтний палеонтологийн салбарын эрхлэгч Я.Ариунчимэг геологийн ангиас ирүүлсэн хурдсуудад ямар амьтан буйг судалж байв.
Мөр хөлтөн, шүр, хөвд биетэн, трилобит, дун хясаа, остракод, строматолит зэргээс гадна бичил амьтад сээр нуруугүйтэнд багтдаг юм байна. Сээр нуруугүйтнүүд мөн л хурдсын насыг тогтоох, геологийн зураг зо хиоход хэрэгтэй. Ялангуяа энэ төрлийн микро амьтад өргөн тархалттайгаар тодорхой хугацаанд амьдарч байгаад мөхсөн учраас хурдсын насыг тогтооход өндөр ач холбогдолтой аж. Энэ салбарынхан мөн л микроскопоор харж, бүтцийг нь тодорхойлоод харьцуулсан судалгаа хийдэг юм байна.
20.00 цаг. Эдний эрдэм шинжилгээний долоон ажилтан 542 сая жилийн өмнөх зөөлөн, нялцгай биетэн, түүний дараагийн үед бий болсон археоциат, трилобит, Юрийpн галавын үеийн бичил амьтан, остракод, Кембрийн галав болон Эдиакарийн хил зааг дээрх амьтан, чулуулаг зэргийг судалдаг аж. Бусад салбарынхны адил судлах шаардлагатай олон амьтан байгаа ч хүн хүч хүрэлцдэггүй, гадаадын судлаачидтай хамтардаг.
Саяхан л гэхэд Шведийн Байгалийн түүхийн музейнхэн урд Кембр, Кембрийн галавын үеийн сээр нуруугүйтнийг эднийхтэй хамтарч Завханаас хайхаар гэрээ хийжээ. Эрдэм шинжилгээний дадлагажигч Г.Алтаншагай “Багаж төхөөрөмж дутагдалтай болохоор гадаадын судлаачдаас нэг алхам хойно явдаг. Гадаадын судалгааны багтай хамтарч нээлт хийгээд олон улсын сэтгүүлд хэвлүүллээ гэхэд тэд нэгдүгээр зохиогчоор тэмдэглүүлж, багаж муутай мань мэт нь хойгуур л бичигдэнэ” гэсэн.
Палеонтологи, геологийн хүрээлэнгийн хэнээс ч асуусан өндөр хүчин чадалтай микроскоптой болох сон гэж хариулж байлаа. Нэг тэрбум орчим төгрөгийн үнэтэй ийм микроскоптой болчихвол судалгаагаа илүү нарийн хийх боломжтой бөгөөд одоогоор гадаадын хүрээлэнгүүдийнхийг ашигладаг аж. Орчлон ертөнц, чулуулаг нь бактериас үүсэлтэй байж магадгүй гэж эрдэмтэд таамагладаг.
Тиймдээ ч ОХУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал (тухайн үеийн) А.Ю.Розановын санаачилгаар хоёр улсын эрдэмтэд 20-иод жилийн өмнөөс манайд бактерийн палеонтологийн судалгаа хийж эхэлжээ. Гэвч өнөө л төхөөрөмж байхгүйн гачигдлаар орос эрдэмтдийн гарыг харахаас өөр аргагүй байдаг гэсэн.
Цалингаас өөр төсвийг барагтай бол баталдаггүй, эрдэм шинжилгээний ажилтнууд бор зүрхээрээ зүтгэдэг ч олон улсын шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулж, дэлхийн үүсэл, гарлыг танин мэддэг энэ мэдрэмж юу юунаас ч илүү үнэтэй, бахархах сэтгэл төрүүлдгийг Г.Алтаншагай хэлсэн. Тэрбээр энэ өдөр олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн, өөрийнх нь судалгаатай холбоотой нийтлэлтэй танилцаж байсан юм. Хээрийн судалгаа хийж байхдаа ийм нийтлэлийн дагуу амьтнаа хайдаг, олбол харьцуулж судалдаг учиртай юм билээ.
Бидний аялал өндөрлөж, ажлын цаг аль хэдийнэ дуусчээ. Гэвч эрдэм шинжилгээний ажилтнуудад цаг нар гэж үгүй. Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч З.Бадамхатан л гэхэд дараагийн судалгааныхаа төслийг бичиж буй учраас өнгөрсөн шөнө 02.00, түүний өмнө 03.00 цагт харьжээ. Удахгүй газар гэсэж урь ороход, тэд дэлхийн түүхийн өөр нэгэн нууцыг тайлах гэж хээрээр гэр хийнэ.