“Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон нийтэд худалдах хэрэг байна уу? “Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараана” гэж гүйцэтгэх захирал Д.Ариунболд нь хэлсэн учраас ийм бодол төрөв. Бизнесийн өнцгөөс харвал энэ компанид хувьцаагаа олон нийтэд арилжих шалтгаан тун бага.
Нүүрс угаах үйлдвэр барих л гэж хувьцаагаа олон нийтэд худалдах хэрэг үү? Шинэ техник, эдийн засгийн үндэслэлээр 175 сая ам.доллароор эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр барихаар болсон гэж удирдлагууд нь мэдэгдсэн. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т эрэмбэтэй компани энүүхний төлөө IPO хийх гэж үү. Эсвэл Хөгжлийн банкны 239 сая ам.долларын өрөө дарах, шинэ техник хэрэгсэл худалдаж авахын тулд уу. Ногдол ашигт тараах хөрөнгөөрөө жижиг сажиг зардлаа шийдчихэж болмоор санагдана.
Хэдэн жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүр зураг IPO хийхээс өөр аргагүй байсан. Тэднийх 570 сая ам.доллароор жилд 15 сая тонн нүүрс угаах үйлдвэр барих, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулах байв. Хэрэв санаж байгаа бол 2-3 тэрбум ам.доллар татахаар төлөвлөж байсан.
Одоо тэднийд нүүрс угаах үйлдвэрээс өөр хөрөнгө оруулах төсөл байхгүй. Төмөр замыг нь “Монголын төмөр зам” компани барина. Тиймээс их хэмжээний хөрөнгө босгож хэрхэх нь вэ? Шинээр томилогдсон удирдлагууд нь биш, Засгийн газар үүнд хариулт өгөх учиртай.
Хэнд ногдол ашиг тараах вэ? Хувьцаа эзэмшигчдэдээ тараах нь мэдээжийн хэрэг. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 14 хувийг иргэд, 0.6-г нь аж ахуйн нэгжүүд, үлдсэнийг нь төр эзэмшдэг гэсэн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс өгөв.
Тэгвэл улсын бүртгэлийн газарт “Эрдэнэс Тавантолгой” компанийг төр 100 хувь эзэмшдэг гэсэн данс бий. Компанийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” нь хаалттай хувьцаат компани ч биш. Нээлттэй хувьцаат компани бүр ч биш. Нэг л эзэмшигчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани.
Үнэн хэрэгтээ Монголын хоёр сая гаруй иргэн энэ компанийн хувьцаа эзэмшигч биш юм. Иргэн бүрт энэ компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоол бий. Уг тогтоолоор 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхийг л танд нээж өгсөн гээд ойлгочих. “Эрдэнэс Тавантолгой” компани улсын бүртгэлд 15 тэрбум ширхэг хувьцаатай компани гэж бүртгүүлсний, бүр цаашлаад хөрөнгийн биржид “данслуулсны” дараа та хууль ёсны хувьцаа эзэмшигч нь болно. Хувьцаа эзэмших эрхтэй хүмүүстээ мөнгө тараах юм болов уу. Тийм эрх зүйн үндэслэл бий юү.
Эл компанийн төрийг төлөөлсөн хувьцаа эзэмшигч “Эрдэнэс Монгол” байх шийдвэр гарчээ. Сангийн яам, “Эрдэнэс Монгол” компани тус тусдаа ажлын хэсэг байгуулж, улсын бүртгэлд хувьцаат компани гэж “данслуулахаар” ажиллаж байгаа гэнэ. Ногдол ашиг тараана гэж “хошгируулах” хэрэггүй ээ. Эхлээд Хөгжлийн банкинд төлөх өрөө цэгцэл. “Эрдэнэс Тавантолгой”-г ядаж хаалттай хувьцаат компани хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлчих гэж хэлье.
Улсын бүртгэлд “данслуулах” ажил амаргүй байгааг албаны хүн ярьж байна. Засгийн газраас энэ компанийн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг гэж тогтоосон. Тэгэхээр компани 14 их наяд төгрөгийн үнэлгээтэй байх ёстой. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө болон бизнесийн үнэлгээг хийлгээгүй явна. Хийлгэсэн ч үнэлгээг нь яаж ч өргөөд 14 их наяд төгрөгт хүрэхгүйг эх сурвалж батлав.
Тэгэхээр хувьцааных нь нэрлэсэн үнэ “Эрдэнэс Тавантолгой”-н бүртгэлийг гацаах нь. Хувьцааг нь эзэмшүүлэх иргэдийн бүртгэл дуусаагүй аж. Дууссаны дараа л улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн үзжээ. Хувьцааг нь “амь оруулахад” тээглэх бас нэг гацаа нь энэ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Чалко”-гийн өрийг төлснөө мэдээлэх үеэрээ 2018 онд гадаадын хөрөнгийн биржид IPO хийх боломж бүрдлээ гэж зарласан. Гадаадын хөрөнгийн биржид IPO хийх нөхцөл бий юү, босгосон хөрөнгөө юунд зарцуулах вэ? “Эрдэнэс Монгол” Хонконг, Лондон, Сингапурын аль нэгэнд охин компани байгуулж, IPO хийх юм уу, тэр нь “Эрдэнэс Тавантолгой”-н толгой компани болох юм уу.
Шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар бүр л “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийнэ, хувьцааг “амилуулна” гэж ярьдаг. Түүнд олон нийт итгэж, хувьцаа “амилах” нь гэж битүүхэн горьдоно. Улстөрчид иргэдэд шилний цаанаас чихэр долоолгоод сурчихжээ. Гадаадын хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг арилжина гэдэг ч шилний цаадах чихэр. Шилний цаадхыг долоосоор залхлаа.
Улс төрийн өнцгөөс харвал “Эрдэнэс Тавантолгой” нээлттэй хувьцаат компани болохдоо л болох ёстой. Учир нь иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэж шийдвэрлэчихсэн. Хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид гаргаж яагаад болохгүй гэж. Хөрөнгө босгох шаардлагагүй компани зүгээр л Монголын хөрөнгийн биржид бүртгүүлээд, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж, иргэдийн хувьцааг “амилуулчих”. Илүү хувьцаа худалдаж авах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэн байвал нэг хэсгийг нь нийлүүлчих л дээ.
Улстөрчид сайхан төгсгөл ярих дуртай. Харин сайн эхлэл, бас үргэлжлэл чухал гэдгийг мартах учиргүй. “Эрдэнэс Тавантолгой”-г барилгатай зүйрлэвэл таван давхраас нь эхлээд дээш нь барьчихсан байшин. Материал нь хангалттай учраас цамаан зан гаргасан хэрэг. Тавантолгойн ордын зургаан тэрбум тонн нүүрсний нөөц бол энэ байшинг хялбархан босгох баялаг материал.
Улс төрийн намууд амлалтаа биелүүлэхээр баялаг материалд эрдээд “Эрдэнэс Тавантолгой” компаниар Хятадын “Чалко”-д 350, Хөгжлийн банкинд 200 сая ам.долларын өр тавиулж, бэлэн мөнгө иргэдэд тараасан. Бас иргэдэд амласан нэг сая төгрөгөө өгөхийн тулд энэ компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн нэр зүүлээ. Нэг сая төгрөгийг 1072-т хуваахаар 933 гарна. Сү.Батболдын Засгийн газар ийм хялбар аргаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон.
Засгийн газар одоо байшингийн доод давхруудыг барих гээд мунгинаж байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг бүртгүүлэхэд нэрлэсэн үнэ, компанийн үнэлгээ, иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа гэх мэт УИХ, Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсэн олон зүйлийг харгалзаж, эвийг нь тааруулах шаардлагатай.
Бизнес, эдийн засгийн үндэслэлгүй тогтоол шийдвэрүүдийн араа шүднүүдийг хооронд нь нийлүүлэх гэж хэчнээн мунгинахыг таашгүй нь. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг бүртгүүлэхтэй холбогдсон бас нэг “хүчиндсэн” тогтоол удахгүй гарах байх. Энэ удаад улс төрийн улайрсан амлалтаа мартаж, зах зээл, бизнесийн мэдрэмжтэй тогтоол гаргана гэж найдъя.
Хэдийгээр хувьцаанаас тусдаа ч “Эрдэнэс Тавантолгой”-г хөрөнгө оруулагчдын гарт өгөх, өгөхгүй нь ч тодорхойгүй хэвээр байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Энэ жил хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийхгүй” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Энэ онд багтаан Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулна” гэв. Хэнд нь итгэх вэ? Засгийн газар тодорхой бодлоготой байж, хөрөнгө оруулагчдад ч, иргэдэд ч шилний цаанаас чихэр долоолгохоо боливол таарна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ертөнцөөс тасарсан юм шиг чимээгүй суусаар байх уу.