Хятадын удирдагчийн айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын Флоридад хийсэн анхны уулзалтыг хоёр тал үр ашигтай боллоо гэж үзжээ. Айлчлалын үр дүнгийн талаар Цагаан ордны тараасан хэвлэлийн мэдээнд “…харилцан биенээ хүндэтгэх үндсэн дээр санал зөрөлдөөнөө гэтлэн давж, хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхийн төлөө ажиллахаар тохиролцлоо” гэж өгүүлсэн байна.
Умард Солонгосын зэвсэглэлийн хөтөлбөрөөс үүдэлтэй аюул заналыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг талууд харилцан зөвшөөрч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээснээ нотоллоо гэж Цагаан ордон тэмдэглэв.
Асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, цөмийн болон пуужингийн хууль бус хөтөлбөрөөсөө татгалзах ёстойг Умард Солонгост ойлгуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтрах талаар талууд тохиролцлоо гэж дээрх хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
“Дорнод болон Өмнөд Хятадын тэнгист олон улсын журмыг, хүний эрхийг мөрдөх нь” чухал болохыг Си Зиньпинд Трамп мэдэгджээ. Дипломат үйл ажиллагаа, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэг журам, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдлын асуудлаар харилцан ажиллагааны Засгийн газар хоорондын хэд хэдэн механизм бий болгохоор Америк, Хятад хоёр тохирчээ.
Трамптай хэлэлцээ хийсний дүнд хоёр удирдагч харилцан итгэлцлээ бэхжүүлж, чухал хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч, ажил хэргийн сайн харилцаа тогтоолоо гэж Си Зиньпин тэмдэглэсэн байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн, хоёр улсын зэвсэгт хүчний хэлхээ холбоог бэхжүүлж, мансууруулах бодис, хүүхэд худалдах, мөнгө угаах, кибер болон зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэх нь чухал болохыг Си Зиньпин тэмдэглэв.
Си Зиньпиний албан ёсны айлчлал энэ сарын 6-нд Трампын эдлэн газар байдаг Флорида муж улсад эхэлсэн юм. Хятадын удирдагчийг онгоцны буудал дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон угтан авсан. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер сэтгүүлчдэд ярьснаас үзвэл Палм-Бич дэх Трампын Мар-а-Лаго эдлэнд Хятадын төлөөлөгчдийг бүгдийг нь хүлээж авах боломж байгаагүй аж.
Тиймээс эдлэнгээс холгүй газарт Хятадын төлөөлөгчдийн зарим нь зочид буудалд байрлажээ. Энэ өдөр Сирийн Хомс хотын Засгийн газрын мэдлийн онгоцны буудалд Америкийн талаас цохилт өгч нийтдээ далавчит 59 пуужин харвасан байна. АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын амин чухал эрх ашгийн улмаас ийм арга хэмжээ авлаа” гэж Трамп мэдэгджээ. Энэ цохилт Трамп, Си хоёрыг үдийн зоог хамт барьж байхад тохиосон учраас энэ талаар Америкийн Ерөнхийлөгч өөрөө Хятадын удирдагчид мэдээлжээ.
Идлиб мужид Сирийн Засгийн газрын цэрэг энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж хариуд нь АНУ ийм цохилт хийсэн аж. Ийм тайлбартай Сири, Оросын тал санал нийлэхгүй байгаа юм.
Трамп, Си хоёрын уулзалт амаргүй байх болно гэж урьдчилан таамагласан нь хоёр тал нэлээд асуудлаар санал зөрөлдөөнтэй байсантай холбоотой байв. Тухайлбал, юаний ханшийг сулруулсныг нь АНУ-д эдийн засгийн шахалт үзүүлэх гэж байна хэмээн Трамп 2016 онд сонгуулийн өмнөх кампанийнхаа үеэр Хятадын бодлогыг буруутгасан билээ. Тэгээд Хятадын бараанд 45 хувь хүртэл гаалийн татвар ногдуулна, түүгээр ч барахгүй худалдааны харилцаагаа тасална гэж “айлгаж” байсан юм.
2017 оны нэгдүгээр сард Давост болсон чуулга уулзалт дээр Си Зиньпин Трампын энэ мэдэгдэлд шүүмжлэлтэй хандаж, Хятад улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор валютын арга мэх хэрэглээгүй, юанийнхаа ханшийн тогтвортой байдлыг л хадгалах бодолтой хэмээн мэдэгдэж байлаа. Худалдааны тэнцвэр алдагдаж буйд Трамп сэтгэл дундуур байв.
Америк, Хятадын хоорондын бараа эргэлтийн нийлбэр 0.5 их наяд доллараас давж, Америк руу Хятад 400 тэрбум долларын бараа экспортолж байхад Америк ердөө 148 тэрбум долларын бараа Хятад руу гаргаж байв. Тиймээс Америкт ашигтай худалдааны нөхцөл Хятадын зүгээс олж авахыг Америкийн Ерөнхийлөгч төлөвлөж байсан нь нууц биш.
Си Зиньпин Америкт хоёр өдөр нэг шөнө байв. Тэдний айлчлалаас дэлхий дахин ихээхэн юм хүлээж, тэр хэрээр онцгой анхаарал хандуулж байлаа. Хаалттай дэглэмд болсон хоёр удирдагчийн уулзалтын талаар бидэнд олдож буй мэдээллээс үзвэл онцгой юм болоогүй мэт. Ганц ч баримт бичигт гарын үсэг зурсангүй. Гэхдээ уулзалт нэгэнт хаалттай хаалганы цаана болж, түүний талаар олны сонорт хүргэе гэснээ л ил хэлж байгаа болохоор бидэнд ирж буй мэдээлэл чамлалттай санагдах нь мэдээж.
Тэгэхдээ л дэлхийд тэргүүлэгч хоёр эдийн засгийн удирдагчид уулзсан нь хамгийн гол үр дүн. Анхных учраас уулзалт биенээ тандах түнших байдалд болсон нь зүй ёсных. Энэ асуудлаар эднийх ямар байр суурьтай байх нь вэ, ингээд хэлээд үзвэл энэ хүн ямар хариу хэлэх нь вэ гэсэн байдлаар Трамп, Си хоёр биендээ хандсан байхыг үгүйсгэх аргагүй.
Сирийн Засгийн газрын цэрэгт Америк агаараас цохилт өгсөн явдал энэ айлчлалтай давхацлаа. Энэ тухайгаа Трамп өөрөө мэдээлсэн нь Сигээс үг хүлээсэн хэрэг байж болох. Тэгвэл Си “Байдлыг улс төрийн замаар шийдэх нь чухал гэсэн байр суурь Хятад улс баримталж буй” гэсэн хэн ч гайхаж олзуурхахааргүй хариулт өгсөн байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны асуудлаар Хятад ямар бодолтой байгааг Гадаад хэргийн сайд Ван И нь “Түр зогсоовол түр зогсооно” гэсэн томьёолол хэлсэн гэнэ.
Энэ нь АНУ, Өмнөд Солонгос хоёрыг хамтарсан цэргийн сургуулилалтаа зогсоовол Умард Солонгос пуужин хөөргөхөө больж, цөмийн хөтөлбөрөө хумина гэсэн үг юм байна. Тэгвэл Америкийн Төрийн Департаментын төлөөлөгч Марк Тонер гэгч “Цэргийн үйл ажиллагааны хоёр огт өөр төрлийн тухай ярьж байгаа болохоор энэ бол биелэх боломжгүй санал. Алимыг жүржтэй харьцуулсантай адил хэрэг” гэсэн хариулт урьд нь өгч байсан юм.
Америкийн сэтгүүлч Томас Л.Фридман АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үнэн хэрэгтээ бол Оросын биш, Хятадын талын хүн гэж хэлсэн нь анхаарал татахгүй байх аргагүй. Түүний бодлоор бол Цагаан ордны тэргүүнийг Оросын талыг баримтлагч гэсэн үг хэл гараад байдаг нь ердөө л өнгөлөн далдлалт гэнэ. Фридман “Тэрбээр (Трамп) Хятадыг аугаа болгохыг илт эрмэлзэж байгааг баримт нотолж байгаа” гэж хэлсэн байна.
Си Зиньпин буцах замдаа Аляск дээр Анкориж хотод үдэлж, амбан захирагч Билл Уолкертэй нь уулзжээ. Одоогийн байдлаар Америкийн энэ мужийн худалдаа, эдийн засгийн томоохон түнш нь БНХАУ юм.