Дэлхийн зэсийн 16 дахь удаагийн хурал Чилийн нийслэл Сантьягод даваа гаригт эхэлж, өчигдөр өндөрлөв. Энэ үеэр зэс үйлдвэрлэгч, томоохон “Rio tinto”, “Codelco”, “BHP Billiton”, “Antofagasta” компанийн удирдлага үнийн төлөв эерэг гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлжээ.
Тухайлбал, дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio Tinto”-гийнхон энэ онд зэсийн бага зэрэг хомсдол бий болно хэмээн үзэж буй аж. Мөн CRU компанийн Зэсийн судалгаа, стратегийн албаны дарга Ванесса Дэвидсон “Дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байвал ирэх жилүүдэд зэс хомсдож магадгүй” хэмээн өгүүлжээ.
Суурь металлын үнэ энэ онд гараагаа сайн эхлүүлсэн гэхэд болно. Энэ оны нэгдүгээр улиралд зэсийн ханш 6.5 хувиар нэмэгдсэн (хоёр дахь улиралдаа) юм. Зэсийн хамгийн том хэрэглэгч тодотголтой БНХАУ-ын эрэлт тогтвортой байхын сацуу нийлүүлэлт буурсан нь үүнд нөлөөлсөн билээ. Тодруулбал, “BHP Billiton”-ий Чили дэх Эскондида, Индонез улс дахь “Freeport-McMoRan” компанийн Грасберг болон Перу дэх Серро Верде уурхайн нийлүүлэлт тасалдсан юм. Өнгөрсөн онд 18 хувиар нэмэгдсэн зэсийн үнэ цаашид хэрхэх бол?
Урд хөршийнхөөс гадна АНУ, Европын орнуудын зэсийн эрэлт тогтвортой байх төлөвтэй төдийгүй хүдрийн агуулга буурч буй нь ханшид эергээр нөлөөлөхийг эдийн засагчид тэмдэглэж байна. Дээрх хурлын үеэр CRU группийн захирал Роберт Перлман “Ойрын жилүүдэд 100.000 тонн давсан хүчин чадалтай уурхай ашиглалтад орохооргүй байгаа” хэмээн онцолжээ. Түүнчлэн “Antofagasta” компанийн гүйцэтгэх захирал Иван Арриагада 2017 онд зэсийн үнийг өөдрөгөөр төсөөлж, өнгөрсөн жилийнхээс илүү байна гэж таамаглаж буйгаа дурдаад, “Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү тийм ч их биш байж, бага зэргийн хомсдол үүсэх болов уу.
Шинэ уурхай олон нээгдэхгүй, зэсийн агуулга буурч, Хятадын өсөлт тогтвортой байх нь эрэлтэд дэмтэй” гэж ярьжээ. Ер нь БНХАУ-ын эрэлт тогтвортой, голлох байр суурь эзэлсэн хэвээр байх бөгөөд цаашид аажмаар өсөх магадлалтай аж. Энэ нь тус улсын хотжилт, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэглээ, эрчим хүчний дэд бүтцээ сайжруулах зэрэгтэй холбоотой гэнэ. Тэр дундаа цахилгааны шугам сүлжээ, барилга, автомашины салбарт үүсэх эрэлт нь өндөр хэвээр байх төлөвтэй аж.
Урд хөршийн үйлдвэрлэл өнгөрсөн гуравдугаар сард сүүлийн таван жилд байгаагүй хурдацтай нэмэгдсэн мэдээлэл саяхан цацагдсан билээ. “Kingdom futures” компанийнхан “Дэлхийн, тэр дундаа Хятадын эдийн засаг урт хугацаанд тогтвортой байж, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхээр ярилцаж буй нь зэсийн үнэд нөлөөлж байна” гэж тэмдэглэжээ. Нөгөөтэйгүүр, улс орнуудын зэсийн хэрэглээ сүүлийн 50 жилд гурав дахин нэмэгдсэн дүн бий. Ирэх таван жилд дэлхийн зэсийн эрэлт 1.7 хувиар өсөх таамаг бийг economiccalendar.com-д бичжээ.
Дэлхийн металлын статистикийн товчооны тооцсоноор, улс орнуудын хэрэглээ 23 сая тонн хүрдэг аж. Үүний 80 орчим хувийг Хятад, АНУ, Япон, Герман зэрэг есөн улсын эрэлт бүрдүүлж буй юм байна. Олон улсын зэсийн судалгааны группийн өнгөрсөн онд гаргасан судалгаагаар дэлхийн хэрэглээний 56 хувь нь тоног төхөөрөмж, 29 хувь нь барилга, 15 хувь нь дэд бүтэц, 13 хувь нь аж үйлдвэр, 12 хувь нь тээвэр, 31 хувь нь бусад салбарт ногджээ.
Хэдийгээр үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид зэсийн үнийг өснө гэсэн хүлээлттэй буй ч бүгд тэгтэл их итгэхгүй байгааг тэмдэглэх хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрлэгчид зэсийн ханшид тийм ч их сэтгэл хангалуун биш байгаа аж. Лондоны металлын биржид 2011 онд тонн зэсийн үнэ дунджаар 8820, 2012 онд 7960, дараа жил нь 7330, 2014 онд 6863, 2015 онд 5510, өнгөрсөн онд 4879 ам.доллароор үнэлэгдэж байсан учраас тэр. Сүүлийн жилүүдэд ийнхүү тасралтгүй хямдарсан зэсийн үнийг Дэлхийн банк, ОУВС энэ онд 5788, 5400 ам.доллар байна гэж таамаглаад буй юм.
Тэгвэл өчигдөр тонн зэс 5817 “ногоон”-той дүйж байв. Тэгэхээр зэсийн үнэ өслөө ч 6000 ам.долларын “босго”-ыг давахгүй бололтой. Судалгаанд хамрагдсан шинжээчдийн цөөнгүй нь 2017 онд дэлхийн зах зээлд зэс бага хэмжээгээр хомсдож болзошгүй ч үнийн төлөв нь тодорхой бус гэж тодотгосныг “Reuters” уламжилжээ. Индонезийн уурхайн нийлүүлэлт ойрын хугацаанд сэргэх талаар мэдээлэл цацагдаж буй бол АНУ-ын бодлого тийм ч тодорхой биш байгаатай энэ нь холбоотой гэнэ.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд бүтэц дэх оруулах хөрөнгө оруулалтаа өсгөнө хэмээсэн тул таваарын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үйлдвэрлэгчдэд байгаа ч худалдаа, эдийн засгаа “хамгаалах” бодлого баримталж магадгүй гэж үзэж буй юм байна.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр, ойрын жилүүдэд Монголын дотоодын зэс, зэс бүтээгдэхүүний эрэлт харьцангуй тогтвортой, 100 гаруй тонн байх төлөвтэй гэнэ. “Оюутолгой” компани энэ онд баяжмал дахь агуулгаар 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унци алт үйлдвэрлэх тооцоотой байгаа юм. Тус компанийн үйлдвэрлэл 2025 онд оргил цэгтээ хүрэхээр байгааг 66 хувийг нь эзэмшдэг “Turquoise hill resources” мэдээлээд буй.
Монгол Улсын экспортын 20 орчим хувийг бүрдүүлдэг зэсийн үнийг төсвийн тодотголд нэг тонныг нь 5149 ам.доллароор тооцохоор тусгаад байгаа нь одоогийнхоос 660 орчим “ногоон”-оор бага дүн юм. Зэсийн төлөв ирэх саруудад эерэг байгаа ч 2018 оноос Африк, Чилид төслүүдийг өргөжүүлж, шинээр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж буй.