Бэлтгэсэн: Ч.Мөнхзул, Ж.Сувдмаа, З.Амгалан
“Мод тарихад биш, тарьснаа хамгаалан ургуулж, ой болгоход анхаарна. Хэчнээн га талбайд мод тарилаа гэж тооны хойноос хөөцөлдөх биш, чанарыг эрхэмлэнэ” гэсэн өлгөөд авууштай үгс хавар ирэхтэй зэрэгцэн дуулдаж эхэллээ. Цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын ажил улсын хэмжээнд эхлээд буй энэ үед ус, агаар шиг хэрэгтэй амлалт. Урьд нь бол жилд хэдэн сая мод тарьсан тухайгаа бахархалтайгаар зарладаг, харин түүнийгээ хэрхэн арчилж хамгаалсан тухайгаа ярьдаггүй байв.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу бүх нийтээрээ мод тарьж эхэлсний долоон жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Долоон жилийн турш 14 удаа өрнөсөн эл арга хэмжээний үр дүнд манай орон 9.7 сая модоор баяжсан гэх. Зөвхөн энэ ч биш. Нэгтгэж тоолдоггүй л болохоос биш, иргэд, албан байгууллагууд өөрсдийн санаачилгаар өчнөөн мод тарьдаг.
Харин хэдэн хувь нь ургаж, хэд нь үхсэн талаарх нарийн мэдээлэл байдаггүй. “60 гаруй хувь нь амьдарч байна” гэсэн бүдэг бадаг тоогоор баримжаалдаг. Бодит байдалд үнэхээр хэд нь ургасан, моддод эзэн бий, эсэхийг хэн ч мэдэхгүй. Арчлахгүй, шалгахгүй, тарьсан эзэн нь ч анхаарахгүй болохоор аргагүй биз.
Харин энэ жилээс ногоон байгууламжийн арчлалтад илүү анхаарах болсноо салбарын яамныхан дуулгав. Ойжуулахаар төлөвлөсөн талбайн хэмжээ өмнөх жилүүдээс нэлээд буурсан нь үүний баталгаа болов уу. Өнгөрсөн онд хөрөнгө төсөв багатай байсан хэрнээ улсын төсвөөр 420 га талбайг ойжуулсан юм. Тэгвэл энэ оны төлөвлөгөөнд 310 га болгон бууруулсан байна. Мод тарихаас илүү байгалийн аясаар нөхөн сэргээхэд анхаарч, тордох ажлуудыг түлхүү төлөвлөсөн аж.
Тарьсан модоо арчлан хамгаалж, ой болгохын тулд цаашид хийх зүйл их байгаа гэнэ. Улсын хэмжээнд өнгөрсөн онуудад хийсэн ногоон байгууламжийн ажлыг ойжуулсан, ойн зурвас байгуулсан, байгалийн сэргэн ургалтад тусалсан хэмээн задалсан нь инфографикаас харагдана. Үүнд ой, ногоон байгууламжийн хамгаалалт гэсэн үг байхгүй.
Хамгаалалтын нэг хэлбэр болох байгалийн сэргэн ургалтад туслах ажил хийсэн талбайн хэмжээ ч бага. Түүнээс өмнөх онуудад бүр сураг ч үгүй байсан гэхэд болно. Нөхөн сэргээх, хамгаалах ажлыг ядаж “цаасан дээр ч” хийдэггүй, зөвхөн тарихад л анхаарч иржээ. Харин энэ жилээс хамгаалах ажлыг ямар зарчмаар хэрхэн хийх боломжтойг холбогдох байгууллагууд судалж эхэлсэн байна.
Барилга барихын тулд моднуудыг газартай тэгшилдэг эсэргүүнүүд, сэтгэл нь сайхан ч мэдлэггүйн улмаас ямар мод гэдгийг үл харгалзан газарт суулгагчид цөөнгүй. Мэдлэг мэдээлэлгүй тийм хүмүүст номын дуу сонсгох ажлыг төрийн холбогдох байгууллагууд өнгөрсөн намар эхлүүлсэн. Цаашид ч үе шаттайгаар үргэлжлүүлэхээр болсныг онцлууштай.
Бас тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож, арчилж хамгаалах нөхцөл бүрдүүлэх, моднуудаа бүртгэлжүүлэх мэдээллийн сан бүрдүүлж байгаа аж. Хэчнээн мод тарьснаа баатарлаг үйлс болгож бахархан ярьдаг хэрнээ дараа нь анхааралгүй, нэг ёсондоо “борцолчихдог” үе ард хоцорч, моодноос гарна гэж найдъя.
Мөн хот суурин газрын ногоон байгууламжийн асуудал бий. Суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламж бүхий талбайн дэлхийн дундаж хэмжээ 20 ам метр. Гэтэл Улаанбаатар хотын нэг иргэнд дөнгөж 2.5 ам метр буюу дэлхийн дунджаас даруй найм дахин бага ногоон байгууламж ногддог. Өнгөрсөн онуудад хотын захиргаа уг үзүүлэлтийг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч, хотын гудамж, талбайд, авто замын хажуугаар шарилж ургуулахгүй, нэг наст цэцгээр гоёдог байв.
МАН-ынхан тухайн үед уг ажлыг зад шүүмжилж, мөнгө үрсэн хэрэг хэмээн үзэж байсан. Улаанбаатар хотод агаарын бохирдол, тоосжилт ихсэж, тэр хэрээр иргэдийн олонх нь амьсгалын замын өвчтэй болчихоод буй. Замын хажуугаар цэцэг тарихыг шүүмжилдэг байсан хүмүүс энэ жил юу ч хийхгүй бол харшилтай иргэд хэцүүднэ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй уг асуудал уялдаж буйг хотын шинэ удирдлага анхаарна гэж найдъя. Аливаа хотын хөгжлийг үнэлэх нэг гол шалгуур нь ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт байдаг. Хотын өнгө үзэмжийг нэмж, иргэдийн эрүүл мэндэд тустай байсан зүлэг, цэцэг тарих ажлыг үргэлжлүүлж, мөн тарьж буй модныхоо арчлалтад анхаарах нь чухал байна. Бид ногоон хотод амьдрах эрхтэй.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Тохиромжтой хугацаанд нь тариагүй мод богино насалдаг
“Эколайн” компанийн зүлэгжүүлсэн талбай
Мод тарих хообийтой хүн Улаанбаатарт олон. Гэвч тарьсан модоо эсэн мэнд “бойжиж”, ургаж байгаа, эсэхэд санаа тавьдаг нь тун цөөн. Ялангуяа мод тарих үндэсний өдөр, ямар нэгэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, аян өрнүүлэх болохоор л нийслэлчүүд байгальд ээлтэй нэгэн болж хувирчихаад, бусад үед нь мартчихдаг гэмтэй. Уг нь арчилж тордох нь тарихаас хэцүү гэдэг дээ.
Энэ бэрхшээлийг хэнээс ч илүү сайн мэддэг хүмүүс бол цэцэрлэгжүүлэлт хийдэг компанийн ажилчид. Учир нь тэд газрын хөрстэй “амиараа” холбогдсон ганцхан ширхэг мод, бутыг ч болов арчлан тордож, нийслэлийнхээ өнгө үзэмжид хувь нэмэр оруулдаг.
Хавар цаг айлчилж, байгаль дэлхий өнгө засахтай зэрэгцэн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ханцуй шамлан ордог тэд өдгөө хотыг хэрхэн “ногооруулж” буйг сурвалжлахаар хэд хэдэн компанитай холбогдоход мод тарих үе хараахан болоогүй байгааг сануулав. Гэхдээ өдийд цэцэрлэгжүүлэлт хийх бэлтгэлээ базаадаг гэнэ.
Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эколайн” компанийг зорив. Тус компанийн ажилчид тарьц, суулгацуудаа бэлтгэж байлаа. Менежер Т.Золзаяа “Дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 15-нд цэцэрлэгжүүлэлт хийх, мод, бут тарих хамгийн тохиромжтой хугацаа. Одоо арай л болоогүй байна” гэсээр угтсан юм. Энэ хугацаанаас оройтож суулгавал тухайн модны амьдрах хувь буурч, үхдэг аж.
Гэвч хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн төсөл, хөтөлбөрийн тендерийн шалгаруулалт мод ид тарих үетэй зэрэгцдэг нь компаниудын ажлыг уядаг бололтой. Харин зүлэгжүүлэлтийг хэдийд ч хийж болох гэнэ. Гэхдээ долдугаар сарын 1-ний дотор амжуулбал ургалтын хувь нь өндөр байдаг санж.
Агаар, хөрсний бохирдлоос “дайжсан” иргэд мод, бут хэрхэн тарьж, цэцэрлэгжүүлэлт хийх талаар тус компанийнхнаас зөвлөгөө авах нь олширчээ. Зарим нь утсаар холбогдож, зөвлөгөө авдаг бол өөрсдөө очиж уулздаг иргэн ч бий гэнэ. Гэвч ногоон байгууламжид халтай, түүнийг хайр гамгүй сүйтгэж орхидог хүн олон гэдгийг компанийнхан онцоллоо.
Ямар сайндаа л тарьсан мод, бут, зүлгээ хүний хөлд сүйдэхээс сэргийлж, ургатал нь хашлага хийдэг юм байна. Т.Золзаяа “Нялх хүүхэд бөөцийлж байгаа мэт хайрлаж, арчилж ургуулсан зүлгэн дээгүүр туучаад жим гаргачихдаг. Өнөөхийг нь хариуцсан мэргэжилтнүүд нь хүлээж авахгүй байх тохиолдол олон” гэв.
2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн уг компани Тасганы овооны цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүргийн орон сууцны хороолол болон Яармагийн зам дагуух газруудыг “ногооруулсан” бол өдгөө Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын ногоон байгууламжийн гуравны нэгийг хариуцаж байгаа гэнэ.
Иргэд тарьц, суулгац авахдаа аль болох том, өндрийг сонгодог дутагдалтайг мэргэжилтнүүд ярилаа. Хаа нэг газрын ойгоос авчирсан мод хотын нөхцөлд дасан зохицтолоо ихээхэн зүдэрдэг учраас ургах таатай орчин болж чаддаггүй юм байна. Тэр ч бүү хэл хүнтэй адил стресстдэг тухай ярив. Тиймээс тарьц, суулгац сонгохдоо аль болох залуу мод авахыг зөвлөсөн юм. Үрээр таривал бүр сайн гэнэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
И.Дорж: Ойжуулах газруудын зураг төсвийг боловсруулахаар төлөвлөсөн
БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Доржтой ярилцлаа.
-Энэ жил хэчнээн га талбайг ойжуулахаар төлөвлөв?
-Тарьц, суулгацын нөөц, аж ахуйн нэгж байгууллагуудын чадамж, улсын төсвийн хүрэлцээ хангамжийг харгалзан үзээд 1100 га талбайг ойжуулж, нөхөн сэргээхээр төлөвлөсөн. Говь хээрийн бүсийн 100 га талбайд ногоон зурвас бий болгоно. 690 орчим га талбайд байгалийн сэргэн ургалтад туслах ажил гүйцэтгэж, үлдсэн 310 га-г ойжуулахаар төлөвлөсөн.
Өнгөрсөн онд хийсэн Олон зорилтот үндэсний ойн тооллогын үр дүнд Монгол орны ой байгалийн аясаар сэргэн ургах чадвар сайтай нь нотлогдсон. Тиймээс байгалийн аясаар нөхөн сэргэж буй ойг хамгаалах, алаг цоог ургаж байгаа бол нөхөн сэргээж тарих буюу байгалийн сэргэн ургалтад нь туслахад цаашид түлхүү анхаарна. Үүний тулд маш нарийн судалгааны материалтай болох хэрэгтэй.
Ой зохион байгуулалтын ажлыг жил бүр хийж, хаана, хэчнээн га талбайг ойжуулж, нөхөн сэргээх шаардлагатайг тодорхойлдог. Цаашид мэргэжлийн үүднээс судалж, зайлшгүй мод тарих, байгалийн сэргэн ургалтад туслах, байгальд нь даатгаад үлдээх ёстой газруудыг илүү нарийвчлан ангилж тогтоох юм. Үүнд үндэслэж ойжуулах газруудын зураг төсвийг боловсруулна.
-1100 га талбайг ойжуулж, нөхөн сэргээхэд хэр хөрөнгө төсөвлөсөн бэ?
-Нийт 532 сая төгрөг зарцуулж буй. Гэхдээ энэ нь зөвхөн улсын төсвөөр хийх ажил. Үүний зэрэгцээ орон нутгийн төсөв, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлүүд мөн хөрөнгө гаргаж ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт хийдэг.
-532 сая төгрөг хүрэлцэх үү. Өнгөрсөн онд уг ажилд хангалттай хөрөнгө төсөвлөөгүй гэж байсан.
-2016 онд үүнээс хоёр дахин бага мөнгө төсөвлөсөн шүү дээ. Д.Оюунхорол сайдын санаачилга, хичээл зүтгэлээр энэ жил төсвөө нэмүүлж, 2015 оны хэмжээнд хүргэсэн учраас хүртээмжтэй гэж үзэж болно. Ер нь ой нөхөн сэргээх нь цогц ажил байх ёстой юм. Эхлээд сайн чанарын үр бэлдээд, дараа нь түүнийгээ технологийн дагуу мэргэжлийн түвшинд тарьж, стандартад нийцсэн тарьц, суулгац авах ёстой.
Бэлэн болсон тарьц, суулгацаар нөхөн сэргээлт, ойжуулалт хийхэд улсын төсвийн хөрөнгийг зориулдаг. Үр, суулгацаа мэргэжлийн түвшинд бэлдэх асуудал орхигддог гэсэн үг. Гэхдээ бид зүгээр суухгүй, энэ жилээс үрийн байнгын талбай гаргаж, тусгаарлаж байна. Үрийн плантаз буюу зориулалтын талбайгаас үрээ авах эхлэл тавьж буй уг ажлыг Хэнтий аймагт хэрэгжүүлнэ.
-Мод тарьсан хэрнээ арчилдаггүй хаядаг гэх шүүмжлэл бий. Арчилгаанд хэрхэн анхаарах вэ?
-Ойжуулалт бол хүч хөдөлмөр, сэтгэл шаардсан ажил. Монголчууд мод тариад сурчихсан. Хамгийн гол нь ургуулах ажил орхигдчихоод байна. Яаж ургуулж, амьдруулж, цаашид ой болгох вэ гэдэг нь чухал. Хөрөнгө гаргаад мод тарьчихдаг хэрнээ арчлахгүй хаях нь өлгийтэй хүүхдийг ямар ч асран хамгаалагчгүй орхичихож байгаатай адил.
Энэ байдлыг өөрчилж, цаашид хоёр, гурав, дөрөв дэх жилийн арчилгаанд хэр хөрөнгө шаардагдахыг тодорхойлохын тулд нэг га талбайн зардлын норматив боловсруулж байгаа. Сангийн яамаар батлуулчихвал ирэх оноос хамгаалалтын зардлыг төсөвт суулгадаг болох юм.
Төрөөс ойн талаар баримтлах болон Ногоон хөгжлийн бодлогод 2020 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайг 8.3, 2030 онд есөн хувьд хүргэхээр тусгасан. Одоо бол 7.85 хувьтай. Уг зорилтыг биелүүлэхийн тулд 2020 он гэхэд 300.000 га талбайг ойжуулах юм уу, сэргэн ургалтад нь тусалсан, эсвэл байгалийн аясаар сэргээх ёстой гэсэн үг.
-Тарьсан модоо үнэхээр арчилж буй, эсэхийг хэрхэн хянах юм бол?
-Өмнө нь нэг газар 20 га, өөр бас нэг газар 15 га талбайг ойжуулах зэргээр алаг цоог ажил хийдэг байсан. Ойжуулах газруудын зураг төсвийг гаргачихвал түүнийхээ дагуу төвлөрүүлэн ойжуулж, хяналтыг сайжруулах боломжтой. 10.000 га талбай байлаа гэхэд энэ жил 1000 га, дараа жил бас тэр хэмжээний газрыг нь ойжуулдаг, түүнийгээ байнга арчилж, хянадаг болох юм. Хаана тарьсан нь мэдэгдэхгүй алга болчихдог жишгийг хална.
Олон зорилтот үндэсний ойн тооллогын үр дүнд ойгоо малаас хамгаалах шаардлагатай байгаа нь тодорхой болсон. Ойжуулсан талбайг хашиж хамгаалж байгаагүй учраас энэ нь шинэ ойлголт, ажил болчихоод буй. Одоогийн төсөвлөдөг хөрөнгийг зөвхөн мод тарихад л зориулдаг, хамгаалах зардлыг тусгадаггүй.
Харин цаашид мал их бэлчдэг газруудын ойг хамгаалах боломжийг судалж, зардлыг нь төсөвт тусгах талаар ярьж байгаа. Ирэх жилээс бага багаар хэрэгжүүлж эхэлнэ.
-Моднуудыг байнга хамгаалахын тулд хэзээ тарьсан, хэрхэн арчилж хамгаалсан талаарх мэдээллийг нь бүртгэсэн чиптэй болгох талаар ярьж байсан. Уг ажлыг хэрэгжүүлж байгаа юу?
-Үргэлжилж буй. Манай газрынхан холбогдох байгууллагуудтай хамтраад Ой хамгаалал, нөхөн сэргээлтийн мэдээллийн сан гаргахаар боловсруулж байна. Одоохондоо хараахан дуусаагүй. Өнгөрсөн сарын 20-ноос туршиж, зарим аймгийн мэдээллийг оруулсан. Удахгүй нийтийн хүртээл болгоно.
-Бүх нийтээрээ мод тарих өдөр удахгүй тохионо. Уг өдрөөр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Өмнөх жилүүдийн адилаар тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Урьд нь уулнаас авчирсан, эсвэл импортын тарьц, суулгац худалддаг байсан. Тэгвэл энэ удаа тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагуудын суулгацыг л борлуулна. Нэлээд хатуу хяналт тавихаар төлөвлөсөн.
Бас ургамалжилтын бүсийг анхаарч, Улаанбаатарт зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд гэхэд хот орчим ургадаг мод, ургамлын тарьц, суулгацыг зарахаар болсон. Хөдөөнөөс авчирсан суулгацыг хотод зардаг, иргэд түүнийг нь мэдэхгүй авч тарих нь түгээмэл үзэгдэл байлаа. Ургамалжилтынх нь бүс өөр учраас өнөөх мод нь сайн ургахгүй, иргэдийн сонирхол ч буурдаг.
Энэ мэт асуудлыг нэлээд судалсны үндсэн дээр бид мод тарих талаар олон нийтэд зайлшгүй мэдлэг олгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч, өнгөрсөн намраас сургалт явуулж эхэлсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Газар нутгийнх нь 40-60 хувь ногоон бол “сайн”
Хотын нэг оршин суугчид 50 ам метр ногоон байгууламж ногдох ёстой гэсэн нормыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг аж. Хотын газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ногоон байгууламж эзэлдэг бол цэцэрлэгжүүлэлт муу, 40-60 хувьтай бол сайнд тооцож байна.
Унгарын нийслэл Будапешт хот Дунай мөрний эрэг дагуух 28 км урт газар эзэлдэг. Хамгийн үзэсгэлэнтэй түүхэн хотуудын нэгд тооцогддог тус хот Лато, Харш, Янош, Шам гэсэн дөрвөн уулын дунд оршдог. Эртний Ромын үеэс үндэс суурь нь тавигдаж, 1873 онд одоогийн нэрээр хөгжсөн тус хот 1970-аад онд экологи нь муудсантай холбоотойгоор байгаль орчныг бохирдуулдаг 300 орчим үйлдвэрийг гаргаж, тэдгээрийн оронд цэцэрлэгжүүлэлт хийжээ.
Одоо Будапештад Унгарын хотууд дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдийн 20 хувь ногддог буюу 15.5 сая ам метр талбай эзэлж байна. Энэ нь талбайн хэмжээ 1970 оныхоос зургаан сая ам метрээр томорсныг илтгэж байна. Гэсэн ч дунджаар нэг оршин суугчид нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн найман ам метр газар ногдож байгаа гэнэ.
Ногоон байгууламжийн тоо, чанараар Европын нийслэлүүдийг тэргүүлэгчдийн нэг Лондон хот хамгаалалтын ногоон бүстэй. Газрыг зохион байгуулалтгүй ашиглахаас сэргийлсэн уг бүсийн гадна л барилга барихыг зөвшөөрдөг байна.
Дэлхийн хамгийн том хотуудын нэг Токио 1960-аад онд хорт хийгээр амьсгалж байжээ. Засгийн газар нь нийслэлээ цэцэрлэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр тус хотын экологийн байдал үлэмж сайжирсан гэнэ. Зай завсаргүй шахам барилгатай хот Японы гэсэн онцлогтой, усан оргилууртай бичил цэцэрлэгүүд хаа сайгүй бий. Том биш ч арчилгаа сайтай, хотын орчинд нийцсэн тэдгээр цэцэрлэг Токиог ногоон хот гэсэн тодотголтой болгожээ.
Цэцэрлэгжүүлэх ажил өндөр өртөгтэй учир захын дүүргүүдэд орших хүрээлэнгүүдээ ногоон байгууламжтай болгох аргыг дэлхийн хотууд сонгож байна. Тэдгээр цэцэрлэгт хүрээлэн нь хотын ногоон байгууламжуудтай авто замаар холбогдсон байдаг аж.
БРАВО
315 га талбайг хүлээлгэн өгөв
Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн багийнхан Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 205 га талбайд ойн зурвас байгуулж, 110 га талбайд заган төгөл бий болгож, нийт 315 га талбайг ногооруулжээ. Уг ажлаа дуусгаж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр боллоо. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд БНСУ-ын Засгийн газраас 12 сая орчим ам.долларын хөрөнгө оруулжээ.
Дээр дурдсан ажлаас гадна Төв аймгийн Лүн суманд 20, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 24 га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан байна. Тарьсан моднуудын 80-90 хувь нь амьд, ургаж буй гэнэ. Хүлээлгэн өгсөн 315 га талбайдаа 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий мод, 570.2 сая төгрөгийн усалгааны иж бүрэн систем, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг нь шийдэж өгсөн байна.
Цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор манай улс 2007 оноос БНСУ-ын Засгийн газартай хамтран “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн эхний үе шат нь 10 жилийн хугацаатай бөгөөд энэ онд дуусгавар болж, ажлаа хүлээлгэн өгч буй нь энэ аж. Дашрамд дурдахад, уг төслийн хоёрдугаар шатны гэрээг талууд өнгөрсөн онд байгуулжээ. Энэ хүрээнд 2017-2022 онд Улаанбаатар хотын 50 га талбайг ойжуулахаар болсон юм байна.
БАЙР СУУРЬ
Цэцэрлэгжүүлэлтийн ажил яагаад үр дүнд хүрдэггүй талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
БАЙНГЫН АРЧИЛГАА ЧУХАЛ
С.ОДОНГЭРЭЛ (ХААИС-ийн “Ландшафтын архитектор” хөтөлбөрийн хорооны зохицуулагч, доктор):
-Хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компани манай улсад байдаг ч тэдгээрт мэргэжлийн хүн цөөн ажилладаг. Сүүлийн жилүүдэд уулнаас том мод авчирч, хотод суулгадаг болсон. Уулын мод эхний гурав, дөрвөн жилд өөрийнхөө шим тэжээлээр амьдарч, шинэ орчиндоо дасан зохицдог боловч түүнээс цааш үхэж эхэлдэг. Харин суулгасан компани нь эхний хоёр жил арчлаад орхичихдог.
Үүний уршгаар мод олноороо үхэж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдаад байгаа юм. Уг нь уулын модыг зохих технологийн дагуу тээвэрлэх ёстой. Хэдэн настай модыг хэдий хугацаанд тээвэрлэх, үндсийг нь яаж хамгаалах, тээврийн ямар хэрэгсэл ашиглах гээд нарийн стандарт мөрдөх учиртай.
Цэцгийн хувьд бас өөр технологитой. Ихэнх хот, суурин газар төв гудамжиндаа нэг настай, цэцэрлэгт хүрээлэндээ хоёр настай цэцэг голчлон суулгадаг. Стандартыг нарийн мөрдвөл уулын мод тарьж болохгүй гэх зүйлгүй.
Мод үхэж, ногоон байгууламжийн ажил үр дүнд хүрэхгүй байгаа нь арчлалттай салшгүй холбоотой. Барилга барьсан компани тухайн барилгынхаа 30 хувийг цэцэрлэгжүүлж, ландшафтын архитектор ажиллуулах нормтой. Гэтэл ихэнх барилгын компани цэцэрлэгжүүлэлт хийхгүйгээр хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барьчихаад түүнийгээ ногоон байгууламжид тооцдог учраас ландшафтын архитектор ажилд авдаггүй.
Ер нь хот цэцэрлэгжүүлэлтийн ажил анхнаасаа ерөнхий төлөвлөгөөтэй уялдах ёстой. Гэвч манай улсад тэнд тийм ногоон байгууламж байдаг гэсэн мэдээлэл байхаас биш, тухайн талбайг тэдэн онд байгуулсан, ийм ийм ургамал ургадаг гэдэг нарийвчилсан судалгаа байдаггүй. Эцэст нь дүгнэхэд, хот төлөвлөлтдөө анхаарч, ландшафтын архитектор мэргэжлээр төгсөгчдөө дэмжин, уулын модыг зохих стандартын дагуу тээвэрлэж, ногоон байгууламжаа үргэлж арчилбал Монгол ногоон улс болох бүрэн боломжтой.
НОГООН БАЙГУУЛАМЖ ШИГ ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ҮГҮЙ
М.МӨНХТОГТОХ (“Ногоон ой, инновац” ТББ-ын гишүүн, дендрологич):
-Манай улсын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дунджаас маш бага. Тийм байтал хотын төвд мод, цэцэг тарьж, үр ашиггүй мөнгө хийсгэлээ гээд иргэд шүүмжлээд байдаг нь маш буруу. Өөрсдөө ганц ширхэг ч мод тарихгүй байж бусдын хийж буйг үгүйсгэдэг хандлага давамгай ажиглагддаг. Боломжтой бүх газарт ургамал ногоо тарьж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлмээр байна.
Манай улс нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020 он гэхэд дэлхийн жишигт хүргэнэ гэж зорьж байгаа юм билээ. Үүнийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллаасай билээ. Тэгвэл хүн амын эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй. 2005 оны үед цэцэрлэгжүүлэлт хийдэг компани олон байсан. Үйл ажиллагааг төрөөс дэмждэггүй, иргэд ч хийсэн ажлыг нь гоочилсоор байтал дийлэнх нь хаалгаа барьчихлаа.
Уг нь бүтээн байгуулалт эрчтэй хийж байгаа энэ цагт ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт шиг үнэтэй зүйл үгүй. Хэдэн арван давхар, гял цал шилэн барилгаас илүү хэрэгтэй зүйл бол цэцэрлэгжүүлэлт. Манайхан экологийн боловсрол доройгоос үүнийг ад үздэг. Тиймээс хотын төв өнгө үзэмжгүй, иргэд өвчинд өртөмтгий байгаа хэрэг.
ХОТ ТОХИЖИЛТ, ТӨЛӨВЛӨЛТӨД ЕР АНХААРАХГҮЙ БАЙНА
С.ТӨМӨРБҮҮВЭЙ (“Ногоон төгөл” ТББ-ын судлаач)
-Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлууд үр дүнгүй болж байгаад гурван хүчин зүйл нөлөөлдөг гэж үзэж байна. Эхнийх нь иргэдийн буруу хандлага, сэтгэлгээ. Дөнгөж соёолж байгаа зүлгэн дээр гишгэдэг, нялх модыг хугачдаг хүмүүст хариуцлага тооцдог болъё. Хоёрдугаарт, тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийдэг мэргэжлийн боловсон хүчин дутмаг. Одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүгд мэргэжлийн бус хүн ажиллуулдаг.
Тарьсан мод, бут, сөөгөө хэрхэн арчлахаа ч мэдэхгүй, “Ногоон байгууламжаа хүлээлгэж өгөх гэтэл хатчихаж, ургахгүй байна, яах вэ” гэж хандаж байсан удаатай. Мэргэжлийн хүнээр хийлгээгүйгээс тарьсан мод нь ургахгүй, алдагдалд ордог. Ургаснаасаа илүү үхсэн нь олон байх шүү. Хувь хүмүүс, төрийн байгууллагуудын аль аль нь цэцэрлэгжүүлэлт хийлгэхдээ мэргэжлийн хүн сонгох хэрэгтэй.
Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд ч анхаарууштай. Төр, засаг хот төлөвлөлт, тохижилтод ер анхаарахгүй байна. Хөгжингүй орнууд харин ногоон байгууламжийг нэгдүгээрт тавьдаг юм билээ. Ажиллах хүчний нөөцөд ч онцгой анхаардаг.