Боловсролын салбарын ирээдүйг бодохоос л эмзэглэх юм. Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд сонсголын бэрхшээлтэй сурагчдынхаа эсрэг өмгөөлөгч хөлслөөд авчихсан, “Шүүхэд хандана” хэмээн зуунгитан тэмцэхийг үзэв. Суурь боловсролыг бусад хүүхэдтэй адил тэгш эзэмшихийн тулд бүх хичээлээ дохионы хэлээр заах шаардлага сургуулийн захиргаандаа тавьсан сурагчдыг тэд үл тоон “Аравхан хүүхдийн гомдолд үндэслэн асуудлыг дэвэргэх хэрэггүй” гэж сэтгүүлчид рүү цамнахыг харлаа.
Хүүхдүүдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг авч хэлэлцэхийн оронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хээв нэг “эр, эмийн ажил” ярьж, “Манай сургуулийн дотуур байр бүрэн камертай. Сургуулийн орчинд тийм бусармаг зүйл болох учиргүй” гэх ядмаг тайлбараар арьсаа хамгаалаад байхаар өмнөөс нь ичиж үхмээр. Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан албанд хүчин зүтгэж буй багшийн ёс зүй ингэхэд хаачсан юм бэ.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах асуудлыг орхигдуулсан, багшлах боловсон хүчнийг нь шаардлагатай хэмжээнд хүртэл бэлдээгүй, тэднийг дэмжих, урамшуулах тогтолцоогүй явж ирсний хар гайгаар өнөөдөр байдал ийм дээрээ тулчихаад байхад БСШУС-ын хоёр сайд нь шал эсрэг, тэсрэг тайлбар хэлээд сууж байдаг. Хэлгүй, дүлий хүүхдүүдэд дохионы хэлээр хичээл заахгүй байна гэдэг асуудал сөхөгдөж байхад бодлого боловсруулах учиртай яамны сайд нь тэмээ гэхээр өөдөөс ямаа гэдэг шиг “Дохионы багшийг олноор бэлтгэвэл ажлын байргүй болох эрсдэлтэй” хэмээн сөргөж л байдаг.
Аль сургуульд багшлах боловсон хүчин дутагдалтай байна, тэрийг яаж нөхөх вэ, хаана ямар чиглэлийн багш илүүдээд байна вэ гэдгийг бодлогоор зохицуулах ёстой биз дээ, уг нь. Ямартай ч 29 дүгээр тусгай сургуульд үүсээд буй нөхцөл байдлыг хянаж шалгахаар яамнаас ажлын хэсэг гарсан гэсэн. Тэд хэзээ дүгнэлтээ танилцуулах юм, бүү мэд. Сайд нар нь хоорондоо эв түнжингүй, хоёр тийшээ харж суучихаад байгаа болохоор ч тэр үү, энэ яаманд урагшилж, бүтэж буй ажил гэж үнэндээ тун ховор байна. Аль ч сайдын үед боловсролын салбарт “амьдрал буцалж”, сайн, муу мэдээ байнга чих дэлсэж байдаг бол энэ удаа жигтэйхэн амар тайван, ажин түжин байх юм.
Эндээс улбаалаад, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн том салбарыг зангидан удирдаж байгаа хүмүүс өнгөрсөн хугацаанд ер нь юу хийв гэдгийг шинжихээр болов. Бусад нь байг гэхэд Монголын боловсролын салбарт шийдлээ хүлээж буй олон асуудал, ямар замаар хаашаа явах нь тодорхойгүй, гацаанд орчихоод буй бодлого, зорилт бишгүй.
Адаглаад манай ерөнхий боловсролын сургуулиуд цаашид Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллээд явах уу, эсвэл өөрчлөх үү, сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, стандартыг дахин шинэчлэх үү, ахлах ангийнхны сурах бичгүүдийг хэзээ хэвлэх вэ гэх зэрэг олон асуулт хариу нэхсээр чилийсэн есөн сарыг ардаа орхилоо.
2016 онд ерөнхий боловсролын сургуулийн арав, арваннэгдүгээр ангийн сурах бичгийг зохиох, хэвлэх мөнгө Монгол Улсад “олдоогүйн” улмаас сурагчид энэ хичээлийн жил цөм хөтөлбөрийн агуулгатайгаа танилцаж чадаагүй. Ахлах ангийнхны номыг зохиох, хэвлэхэд шаардлагатай дөрвөн тэрбум гаруй төгрөгийг Сангийн яамныхан “луу унжсаар” оны босгон дээр арайхийн шийдэж өгсөн ч арав, арваннэгдүгээр ангийн сурах бичгийг энэ жилдээ багтаад зохиовол их юм.
Тэгээд ирэх төсвийн жил эхлэхээр сурах бичгээ хэвлэнэ гэсэн үг. Тэр хүртэл хүүхдүүд хуучин сурах бичгээрээ хичээллэх бололтой. Тэдгээр нь ч хүрэлцээгүй байгаа тул хүүхдүүд олдсон хэдэн номоо хувилж, ээлж ээлжээр дамжуулан хэрэглэж буй.
Уг нь эдийн засагч юм уу, хуульч, эсвэл тамирчин болох хүсэлтэй хүүхдэд заавал Мендлеевийн үелэх системийг бүрэн цээжлүүлэх албагүй, өгүүлбэрийн гишүүдээр зуруу лах гэж үйлийг нь үзэх бүр ч шаардлагагүй тул ийм тогтолцоог халах гэж л цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Ахлах ангийнхны сургалтын цөм хөтөлбөрөөр бол ирээдүйд эмч, сувилагч болох хүүхдүүд мэргэжлийнхээ дагуу заавал сонгон судлах хичээлээрээ хими, биологи, физик голлон үзэх ёстой байлаа.
Гэвч цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг бүлэгт 20-30 хүүхэд байх ёстой гээд заачихсан учраас хими, биологийн хичээлийг сонгосон сурагчдын тоо тэр хэмжээнд хүрээгүй гэсэн шалтгаанаар хамаатны маань охины ангийнхан лав олонхоо дагаад математик, англи хэл судалж буй.
Стандартад суурилсан боловсролын агуулгаа ийнхүү бүрэн боловсруулж дуусаагүй байхад ахлах ангийнхны сургалтын цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэх шийдвэрийг 2016 оны долдугаар сарын эхээр Засгийн газраас гаргачихсан. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг бодлого боловсруулагчид яаруу давчуу хөдөлснөөс болоод өнөөдөр ахлах ангийн сурах бичиг ч хэвлэгдээгүй, сурагчид өөрсдийн сонгосон хичээлээ ч үзэх боломжгүй сууж байна.
Хамгийн гол нь энэ хичээлийн жил заавал судлах болон заавал сонгон судлах хичээлээ үзээгүй аравдугаар ангийнхны кредит цагийг хэрхэн тооцох вэ (X ангидаа 35, XI, XII ангидаа 36, 34 кредит цагийн хичээл судалж байж ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ авах эрхтэй болно) гэдэгт эцэг, эхчүүдийн сэтгэл маш их зовниж буй.
Харин энэхүү шинэ тогтолцоог Монголын хөрсөнд буулгахын тулд сургалтын зохион байгуулалтыг эргэж харах шаардлагатай байгаа гээд намраас хойш хоёр дахь ажлын хэсэг нь байгуулагджээ. Ажлын хэсэг байгуулснаар асуудал шийдэгддэг бол ерөнхий боловсролын сургуулийн сургалтын шинэчлэл өдийд арай ч ийм зуун задгай жаран хагархай байхгүй байлаа.
“6:15-д сүнс алга болов. Яг энэ үеэс эхлэн тэр өрөөний цаг буруу тийш явж эхлэв (тийм боловч зөв явж байгаа цагтай ижил хурдтай). Сүнс дахин өрөөнд үзэгдэхэд зөв цагаар 19:30 болж байв. Тэгвэл тэр өрөөний цаг хэд болж байсан бэ?” гэдэг өгүүлбэртэй бодлого хоёрдугаар ангийн сурагчийн олимпиадад ирж байна гээд бод доо. Боловсролын байгууллагад ажилладаг эрүүл ухаантай хүний оюун санаанаас ийм утга агуулгатай үг, өгүүлбэр гарсан гэхээр ямар эмгэнэлтэй вэ.
Манай улс арванхоёрдугаар ангийн хүүхдийн монгол хэлний шалгалтын эсээ бичих даалгаварт “Миний дуртай нэвтрүүлэг” гэсэн сэдэв өгч байхад Японд дунд сургуулиа төгсөх гэж буй хүүхдүүдээр 5000 хайку, танка шүлгийн утгыг тайлан, эсээ бичүүлж шалгадаг байна.
Тийм болохоор чинь “Монгол хүний гайхамшигтай уураг тархийг ингэтлээ доош нь хийж, мөхөөгөөд байгаа боловсролын тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Нямаа гуай бачимдах нь аргагүй. Эрүүл биетэй, саруул ухаантай, зөв монгол хүнийг төлөвшүүлье гэж үнэхээр хүсэж байгаа бол боловсролын тогтолцоогоо өөрчлөх ёстой болохоос амьгүй албат шиг суудал бөглөх хэрэггүй.
Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн хугацаанд боловсролын сайдын хийсэн тоймтой ажил нь гэвэл зарим их, дээд сургуулийн удирдах зөвлөлийг томилсон явдал. Тэгэхдээ бас “Улстөржсөн томилгоо хийлээ” гэсэн маргаан араасаа дагуулаад шүү. Их, дээд сургуулиудын тухайд үүнээс чухал шийдэх асуудал байхгүй юм гэж үү.
Тухайлбал, магистр, докторын зэрэг горилогчдыг эрдмийн ажлаа хамгаалахад нь шалгах, тэдэнд эрх олгох үүрэг бүхий дээд комисс гэж байсныг 1990-ээд онд татан буулгасныг дахин байгуулах шаардлагатай байгааг салбарынхан олон жил ярьж буй. Тийм хяналт шалгалт, цензур байхгүй болсон учраас өнөөдөр Монголд “дипломны гол” болсон доктор олноор төрөн гарсан.
Орос гэхэд л энэхүү байгууллагаа татан буулгасан гэмээ ухаарч, дахиад байгуулсан гэдэг. Өнгөрсөн намар БСШУС-ын сайд газар, хэлтсийн дарга нартайгаа хойд хөршид айлчлахдаа ядаж үүнийг анзаараагүй юм болов уу.