УИХ-ын хаврын чуулган өчигдөр эхэллээ. Энэ удаагийн хаврын чуулганаар ямар асуудал анхаарлын төвд байхыг тоймлоё.
Хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмэх даалгавар авсан. Сангийн яамнаас “Сар шинийн өмнө төсвийн тодотголын төсөл боловсруулж, үүнийг маань Засгийн газар дэмжсэн.
Одоо УИХ-аар хэлэлцэж, батлах ажил л үлдсэн” хэмээн мэдэгдсэн ч МАН-ын Удирдах зөвлөл ээлжит бус чуулган зарлахгүйгээр хаврын чуулганыг хүлээх шийдвэр гаргасан. Харин Засгийн газар төсвийн тодотгол нь батлагдахыг хоног тоолон хүлээж буй.
Сонгуулийн амлалтаа зөрчиж, долоон төрлийн татвар нэмэхээр болсон Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэх гишүүн УИХ дахь МАН-ын бүлэгт нэг биш байсан ч төсвийн тодотголыг дэмжин батлахаас өөр гарцгүй хэмээн байр сууриа нэгтгэсэн гэсэн мэдээлэл бий.
УИХ-ын дарга ч хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах шинэчлэлийг хийхэд бидэнд тусална. Мөн урьд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө.
Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү, эдийн засгийн байдал тогтворжих, банк, санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал дээшлүүлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээснээс үзэхэд төсвийн тодотгол тээг саадгүй батлагдах бололтой. Төсвийн тодотголыг Засгийн газрын өргөн барьснаар баталбал,
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгээс татвар авах байсныг урагшлуулна. Ингэхдээ ямар нэг босго тогтоож, хязгаар тавихгүй, их, бага гэлгүй бүх хадгаламжийн хүүгээс татвар авна.
-Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1 болон аравдугаар сарын 1-нээс хоёр удаа нэмнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг энэ онд хоёр, ирэх онд нэг, 2019 онд хоёр хувиар тус, тус нэмэгдүүлнэ. Мөн тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх бөгөөд эрэгтэйчүүд 2026, эмэгтэйчүүд 2036 оноос 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг болно.
-Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгоно. Тодруулбал, 1.5 сая төгрөг хүртэлх цалинд ногдуулах татварын хэмжээ хуучнаараа буюу 10, 1.5-2.5 сая төгрөгийн цалинд 15, 2.5-3.5 сая төгрөгийн цалинд 20 хувийн татвар ногдуулна. Хувь хүний үйл ажиллагааны орлогын албан татвар 10 хувь хэвээр үлдэх юм байна.
-Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамааран 3-15 хувиар нэмнэ. Мөн 4500-гаас илүү хөдөлгүүрийн багтаамжтай машины онцгой албан татварыг насжилтаас нь хамааран 40-250 хувиар нэмэгдүүлнэ.
-Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг ирэх онд 10, 2019 онд тав, 2020 онд таван хувиар нэмэгдүүлнэ.
-Импортын тамхинд ноогдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөнө. Мөн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож буйг багасгаж, 40 хувь болгоно. Хэмнэсэн 20 хувиа эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоолны талон болгож олгоно.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хамгийн анхаарал татаж буй нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Төрийн тулгуур болсон энэ баримт бичгийг өөрчлөх талаар нэлээд эрчимтэй ярьж, ажил өрнүүлж буй ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, оруулбал юуг, хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуултын хариу тодорхойгүй хэвээр байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судална гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулсан. УИХ ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, Төрийн байгуулалтын байнгын хороонд суурилсан, Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судалж буй.
Засгийн газар болон УИХ-аас байгуулсан хоёр ажлын хэсэг иргэдийн саналыг авч, судлах ажил хараахан дуусаагүй байгаа гэнэ. Үе үеийн парламентаар ярьдаг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал энэ удаа биеллээ олох боломж өндөр харагдаж буй ч хаврын чуулганаар амжих, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
ГАДААДЫН БАНК
“Дотоодын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон улсын стандартыг нэвтрүүлэх, өрсөлдөөн бий болгох, үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ энэ чуулганаараа батлан гаргах шаардлагатай” гэсэн УИХ-ын даргын үг анхаарал татав. Хөрөнгө оруулалтын банкны тухай төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд өргөн мэдүүлсэн юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, банк, санхүүгийн системийн нээлттэй, ил тод байдлыг хангаж, гадаадын банкны салбар нэгж нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилготой уг хуулийн төсөл Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд тэргүүн ээлжинд боловсруулж, батлах шаардлагатай хуулийн жагсаалтад багтсан аж.
Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрүүлэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад, дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг тус төсөлд тусгасан гэсэн мэдээллийг санаачлагчид нь өгч буй юм.
МОНГОЛД КАЗИНО БАЙГУУЛАХ УУ
Өмнөх парламентаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч баталж амжилгүй бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Уг хуулийн төсөл мөн л Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд тэргүүн ээлжинд батлах шаардлагатай хуулийн жагсаалтад багтсан тул энэ хаврын чуулганаар баталж мэднэ. Монголд казино байгуулснаар манай орныг зорих жуулчны тоо нэг саяар, төсвийн орлого 130 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоог санаачлагчид нь хийсэн юм билээ.
Хуулийн төсөлд Монголын иргэнийг казинод тоглуулахгүй, гадаад улсын 21-ээс дээш насны иргэд үйлчилнэ гэсэн заалт бий. Казино байгуулах 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авахын тулд 35 тэрбум төгрөг төлөхөөр төсөлд тусгасан. Энэ мэтчилэн “сэхээнээс гарсан” эдийн засгаа эрүүлжүүлэхэд чиглэсэн хууль, тогтоомжийг УИХ-ын хаврын чуулганаар голлон хэлэлцэх нь.
Мөн энэ хаврын чуулганы хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу УИХ шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль батлах, тангараг өргөх өдрийг товлох, тангараг өргөх ёслолын журмыг тогтоох, тангараг өргүүлэх үүрэгтэй.