2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ хаврын ээлжит чуулганаа эхлүүллээ. Чуулганы нээлтэд гишүүдийн 71.1 хувь буюу 54 нь хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мориллоо. Арав гаруй гишүүн гадаад томилолттой байгаа бол гишүүн С.Батболд эмнэлгийн чөлөөтэй хэмээн ирцэд бүртгэгджээ. Харин нээлтэд оролцохгүйгээ мэдэгдсэн гишүүн С.Жавхланг “Орон нутагт ажиллаж байгаа” хэмээсэн байв.
ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төсвийг тодотгохтой хамт хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж, “Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй” хэмээн хэлсэн. Мөн “Царигийн хэмжээ, цацсан хөрөнгө тойрсон ярианаас цаашгүй байгаа төмөр замын талаар оновчтой шийдвэр, бодит үр дүн гаргах цаг болсон.
Энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоол энэ ажлыг зөв замд нь нэг мөр чиглүүлэх гол хөшүүрэг болох учиртай. Дотоодын банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж олон улсын стандартыг нэвтрүүлэх, өрсөлдөөн бий болгох, үндэсний төлбөрийн системийн тогтвортой, тасралтгүй, найдвартай, үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн Хөрөнгө оруулалтын банкны болон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг энэ чуулганаараа батлах шаардлагатай.
Хэлэлцэхээр төлөвлөсөн Мал, амьтны эрүүл мэндийн, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл нь мал эмнэлгийн албаны тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, дунд хугацаанд гадаад зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлогыг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Төрийн албанд ажлын үр дүнгээр албан тушаал дэвшүүлэх, бууруулах, цалин хөлс, урамшуулал олгох, эсхүл хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэдэг тогтолцоог хуульчилна.
Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцох эрх зүйн орчныг бүрдүүлэх зарчмыг мөн баримтална. УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг намрын чуулганаараа хэлэлцэн баталж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлд бодитой, далайцтай ямар ажил зохион байгуулав, үр дүн нь юу болов гэдгийг хармаар байна.
Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг гаргуулж, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн байнгын хороонд даалгаж байна. “Оффшор” гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. Миний хувьд төрийн алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье” хэмээн хэлэлцэхээр төлөвлөсөн зарим төслийн талаар онцолсон.
Дараа нь Төрийн тэргүүн үг хэлсэн. Хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй түүний хувьд энэ нь УИХ-ын чуулганы нээлтэд хэлж буй сүүлчийн үг билээ. Тэрбээр 40 гаруй минут ярихдаа Монгол Улс хариуцлагатай цаг мөчийн өмнө тулж ирсэн, шийдвэр гаргагчид, тэр дундаа УИХ чухал шийдвэр гаргаж, иргэд сонгогчдын итгэлийг алдахгүй ажиллах ёстойг анхааруулаад, ямар асуудлыг яаралтай, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлага, бизнес дэх төрийн оролцоо, төсвийн зардал, улс төрийн нам болон гүйцэтгэх засаглалын асуудлыг хөндөж, эдгээр чиглэлээр өөрийнх нь болон өрөөлийн санаачилсан хуулийн төслүүдийг шигшиж, эрх зүйн орчныг нь яаралтай бий болгож, төгөлдөржүүлэхийг захив (Түүний хэлсэн үгнээс заримыг нь дор онцлон эшлэв). Эцэст нь тэрбээр “Явах хүнээр ачаа бүү татуул” гэсэн байдлаар биш, хэлснийг минь анхааран сонссон та бүхэнд баярлалаа.
Монголын төрийн хар хайрцагны бодлого хүнтэйгээ яваад өгдгийг би буруу гэж боддог. “Хүн хэлэхээс наашгүй” гэж үг байдаг. Хойч үедээ хэлж сануулж, хийж бүтээх үйлсэд нь дэмжлэг үзүүлж, дэм дэмэндээ эвлэж урагшилдаг нь хүний нийгмийн ёс” гээд манай улсад аюулын харанга дэгдээд удаж байгаа хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ болон үр хөндөлтийн асуудлыг онцолж, эрхэлсэн сайд нарынх нь нэрийг цохож анхаарал хандуулахыг хүслээ.