Нэгэн цагт гадаадын кинонуудаас л олж харж, биднээс хол зүйл юм шиг санадаг байсан уршигт өвчинтэй нүүр тулаад монголчууд цөөнгүй жилийг үдлээ. Бид өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэлцдэг. Тэгвэл сэтгэцэд нөлөөлөх эм, бодист дурлах, донтох эмгэгийг иргэд өөрсдөө уйгагүй эрж хайсаар худалдаж авч байна.
Үүний үр дүнд мансуурагч олширч, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл төрөлжин “хөгжсөөр”. Олны танил хэн нэгэн эрхэм, эцэг, эхийнхээ хөрөнгөөр туйлсан залуус хар тамхины хэрэгт холбогдсон, дунд сургуулийн сурагчид ахуйн хий, шар цавуу үнэртэж мансуурсан тухай мэдээлэл байсхийгээд л дуулдах болсон ч нийгэм цочрохоо болив. Хууль хяналтын байгууллагынхан ч “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчдийн бүхэл бүтэн сүлжээ бий болсон. Одоо бүр электрон тамхинд агуулагддаг, ууршдаг бодисыг үнэрлэн мансуурах болж” хэмээн халаглаж сууна.
ЦЕГ-т бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр бол манай улсад сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэдэг хүн 5000-8000, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан судалгаагаар 60-80 мянга бий гэсэн зөрүүтэй мэдээлэл байна. Эдгээр статистикийн аль нь ч үнэн байсан мансууруулах бодисоос үүдэлтэй эмгэг Монголд хэдийнэ газар авсныг илтгэж байгаа юм.
Харин одоо бид энэ тоо баримтад ач холбогдол өгч, толгой сэгсэрч суухаас илүү чухал зүйл нь нэгэнт ийм эмгэгтэй болсон хүмүүсийг хэрхэн эмчилж, амийг нь аврах вэ гэдэг асуудал. Хэдийгээр энэ нь өчигдөр, өнөөдөр гарч ирсэн, шинэ сэдэв биш ч мартагдчихдаг гэмтэй.
Зугаа цэнгэл, жаргалдаа ташуурч, мансууруулах бодистой удаан хугацаанд нөхөрлөсөн нэгэн байхад зарим нь сониуч зан, хэн нэгний өдөөн хатгалгад автсанаас донтох өвчтэй болдог. Ямар ч шалтгаанаар мансууруулах бодистой холбогдсон байсан ч иргэн хүн амьд явах эрхтэй учир тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нь зүйн хэрэг.
Гэтэл манай эрүүл мэндийн байгууллагуудад мансуурагчдыг эмчлэх боломж нөхцөл өдий хүртэл бүрдээгүй нь тэдэнд үхэхээс өөр сонголт оноосонгүй. Дээрээс нь ийм өвчтэй хүмүүсийг торны цаана суулгах, хариуцлага тооцохыг л нэн түрүүнд чухалчилдаг хандлага нийгэмд бугшсанаас “Би донтох эмгэгтэй” гэж хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн байгууллагад хандах хүн тун цөөн гэнэ. Уг нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнийг хэрхэн эмчлэх, ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай олон улсын стандарт бий юм санж.
Эл стандартад дурдсанаар сэтгэцэд нөлөөлөх ямар төрлийн бодис хэрэглэснээс хамаараад донтох эмгэгийг 10 бүлэгт хуваасан бөгөөд тус бүрийнх нь онцлогт тохирсон оношилгоо, эмчилгээг сайн дурын болон албадан байдлаар хийх ёстой гэнэ. Өдгөө манайд энэ чиглэлийн дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг, СЭМҮТ-өөс өөр байхгүй гэхэд хилсдэхгүй.
Эл байгууллагууд зөвхөн архинд донтсон иргэдийг бус, төрөл бүрийн донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх үүрэгтэй. Гэвч олон улсын болон Монгол Улсын стандартын дагуу эмчилгээ, оношилгоо бүрэн хийдэггүй гэнэ. Хордлого тайлах, зан үйл өөрчлөх сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс хэтэрдэггүй аж.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Өнгөрсөн хугацаанд манай байгууллагад мансуурах бодист донтох эмгэгтэй 270 гаруй иргэн хандсан. Ийм төрлийн эмгэгтэй хүн сэтгэл зүйн хувьд ихээхэн дарамтад байдаг. Энэ байдлаасаа залхахаараа бидэнд ханддаг. Гэтэл манайд тэднийг анагаах боломж, эмчилгээний тогтолцоо алга. Энэ чиглэлээр гадаадад мэргэжил дээшлүүлсэн ганц л эмч СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникт бий. Энэ давуу талаа ашиглаад эмчилгээ, оношилгоогоо сайжруулах гэж хичээж буй боловч оролдлого, туршилтаас хэтрэхгүй байна” гэв.
Харин СЭМҮТ-ийн их эмч, “Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Мөнхтуяа “Бид мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлд донтох эмгэгтэй хүмүүст 12 төрлийн эмчилгээ хийдэг. Орлуулах эмчилгээ хийхэд ашигладаг эм, ерөндөг хэт үнэтэй учраас хангамж, хүрэлцээ тун муу. Үүнээс болоод эмчилгээ, оношилгоо тааруу гэж дүгнэдэг байх” хэмээн ярилаа. СЭМҮТ-ийнхний мэдээлснээр бол дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-үүдэд ч ийм эмгэгтэй хүмүүст анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй сэтгэл зүйч, наркологийн болон сэтгэцийн эмч, сувилагч, нийгмийн ажилтан бий гэх.
Гэвч бодит байдал тэдний ярьснаас тэс өөр гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үүнийг лавшруулахаар хэд хэдэн ӨЭМТ-ийнхөнтэй холбогдоход “Донтох эмгэгтэй хүмүүс бидэнд тэр бүр ханддаггүй, ихэвчлэн Наркологийн эмнэлгийг зорьдог” хэмээн хэлэлцэж тохирсон юм шиг ижил хариулт хэллээ. Сүхбаатар дүүргийн “Тэгш хүсэл” ӨЭМТ-ийн их эмч Б.Ганпүрэв “Ийм эмгэгтэй хүн хандсан тохиолдолд зөвлөгөө өгч, шаардлагатай бол улсын эмнэлгүүд рүү зуучилдаг. Энэ чиглэлээр дагнасан, туршлагатай, нарийн мэргэжлийн эмч дутагдалтай нь үнэн” гэсэн юм. Тэдний үзүүлдэг үйлчилгээ ердөө энэ.
Мансууруулах бодист донтох эмгэгтэй тэмцэж буй орнуудын жишгийг судлахад урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд гол анхаарлаа хандуулдаг. Аливаа зүйлийн хор уршиг, учруулах нөлөөг сайн мэддэг хүн түүнийг хэрэглэх гэж дурлахгүй. Харин нэгэнт ийм өвчтэй болсон хүнийг бүрэн эмчлэхгүй бол дахиж хэрэглэхгүй гэх баталгаагүй учраас тэд ийн анхаардаг байна. Үүнд эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагуудыг татан оролцуулж, дайчилдаг аж.
Хар тамхи болон бусад төрлийн мансууруулах бодистой холбоотой бизнес хамгийн ихээр цэцэглэн хөгжсөн орон гэгддэг БНХАУ-д анагаахын чиглэлээр суралцаж байгаа Э.Орхонтуулаас тус улс энэ төрлийн эмгэгийг эмчлэхэд хэрхэн анхаардаг талаар мэдээлэл олж өгөхийг хүссэн юм. Тэрбээр “Сүүлд хийсэн судалгаагаар мансууруулах бодист донтсон хүн 15 сая гаруй байгаа гэж тогтоогдсон байна лээ. Тэдгээр иргэдийг эмчилдэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн 500 гаруй төрийн бус байгууллага байдаг. Иргэдийг албадан эмчилгээнд хамруулах ажилд тэд маш идэвхтэй оролцдог. Бүр тухайн өвчтөн бүрэн эмчилгээ хийлгэж, илааршсан ч хяналтдаа байлгаж, нийгэмшүүлэхэд анхаардаг юм билээ” гэв.
СЭМҮТ-ийн их эмч С.Мөнхтуяагийн хэлснээр мансууруулах бодист донтох эмгэгийн эмчилгээ хамгийн үр дүнгүй байдаг гэнэ. Эмчилгээ, оношилгоог сайн хөгжүүлсэн БНХАУ-д гэхэд л ийм төрлийн эмчилгээний үр дүн 3-5 хувьтай гэж үнэлжээ. Мансууруулах бодисын хүний биед үзүүлэх нөлөө өндөр, бүрэн эмчлэхэд багагүй хугацаа зарцуулдаг учраас ийм байдаг аж. Ийм төрлийн эмгэгийн эмчилгээнд онцгой анхаарч, сайжруулах гол шалтгаан нь энэ.
Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбарын бодлого “Үхэх “ял”-тай сонголт хийсэн өөрийн чинь хохь” гэсэн байдлаар тэдэнд хандаж байна. Харин энэ зуур мансууруулах бодист донтох хүний тоо нэмэгдсээр. 2016 онд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой хэрэгт 182 хүн холбогдсон бол он гарснаас хойш гуравхан сарын дотор 75 иргэн ийм хэргээр шалгагдаж байгаа юм.